Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 499

 

                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

 

           С.От холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.От холбогдох эрүүгийн 1806023200534 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт С.О, 1900 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 72 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000012870/,     

 

             С.О нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуарангийн 00 хэсгийн 000 тоотод өөрийн эхнэр Ж.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Гэтэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

С.О нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1Б хэсгийн 2093Б тоотод өөрийн эхнэр Ж.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт /хх-37-41/ үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллагдагчид хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэх зайлшгүй шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч хүндрүүлэх эрхгүй юм. Мөн яллагдагч С.О, хохирогч Ж.А нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан байхад тэдгээр хэргийн оролцогчийн хүсэлтийг прокурор шийдвэрлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Эдгээр мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч С.О болон хохирогч Ж.А нар нь 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, байнга харгис хэрцгий харьцах, догшин авирлах зэрэг үйлдэл гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Аийн мэдүүлэг болон Цагдаагийн газрын “АСАП” сангийн лавлагаа зэргээр тогтоогдсон.Тухайн үед гэр бүлийн маргааны шинжтэй үйлдлийн улмаас анх удаа эхнэртээ гар хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдаг. Өмнө нь цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийлээ гэсэн талаар нэг ч удаа хандаж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчим байдаг. Яллагдагч Ж.С.Оыг анх удаа эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэж хүндрүүлж  буцаасан нь үндэслэлгүй юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг ойлгож байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэдгийг 2, 3 удаа үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж тусдаа зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Тийм учраас хүндрүүлж зүйлчлэхээр буцаасан нь дээрх хуулийн заалт болон бусад байдалтай нийцэхгүй байна гэж прокурорын зүгээс үзсэн. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэг буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар зүйлчлэхээр буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас хүсэлт, өргөдөл нь мэдэгдэхгүй зүйл гаргуулдаг түүн дээр нь заавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ гэж заасан байхад гомдол, санал ирсэн байх үед заавал  хариу өгөх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хорих ял нь 8 жилээс доош байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд байхгүй гэмт хэрэг дээр хүсэлт авах нь хуулиар зохицуулагдах юм. Ийм учраас хүсэлтэд хариу өгөлгүй хялбаршуулсан журмаар тогтоол гаргаагүй явуулсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг анх удаа зодсон олон гэмт хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Тэдгээр хэргийг 11.6 дугаар зүйл ангиар анхан шатны шүүхээс шийдэж байсан. Адилхан хэрэг үйлдсэн яллагдагч С.Оын хэргийг хүндрүүлж буцааж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

С.О нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Улаанхуарангийн 00 хэсгийн 000 тоотод өөрийн эхнэр Ж.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаар мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих дээр дурдсан байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тухайн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заасан ба энэ хэргийн шүүгдэгч С.О, хохирогч Ж.А нар нь эхнэр, нөхөр болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгчийн үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.  

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.8” гэх заалт хуульчлагдаагүй байх ба прокурорын эсэргүүцлийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллагдагчид ял хүндрүүлэн сонсгох, яллах дүгнэлт үйлдүүлэх гэж буцаасан нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд байхгүй зүйл хэсгээр зүйлчлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ