Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хо

    Улсын яллагч Ц.Л

    Хохирогч Ч.Б

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн 2025000000254 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар дээр согтуугаар ОРО улсын дугаартай “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Ч.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Аг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ “Болсон үйл явдлаас болоод маш их хүмүүс хохирч байна. Мөн би их хугацаанд эд мөнгө, сэтгэл санаа болон ар гэрийн хувьд маш их хохирч үлдэж байна. Шүүх хуралдаан бүрт хохирогч нараасаа уучлалт гуйдаг. Энэ удаа бас Ч.Б ахаас уучлалт гуйя. Бид хоёрын хувьд ярьсан яриа байсан. Ч.Б ахын түрүүний хэлсэн үг нь үнэн. Тус мөнгийг олох гэж би ажил хийж маш их хичээсэн. Цар тахлаас болж хил хаасантай холбоотой миний эрхэлж байсан хувийн наймаа маань хил давж ирдэг тул ямар ч боломжгүй байгаагаа удаа дараа хэлсэн. Тус машины хохирлыг барагдуулах сэтгэл байгаа боловч бодит байдалтай эвлэрэхгүй байгаа тул Ч.Б ахаас уучлалт гуйя. Үйлдсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа тул тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн осол болсон талаар прокурорын ярьсантай давхардуулж яриад яах вэ. Гомдол саналын хувьд гомдолтой байна. Учир нь шүүх хурал дээр анх хэлсэн. Залуу хүүхэд тул ял хариуцлага гээд яах вэ миний хохирлыг барагдуулаад өгчих гэж хэлсэн. Миний эрүүл мэндийн хувьд эдгээд гайгүй болчих байх хоёр хавирга хугарсан. Гэмтэл нь хэдэн жилийн дараа илэрдэг гэж гэсэн. Би дүүгийнхээ машиныг унаж явсан. Хавтас хэрэгт авагдсан зургууд байгаа. Э.А сая хөөрөгдүүлсэн үнэ гэж хэлж байна. Уг машин нь ашиглах боломжгүй болсон. Хүн алаагүй нь их юм. Надаас өөр хүн байсан бол илүү их зүйл нэхэх байсан. Одоо сонин зүйлс яриад байх юм ичих хэрэгтэй. Э.А надад хэлэхдээ таны хохирол болон эмчилгээний зардлыг барагдуулна. Та надад хохиролгүй гомдол саналгүй гээд хэлээд өгчих би танд 3 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Түүнээс хойш холбоогүй алга болсон. Машинаа засуулна гэхээр сэлбэгийн үнэ нь тухайн мөнгөндөө орж байна. Сэлбэгээ авчихаад хэнээр засуулах юм бэ. Өмнөх шүүх хурал нь тэгээд шийдчихсэн. Би амьд явах эрхтэй, сүүлдээ би өөрөө буруутан болох гээд байгаа шиг байдал бий болоод байна. Миний эрүүл мэнд яах вэ” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/

 

2. Зам тээврийн ослын газрын схем зураг /хх-ийн 11-р хуудас/

 

3. Хохирогч Ч.Бы “Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчимд ажлаасаа буугаад гэр лүүгээ харих гээд дүү Ч.Б-лын дугаартай “Мицубиши Челленжер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Уртбулаг багт байх сүмийн уулзвараас зүүн тийш чигтэй нэвтэрч байхад хойноос урагш чигтэй “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл баруун талаас ирж мөргөөд улмаар баруунаас зүүн тийшээ явж байсан ОРБ дугаартай “Тоёото кроун” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Энэ ослоос болж, миний хавирга хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Тухайн уулзварын гэрлэн дохионууд бүгд анивчсан, шар гэрэл асаж байсан ба гэрлэн дохио уулзварыг зохицуулаагүй байсан тул би төв замаар явж байсан давуу эрхийнхээ дагуу уулзвар нэвтрэхэд туслах замаас дугаартай машин ирж мөргөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/

 

4. Иргэний нэхэмжлэгч Ч.Б-лын “4ОРА улсын дугаартай “Мицубиши Челленжер” маркийн тээврийн хэрэгслийг төрсөн ах Ч.Б унаж явахад 60-45 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А зам тээврийн осол гаргаж, миний машинд шинжээчийн дүгнэлтээр 2.985.000 төгрөгийн хохирол учирсан. Миний машины доод хөндлөн гулзайсан тул би машины үнэ 12.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-р хуудас/

 

            5. Иргэний нэхэмжлэгч Б.Э-дын “Миний нэр дээр байдаг ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрсөн дүү Б.Б-Э унаж яваад дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А нь осол гаргаж шинжээчийн дүгнэлтээр 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх машинаа 16.000.000 төгрөгөөр зарах гэж байсан ба ...16.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-р хуудас/

 

6. Иргэний нэхэмжлэгч Б.Брийн “Орхон аймгийн орон нутгийн өмчид бүртгэлтэй дугаартай “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгсэлийг Э.А нь согтуугаар жолоодож, зам тээврийн осол гаргаж, шинжээчийн дүгнэлтээр нийт 5.835.000 төгрөгийн хохирол учруулсан. Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийг засварлуулан хүлээн авах боломжгүй тул ижил маркийн эвдрэл, гэмтэлгүй тээврийн хэрэгслийг оруулж авах хүсэлтэй байна. Жолооч Э.А нь ажлын цаг дууссаны дараа согтуугаар жолоодож манай байгууллага болон өөр иргэдэд хохирол учруулсан тул манай байгууллага хохирол төлөхгүй. Э.А нь өөрийн буруутай үйлдлээс учруулсан хохирлыг өөрөө төлөх ёстой” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/

7. Гэрч Б.Б-Эний “2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 01:20 цагийн үед Уурхайчин багийн 3-6-р байрнаас “Их хаадын цуваа” хотхонд найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд байрнаас нь гараад сүмийн уулзварын гэрлэн дохион дээр ирэхэд гэрлэн дохио зохицуулдаг шар гэрэл ассан байсан. Тэгэхээр нь би уулзварын өмнө зогсож, 3 талаас тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг харахад зүүн болон хойд талаас нэг машин нэлээн хурдтай ирж байхаар нь уулзвар руу орохгүй хүлээгээд зогсож байхад урдаас ирж байсан машиныг хойноос ирж байсан машин хажуу талаас нь мөргөөд наашаагаа миний машиныг мөргөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-р хуудас/

 

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №435 дугаартай “Ч.Бы биед баруун талын 4 болон 5 дугаар хавирганы суганы дунд шугмаар зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх 61-62 хуудас/

 

9. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №122 дугаартай “Э.Агаас авсан цусанд этилийн спирт 1.0 промиль процент илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 73-74-р хуудас/

 

10. Гэрч А.М-ны “ОРБ улсын дугаартай “Тоёото кроун” маркийн тээврийн хэрэгсэл, ОРА дугаартай “Мицубиши челленжер” маркийн тээврийн хэрэгсэл, ОРО дугаартай “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгслийн  дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг засаж, сольж янзалсны дараа дахин техникийн үзлэгт хамрагдаж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/

 

11. Гэрч Ц.Х-лын “Э.А нь 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. ОРО дугаартай тээврийн хэрэгслийг өвлийн улиралд байгууллагын хажууд байдаг гаражид тавих ёстой. Зуны улиралд байгууллагын хажуу талын зогсоолд байрлуулдаг. Жолооч Э.А нь тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулаад түлхүүрээ өөрөө аваад явдаг. Машины аюулгүй байдлыг өөрөө хангах ёстой. ОРО дугаартай тээврийн хэрэгсэл нь орон нутгийн өмчийн газрын өмч, харин манай байгууллага нь ашиглагч байгууллага юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-р хуудас/

 

12. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн байдалд гаргасан шинжээчийн №9, №10, №11 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 83-99-р хуудас/

 

13. “Арвижих эстимейт” ХХК-ний ОРО дугаартай “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 5.835.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 107-108-р хуудас/

 

14. “Тоёото кроун” маркийн ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 3.050.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 112-р хуудас/

15. Мицубиши челленжер” маркийн ОРА дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 2.985.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 116-117-р хуудас/

16. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 36 дугаартай “уг осол ОРО дугаартай “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а,15.9-д заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 125-126-р хуудас/

 

17. Шүүгдэгч Э.Агийн яллагдагчаар мэдүүлсэн “...би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг өнгөрч байхад найз Оюунсан, Цэцэгээ нарын хамт Зэст багт үйл ажиллагаа явуулдаг 21-р цэцэрлэгийн хажууд 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи ууж байснаа санаж байна. Нэг мэдсэн зам тээврийн осол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх174-175 хуудас/

 

18. Э.Аг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 01, 174-175-р хуудас/

19. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лдүгнэлтдээ “Шүүгдэгч Энхбат овогтой Э.А нь архидан согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албаны эзэмшлийн ОРА улсын дугаартай “TOYOTA ALPHARD” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл болон 15.9 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаас иргэн Ч.Бы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Энхбат овогтой Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирол төлбөрийн тухайд шинжээчийн дүгнэлтээр Баяржаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 2 985 000 төгрөг, Энхболдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг 3 050 000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй байна гэж тогтоосон байгаа. Энэ гэмт хэргийн улмаас гурван тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан мөн шүүгдэгч Э.А нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Барагдуулахдаа шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн хэмжээнд барагдуулсан байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Бүрэнхан овгийн Энхбатын Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Гэм буруугийн шүүх хуралдааны хувьд шүүгдэгч Э.А болон өмгөөлөгч миний хувьд улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлтэй маргахгүй байгаа тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тал дээр шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон энэ хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Өнөөдөр хохирогч Ч.Б хэдийгээр тухайн машины засвар үйлчилгээний хөлс нэхэмжилж байгаа боловч Э.Агаас авсан мөнгөнд ийм сэлбэг хэрэгсэл авсан одоо ийм сэлбэг авахад ийм хэмжээний мөнгө дутаж байна гэх баримтыг авч ирээгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Б энэ талаар нэхэмжлэх эрх бүхий субъект юм. Хохирогчийн эрүүл мэндийн хувьд дахин эмнэлэгт үзүүлсэн, цаашид эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзсэн мөн эм тариа авсан баримт авч ирээгүй байна гэдгийг дурдах нь зүйтэй байх. Дараагийн асуудал нь шинжээчийн үнэлгээтэй хохирогч, иргэний нэхэмжлэгч нар танилцсан. Үүнд ямар нэгэн байдлаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай санал гаргаагүй. Тийм учраас өнөөдрийн хувьд шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зүйл бий. Үүнд тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Оногдуулах ялын хувьд улсын яллагч нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй мөн анх удаа тохиолдлын шинжтэй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Э.Ад оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар мөн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг тэнсэх харгалзаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч бага насны хүүхэдтэй, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байгааг харгалзан үзэж оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэхгүй байх бүрэн боломжтой болон хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хохирогч Ч.Бы “Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчимд ажлаасаа буугаад гэр лүүгээ харих гээд дүү Ч.Б-ын дугаартай “Мицубиши Челленжер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Уртбулаг багт байх сүмийн уулзвараас зүүн тийш чигтэй нэвтэрч байхад хойноос урагш чигтэй  “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл баруун талаас ирж мөргөөд улмаар баруунаас зүүн тийшээ явж байсан ОРБ дугаартай “Тоёото кроун” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Энэ ослоос болж, миний хавирга хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Тухайн уулзварын гэрлэн дохионууд бүгд анивчсан, шар гэрэл асаж байсан ба гэрлэн дохио уулзварыг зохицуулаагүй байсан тул би төв замаар явж байсан давуу эрхийнхээ дагуу уулзвар нэвтрэхэд туслах замаас дугаартай машин ирж мөргөсөн” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газрын схем зураг, гэрч Б.Б-Э, А.М, Ц.Х нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Б.Э, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын мэдүүлэг, хохирогч Ч.Бы эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №435 дугаартай дүгнэлт, Э.Агийн согтолтын зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №122 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн байдалд гаргасан шинжээчийн №9, №10, №11 дугаартай дүгнэлтүүд, “Арвижих эстимейт” ХХК-ний ОРО дугаартай “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 5.835.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, “Тоёото кроун” маркийн ОРБ дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 3.050.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт, Мицубиши челленжер” маркийн ОРА дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эвдэрсэн эд ангийг 2.985.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Э.Аг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байх 4 замын уулзвар дээр ОРО улсын дугаартай “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.9 дэх заалт “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж, ОРА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Ч.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ОРА улсын дугаартай “Мицубиши Челленжер” маркийн тээврийн хэрэгсэлд 2 985 000 төгрөгийн хохирол, “Тоёото кроун” маркийн ОРБ дугаартай тээврийн хэрэгсэлд 3 050 000 төгрөгийн хохирол, “Тоёото альпард” маркийн тээврийн хэрэгсэлд 5 835 000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй боловч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хохиролд хамаарах үндэслэлтэй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Аг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хор уршиг арилсан эсэх асуудлыг дүгнэж үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Агийн үйлдлийн улмаас Ч.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,  иргэний нэхэмжлэгч Ч.Б-лд 2 985 000  төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Э-од 3 050 000 төгрөгийн хохирол орон нутгийн Өмчийн газарт 5 835 000  төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь хохирогч Ч.Бы эрүүл мэндтэй холбоотой зардал болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр төлж барагдуулсан байна. Хохирогч Ч.Б нь “эрүүл мэндийн хувьд нэхэмжлэх зүйлгүй харин миний унаж явсан машин манай дүү Ч.Б-лын машин юм. Шүүгдэгчийн төлсөн мөнгөөр уг машиныг засварлах боломжгүй, хүрэлцэхгүй байгаа. Иймд 12 сая төгрөг нэхэмжлэнэ” гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Э нь шүүгдэгчийн төлсөн мөнгөөр машиныг засуулах боломжгүй, зарах гэж байсан машин байсан. Иймд 16 сая төгрөг нэхэмжлэнэ” гэсэн байна. Иргэний нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч Ч.Б, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй үндэслэл, нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдал:

 

Шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүрэнхаан овгийн Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт хураагдаж ирсэн Э.Агийн 941700 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Б, Б.Э нар нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС