| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0074/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 42
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Д.Буянжаргал
Прокурор Н.Идэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1718004130046 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
- 2008 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан Б- овогт Б-ын Б- /РД: **********/
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт байрлах “Скай” зочид буудлын гадаа зогсож байсан иргэн М. Ц-гийн суудлын машин дотор иргэн Б.Н-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, хамрын таславчны мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатнй шүүх Б.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Б.Б- тухайн хэрэг гардаг өдөр М.Ц-той муудалцсан боловч ямар нэгэн хүч хэрэглэж биед нь халдаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрж мэдүүлгүүд нь өөрчлөгдөж худал мэдүүлэг өгч шүүгдэгчийг гэмт хэрэгт гүтгэж байна. Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Иймд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Илтгэгч шүүгчээс “шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол” зэргийг уншиж танилцуулсан учраас улсын яллагчийн зүгээс давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах гомдолдоо “Б.Б- нь тухайн хэрэгт холбогдолгүй учраас түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн байна. Хохирогч Б.Н-г “Микр” хороололд байхад Б.Б- машинд нь орж сууж маргалдсан бөгөөд улмаар Б.Б- нь хохирогч Б.Н-гийн хамар луу нь цохиж хохирогч Б.Н-гийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн өдөр хохирогч Б.Н- цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хохирогчийг “эмнэлэгт үзүүл” гээд улмаар хохирогч эмнэлэгт үзүүлж 1144 тоот шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Б.Н-гийн биед гэмтэл учирсан” болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчтой хамт явж байсан н.Ц-г гэрчээр байцаасан бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн хэрэг нь нотлогдсон. Б.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй учраас шүүхээс торгох ял оногдуулаагүй, 400 цагийн албадан хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 03:00 цагийн орчим Дархан-Уул амйгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын гадаа зогсож байсан иргэн М.Ц-гийн суудлын машинд сууж явсан Б.Н-г зодож түүний хамар ясыг гэмтээсэн үйл баримт тогтоогджээ.
Б.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Хохирогч болон гэрчүүд худал мэдүүлэг өгч шүүгдэгчийг гэмт хэрэгт гүтгэж байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс түүний үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын “...шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах гомдолд гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-д заасан журмын дагуу шүүгдэгчид урьдчилан танилцуулаагүй байхад анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зөрчил гаргасан байгааг дурдаж, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд хэргийг ирүүлэхдээ дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Д.БУЯНЖАРГАЛ