| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0314/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/382 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/382
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч С.Б-О /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 2025000000327 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-5-р байрны зүүн талын явган хүний гарц дээр **** ОРО Улсын дугаартай Рпиз-11 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3, 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай эрэгтэй З.Д-ыг авто машинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “Анх 06-ны өдөр осолд ороод 07-ны өдөр хагалгаанд орсон гэж яриад байна. 06-ны өдөр осолд орчихоод маргааш нь яаралтай хагалгаанд оруулна гэхэд хохирогч өөрөө орохгүй гээд 3-4 хоног алдсан. Хадаас авсан өдрөө хагалгаанд орсон. Эмч хүртэл хэлсэн хагалгаанд тэр даруй ороогүй болохоор хөл нь удаашралттай эдгэж байгаа өөрийн биеийн байдлаас хамаарна гэсэн. Би хэдий төлбөр зардлыг нь өгсөн хэдий ч тэр хүний биеийн байдлаас хамаарна. Улаанбаатар хот руу явсан бензин таксины мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь эмчилгээний зардал гэсэн болохоос биш илүү өөр газар луу явсан зардлыг төлөхөд надад хүндрэлтэй байгаа тул харж үзээч гэж хүсэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгааг нь сайн мэдэхгүй байна. Манай эгч энэ үүнийг хариуцаж байгаа. Миний мэдэх зүйл бол энэ хүн эмнэлэгт анх очиж хагалгаанд орох зардлыг нь өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Хэрэг болсноос хойш 4 сар болж байна. Бид нар 4 сарын хугацаанд эмчилгээ болон эм тарианы мөнгийг нь өөрсдөө гаргаж байгаа. Манай ах 4 сар болж байхад хөл дээрээ босоогүй хөл нь ямар байгаа нь энэ зураг дээр тод байгаа. Эмнэлэгт байнга хэвтэж эмчлүүлэхгүй хэд хоног хэвтэж эмчлүүлж байгаад гардаг. Гэрээр байнга эмчилгээтэй эмнэлэгт өдөр болгон очиж боолт хийлгүүлдэг. Би ажилгүй үедээ хүргэж өгдөг ажилтай тохиолдолд эгч такси барьж эмнэлэг ордог. Хөлийг нь одоо эмчилж байгаад гайгүй болохоор нь арьс нөхөн эмчилгээнд оруулна гэсэн энэ шагайны хугархай битүүрдэггүй гэж байсан. Арьс нөхөх эмчилгээний зардлыг яах юм бэ. Бид нар зарим үед өр зээл тавьж эмчлүүлж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч З.Д-ын “Тэр өдөр би Хүлэг хүнсний зах дээр хүний ачаа тээш буулгаж грүшикийн ажил хийж байгаад орой ажлаасаа буух үедээ тус захын ойролцоох дэлгүүрээс нэг шил архи худалдан авч ганцаараа наадмын талбай орж тэнд нөгөө авсан архиа ганцаараа уусан юм. Тэгээд нөгөө архиа ууж дууссаны дараа би гэртээ харих санаатай ганцаараа наадмын талбайгаас хойшоо байдаг аюулгүйн тойрог өнгөрөөд Согоот багийн 6-5-р байр руу явах машин замын явган хүний гарцаар гарч явж байх үедээ машин замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгрүү замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэл намайг мөргөж би газарт унасан юм. Тэгээд юу болсон эсэхийг би санахгүй байна. Тэр үед би машинд мөргүүлсэнээс болоод шоконд орсон байх, нэг мэдсэн чинь намайг нэг эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаагийн ажилтан эмнэлэгт авчирсан байсан. Мөргүүлсэнээс болоод биеийн баруун хөлний шагай мултарч, хөлний савхан яс хугарсан. Мөн хоёр чих дүнгэнэн шуугиж байна. Цээжин бие маань хөндүүртэй өвчтэй, толгой эргээд бас өвчтэй байна. Мөн машинд мөргүүлж газарт унах үедээ толгой нүүр хэсгээрээ асфалтан зам дээр шургаж унаснаас болж дух хамар хэсгийн арьс халцарч язарсан тэгээд ямарч байсан эмч оёдол тавьсан гэсэн, яг хэдэн оёдол тавьсан эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 46-49-р хуудас/,
2. Гэрч Б.М-лийн “Уг осол нь миний сууж явсан суудал талын хаалгыг гэмтэл авсан гэх хүн мөргөж машины толийг нь хугалсан юм. Тэгээд найз Т.Э осол гаргачихаад машинаасаа шууд буух үед би ч бас дагаад хамт машинаас буусан юм. Гадаа гарч юу болсон эсэхийг харахад тээврийн хэрэгсэд мөргүүлсэн гэх ах архи уучихсан бололтой ойртож очиход биеэс архины эвгүй үнэртэй байсан. Тэр ах бол согтуу байсан нь үнэн. Тэр үед болсон үйл явдлыг ярьхад эхлээд найз Т.Э машин замаар хэвийн байдалтай хөдөлгөөнд оролцоод явж байхад гэнэт миний талаас нэг хүн гарч ирээд эхлээд машиныг толийг мөргөсөн тэр үед толь нь хугарч газарт унасан, харин нөгөө мөргүүлсэн гэх ахын хувьд шууд биеийнхээ толгой болон нүүр хэсгээрээ машин зам дээр унасан, тэгээд энэ үед найз Т.Э шууд машинаа зогсоож бид хоёр машинаас бууж газарт унасан ах дээр очиж биеийн байдлыг харахад толгой буюу дух хэсгийн арьс нь шалбарч цус гарч байсан болохоор Т.Э бид хоёр тэр ахыг газраас босгох гээд сугадаад өргөх үед тэр ах ёооё хөл гэж хэлсэн, тэгээд хөлийг хартал хугарсан эсэх нь мэдэгдэхгүй ямартай ч хөл нь шагай хэсгээрээ дотогшоогоо эргэсэн байдалтай байхаар шууд машины арын суудалд сууж явсан найз Нэр эмнэлэг болон цагдаагийн газарт болсон үйл явдлын талаар хэлж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 58-59-р хуудас/,
3. Шүүгдэгч Т.Э-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг “Тэгээд тэр осол аваар гарах үед бол миний тээврийн хэрэгсэлд надаас гадна миний 3 настай охин У, найз Б.М, Н нартай хамт нийт 4 хүн миний машинд сууж явсан, яг осол аваар гарах үед би Согоот баг 6-5-р байрны ар тал буюу ертөнцийн зүгээр уг байрны зүүн талын авто замын явган гарц дээр энэ хэрэг гарсан юм. Хэрэг гарах үед эхлээд миний машин замын хөдөлгөөнд оролцоод явган гарц руу төхөж ирэх үеэр жолоочын эсрэг талаас яг миний хажууд бас нэг тээврийн хэрэгсэл явж байсан, тэр үед би ойр хавийнхаа зай талбайг харахад ганцхан миний зүүн талд хажууд явж байсан тээврийн хэрэгсэл миний машинтай зэрэгцээд явж байсан энэ үед осол аваарт өртсөн гэх З.Д ах явган гарцаар хажууд явж байсан тээврийн хэрэгсэлийн урдуур гарч өнгөрөөд миний тээврийн хэрэгсэлийн зүүн талаас орж ирсэн юм. Харин би тэр З.Д ахыг олж хараад шууд хөдөлгөөнөө зогсоож тормоз дарахад З.Д ах тээврийн хэрэгсэлийн зүүн талын хаалга, уг хаалганы толийг мөргөж газарт унасан, тэгээд газарт унах даа биеийнхээ нэг хөлөө машины арын дугуйн доор оруулж харин би тээврийн хэрэгсэлээ бүрэн зогсоох үедээ З.Д ахын нэг хөлний шагайг нь дайрч гэмтэл учруулсан үйл явдал болсон, тэгээд би тэр доороо өөрийн санаачлагаараа шууд цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч мэдэгдсэн бас 103-т энэ ослийнхоо талаар мэдэгдэж гэмтэл авсан гэх З.Д ахыг эмнэлэг рүү авч явсан үйл явдал болсон. Ингээд бодохоор би өөрөө хурдаа тохируулж гарцаар бага хурдтай яваагүй болж таарч байна. Энэ бол миний болгоомжгүй үйлдлээс гарсан алдаа юм. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 51-55-р хуудас/,
4. Шүүх шинжилгээний албанд шинжээч томилсон шинжээчийн дүгнэлт /хх-н 37-39-р хуудас/,
5. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Орхон аймаг дахо Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ц-ны 02 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх-н 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-5 дугаар байрны хажуугийн засмал зам дээр өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр мөргөж З.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэл байна гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.Д-ын мэдүүлэг болон гэрч Н-Э, Б.М нарын мэдүүлгээр нотлогдож байна. З.Д-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлт мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна. Мөн энэ хэргийн гол зүйл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх асуудлууд нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэж гаргасан мөрдөгчийн магадалгаа байгаа юм. Энэ мөрдөгчийн магадлаа нь хууль ёсны дагуу үндэслэлтэй гарсан гэж би дүгнэж байгаа. Үүн дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах гэх заалтыг зөрчсөн. Дараагийн зөрчсөн заалт нь гэдгийг мэдсэн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дугаар зүйлийн явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хассан тохиолдолд араас нь ирсэн жолооч хурдаа хасах буюу зогсож 84.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хийсний дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Энэ үйлдлийг хийлгүйгээр зэрэгцэж очсон машиныг хөдлөх үед ямар ч анзааргагүйгээр хөдөлгөөнд оролцож хохирогч З.Д-ыг мөргөсөн асуудал болсон. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн тул Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирлын хувьд бол 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх үед хохирогчоос хохирол бүрэн төлөгдсөн хохирол төлбөргүй гэх хүсэлт гарч байсан. Тухайн үед гарсан бүх зардлыг төлсөн гэж үзэж байгаа. Үүнээс хойш гарсан дүгнэлтүүд дээр би хууль зүйн дүгнэлт гаргавал өвчин намдаах эмч, хөлийн эмчилгээний зардалд гаргасан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад нэмэлт шинжилгээ гаргуулахаар явсан зардлыг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв үүнийг шаардлагатай гэж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журам зөрчиж гэмт үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул санал дүгнэлтээ хэлье. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагыг бүрэн төлөгдөх байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал байн гэж үзэж байна. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэрэг гарахад хүндрүүлсэн шалтгаан нөхцөл байдаг. Энэ нь эрүүгийн хариуцлагыг үүрэх нөхцөлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байж болно. Хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон эдгээр нөхцөл байдал дээр хариуцлагагүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэм буруугийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй. Торгуулийн ялыг биелүүлэхдээ 5 сарын хугацаанд 100 000 төгрөгөөр хувааж төлүүлэх саналыг гаргаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдсон. Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь мөн шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдсон байгаа. Энэ тал дээр улсын яллагчтай мэтгэлцэх зүйл байхгүй. Өмнө нь ямар байр суурьтай байсан бэ гэхээр энэ нь хүнд гэмтэл юм байна. Өмнө хохирогчийн чих нь эрүүл байсан талаар эмнэлгийн болон эмчийн бичиг, ямар нэгэн группт орж байсан талаар бичиг баримт байхгүй. Энэ ослоос болоод чих нь муудсан гэх байдлаар шүүхэд хандаж байсан. Гэсэн хэдий боловч нэмэлт шинжээчийн дүгнэлтээр чихний гэмтэл бол авто ослоос үүдэлтэй нь тогтоогдоогүй нэмж хамрын ясны хугарал нь шинэ болон хуучин гэмтэл байна гэдэг нь тогтоогдсон. Тиймээс зүйлчлэлд өөрчлөлт орохгүй. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хохирлын асуудалтай нь хамт шийдвэрлэдэг тул хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос гарсан хохирол төлбөр түүний эрүүл мэндийн талаар болон цаашид гарах хохирлын талаар санал дүгнэлтээ гаргахыг хүсэж байна. Энэ хэргийн улмаас З.Д-ын биед олон тооны гэмтэл учирсан байгаа. Шүүгдэгч өнөөдөр зөвхөн хөлд нь учруулсан хохирлыг төлж барагдуулна гэж ярьж байна. Энэ хүний биед шүүх эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 594 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Үүн дээр баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны дотор хугарал, шагайн үе бүтэн мултарч эргэсэн, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи болон баруун хацарт 10 гаруй оёдол бүхий шарх мөн дээр нь хамрын шинэ хугарал, хөхрөлт бяцралтууд үүссэн. Зөвхөн хохирогчийн хөл нь гэмтээгүй. Тиймээс зөвхөн хөлтэй нь холбоотой хохирол төлбөрийг төлнө бусдыг нь төлөхгүй гэж байгаа нь шүүгдэгч өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу зөвшөөрөхгүй байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байгаа юм уу гэдэг нь учир дутагдалтай байна гэж өмгөөлөгчийн зүгээс хэлэхийг хүсэж байна. Яагаад ингэж хэлээд байгаа хохирогчид өнөөдөр олон тооны гэмтэл учирсан. Юу юуны мөнгө өгсөн талаар бид нар баримтыг нь гаргаж өгсөн. Дундуур нь өөр баримт хавчуулж өгсөн гэж яриад байна. Анх шүүхэд 2020 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж өгсөн. Үүнд ямар нэхэмжлэл гаргасан бэ гэхээр хохирогч 08 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтээд 07-ны өдөр шууд хагалгаанд орсон энэ үеийн бүх зардлыг шүүгдэгч төлсөн. Үүн дээр маргалдах зүйл байхгүй. Хагалгаанаас хойш орхисон байгаа гэх зүйлийг удаа дараа ярьж байгаа. Үүнээс хойш ар гэр нь шаардлагатай өвчин намдаах эм тариа болон шаардлагатай хэрэгслийг авч өгч байсан. Шүүгдэгч Т.Эгаас хамааралгүй өөрсдөөс гарсан зардал баримтуудаа гаргаж өгсөн. Анхны нэхэмжлэл дээр 205 462 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнд эмнэлгийн ор хоногийн мөнгө нийт 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Нийт 95 хоног эмнэлэгт эмчлүүлсэн. Эмнэлгийн ор хоног, өвчин намдаах тос, эм, таяг, эмчид үзүүлсэн төлбөр зэрэгт 205 462 төгрөг байгаа. Эмнэлгээс гэр хороолол руу гарсан мөн гэр хорооллоос эмнэлэг рүү явсан гэх машины шатахууны зардал нийт 40 000 төгрөг мөн дээр нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Бодит баримт бол 205 462 төгрөг байгаа. Энэ гаргасан баримтад дандаа хөлийн гэмтлийн баримтууд байгаа. Дараад нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Үүнд Улаанбаатар хот руу явж чихний сонсголоо шалгуулсан. Нийт 470 480 төгрөгийг нэмж гаргуулахаар тооцсон. Улаанбаатар хот руу №16 маягтаар чих сонсголыг нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх шаардлагатай гээд явсан. “MGG” гэх чих хамар хоолойн эмнэлэгт 35 000 төгрөгөөр үзүүлсэн баримт нь байгаа. Чихний сонсголын шинжилгээ хийлгүүлсэн энэ нь 70 000 төгрөг чихтэй холбоотой баримт бол 105 000 төгрөгийн баримт байгаа юм. Бусад баримтууд нь өвчин намдаах лаа 6000 төгрөг, өвчин намдаах эм 4200 төгрөг, Тамедин тариа, амино комплекс дуслаар 63 500 төгрөг, шарханд түрхэх антибиотик 6600 төгрөг, өвчин намдаах боолт 14 880 төгрөг, бинт 18 000 төгрөг бөөндөж авсан, кальци 35 000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан машины шатахуунд 82 450 төгрөг, өвчин намдаах эм 4500 төгрөг, машины зогсоол 3500 төгрөг, хөлд боолт хийлгэсэн 300 төгрөг, МЕБО гэх шархны тос 24 200 төгрөг, өвчин намдаах эм, бинт 7500 төгрөг нийт 470 480 төгрөг болсон. Энэ зөвхөн Улаанбаатар хот руу явсан зардал гэж ойлгож болохгүй энэ дотор хөлийн гэмтэлд зарцуулагдсан эм тариа байгаа. Өнөөдрийн өгсөн 7 ширхэг баримтай шүүгдэгч нэг бүрчлэн танилцсан. Энэ баримтад өвчин намдаах боолт 6900 төгрөг, бинт 8000 төгрөг, өвчин намдаах эм 3500 төгрөг, МЕБО шархны тос 22 000 төгрөг, бинт 1700 төгрөг, өвчин намдаах тос 3895 төгрөг нийт 50 000 төгрөгийн баримт гаргаж өгсөн юм. Энэ нь дандаа 11 сараас хойш эмчилгээнд нь хэрэглэсэн. Он сар нь мөн 11 сараас хойш байгаа. Энэ баримтууд мөн хохирогчийн хөлийн эмчилгээтэй холбоотой эм тарианы баримт юм. Хохирогч болон түүний гэр бүлийнхэн хохирогчийн сонсголын болон чих дүлийрэлтэй холбоотой асуудлыг авто ослоос үүдэлтэй гэж үзэж байна. Тухайн ослоос өмнө хохирогчтой зүгээр юм ярьдаг байсан гэж тайлбарладаг бид нар мөн өмнөх шүүх хуралдаан дээр хохирогчийг юм сонсохгүй чанга ярьж, цаасан дээр бичиж ойлголцож байгааг харсан. Чихний сонсголыг тухайн осол болсон үед үзүүлж чадаагүй. Учир нь хохирогчийн хөл нь буруу тийшээ харсан шууд хөлийг нь эмчлээд явсан чихийг нь үзүүлэх боломж гараагүй хагалгаанд ороод удаагүй хүний чихийг нь үзүүлэх гээд Улаанбаатар хот руу явах боломж байгаагүй. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол бол шууд хохиролд эмчилгээ оношилгоо ордог. Тиймээс сонсголоо шалгуулахгүйгээр гэмтлийн эмч болон шинжээч эмч чихний дүгнэлт гаргах боломжгүй юм. Тийм учраас заавал Улаанбаатар хот руу явсан тиймээс үүнийг хасах шаардлага байхгүй. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү гэх саналтай байна. Хохирогч 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 6 сарын хугацаагаар мэргэжлийн эмч нар 60 хувийн группт оруулсан байсан. Эмч нарын санал нь өвчний карт дээр байгаа. Тиймээс хохирогч өөрөө өөрийгөө болгоод зах дээр ажиллаж өдрийн хоол, тамхины мөнгөө олдог байсан. Өнөөдрийн байдлаар хохирогч хоёр суга таягтай ганцаараа бие засаж чадахгүй байгаа. Хөл нь гишгэдэг хэсгээрээ цооролттой өдийг хүртэл эдгэрээгүй хэдий эмчилгээ хийлгэж байгаа ч эрүүл мэнд нь хуучин хивэндээ орж сэргээгүй. Гэм хор учруулагч этгээд бол хохирогчийн эрүүл мэндийг хуучин байдалд нь сэргээн засах үүрэгтэй үүнийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй. 505 дугаар зүйлд заасныг гаргуулахыг шаардаж нэхэмжлэлдээ тусгасан байгаа. Шүүгдэгч хэдий жоохон хүүхэдтэй ажилгүй гэсэн хэдий хохирогч мөн бусдын асаргаагүйгээр байж чадахгүй хөдөлмөрийн чадвар нь 50-60 хувь алдагдсан тул хохирол төлбөрийг гаргуулж өгөөч гэх саналтай байна. Хохирогчийн талаас шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4.5 дугаар зүйлд заасныг харгалзаж үзэхийг хүсэж байна. Прокурор гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа шүүгдэгч эмнэлгийн тусламж үзүүлсэн. Учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйг харж үзэхийг санал болгож байна. Хэдий эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл удаа дараа гаргаж байхад сайн дураараа зохих хэмжээнд тусламж үзүүлээгүй. Мөн өнөөдрийг хүртэл 1 200 000 төгрөгийг төлөөд болсон би нялх хүүхэдтэй, ажилгүй боломжгүй гэх тайлбар гаргаж байгааг хохирогчийн зүгээс дэмжихгүй байна. Шүүх хуралдааны завсарлага аваад хохирлыг хувааж төлөх талаар сайн ярьсангүй. Ял хариуцлагын тал дээр хохирогчийн талаас санал байхгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөөд хурлыг үргэлжлүүлсэн бол бид нар зохих хэмжээний гомдол саналаа хэлэх байсан” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хохирогч З.Д-ын “Согоот багийн 6-5-р байр руу явах машин замын явган хүний гарцаар гарч явж байх үедээ машин замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгрүү замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэл намайг мөргөж би газарт унасан юм. Тэгээд юу болсон эсэхийг би санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-лийн “Уг осол нь миний сууж явсан суудал талын хаалгыг гэмтэл авсан гэх хүн мөргөж машины толийг нь хугалсан юм. Тэгээд найз Т.Э осол гаргачихаад машинаасаа шууд буух үед би ч бас дагаад хамт машинаас буусан юм. Гадаа гарч юу болсон эсэхийг харахад тээврийн хэрэгсэд мөргүүлсэн гэх ах архи уучихсан бололтой ойртож очиход биеэс архины эвгүй үнэртэй байсан. Тэр ах бол согтуу байсан нь үнэн. Тэр үед болсон үйл явдлыг ярьхад эхлээд найз Т.Э машин замаар хэвийн байдалтай хөдөлгөөнд оролцоод явж байхад гэнэт миний талаас нэг хүн гарч ирээд эхлээд машиныг толийг мөргөсөн тэр үед толь нь хугарч газарт унасан, харин нөгөө мөргүүлсэн гэх ахын хувьд шууд биеийнхээ толгой болон нүүр хэсгээрээ машин зам дээр унасан, тэгээд энэ үед найз Т.Э шууд машинаа зогсоож бид хоёр машинаас бууж газарт унасан ах дээр очиж биеийн байдлыг харахад толгой буюу дух хэсгийн арьс нь шалбарч цус гарч байсан болохоор Т.Э бид хоёр тэр ахыг газраас босгох гээд сугадаад өргөх үед тэр ах ёооё хөл гэж хэлсэн, тэгээд хөлийг хартал хугарсан эсэх нь мэдэгдэхгүй ямартай ч хөл нь шагай хэсгээрээ дотогшоогоо эргэсэн байдалтай байхаар шууд машины арын суудалд сууж явсан найз Нэр эмнэлэг болон цагдаагийн газарт болсон үйл явдлын талаар хэлж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “тэр үед би ойр хавийнхаа зай талбайг харахад ганцхан миний зүүн талд хажууд явж байсан тээврийн хэрэгсэл миний машинтай зэрэгцээд явж байсан энэ үед осол аваарт өртсөн гэх З.Д ах явган гарцаар хажууд явж байсан тээврийн хэрэгсэлийн урдуур гарч өнгөрөөд миний тээврийн хэрэгсэлийн зүүн талаас орж ирсэн юм. Харин би тэр З.Д ахыг олж хараад шууд хөдөлгөөнөө зогсоож тормоз дарахад З.Д ах тээврийн хэрэгсэлийн зүүн талын хаалга, уг хаалганы толийг мөргөж газарт унасан, тэгээд газарт унах даа биеийнхээ нэг хөлөө машины арын дугуйн доор оруулж харин би тээврийн хэрэгсэлээ бүрэн зогсоох үедээ З.Д ахын нэг хөлний шагайг нь дайрч гэмтэл учруулсан үйл явдал болсон, тэгээд би тэр доороо өөрийн санаачлагаараа шууд цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч мэдэгдсэн бас 103-т энэ ослийнхоо талаар мэдэгдэж гэмтэл авсан гэх З.Д ахыг эмнэлэг рүү авч явсан үйл явдал болсон” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний албанд шинжээч томилсон шинжээчийн дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Орхон аймаг дахо Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Цогтсайханы 02 дугаартай Мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-5-р байрны зүүн талын явган хүний гарц дээр **** ОРО Улсын дугаартай Рпиз-11 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3, 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай эрэгтэй З.Д-ыг авто машинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хохиролд хамаарах үндэслэлтэй тул хэргийн хамт шийдвэрлэх нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэлээс төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э-гийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрийн нэхэмжлэлээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн баримт дээр 188 662 төгрөгийн баримтыг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж байна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн ирүүлсэн баримтад 470 480 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас 179 880 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, өнөөдрийн шүүхэд ирүүлсэн баримтаас 46 595 төгрөгийг гаргуулж нийт 515 137 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгпэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цавчит хайрхан овогт Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 515 137 /таван зуун арван таван мянга нэг зуун гучин долоо/ төгрөг гаргуулан хохирогч З.Д /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 37-- тоот рд: 1/-т 515 137 төгрөгийг олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Т.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч З.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А