Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0095

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0095

Улаанбаатар хот

“ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: “ГО” ХХК-ийн өмгөөлөгч П.Б

Нэхэмжлэгч: “ГО” ХХК

Хариуцагч: ТЕГ-ын ТТТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕГ-ын ТТТГ-аас  ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0354/3

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “ГО” ХХК-аас ТЕГ-ын ТТТГ т холбогдуулан “ТЕГ-ын ТТТГ-аас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.7, 47.16, 47.16.2-т заасныг баримтлан “ГО” ХХК-ийн гаргасан “ТЕГ-ын ТТТГ-аас  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгчээс ТЕГ-ын ТТТГ-аас ашигт малтмал ашигласны төлбөр ноогдуулсан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 сарын 22-ны өдрийн DNPM*** татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Том татвар төлөгчийн газраас дээрх 2 нэхэмжлэхээр нийт 3,435,929,576.19 төгрөгийн АМНАТ-ийн өр барагдуулахыг үүрэг болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс 1/ ашигт малтмал экспортолдоггүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог тул АМНАТ төлөгч биш, 2/ АМНАТ-ын төлбөрийн давхардуулан оногдуулсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөж байна. 4/ Татварын ерөнхий газраас ирүүлсэн гомдлын хариуд Засгийн газрын 502 дугаар тогтоолд заасны дагуу АМНАТ авч байгаа гэж хариу ирүүлсэн нь үндэслэлгүй. 5/ Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан аргачлал, хувь хэмжээгээр АМНАТ оногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн, хуулиас давсан журмаар татвар ногдуулж байгаа гэсэн үндэслэлүүдээр маргалдсаныг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

3.2. “ГО” ХХК нь ашигт малтмал экспортолсон этгээд мөн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй талаар: Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж, тус хуулийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, бүх төрлийн борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж заасан. Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлдөг байхаар өөрчилсөн. Дээрх хуулийн өөрчлөлтөөр АМНАТ-ыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Ашигт малтмал ашигласан” гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үүрэг дагавар болсон гэж үзэхээр байна.” гэж дүгнэн “Монгол Улсын Үндсэн хуулийн Тав дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Тор нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын Хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндэслэлтэй байна гэж дүгнэж, эцсийн шийдвэр гаргасан. Улсын их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурьдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна.”, 47.1.1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлалыг гэсэн утгаар ойлгоно” гэж тодорхойлсон. Энэхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд AMHAT төлөхөөр хуульчилсан.

3.3. “ГО” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Түүнчлэн байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй ба харин “Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас төмрийн хүдрийг худалдан авч, түүнийг баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик, тээврийн их сургуулийн шинжээчдийн Төмрийн хүдрийн хорголж ямар бүтээгдэхүүн болох талаар тайлан дүгнэлт гаргуулсан. Хорголжин үйлдвэрлэхэд үйцийн түүхий эд материал бэлтгэх, холих /дотроо чийглэх, ширхэглэх гэж хуваагдана/ хорголжлох, хатаах, шатаах, хөргөх технологи гэсэн 6 шат дарааллаар үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зардал гаргаж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэдэг талаар судалгаа хийж, -хорголж нь үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлага дамжиж, нэмүү өртөг шингээж, хэлбэр дотоод найрлага бүтцийг өөрчилж гаргаж авч байгаа бүтээгдэхүүн учир металлургийн процессын хувьд бүтээгдэхүүн гэж үзэх юм.” гэх дүгнэлт бүхий уг судалгааны тайлан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн явуулсан үзлэг /1хх 157-250 тал/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01-3/1924 дүгээр албан бичгээр “ГО” ХХК-ийн 2019-2021 онд 61, 93 дээш хувьтай төмрийн хүдрийн хорголжинг хилээр гаргаж экспортолсон лавлагаа /1хх 132-152 тал/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн бүтээгдэхүүн гаргадаг гэх тайлбар нотлогдсон. Энэ талаар хариуцагч маргадаггүй. Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, дээрх нотлох баримтаас харахад “ГО” ХХК-ийн экспортолсон хорголжин нь “ашигт малтмал” биш, бүтээгдэхүүн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх “ГО” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “ашигт малтмал экспортолсон этгээд мөн байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.4. Тус компанийн татварыг давхардуулан ногдуулсан шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн энэ үндэслэл хууль бус болно гэх анхан шатны дүгнэлтийн талаар: Анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16-д зааснаар ашигт агуулгыг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлээ экспортолсон бол төлбөрийг давхардуулан оногдуулахгүй гэж хуульчилсан тул хариуцагчаас тус компанид давхардуулан ногдуулсан үйлдэл гараагүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь заалтуудыг хэрэглэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж, байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна.” гэж дүгнэлтийн агуулгатай уялдуулж хэрэглэх ёстой. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1-д “Доор дурьдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна.”, 47.1.1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд найруулсан талаар дээр дурьдсан.” гэж өөрчлөн Үндсэн хуулийн шийдвэр болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16 дахь заалтуудын дагуу АМНАТ- ийн төлбөр оногдуулах боломжтой байна. Түүнээс биш тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авч, ашигт агуулгыг нь нэмэгдүүлж бүтээгдэхүүн экспортолсон этгээдэд АМНАТ ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

3.5. Тайлан гаргах үед Татварын ерөнхий газрын даргын А/164 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр байгаа учраас тус компанийг хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй гэдэг нь тогтоогдлоо гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар: Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай А/164 дугаар тушаал нь мөн даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/134 тушаалаар хүчингүй болсон байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орсноос харахад хүчингүй болсон хуулийн заалтад нийцүүлж гаргасан тайлангийн маягтаар тайлан ирүүлэхийг шаардаж, үндэслэлгүй тайлан гаргуулж байсан нь тогтоогдсон.

3.6. Засгийн газрын 502 дугаар тогтоол нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон акт биш тул уг тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар: Татварын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06/465 тоот албан бичигт /1хх 10 дахь тал/ Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолоор Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан тул АМНАТ ногдоно гэж хариу ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь уг тогтоолын дагуу АМНАТ авсан гэж тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч тал уг тогтоолын дагуу АМНАТ тооцох үндэслэлгүй гэж маргаж байгаа болно. Тухайлбал: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;”, 12.1.7-д “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн.”-д “0” хувиар НӨАТ ногдуулах, мөн хуулийн 12.5-д “Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 502 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралтаар баталсан байх ба тогтоолын хавсралтад заасан хүснэгтийн 11-т “Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн” Баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил тест хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай байх)” гэж заажээ. Дээрх хууль, Засгийн газрын тогтоолын агуулгаас харахад Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуульд хамааруулан ойлгож АМНАТ ногдуулах үндэслэлгүй байгаа юм.

3.7. Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан аргачлал, хувь хэмжээгээр АМНАТ ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн, хуулиас давсан журмаар татвар ногдуулж байгаа гэсэн үндэслэлүүдээр маргалдсан маргааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан талаар: Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тогтоох журам”-ыг баталсан. Уг журмын 2-р хавсралтын 1.1-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ журмыг баримтална” гэж заасан. “ГО” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул уг тогтоолын 2-р хавсралт хамаарахгүй байх тул уг тогтоолын 1-р хавсралтын дагуу нэхэмжлэгчид АМНАТ ногдуулж байна гэж үзэхээр байдаг. Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 342 тогтоолын 1-р хавсралтыг шинэчлэн баталсан. Тогтоолын 1-р хавсралтын 1.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид "АМНАТ" гэх) төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.” гэсэн нь Үндсэн хуулийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон.

3.8. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлөхөөр заасан хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон байхад ийнхүү Засгийн газрын тогтоолоор АМНАТ тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасан. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 3-т “... Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж Засгийн газрын 342 дугаар тогтоолын талаар дүгнэлт гаргасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3-2/86 дугаар албан бичигт Засгийн газрын 342-р тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэжээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9-д “Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно.” гэж заасан заалт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлт бүртгүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан байна. Эндээс дор хаяж 2019 оны 4 дүгээр улирал, 2020 оны 2 дугаар улирлын АМНАТ-ын тайлан нь хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэн гарсан байна” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

3.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засгийн газрын 342-р тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 465-р тогтоолыг тус тус хүчин төгөлдөр акт гэж үзэх үндэслэл байхгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий ба хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
  2. Нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн

-2019 оны 4 дүгээр улиралд төмөр-613,214,341.42 төгрөг, хөнгөн цагаан-36,087,447.56 төгрөг, нийт 662,453,310.42 төгрөгийн,

-2020 оны 4 дүгээр улиралд зэс-5,467,310.98 төгрөг, цайр-4,226,619.13 төмөр-1,054,495,518.98 төгрөг, хар тулга-317,045.49 төгрөг, хөнгөн цагаан-226,079,053.95 төгрөг, нийт 1,290,585,548.53 төгрөгийн,

-2021 оны 4 дүгээр улиралд зэс-402,301.66 төгрөг, цайр-44,233.27 төмөр-1,617,629,567.96 төгрөг, хар тулга-548,334.70 төгрөг, хөнгөн цагаан 276,548,323.29 төгрөг, нийт 1,895,172,760.88 төгрөгийн тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр гаргасан тайланг үндэслэн ТЕГ-ын ТТТГ-аас Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйл “Татварын нэхэмжлэх”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасан “нэхэмжлэх” үйлдэх зохицуулалтыг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн нэхэмжлэх, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдэж сүүлийн байдлаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нийт 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварын өрийг барагдуулахаар нэхэмжлэгч “ГО” ХХК-д үүрэг болгосон байна.

3. Дээрх баримт бичиг болох “Нэхэмжлэх” /татварын өрийг төлүүлэх/-д “...заасан хугацаанд татварын өрийг барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасан өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна, Татварын ерөнхий хуулийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.9.1-д заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын дүнд хоног тутам алданги, торгууль ногдуулахыг анхааруулж байна” гэж мэдэгджээ.

4. Үүнээс үзвэл, Татварын албанаас бичгээр гаргасан нэхэмжлэх /татварын өрийг төлүүлэх/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан болон захирамжилсан шинжийг агуулаагүй,  нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

5. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд мөн зүйлийн 51.1.1-51.1.8-д заасан төрлийн зүйлийг тусгах”-аар, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно” гэж, 50.1.1-д “татварын төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж, 79 дүгээр зүйлийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах” гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн гаргасан тайлагнасан тайлангийн дагуу тус компанид татварын өр үүссэн, уг өрийг хураан барагдуулах ажиллагаа хийх үүднээс татварын алба татвар төлөгчид нэхэмжлэх гардуулсан байна.

7. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан, тайланд төлөхөөр тусгасан татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн “нэхэмжлэх” нь татварын албанаас татварын өр хураах зорилгоор мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгч “ГО” ХХК-д холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын ТТТГ-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТЕГ-ын ТТТГ-т холбогдох “ТЕГ-ын ТТТГ-ын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM*** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй” болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

                   ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

р ор