Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1036

 

“Лэндс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00707 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Лэндс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Төгсболдод холбогдох

 

1 056 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом,

Хариуцагч Д.Төгсболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Лэндс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2209 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 587 дугаар бүхий албан тоотыг үндэслэн Д.Төгсболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхцэнгэлд холбогдох иргэний хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж, гүйцэтгэн шинжилгээний дүгнэлт тайланг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15/4-19 дугаар бүхий албан тоотоор хүргүүлсэн байна. Ингэхдээ шинжилгээний ажлын хөлс болох 1 056 000 төгрөгийг шүүгчийн шийдвэрт тусгуулж өгнө үү гэж албан бичигт тусгаад нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. Тэгтэл шүүхийн шийдвэрт тусгагдаагүй орхигдсон байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2209 тоот захирамжид Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25 дугаар гудамжны, 621А тоот хаягт байршилтай 444 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204053866 дугаар бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө ,мөн дээрх хаягт байршилтай 18648310724564 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай, улсын бүртгэлийн 000276383 дугаар гэрчилгээтэй газрын зах зээлийн үнэлгээг тус тус 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцон гаргаж өгөхийг хариуцагч Б.Мөнхцэнгэл шүүх хуралдаанд хүсэлт гаргасан байсан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5364 тоот шийдвэрээр Д.Төгсболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн ажлын хөлс 1 056 000 төгрөгийг хариуцагч Д.Төгсболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Төгсболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн хувьд шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй, харин хариуцагч Б.Мөнхцэнгэл шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “Лэндс” ХХК нь шүүгчийн захирамжаар автомашины үнэлгээ тогтоосон нь шинжээчийн өөрийнх нь үүрэгт хамаарч байгаа учир зохигчоор нөхөн төлүүлэх хуулийн үндэслэл байхгүй.

Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д шүүхээс гаргасан зардлыг зохигчоор нөхөн төлүүлэхээр зохицуулсан байгаа бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас үзэхэд шүүхээс зардал гаргасан гэх баримт байхгүй байна.

Шүүхээс шинжээчийн зардлыг төлөөгүй байхад “Лэндс” ХХК нь дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн байгаагаас үзэхэд уг шинжээчийн гүйцэтгэсэн ажил нь ажил үүрэгт нь холбоотой буюу өөрөөр хэлбэл зохигчоор нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэдэг нь давхар батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Төгсболд /ХА70040377/-оос 1 056 000 төгрөгийг гаргуулж “Лэндс” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төгсболдоос 29 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Төгсболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00707 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шийдвэрийн тогтоох хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан 1 056 000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсэн бол үйлчлүүлэгчээс ажлын хөлсийг авах эрхтэй” гэж заасан байх ба би дээрх “Лэндс” ХХК-ийн үйлчлүүлэгч хэзээ ч байгаагүй.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа намайг “Лэндс” ХХК-ийн үйлчлүүлэгч байсан эсэх, бидний хооронд гэрээ хэлцэл байсан эсэхийг хөдөлбөргүй тогтоосны дараа уг хуулийн заалтыг баримталж 1 056 000 төгрөгийг гаргуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгох ёстой.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд нөхөн төлүүлэх шүүхийн зардлын тухай заасан. Уг зүйлд шүүхээс гаргасан /төлсөн/ шинжээч, орчуулагч, хэлмэрийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийг бүдүүлгээр зөрчиж, шийдвэр гаргахдаа энэ зүйлийг огт хэрэглээгүй нь хуулийн гажуудал боллоо.

- “Лэндс” ХХК-ийн нэхэмжлээд буй тэр мөнгийг шүүхээс гаргасан гэх ямар ч баримт байгаагүй. Хуулийн заалтаас үзэхэд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой зардлыг эхлээд шүүх гаргасан байх ёстой бөгөөд үүний дараа нөхөн төлүүлэх асуудал яригдах болно. Гэтэл 1 056 000 төгрөгийг шүүхээс гаргасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

- Шинжээчийн гүйцэтгэсэн ажил нь түүний эрхлэх ажил үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлсийг олгохоор хуульчилсан. Гэтэл “Лэндс” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээ хийдэг компани байх бөгөөд энэ тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Тийм учраас шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн гэж мөнгө нэхэмжлэх боломжгүй, шүүх ч тэр хэмжээгээр нь зардал гаргах ёсгүй. Миний бие Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан үндэслэлээр ажлын хөлс гэж “Лэндс” ХХК-д төлөх боломжгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2.1-д нөхөн төлүүлэх зардлыг шинжээчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр тодорхойлсон. Үүнээс үзэхэд шинжээчийн ажлын хөлс гэдэг нь бизнесийн ашиг орлого хөөсөн компани бүрийн дурын тоо биш, харин шүүхээс гаргасан бодит тооцоо, боломж дээр тулгуурласан, баримт тооцоотой, тодорхой жишиг, үнэлгээнд тулгуурласан ажлын хөлс байх бөгөөд баримтаар тогтоогдсон зүйл.

Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан шаардлагын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Шинжээчийн ажлын хөлс 1 056 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Төгсболдод холбогдуулан нэхэмжлэгч “Лэндс” ХХК гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2209 дүгээр захирамжаар Д.Төгсболдын нэхэмжлэлтэй, Б.Мөнхцэнгэлд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хүсэлтээр “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу тус компани нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх ажиллагааг гүйцэтгэж, хөрөнгө үнэлсэн тайлан дүгнэлтийг шинжээчийн ажлын хөлс 1 056 000 төгрөгийн хамт гаргуулахаар тус шүүхэд ирүүлснийг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5364 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шинжээчийн ажлын хөлсийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Харин хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаагүй, ямар хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй гэж хариуцагч маргажээ.

 

Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт гаргахдаа ямар хэмжээний ажил гүйцэтгэсний хөлсөнд 1 056 000 төгрөг шаардаж байгаа болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргасан ажлын тайлан хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, түүний хэмжээ, үнэлгээ зэрэг нь хэдэн төгрөгийн ажил хийсэн эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой юм.

 

Уг үйл баримт тодорхой бус байгаа тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Төгсболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 894 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

              ШҮҮГЧИД                         Б.НАРМАНДАХ

 

                                                 С.ЭНХТӨР