Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/554

 

 

 

 

 

 

 

 

 2021         05         12                                    2021/ШЦТ/554

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч Б.Э.,  

Шүүгдэгч С.Х. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г. овогт С.ийн Х.т холбогдох эрүүгийн 2006 04400 0152 дугаартай хэргийг шүүх 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, гялс бетон зуурмагийн үйлдвэрт оператор, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г. овогт С.ийн Х. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Х. нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Э. руу толгойн тус газарт нь шил шидэж биед нь дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х. мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э. мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын 04-ны өдрөөс 5-нд шилжих шөнө би найзынхаа машиныг унаж Налайх руу хүргэж өгчхөөд найзтайгаа буцаж ирээд караокед орж 2 пиво уугаад дараа нь Генерал бааранд хоёр найзтайгаа орсон. Тэгээд гадаа тамхи татаад ороод ирсэн чинь манай найз хүнтэй маргалдаад байхаар нь би найзыгаа салгаад сандал дээр суулгаад хажууд нь зогсож байхад архины бакалаар миний хөмсөгний дээр 2 хэсэгт язарсан.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Б.Энхтулгын өгсөн мэдүүлэг /хх-9-13/, гэрч Т.Баянмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-23-26/, гэрч Б.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Б.Булган-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-32-33/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12866 шинжээчийн дүгнэлт /хх-36-37/, С.Х.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-48/, шүүгдэгч С.Х.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Х. нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Э. руу толгойн тус газарт нь шил шидэж биед нь дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтулгын өгсөн: “...Тэр өдөр намайг найз Баянмөнх өөрөө уучихсан байна машин бариад өгөөч гэж дуудахаар нь би шөнийн 23 цаг өнгөрч байх үед яваад очсон...Тэгээд бид 4 машинтай Баянмөнхийн ахыг нь хүргэж өгөхөөр болоод Налайх явсан. Тэгээд Налайхаас буцаад Пүрэвсүрэн, Баянмөнх бид 3 ирсэн. Хотод ирээд тэд нарын анх орсон байсан караокед нь ороод дахиад нэг цаг дуулсан. Тэнд ороод бид 3 хүний 2, 2 пиво уусан. Тэгээд цаг нь дуусаад гараад Генерал гэдэг шөнийн цэнгээний газарт эхлээд гурвуулаа орсон...Тэгээд ороод удаагүй байхад сүүлийн 3 бүжиг гэж байсан. Би тэр үед бүжиглээгүй. Бүжгийн талбайд Баянмөнх нөгөө залуутай маргалдаад байх шиг байхаар нь би тэр нь дээр очоод тэр хоёрыг салгасан. Тэр үед тэр хоёр бие биенээ цохиж зодсон эсэхийг би хараагүй. Баянмөнх бүжгийн талбайд харин би ширээн дээрээ ганцаараа сууж байсан. Харин тэр үед Пүрэвсүрэн байхгүй байсан.Баянмөнхийг би ширээний сандал дээр суулгаад би хажууд зогсож байсан. Тэгээд би найзыгаа суулгачихсан хажууд нь зогсож байгаад нэг харсан чинь тунгалаг өнгийн архины вакал ч юм уу ундааны стакан шиг зүйл над руу чиглүүлээд нөгөө Баянмөнхтэй муудалцсан залуу чиглүүлээд шидсэн Тэр нь ирээд миний зүүн талын шанаа, нүдний харалдаа хэсгийн оносон. Тэгээд тэр хэсэг нь зүсэгдээд цус гарсан. Тэгээд баарны хамгаалагч нар хаалгаа бариад цагдаа дуудсан....Тэр үед Баянмөнх бид нарын сууж байсан ширээний сандал дээр суучихсан би хажууд нь зогсож байх үед нөгөө Баянмөнхтэй маргасан залуу манай ширээ рүү чиглүүлээд өөрийнхөө ширээн дээрээс авсан уу гарт нь байсан уу мэдэхгүй байна нэг юм шидсэн. Тэрний юм шидэж байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-13/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баянмөнхийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 16-д байрлах караокед Ганцоожийн хамт орсон. Тэгээд тэнд бид хоёр хүний гурав гурван пиво уусан. Тэгээд тэнд бид хоёр байж байх үед найз Э., Пүрэвсүрэн нарыг машин бариулах гээд дуудсан...Тэгээд бид нар Ганцоож ахыг гэрт нь хүргэж өгөх гээд Налайх явсан. Тэгээд тэндээс бид гурав буцаж ирээд нөгөө караокед орсон... Тэгээд тэндээсээ 01 цаг өнгөрч байх үед бид гурав гараад Генерал гэдэг бааранд орсон...Таксыг нь төлөөд орсон. Тэнд ороод бид гурав баруун хойд талд нь байх хоёрдугаар ширээнд суусан. Тэгээд Э. бид хоёр тайзан дээр бүжиглэж байгаад би тэнд байсан нэг танихгүй хүүхний өгзөг рүү нь нэг удаа алгадсан. Тэгсэн чинь тэр хүүхний нөхөр нь бололтой нэг залуу ирээд миний хүзүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд яаж байна гээд тэр залуу бид хоёр маргалдаад зууралдаад авсан чинь манай найз Э. ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд тэр баарны хамгаалагч нар тэр хүмүүсийг цааш нь аваад явсан...Тэгээд Э. бид хоёр ширээнийхээ хажууд зогсоод юм яриад байж байсан чинь бид хоёрын зогсож байсан газрын шалан дээр тунгалаг өнгийн шилэн зүйл хагарах чимээ сонсогдсон. Тэр шилийг хаанаас хэн шидсэнийг нь би бол хараагүй. Тэгтэл Э. надаас цус гараад байна гэж хэлэхээр нь би тэр нийг харсан чинь тэр ний зүүн талын хөмсөг дээд хэсэг нь сэтэрчихсэн, цус гарч байсан. Тэр үед танихгүй нэг залуу бид хоёр дээр ирээд урд талын ширээнээс юм шидчихлээ, одоо та нар тийшээ очоод хэрэггүй цагдаа дуудсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-23-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүний өгсөн: “...Би тухайн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх Генерал бааранд хамгаалагч байсан. Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Би заалаа тойроод ажлаа хийгээд явж байтал манай баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан улаан өнгийн цамцтай нэг эмэгтэйн бөгс рүү нь тэнд бүжиглэж байсан цагаан өнгийн цамцтай залуу алгадаад авах шиг болсон. Тэгтэл тэр эмэгтэйтэй хамт явж байгаа бололтой нэг залуу уурлаад нөгөө бөгс рүү алгадсан залуутай хэрэлдсэн. Тэгээд тэд нар маргаад байхаар нь бид нар тэр хүмүүсийг ширээ лүү нь суулгасан. Тухайн үед би тэр хүмүүсийн сууж байсан ширээний голын ширээний хэсэгт тэд нарыг ажиглаад зогсож байсан. Тэр үед манай баарны баруун урд талын ширээн дээр сууж байсан алгаддаг залуу руу хандаад хэрүүл маргаан хийгээд тэр 2 ширээ ширээн дээрээс хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед би шил шиддэг залуугийн ширээ лүү хараад зогсож байсан юм. Тэгтэл нөгөө баруун урд талын ширээн дээр байсан залуу нөгөө маргадаг залуугийн зүг лүү ширээн дээр байсан пивоны вакал аваад шидсэн. Тэр үед тухайн шидсэн вакал нь миний хажуугаар өнгөрсөн...Тэр залууг вакал шидсэний дараа би эргээд хартал миний ар талын ширээний хажууд зогсож байсан эрээн хувцастай залуугийн нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон нэг талынх нь хөмсөг нь сэтэрчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-29-30/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Булган-Эрдэнийн өгсөн: “...Би тухайн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх Генерал бааранд ди-жи хийдэг байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би бааранд ажлаа хийгээд байж байтал тэр өдрийн шөнийн 01 цагийн үед шиг санагдаж байна нэг залуу 4-5 эмэгтэйн хамт орж ирсэн. Тухайн хүмүүс орж ирээд архи, пиво захиалсан.Тэгж байтал одоо шилэнд оногдсон гээд байгаа залуугийн найз нь гэх нэг цагаан подволктой залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хар өнгийн саравчтай малгай, улаан өнгийн цамцтай эмэгтэйн бөгс рүү нь 1 удаа алгадаад авсан...Тэгээд хэрүүл маргаан болоод байхаар нь бид нар тухайн хүмүүсийг ширээ ширээнд нь суулгаад гэрлээ асаагаад хөгжмөө унтраагаад баараа хаахаар болсон. Тэр үед би тухайн хүмүүсийн ширээнийх нь урд хэсэгт зогсож байтал нөгөө элэгтэйтэй хамт явж байсан залуу ширээн дээрээсээ нэг пивоны шил барьж аваад нөгөө залуу руу шидэх гэж байтал хажууд нь байсан эмэгтэй нь шилийг гараас нь авсан. Тэгэхээр нь би зөөгчөөрөө тухайн ширээн дээр байсан пивоны шилнүүдийг авахуулсан. Тэгээд ширээн дээр нь пивотой уугаагүй байсан вакалнууд нь үлдсэн. Тэгж байтал нөгөө залуу ширээн дээрээ нөгөө улаан цамцтай хүүхэнтэй зууралдаж байснаа засвараар нь ширээг дээр байсан вакалыг аваад нөгөө маргалдаад байсан залуугийнхаа сууж байсан ширээ лүү чиглүүлээд шидчихсэн...Тэгтэл нөгөө шидсэн вакал нь тэр эрээн хувцастай залуугийн зүүн талынх нь хөмсөг хэсэгт нь оносон. Тэр үед би тухайн 2 залуугийн ширээнийх нь ойролцоо зогсож байсан. Тэгтэл нөгөө залуугийн зүүн хөмсөг хэсэг нь задраад тэр газраас нь маш их цус гоожихоор нь би шууд тэрний хажууд явж очоод харсан юм. Тэгээд шууд цагдаа дуудаад нөгөө шил шиддэг залуутай маргаан хийсэн...” гэх мэдүүлэг/хх-н 32-33/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12866 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Э.-н биед дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-36-37/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х.ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагаас хойш эхнэр болон тэрний найзуудын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байдаг Генерал бааранд орсон. Бид нар тэнд орохоосоо өмнө Шархаданд найзындаа архи уусан байсан юм. Тухайн үед би тэр бааранд орсон цагаа сайн санахгүй байна. Тэгээд бид нар тэнд ороод дан пиво захиалж аваад ууцгаасан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэ байтал нэг цагаан подволктой задуу бид хоёрын хажуугаар гарах үедээ манай эхнэрийн өгзөгнөөс нь гараараа базаад авсан. Тэгэхээр нь би уурлаад тэр залуутай уулзах гэсэн чинь манай эхнэр яах юм бэ гээд болиулсан. Тэгээд би ширээн дээрээ суугаад манай эхнэр бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед нөгөө залуу дахиад өгзөгнөөс нь базаад авсан. Тэгэхээр нь би ширээнээсээ босож ирээд тэр залуутай маргалдаад бид хоёр бие биенээ ганц нэг цохисон. Тэгж байтал баарны хамгаалагч нар болон эхнэр, тэрний найзууд бид нарыг салгаж болиулсан... Би уур хүрээд тэр залуугийн сууж байсан ширээ лүү ууж байсан пивоныхаа шилийг чиглүүлээд шидсэн. Миний шидсэн шил нөгөө манай эхнэрийг өдөөд байсан залууг оносон үгүй эсэхийг би хараагүй... Би шил шидсэний дараа тэр баарны хамгаалагч нартай хэсэг маргаан болж байх үед хар ногоон өнгийн эрээн куртик өмссөн, хар саарал өнгийн саравчтай малгай өмссөн залууг нөгөө цагаан подволктой залуутай хамт тэр баарны зөөгч залуу над дээр дагуулаад хүрээд ирсэн. Тухайн үед зөөгч нь чиний шидсэн шилэнд энэ залуу оногдчихлоо гээд эрээн хувцастай залууг заасан. Тухайн үед миний харснаар тэр залуугийн зүүн талын шанаа, хөмсөг хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би миний шидсэн чулуунд оногдсон байна даа гэж бодоод сандраад гялс түргэн дуудаарай гэсэн... Би тэр шилэнд оногдсон залуу руу бол санаатай шил шидээгүй. Бас тэр шилэнд оногдсон залуутай би тэр бааранд байхдаа маргаж муудалцаагүй. би тэр залуугийн биед нь учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь төлж өгөх болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-46-48/,

 

Шүүгдэгч С.Х.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52 зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.Х.ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Э. руу толгойн тус газарт нь шил шидэж биед нь дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Х.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Б.Э. нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Х.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирогч Б.Энхтулгын цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Хохирогч Б.Э. нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Х.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Х.ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.Х. нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г. овогт С.ийн Х.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар С.Х.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Х. нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Х. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.Э. нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Х. нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Х.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Х.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                          Д.МӨНХТУЯА