Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 238

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багт оршин суух, Хумжиг овгийн Гэндэнгийн Баттулгыннэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Хангамжийн 24-2-14 тоотод оршин суух ЦэдэнсамбынМөнгөннасан, Арвайхээр сумын 7 дугаар баг 18-218 тоотод оршин суух Мишигдоржийн Нэргүй нарт холбогдох

29500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Баттулга, хариуцагч Ц.Мөнгөннасан, нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт Өвөрхангай аймгаас ирж мал, мах авч байгаа гэх Ц.Мөнгөннасан түүний эхнэр М.Нэргүй нарт мал, мах өгөхөөр тохиролцон үхэр өгсөн. 57 тооны бүдүүн эр үхрийг 1 бүрийг нь 670000 төгрөгөөр өгсөн ба нийт дүн нь 38190000 төгрөг болсон. Үүнээс 190000 төгрөгийг тухайн өдрөө бэлэн өгч үлдэгдэл 38000000 төгрөгний 8000000 төгрөгийг 7-8 хоногийн дотор өгнө, үлдэгдэл 30000000 төгрөгийг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгнө гэж тохирч үхэр хүлээн авсан тухай хэлцэл хийсэн. Үүнээс хойш 7-8 хоногийн дотор өгнө гэсэн 8000000 төгрөгийг өгсөн. 30000000 төгрөгийг хугацаандаа өгч чадаагүй байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500000 төгрөгийг миний дансанд хийсэн. Одоо үлдэгдэл 29500000 төгрөг байгаа. Ц.Мөнгөннасан болон түүний эхнэр М.Нэргүй нараас мөнгөө нэхэхээр өгнө гэсээр өгөхгүй байгаа нь холын хүн надад хэцүү байна. Нэг удаа Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарыг хайж Өвөрхангай аймаг орсон боловч олж уулзаж чадаагүй маш их хохирч байна. иймд Ц.Мөнгөннасан болон түүний эхнэр М.Нэргүй нараас үхрийн мөнгө болох 29500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баттулга болон хариуцагч Ц.Мөнгөннасан нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бид 29500000 төгрөг гаргуулах тухай маргааны талаар хэлэлцэж, хариуцагч Ц.Мөнгөннасан нь нэхэмжлэгчид 29500000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул энэ хүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баттулга нь хариуцагч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт холбогдуулан 29500000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Баттулга, хариуцагч Ц.Мөнгөннасан нар шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Г.Баттулгын нэхэмжлэлтэй,Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт холбогдох 29500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мөнгөннасангаас 152725 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч хариуцагч  нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА