Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 114/2018/0002/3

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, иргэдийн төлөөлөгч М.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 122 тоотод оршин суух, иргэн  Ю.Т гомдолтой

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б холбогдох 

Гомдлын “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч                                                                                      Ю.Т

Хариуцагч                                                                                  Б.Б

Иргэдийн төлөөлөгч                                                                  М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Гомдол гаргагч Ю.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б нь намайг “АПУ Трейдинг” ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2017 оны 5 дугаар сарын борлуулалтын орлогоос орж ирсэн мөнгөнөөс дутсан 403,1 сая төгрөгт байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.18 дугаар зүйлийн 1.14, 1.24, 1.25-д зааснаар 400,000 төгрөгөөр торгосон 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсыг  эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тайлан өгөхөд борлуулагч Э-А нь борлуулалтын орлогоос мөнгө завшсан хэрэг гарч Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн ба Цагдаагийн байгууллагаас 1 удаа дуудаж  надаас гэрчээр мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг нь шүүхэд шилжсэний дараа мөрдөн байцаагч нь  намайг 400000 төгрөгөөр торгосныг эс зөвшөөрч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, торгууль оногдуулах эрх бүхий албан тушаалтан биш байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 11 дүгээр сард улсын байцаагч Б.Б дуудаж нягтлан бодогчийн ажил хийж байсан, хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14,1.24,1.25 дугаар зүйлүүдэд зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгосон.

Гэтэл би нягтлан бодогчийн мэргэжилгүй, барилгын материалын инженер мэргэжилтэйгээр Дархан-Уул аймгийн Бөөний төвийн 87 дугаар салбарын эрхэгчийн ажлыг хийж байсан, би цалин боддоггүй, цагийн бүртгэл цахимаар толгой компаниас цалин бодож олгодог, зөвхөн түгээгч, борлуулагч нарын гаргасан тайланг төв компанийнхаа манай аймгийг хариуцсан нягтлан бодогчид дамжуулж тайланг өгдөг үүрэгтэй. Би “АПУ Трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага биш, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд зааснаар намайг гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24-т “.нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй.” гэсэн байна. Энэ нь намайг мэргэжлийн нягтлан бодогч биш байж энэ ажлыг хийсэн гэж үзэж байгаа юм байна. Намайг нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаал гараагүй, сүүлд ISO 9001:2008 чанарын удирдлагын олон улсын стандартад нийцүүлж гэрчилгээ авна гээд  уг стандартад нийцүүлэхийн тулд бичиг баримтад өөрчлөлт хийж, надтай холбоотой хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг өөрчилж, намайг гарын үсэг зураарай гэхэд нь би хөдөлмөрийн гэрээнд гарын  үсэг зурсан нь үнэн. Гэхдээ  гэрээний арын хэсэгт эрхлэгч гэдгээр нь бичсэнд гарын үсэг зурсан байгаа.

Намайг торгосон Зөрчлийн тухай хуулийн заалтад аж ахуйн нэгж байгууллагыг торгоно гэж заасан байсан, мөн түүнчлэн миний нийгмийн даатгалын дэвтэр дээр нягтлан бодогч гэдэг албан тушаал дээр тушаал гараагүй байгаа. Компанийн Санхүүгийн газарт манай салбарыг хариуцсан мэргэжлийн нягтлан бодогч байдаг бөгөөд миний бие нягтлан бодогчийн өгсөн зааварчилгааны дагуу салбарын борлуулагч нарын өдөр тутмын борлуулалтын тайланг хүлээн авч, программ дээр хийдэг бөгөөд борлуулалтын бэлэн мөнгөний тооцоог борлуулагч нарын тушаасан мөнгөний баримттай тулгадаг. Зээлийн борлуулалтыг худалдааны төлөөлөгч нар хариуцдаг. Тухайн харилцагчид зээл өгөх эсэхийг худалдааны төлөөлөгч нар шийддэг. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ”, мөн хуулийн 3.1.6-д “мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг хэлнэ” гэжээ.

Гэтэл Ю.Т миний бие мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч биш,“АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирлын 2009 о ны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 тоот тушаалаар “АПУ Трейдинг” ХХК-ийн Дархан бөөний төвийн эрхлэгчээр томилогдон 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан ба намайг ерөнхий нягтлан бодогчоор болон нягтлан бодогчоор томилсон тушаал шийдвэр байхгүй, намайг ажиллаж байх хугацаанд тийм тушаал танилцуулаагүй. Салбар хариуцан ажиллаж байсны хувьд компанийн ажлын шаардлагаар Санхүүгийн газрын орон нутгийн салбар хариуцсан нягтлан бодогчийн удирдлага заавар зөвлөмжөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд сар бүр /сард 1-2 удаа/ компанийн санхүүгийн газрын нягтлан бодогч нар, дотоод хяналтын газрын аудиторууд биечлэн ирж хяналтын тооллого шалгалтыг тогтмол хийж байсан бөгөөд алдаа дутагдал, зөрчил гарч байгаагүй ба миний ажлыг шалгаад ажиллаж байсан байдлыг буруу зөрүү байна гэж тодорхойлж байгаагүй. Харин Эрдэнэт салбартай харьцуулан зааврын дагуу зөв ажиллаж байна гэж сайшааж байсан болно. Гэтэл надаас зөрчил гаргасан талаар ямар нэгэн мэдүүлэг, тайлбар аваагүй нотлох баримт гаргаж өгөх, шалгуулах эрхээр маань хангаагүй атлаа надад ямарч хамааралгүй хуулийн заалтаар торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэст Прокурорын газраас ирүүлсэн “АПУ Трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын нягтлан бодогч Ю.Т гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахаар  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/764 тоот албан бичгийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдлын дэвтэрт бүртгэн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан. Материал бүрдүүлэх гэж нилээд цаг хугацаа авсан ба 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын газарт бүртгүүлсэн 1718000159 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ю. хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэлийг үйлдэж, 161 хуудас бүхий хэргийн материалтай танилцуулсан. Ю.Т нь хэргийн материалтай танилцаад гаргасан санал хүсэлт тайлбар бичээгүй, шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Холбогдогч Ю.Т нь тухайн ажлын байрны тодорхойлолтоор салбарын эрхлэгч, нягтлан гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14-т заасан гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан. Гүйцэтгэх удирдлага гэж тухайн байгууллагын удирдлагыг хэлнэ, салбарын хувьд салбарын эрхлэгчийг гүйцэтгэх удирдлага гэж үзээгүй харин нягтлан бодогч гэдэг утгаар нь авч үзэж хариуцлага тооцсон.

Харин Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24-т заасан нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй гэж заасны “мэргэжлийн нягтлан бодогч” гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1  дүгээр зүйлийн 6-т зааснаар их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн  байна гэж байгаа боловч холбогдогч Ю.Т нь дээрх шаардлагыг хангахгүй мөртлөө АПУ трейдинг ХХК-ийн дархан салбарын нягтлан бодогчийн ажил үүргийг биелүүлж, анхан шатны бүртгэл хөтөлж байсан нь тус заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан. Тус хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн байгаа.

Хэрэв Ю.Т нягтлан бодогч гэж үзэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-т заасан ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол шийтгэл оногдуулна гэж  заасны дагуу шийтгэл оногдуулсан. Нягтлан бодогч нь зөвхөн санхүүгийн тайлан гаргадаг хүн биш юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд нягтлан бодогчийн эрх үүргийг заагаад өгсөн байдаг. Санхүүгийн тайлан бол салбар дээр гардаггүй, төв дээр санхүүгийн тайлан нэгтгэгдэг. Салбар дээр санхүүгийн байдлын тайлан, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан гарахгүй,  авлага өглөгийн тайлан, бараа материалын  тайлан гарах ёстой. Салбар зээлээр бараа материал өгч, авдаг учир бараа материалын тайлан гардаг. Үүнийг салбарт бүртгэл хөтөлж байгаа хүн явуулах ёстой. Мөн түүнчлэн салбарын эрхлэгч нь түгээгч, борлуулагч нартай тооцоо нийлж, хяналт тавих ёстой. Дээрх үүргээ биелүүлээгүй гэдгийг  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг үндэслэж шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн гэрээн дээр нягтлан бодогч гэдэг үг байдаг. Бүртгэл хөтлөлтийн хувьд салбарын тайлан угаасаа толгой компани дээр нэгтгэгддэг. АПУ трейдингийн Дархан салбар нь бие даасан хуулийн этгээдийн гэрчилгээ авсан байдаг юм. Хуулийн этгээд мөн л бол заавал нягтлан бодох бүртгэл хөтөлнө. Иймд Ю.Т-г АПУ трейдинг ХХК-ийн Дархан салбарын эрхлэгч, нягтлан бодогч гэж үзэж арга хэмжээ авсан гэв.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Ю.Т нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй, хяналт шалгалт сул байснаас ийм байдалд хүрсэн байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Шүүх гомдол гаргагч Ю.Т-н гомдол, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Гомдлын “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-н 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн улсын байцаагч Б.Б нь  гомдол гаргагч Ю.Т-г “АПУ Трейдинг” ХХК-ийн Дархан салбарын эрхлэгч, нягтлан бодогчоор ажиллах байх хугацаандаа 2017 оны 5 дугаар сарын борлуулалтын орлогоос 403.1 сая төгрөг дутагдуулсан үйлдэлд байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14,1.24,1.25 дахь хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хариуцагч нь Ю.Т-г нягтлан бодогчийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.14-т “Гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй” заасан үүргээ биелүүлээгүй буруутай гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааныхаа хүрээнд гарсан анхны бүтээгдэхүүн буюу хөрөнгийг анхан шатны баримтад бүртгэж баталгаажуулах, хөрөнгөний эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлтийг  мөн анхан шатны баримтад бичилт хийж  баталгаажуулахыг байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нарт үүрэг болгосон хуулийн зохицуулалт байх бөгөөд “АПУ Трейдинг” ХХК-ийн Дархан салбар нь анхан шатны баримтад бичилт хийж баталгаажсан бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа тул Ю.Т-г энэ хуулийн зүйл, хэсгээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24-т “нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй”, 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол...” гэж заасныг  Ю.Т зөрчсөн, тухайн салбарын нягтлан бодогчоор ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тоодорхойлолт зэргээр нотлогдож байна гэж маргаж байгаа тухайд:

Хариуцагчийн бүрдүүлсэн зөрчлийн хэргийн материал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “АПУ Трейдинг” ХХК-ийн Ерөнхий захирлын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 дүгээр тушаалаар  Ю.Т-г  анх тус компанийн Орон нутгийн удирдлагын газрын Дархан-Уул аймаг дахь бөөний төв 87 дугаар салбарт эрхлэгчээр томилон ажиллуулжээ.  Ю.Т нь  барилгын технологич инженер мэргэжилтэй, барилгын зөвлөх инженер зэрэгтэй болох нь 1986 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн 114025 тоот диплом, ЗИ-13-841 дугаар гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

“АПУ Трейдинг” ХХК нь Ю.Т 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1414 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх ба гэрээний 1.5-д албан тушаалын нэр дээр салбарын эрхлэгч, ня-бо гэж тодорхойлж, гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, гэрээний 2.5-д “Гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсэээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зааснаас дүгнэвэл Ю.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 6 дугаар сард  дуусгавар болсон, дахин хөдөлмөрийн гэрээг сунгасан тухай баримтыг ирүүлээгүй байна. Мөн ажлын байрны тодорхойлолт дээр  ажлын байрны нэрийг салбарын эрхлэгч, ня-бо гэж тодорхойлсон боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар ажлын байрны тодорхойлолт баталгаажигдаагүй, танилцуулагдаагүй, гарын үсэг, тамга тэмдэггүй байх тул Ю.Т-г дээрх  хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор нягтлан бодогч болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж тогтоох боломжгүй, шүүхээс “АПУ Трейдинг” ХХК-аас Ю.Т-г нягтлан бодогчоор томилсон тухай шийдвэр, ажлын байрны тодорхойлолт, шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг  шаардсан боловч энэ тухай баримтыг ирүүлээгүй болно.

 Дээрх үндэслэлүүдээр Ю.Т-г Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7- д заасан нягтлан бодогч, 3.1.8-д заасан ерөнхий нягтлан бодогч, 20 дугаар зүйлд заасан Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.24, 1.25-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-н гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.18 дугаар зүйлийн 1.14, 1.24, 1.25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ю.Т-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Б-ийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 50/0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Ю.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт заасан маргааныг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч, хариуцагч нар тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХТУЯА

 

                            ШҮҮГЧИД                                                   Д.НАРАНТУЯА

 

                                                                                                Ц.БАЙГАЛМАА