| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/00750/И |
| Дугаар | 880 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн.................. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 15 дугаар хороолол, хороолол дундах 67 дугаар байрны 105 тоотод оршин суух ............... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн .................регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 163 дугаар байрны 67 тоотод оршин суух ................... холбогдох,
Гэрээнээс учирсан хохирол 476.881,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Би Д.Гантөмөрт 2011 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны зоорийн давхарт 18 м.кв 105 тоот зогсоолыг 9.000.000 төгрөгөөр бид харилцан тохиролцож худалдсаны дараа 2011 оны 9 дүгээр сараас 2016 оныг дуустал хугацаанд болон одоо болтол Д.Гантөмөр уг 105 зогсоолыг ашиглан машинаа тавьж эзэмшилдээ байлгаж байгаа боловч халаалт дулааныг мөнгийг Д.Гантөмөрөөс шаарддаг байсан боловч одоог хүртэл төлөхгүй байсаар 476.881,89 төгрөг болсныг Д.Гантөмөрөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр, хариуцагч Д.Гантөмөр нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.Гантөмөр нь “Эрхүүд” ХХК-тай гэрээний харилцаанд оролцсон. Нэхэмжлэгч Д.Мөнхбаярт холбогдуулан авто зогсоолыг эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантөмөр гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19- ны өдрийн 00273 дугаар шийдвэрээр Д.Мөнхбаяр Д.Гантөмөр нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь хариуцагч Д.Гантөмөрт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол 476.881,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2011 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 67 дугаар байрны зоорийн давхарт 18 м.кв талбай бүхий 105 авто зогсоолыг хариуцагчид 9.000.000 төгрөгөөр худалдаж, уг авто зогсоолыг хариуцагч эзэмшиж байгаа боловч халаалт дулааны төлбөрийн төлөөгүй” гэж тодорхойлж байна.
Хариуцагч нь “... Д.Гантөмөр нь “Эрхүүд” ХХК-иас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 67 дугаар байрны зоорийн давхарт 18 м.кв талбай бүхий 105 авто зогсоолыг 9.000.000 төгрөгөөр худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй” гэж үгүйсгэсэн.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Мөнхбаярт холбогдуулан авто зогсоолыг эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантөмөр гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19- ны өдрийн 00273 дугаар шийдвэрээр Д.Мөнхбаяр Д.Гантөмөр нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь Д.Гантөмөрт 2011 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 67 дугаар байрны зоорийн давхарт 18 м.кв талбай бүхий 105 авто зогсоолыг хариуцагчид 9.000.000 төгрөгөөр худалдаж, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төв”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 67 дугаар байрны зоорийн давхарт 18 м.кв талбай бүхий 105 авто зогсоолын халаалт, дулааны төлбөр болох 476.881,89 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэдгийг шууд нотлохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр 476.881,89 төгрөгийг хариуцагч Д.Гантөмөрөөс гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гөнтөмөрөөс 476.881,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ