Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

           Нэхэмжлэгч: Иргэн  Г.А-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын  2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Т.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Г.А-д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Г.А-д би аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 02-нд томилогдсон. Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/41 дугаар захирамжаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэн учир аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс жинхлэн томилогдсон. Томилогдсноос хойш 2017 онд аймгийн Засаг дарга С.Г-тэй байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 86 хувь буюу В үнэлгээтэй, Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Г-тэй байгуулсан үр дүнгийн гэрээний үүргээ 90.5 хувь буюу А үнэлгээтэйгээр тус тус биелүүлж хоёргүй сэтгэлээр өөрийн үүрэгт ажлаа хийсээр ирсэн.   Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг надтай бараг уулзаагүй. Би тухайн үед гадуур явж байсан. Шалгалт ирсэн байна гэсний дагуу би хуралтай байсан учир 3 цагийн дараа очсон. Манай өрөөнд хальт ороод гаргасан. Тэгээд намайг очиход танай өрөөнд шалгалт хийсэн.Санхүүгийн баримт байхгүй учир шалгалт хийхэд учир дутагдалтай байна гэдгийг Г өөрөө хэлж байсан. Тэгээд аудитын дүгнэлтийг үндэслээд хийсэн, мөн танай байгууллагын хүмүүсийн мэдүүлэг зэргээр шалгалт хийсэн талаар Г надад хэлж байсан. Ямар шалгалт хийсэн талаар би өөрөө мэдээгүй. Тайлбар гаргаж өгөх зүйл байна уу? бид нар явлаа гэхэд манай нягтлан зардлыг яаж зарцуулсан талаар гараар бичсэн илтгэх хуудас бичиж өгсөн. Тэр илтгэх хуудсан дээр би гарын үсэг зураад явуулсан. Манай өрөөнд авч тавьсан принтерийг үзээгүй. Аудит акт тавихдаа намайг эмнэлэгт хэвтэж байхад манай өрөөнд ч оролгүй явсан байдаг. Өрөөнд байсан принтер дээр хүртэл акт тавиад, учир дутагдалтай зүйлүүд нилээд болсон. Сонсох ажиллагаа явуулсан гэж байна. Аймгийн Засаг даргын удирдамжийг танилцуулаад үүний дагуу шалгалт хийж байна гэж хэлсэн. Намайг Б дарга ажил дээрээ байж бай гэж хэлсэн. Намайг чөлөөлөхөөр болсоныг би мэдэж байсан. Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга Ч.Б дарга нар надад хүн шахдаг. Би тэр хүнийг авдаггүй байсан. Миний ажлыг авах гэж байгаа юм байна гэж Т.Мөнхнасанд хэлж байсан. Б дарга ирээд хамт олныг суулгаж байгаад захирамж уншиж танилцуулаад дараа нь сонсох ажиллагаан дээр гарын үсэг зуруулсан. Хашааны 18 сая төгрөг гэж байна тэр баримт нь хаана байгаа юм. Хашаа барих 18 сая төгрөг тусдаа орж ирсэн юм уу? 18 сая төгрөгөөр хашаа барина гэж ярьж байсан болохоос тусдаа мөнгө орж ирсэн зүйл байхгүй. Нэг сая төгрөгөөр засвар хийсэн гэж яриад байна. Зөвхөн нэг өрөөний обойны зардал нь 1 сая гарсан. Компьютерийн асуудал байна. Г  ХХК нь манай харилцагч байгууллага энэ талаар дээрээс санал аваад ярьж байгаад бичиг тоот явуулж байсан. А Х-ийн 2 ширхэг компьютерийн талаар ажлаа өгсний дараа мэдсэн. Яагаад тавилга он гарч ирсэн юм бэ гэхээр 12 дугаар сард төсвийн мөнгө татах гээд байсан. Гэтэл манайх хот руу явж тавилга сонгож чадахгүй байсан. Жилийн эцэс болсон учир хот руу яваад тавилга сонгох боломж байхгүй. Говь-Алтай аймагт албан тасалгааны тавилга зардаг газар байхгүй. Заавал хот явж тавилга авах шаардлагатай болсон. Тэгээд П-тай ярилцсаны үндсэн дээр 12 дугаар сарын 20-оос өмнө тавилгын мөнгөө Пүрэвжавын данс руу шилжүүлж П-тай гэрээ хийсэн. Гэтэл П ар гэрийн гачигдлын улмаас хот явж чадалгүй байж байгаад цагаан сарын дараа тавилгаа авч ирсэн байдаг. Би энэ талаар Ц-д аудиторт хэлж байсан. Тэгэхэд нэгэнт танай байгууллага дээр байхгүй зүйлийг үзэхгүй гэж ярьж байсан. Засвар хийсэн гэж байна. Нэг өрөөний обойны үнэ 1 сая төгрөг болсон. Тэгэхэд манайх 5 өрөөнд засвар хийсэн. Хашааны мөнгө гэж манайд орж ирээгүй. Урсгал засвар гэж 24 сая төгрөг орж ирсэн. Үүнээс дээш нь санал өгсний дагуу компьютер техник хэрэгсэл, шатахуун, томилолт, хувцас авах зэрэг зардлууд руу шингээсэн. Манайх үлдсэн мөнгөөр гэрлэн хаяг, дотор өрөөнүүдийн засвар, гадна нойлыг 1 сая гаруй төгрөгөөр шинэчилсэн. Хамт олонтойгоо ярилцсаны үндсэн дээр ойд тодорхой хэмжээний мөнгийг зарцуулсан. Анхан шатны баримтыг нягтлан няраваар ажилладаг хүмүүс бүрдүүлэх ёстой. Байгууллагын дотор засвар буюу 5 өрөөг кордиортой нь бүрэн засварласан. 2.400.000 төгрөгөөр 2 ширхэг компьютер авсан. Энэ нь 1.300.000 төгрөгөөр компьютер, 1.100.000 төгрөгөөр нь бусад техник хэрэгсэл авсан тэр нь манай өрөөнд байдаг. Гэрлэн хаяг, нойлын засвар 1 сая гаруй төгрөг болсон, дээвэр будсан, амралтын өрөөг шаллаж засвар хийсэн. Хувьдаа нэг ч төгрөг ашигласан зүйл байхгүй. Баянхонгорын хоёр томилолтыг гаргасан. Бусад нь огт томилолтгүй явсан. Үүнээс дээрээс авсан саналын дагуу урсгал зардлаас гаргасан. Тухайн үед нь нягтлангаас байнга асууж ярилцаж байж шийдвэр гаргадаг байсан. Томилолтоос гаргаагүй юм бэ? гэхээр намайг ажил авахад манай байгууллага 3, 4 жилийн томилолтын өртэй байсан. Оны эхэнд 3 сая төгрөгийн томилолтын өрийг дарсан байдаг. Томилолт нь сумуудаар шалгалт хийх үндсэн ажилд зарцуулагдах ёстой. Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааны тайланд сандлын бүрээс гэх мэт зүйлүүд урсгал зардлаас гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/13 тоот захирамжийн тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-г баримталсан байна. Тухайн заалтад аймаг нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд захирамж гаргана гэж байгаа. Гэтэл Стандарт хэмжил зүйл хэлтэс нь босоо тогтолцоотой аймгийн Засаг даргын Тамгын газраас нэг ч төгрөг авдаггүй. Өөрийн үйл ажиллагааг зохицуулсан хоёр хууль байдаг. Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т аймаг нийслэлийн хэмжил зүйн газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дарга томилно гэсэн заалт байгаа. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Стандарт техникийн тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26.2-т аймаг нийслэлийн стандарт хэмжил зүйн хэлтсийн байгууллагын даргыг төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж стандарчлал хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дарга томилно гэж заасан. Эдгээр хуулиар аймгийн Засаг даргатай зөвшилцөж дээд шатны байгууллага томилохоор байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ыг үндэслэхдээ аймгийн Засаг дарга нь эрх хэмжээндээ хамааралгүй асуудлаар захирамж гаргасан учир энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.11-т зааснаар эрх мэдлээ хэтрүүлэх албаны бус зорилгоор байгууллагын техник хэрэгслийг ашиглан завших гэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт Г.А-ыг байгууллагын техник хэрэгслийг ашиглан завшсан гэсэн нэг ч нотлох баримт байхгүй. Хуульд заасан ашиглах завших үйлдлийн бүрэлдэхүүнийг тогтоосон нотлох баримт байхгүй. Өөрөөр  хэлбэл ашигласан завшсан гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь заалтыг хэрэглэсэн. Энэ заалт нь 48.1 дэх заалтаас эхтэй гэж үзэж байна. 48.1 дэх заалт нь гэж заасан. Үүний нэгдүгээр заалтад албаны үүргээ биелүүлээгүй гэж заасан байгаа. Г.А-ын 2017, 2018 оны үр дүнгийн гэрээнүүд нь хангалттай дүнгээр дүгнэгдсэн. Иймээс албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг дараах тохиолдолд төрийн албанаас хална гэж заасан. Үүнд хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн. Тэгэхээр Г.А-ыг албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үр дүнгийн гэрээ байхгүй. Хоёрдугаарт гэмт хэрэг үйлдсэн бол гэж байгаа. Хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримт байхгүй.

    Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т шууд удирдах дээд байгууллага нь стандарт хэмжил зүйн газраас удаа дараа албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. Баримт сэлт гаргаж өгөх, ямар шийдвэр гаргах гэж байгаагаа танилцуулах, ямар хүсэлт ирсэн түүнтэй танилцах, мэдээлэл авах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, сонсох ажиллагааг хэзээ ямар хугацаанд явуулах цаг минуттай нь гаргаж өгөх сонсох ажиллагаа явуулах гэдгээ бүгдийн мэдэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны А/90 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн гэсэн байгаа.

Төсвийн тухай хуулийн 6.6.4-т төсвийн захирагч нь жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тухайн жилийн төсөвт өөрчлөлт оруулж зохицуулалт хийж болно гэсэн заалт байгаа. Бүгдийг төлөвлөөд ирсэн. Үүний дагуу гүйлгээнүүд хийгдсэн байгаа. Эд хогшил засварт 24 сая төгрөг байгаа. Үүнээс 18.200.000 төгрөг нь урсгал зардал, 6 сая төгрөг нь тавилга эд хогшил гэж байгаа. Үүнээс дүгнээд үзэхээр 840000 төгрөгийн зөрүү гараад байна. Энэ мөнгийг Г.А-д өөртөө авсан гэсэн зүйл хаана байгаа юм. Машины тухайд Хатантөмөр мөрдөн байцаагч шиг ажилласан. Шаргаас чирж авч ирээд нисэхийн хойд толгойгоор яваад сүүлд Батсуурь хашаандаа тавьсан гэж хэлсэн байсан. Яагаад Батсуурь хашаандаа тавьсан юм бэ? дараагийн дугаарт Г ХХК гэж байна. Г ХХК-ны захирал өөрөө тоотоо өгсөн байсан. Төсвийн зориулалтыг өөрчилж болдог юм байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны баримтыг бүрдүүлэх үүргийг нягтлан бодогч хүлээдэг юм. Уг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс нь үнэхээр гоомой ажилласан байна. Учир нь анхан шатны баримт байгаагүй. Програм дээр анхан шатны баримт байхгүй гэж хэлж байсан. Аудитын газрын дүгнэлтийн дагуу Авилгатай тэмцэх газар бүх баримт очсон байхад яагаад шалгалт хийсэн юм бэ? Ур чадварын нэмэгдлийн талаар гэрч хэлж байна. Гэрч хэлэхдээ 2 дугаар сард миний ур чадварыг хассан гэж байна. Гэтэл Г.А-ын ур чадвар 01 дүгээр сараас нэмэгдсэн. Тэгэхээр үүнийг хэтэрхий нэг талаас ойлгож болохгүй. Автомашиныг Г.А хэзээ, хаана унаад явж байсан талаар гэрчилсэн баримт байхгүй. Амаар ярьж байгаа нь бусад хүмүүсийн мэдүүлэгтэй зөрж байна. Үнэхээр Г.А машиныг унаж явсан бол яагаад Д-ээр дугуй төлүүл гэж цагдаад өгсөн юм. Үүнийг үнэлэлт дүгнэлт өгөөч. Хавтаст хэрэгт байгаа замын хуудас тамга байхгүй. Иймээс эргэлзээтэй зүйлээр хүний хувь заяа шийдэхгүй. Сандал яагаад Б-ийн хашаанд байсан юм бэ? Дараагийн дугаартай томилолтын асуудал нарийн байдаг. Томилолтын мөнгө хүссэн өргөдөл байх ёстой, томилолтын дагуу явж ирээд гаргасан хүсэлт байх ёстой. Гэтэл ганц баримт байхгүй байгаа. Нягтлан бодогч гэрчээр оролцохдоо хэлж байна. Аудитын дүгнэлт гараад нягтлан дарга хоёр дээр акт тавигддаг. Үүнийг ойлгох ёстой байх. Анхан шатны баримтууд гарын үсэг зураагүй зүйлүүд байна. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн үнэлэлт дүгнэлт өгөх байх. Өнөөдөр ажиглаад байхад албан тушаалын давуу эрх байгаа юм болов уу гэж бодож байна. Илтгэх хуудас нь зөрүүтэй асуудлаар энэ хүний хувь заяаг шийдэхгүй байх гэж бодож байна.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу  тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн стандарт хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдаас өргөдөл гомдол ирээд аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалт хийх явцад төрийн аудитын тухайн жилийн стандарт хэмжил зүйн хэлтсийн төсөвт хийсэн аудитын тайлан гарсан байдаг. Энэ тайланг үндэслэн ажлын хэсгийнхэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан байдаг. Хяналт шалгалтын илтгэх хуудсанд тухайн зөрчлүүдийг тодорхой заагаад байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээнд ашигласан гээд тухайн жолоочоос нь тайлбар санал хүсэлтийг аваад илтгэх хуудсанд хавсаргасан талаар баримтууд хавтаст хэрэгт байгаа. Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар хяналт шалгалтын комиссын дүнг үндэслэн стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-ыг ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Энэ сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хэмжээнд сахилгын шийтгэлээс сонгож Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн залгамж халааны үүднээс түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Хэмжилийн нэгдмэл байдлын тухай хуулийн дагуу дээд газартай нь зөвшилцөж түр орлон гүйцэтгэгчийг томилсон байдаг. Нэхэмжлэгч тал тайлбартаа тухайн байгууллага босоо тогтолцоотой байхад хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэдэг зүйлийг хэлж байна.  Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулиар аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрхтэй. Энэ хууль 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан байдаг. Хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд дээд газартай нь зөвшилцөж түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй гэж байна. 2019 оны 90 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг очоод хяналт шалгалт хийхэд Г.А-д нь өөрөө санал хүсэлт тайлбараа гаргасан. Тэгэхээр захиргааны байгууллага нөхцөл байдлыг тодруулах ажлыг хийсэн. Энэ нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Үүнд тодорхой зөрчлүүдийг дурдсан байгаа. Албаны автомашиныг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан гэдгийг зурагтай нь илтгэх хуудсанд оруулж өгсөн. Тэгэхээр үүнийг үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдууллаа гэсэн зүйл биш. Аймгийн засаг дарга өөрийн бүрэн эрхийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан тухайн ажлын хэсэг өргөдөл гомдол, төрийн аудитын тайлан дүгнэлтэд үндэслэж хийсэн хяналт шалгалт юм. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийж сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч талаас хэлж байгаа тайлбартай холбоотой шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсон байх шаардлагатай гэж байна. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тодорхой заасан. Тэгэхээр аймгийн Засаг дарга нь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлын хэсэгт ажиллахад илтгэх хуудсанд зөрчлүүд тогтоогдсон байсан. Тухайн жилийн төсвийн 24 сая төгрөгийн хашаа барих гээд үүнээс 18 сая төгрөг нь хашаа барихаар, 6 сая төгрөг нь эд хогшил, тоног төхөөрөмж авахаар хуваагдсан. Үүнээс тавилга 3.390.000 төгрөг, хаяг хийлгэсэн 3.630.000 төгрөг, засварт 1.150.000 төгрөг, компьютерт 1.100.000 төгрөг, нойлын банз 913.000 төгрөг, засварын өр 200.000 төгрөг гээд мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал болон төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдоод 17.470.000 төгрөгийн баримт байхгүй. Ямар нэгэн бараа материал худалдаж авсан бол тэр талаар баримтаа байгууллагын няравт өгөөд бүртгүүлэх ёстой гэтэл энэ талаар баримт байхгүй байсан. 2 зөөврийн компьютер худалдаж авсан байдаг. Хоёр зөөврийн компьютерийг аж ахуй нэгжээс хандиваар авсан байдаг. Тоолоод үзэхээр Г-тэй ХХК-аас өгсөн зөөврийн компьютер байдаг. Төсвийн хөрөнгөөр худалдаж авсан зөөврийн компьютер нь ямар ч бүртгэлгүй байсан. Өөрийнх нь ширээн дээр байсан зөөврийн компьютерийг нэг нь гэж хэлдэг. Энэ талаар илтгэх хуудсандаа дурдаад явсан. Байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээнд ашигласан гэдэг. Үүнийг бид нарыг шалгалтаар очихыг мэдээд тухайн өдөр автомашиныг авч ирсэн байдаг. Дугуй солигдсон, моторын доод эд ангиас тос маш их гарсан, суудал байхгүй, доторлогоо урагдсан байхад зургаар баримтжуулж авсан. Г.А-д нь хяналт шалгалт хийхдээ энэ хэд орж ирээд гарсан мэт зүйл ярьж байна. Тухайн үед хяналт шалгалтаар илэрсэн болон аудитын шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулж өөрөө тайлбар гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хүнтэй ийм ажлын хэсэг ажиллаж байна, аудитын дүгнэлтэд үндэслээд ажлын хэсэг ажиллаж байгаа талаар хэлэхэд энэ хүн тайлбараа гаргаж өгсөн байдаг. Хандиваар авсан асуудал нь хууль тогтоомж зөрчсөн сахилгын шийтгэл авсан захирамжид энэ талаар дурдаагүй. Ашиг сонирхлын зөрчил гээд урт нэртэй хууль байдаг. Үүгээр Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-д нь өөрийн чиг үүрэгтэй хамааралтай Г-тэй, А Х ХХК-аас хандивын туслалцаа хүссэн албан бичиг явуулж зөөврийн компьютер  авсан. Энэ нь урт нэртэй хуулийн дагуу хандив туслалцаа авахаар бол заавал дээд шатны байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авсан байна. Стандарт хэмжил зүйн хэлтэс нь шатахуун түгээх газруудад хяналт шалгалт, хэмжилт хийдэг чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийдэг байгууллагаас хандив туслалцаа хүсч байгаа нь хууль зөрчиж байна гэж тусгаж өгсөн гэв. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч байдаг. ТЗ-9 цалинждаг. Аймгийн Засаг даргын шийдвэрээр зэрэг дэвийн нэмэгдэл олгох ёстой байтал. Өөр дээрээ удаан жилийн нэмэгдэл 5 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар бодож олгосон. Илтгэх хуудсанд хууль тогтоомж зөрчсөн. Аймгийн засаг дарга зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар олгоё гэсэн шийдвэр гарсны дараа олгох байтал жинхлэн томилогдсон гэдэг байдлаар өөр дээрээ зэрэг дэвийн нэмэгдэл нэмээд олгосон зөрчилтэй. Тухайн жилийн цалингийн санд зэрэг дэвийн нэмэгдэл бодоод олгосон байсан. Тэгэхээр жолооч Х-ийн ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүйгээр хасаад өөр дээрээ  нэмсэн гэсэн. Г.А нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороод 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар жинхлэн томилогдож цалинг ТЗ-9-3 цалинжуулж бусад нэмэгдлийг хууль ёсны дагуу бодож олгохыг стандарт хэмжил зүйн хэлтсийн нягтлан бодогчид үүрэг болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Гуравдагч этгээд Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг стандарчлалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж заасны дагуу, Төрийн Аудитын газрын 2019 оны 01/56 дугаар Төлбөр барагдуулах тухай акт, Төрийн албаны тухай хуулийг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар албан тушаалаас нь халах шийдвэр гаргаж оронд нь миний биеийг томилох саналыг Стандарт, хэмжил зүйн газрын даргатай зөвшилцөж томилсон.  2018 оны аудитын дүгнэлтээр манайх сөрөг дүгнэлт авсан. Ингэснээр системийн хэмжээнд сөрөг үнэлгээтэй болсон гэдэг албан бичгийг манайд өгч байсан. Г.А-ын яриад байгаа зүйл нь ажлаас чөлөөлөхийг мэдэж байсан. Тэр талаар Т.М-д хэлж байсан гэж байна. Тийм зүйл огт байхгүй. Над руу Г.А-д дарга ярьсан. Би Б- даргатай ярьсан. Би ажлаа өгөхөөр болчлоо наагуур чинь хүмүүс байна уу? гэсэн хоорондын харилцан яриа болсон байгаа. 2016 оноос хойш хөөцөлдсөөр байгаад 24.6 сая төгрөгийг 2018 оны төсөв дээр суулгасан. Тэгэхдээ 18 сая төгрөгийг урсгал зардал, 6 сая төгрөгийг нь тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дээр тавигдсан байдаг. Урсгал засвар дээр тавигдсан 18 сая төгрөгийг сар бүр 2 сая гаруй төгрөгөөр зарцуулах эрхийг тухайн агентлагт нь өгсөн. 2018 оны тухайд манайх их засвар орсон, гадна талын цемент авсан мөн Ч гэдэг залуугаар засвар хийлгэсэн гэж байна. Ч гэдэг залуугаар засвар хийлгэсэн. Энэ хүн кордиорын хана замаасагдаж будах ажил хийсэн. Өрөөнүүдэд засвар хийгдэхэд ажилтнууд өөрсдөө засвараа хийсэн. Энэ материалуудыг нэгдсэн журмаар авч ирж хангалт хийгээд өрөө өрөөндөө хэрэглэх зүйлийг өөрсдөө очиж авч хийсэн. Баталгаажуулалтын өрөөнд гэхэд 470000 төгрөгийн засвар хийсэн. Өрөөнд засвар хийсэн нь 1.400.000 гаруй төгрөг болж байгаа. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх танхимд засвар хийсэн гэж байна. Энэ нь хазгай байсан шалыг тэгшилж цутгаад хананд нь эмульс түрхсэн. Тухайн 18 сая төгрөгөөс манай дээр хэрэгжсэн байгаа ажил нь дээрх ажлууд байгаа. Мөн гадна хаяг хийгдэж ирсэн байгаа. Өртөг хэдэн төгрөг гэдэг нь баримт байхгүй. Нэг ширхэг зөөврийн компьютер байгаа. Тавилга эд хогшил дээр оны өмнө мөнгийг шилжүүлсэн. Аудитын шалгалт манай дээр 02 дугаар сард орсон. Хөрөнгөнд бүртгэлтэй байдаг тавилга эд хогшил байхгүй байсан. Нойлд 900.000 төгрөгийн засвар хийгдсэн. Урсгал засвараас шатахуун, хувцас хэрэглэл, томилолтод зарцуулсан гэж байна. Төсвийн тухай хуулийн дагуу зохицуулах зүйл байдаггүй. 800.000 гаруй төгрөгийн хувцас хийгдсэн байх. 700.000 төгрөгийг түргэн эдлэгдэх зардлын данснаас гаргаж байсан.

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Г.А-ыг ажлаас халах тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн захирамжлах хэсэг дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ыг баримталсан. Үүнийг Засаг дарга эрх хэмжээний заалтыг хууль зөрчөөд үндэслэлгүй гаргасан гэж байна. Үүн дээр тайлбар хэлэхэд Засаг даргын захирамж гаргах  гэсэн заалт байгаа. Г.А-ыг ажлаас халах захирамж гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17.3 дахь хэсэгт  аймаг нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Стандарчлал зүйн төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ заалтад өөрчлөлт орсон хууль нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орсон. Ажлаас чөлөөлсөн захирамж гарсаны дараа энэ хуульд өөрчлөлт орсон байна. Иймээс тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг баримталсан нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.11 дэх заалтыг баримталсан байгаа. 39 дүгээр зүйл нь төрийн жинэхэнэ албан хаагчийн үйл ажиллагаандаа хориглох зүйл байгаа. 39.1.2 дахь заалт нь албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.11 дэх заалт нь албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэдэг зүйлүүдийг тухайн үеийн стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-д нь зөрчсөн гэдэг нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/56 тоот акт болон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 дугаар албан шаардлагаар энэ нь тодорхой харагдаж байгаа. Энэ хоёр албан шаардлага нь хүчинтэй. Иймээс стандарт хэмжил зүйн газраас энэ актыг биелүүл гэж удаа дараа мэдэгдэл өгч байсан. Үүнээс нэг акт нь биелэгдсэн бусад нь биелэгдээгүй явж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь заалт нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалт байгаа. 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 37, 39 дүгээр заалтыг зөрчсөн тул 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах сахилгын арга хэмжээ авсан. Төрийн албаны тухай хуулийн 48.2-д энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй байгаа. Иймээс 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2-ыг хэрэглэх байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т зааснаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэмжилийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17.3-т тодорхой заагаад өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбараас харахад намайг Засаг даргатай зөвшилцөөгүй ажлаас халсан нь үндэслэлгүй, дээд газар ажлаас халсанг мэдээгүй гэж яриад байна. Тэгэхээр ажлаас чөлөөлөх, ажлаас халах гэдэг нь өөр өөр ойлголт. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хэмжилийн нэгдмэл байдлын тухай хуулийн 17.3 дугаар зүйлд Стандарт төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлнө гэсэн үг байгаа. Зөвшилцөж байж хална гэсэн үг өгүүлбэр байхгүй. Баянхонгор аймагт томилолтоор явсан 2 ажилтны томилолтын зардал болох 174000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Энэ талаар гэрч нар шүүх хуралдаанд хэлэх байх. 2018 оны төсөвт суугдсан аудитын баталгаажуулалтын төлбөр болох 178200 төгрөгийг авсан гэдэг нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бичгээс тодорхой харагдаж байгаа байх. Шатахууны анхан шатны баримтгүй байгаа 1040300 төгрөгийн зөрүү гарсан. Эдгээр зөрчлүүд байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.11 дэх заалтуудад заасан зөрчил байна гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулаад ажлаас чөлөөлсөн байгаа. Сонсох ажиллагаа хийгдсэн тэмдэглэлүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа. Тухайн үед танилцаад гарын үсэг зурсан баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангаад ирсэн байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн аудитын газрын албан шаардлага болон актын талаар Г.А-ын зүгээс гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзсан. Хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор гомдол гаргаад явах эрх хэмжээ нь байсан боловч гомдол гаргаагүй байгаа. энэ хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, өөрийн гаргаж өгсөн өргөдлөөс харагдаж байна. Энэ акт албан шаардлагууд хүчин төгөлдөр болсон байгаа тул байгууллага актаар тавигдсан хохирлыг төлүүлэх үүрэгтэй эрх хэмжээний хүрээнд 2, 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ур чадварын нэмэгдлийн тухайд Г.А 2 сар ур чадварын нэмэгдэл авсан байгаа. Буруутай гэдгээ мэдээд 3 сараас авахаа больсон боловч тухайн мөнгөнөөс 890.000 төгрөг өгөөд бусдыг нь өгөөгүй байгаа талаар гэрч хэлж байгаа. Албаны машиныг хэн албаны грашаас гаргасан, хэн жолоочоос түлхүүр авсан юм бэ? гэхээр Г.А авсан байдаг. 03 сар байгууллагын хашаанд болон албаны грашанд байгаагүй талаар гэрч нар нотолж байгаа. А зөвшөөрөл өгсөн болоод хүмүүс унаж байгаад эд анги солигдоод ирсэн байгаа. Үүнийг гэрчилж байгаа гэрч нар байгаа. Албаны машин байхгүй байсан талаар төлбөр барагдуулах актан дээр тодорхой дурдсан байгаа. Дугуйг цагдаад хүлээлгэж өгөөгүй. Цагдаа дугуйг хүлээлгэж өгөөгүй. Аудитын актаар томилолтын мөнгө Г.А даргын  данс руу орсон байна гэдгийг мэдээд асууж байсан. Энэ мөнгөө авъя гэж хэлж байсан гэдэг. Тухайн томилолтын мөнгө хичнээн байгууллагаас тэр хүмүүсийн унаа хоолны мөнгийг өгсөн байсан ч томилолтын мөнгө энэ хоёр хүний дансанд орох ёстой байсан. Хамгийн гол нь энэ хоёр хүний томилолтын мөнгө Г.А-ын данс руу орсон нь зөрчил болж харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаандаа хориглох зүйл гэдгийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.11-д заасан үндэслэлээр энэ хүнд сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа хориглох зүйл зөрчигдсөн байгаа гэдэг нь акт болон албан шаардлага, илтгэх хуудас зэргээр хавтаст хэргийн материалд тодорхой авагдаж ирсэн байгаа тул Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гараагүй гэж үзэж байна. Албан шаардлага, аудитын дүгнэлт, илтгэх хуудсыг харахад эдгээр нь зөрүүгүй байгаа. Үүн дээр аймгийн Засаг даргын тамгын газраас томилоод өгсөн шалгалтын хүмүүс заавал байгууллагын хүмүүсийн нүдэн дээр ил баримт бичгийг шалгаад байх шаардлага байхгүй. Энэ хүмүүс албан шалгалтаа нууцаар явуулах эрх нь байгаа. Г.А-ын буруутай үйл ажиллагаанаас аудитын акт тавигдсантай зөрөхгүй байгаа. Үүн дээр худал зүйл бичсэн зүйл байхгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөөгүй хэдий ч Г.А-ын хяналт шалгалтын хэсэгт гаргаж өгч байсан тайлбар байгаа. Энэ тайлбар дээр 27 сая төгрөг орж ирэх байснаас 10 гаруй сая төгрөгийг барилгын урсгал засвар гэж хэлээд ойд зарцуулаад байсан талаар хэлсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс албаны эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан нь тодорхой байгаа учир сахилгын шийтгэл авсан нь үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              Гэрч Т.Ц шүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  2019 оны 02 дугаар сарын 25-нд аймгийн аудитын газраас төлбөр барагдуулах акт тавигдсан. Үүн дээр нийт 15 сая төгрөгийн Г.А-той холбоотой акт тавигдсан. Цалингийн урьдчилгаа 890.000 төгрөг, зориулалт бусаар зарцуулсан тээвэр шатахуун 1,040.300 төгрөг, олгогдоогүй албан томилолт 174.000 төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 178.200 төгрөг, тооллогоор дутагдсан хөрөнгө, буруутай этгээдийн өмнөөс төлсөн мөнгө 1,111.800 төгрөг, нийт 15 сая төгрөгийн төлбөрийн акт байгаа. Үүнээс 890.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа төлсөн, тавилга эд хогшил 3.390.000, нэг ширхэг компьютер 1.300.000 төгрөг, нийт 5.6 сая төгрөг барагдуулсан. Одоо 9.4 сая төгрөгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй байгаа. 24 сая төгрөг гэдэг нь урсгал засвар, тавилга, эд хогшил, сэлбэг хэрэгсэл, багаж техник хэрэгсэл гэсэн зардлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 24.8 сая төгрөгийг зарцуулсан. Үүн дээр бусад зардал 2.4 сая төгрөг, нийт 27 сая төгрөг болж байгаа. Задаргааг нь анхан шатны баримтаар хийгдээд шат шатны байгууллагаар тогтоогдоод акт тавигдаад явсан байсан. Анхан шатны баримт зарим нь байхгүй байсан баримт дээр зохих шатны байгууллага акт тавигдаад явсан байсан. Тээвэр, шатахууны зардал тусдаа байгаа. Хөдөлмөр хамгааллын зардал нь урсгал зардал буюу 24 сая төгрөгт орж байгаа гэв.

           Гэрч Н.Х нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Г.А дарга өрөөндөө дуудаад машины түлхүүр өгөөдөх гэсэн. Өгөхгүй гэхэд бараг сахилгын арга хэмжээ авна гэсээр байгаад түлхүүр авсан. Машин хүлээлцэж аваагүй.  01 дүгээр сарын 20-ны өдөр би өглөө эртхэн босоод гадуур явж байхад машин хүнээр бариулсан явж байсан. Тэрнээс хойш машин харагдаагүй. Машин яасан юм бэ? гэхээр засварын газар байгаа гэж хэлдэг. Эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тэгж байгаад 03 дугаар сарын 03-ны өдөр хүн хашаанд тавьчихаад явсан байсан. Маргааш нь ажлын хэсэг ирж хүлээлцээд машиныг авсан. Тухайн үед эвдрэл гэмтэл нилээд байсан.

          Гэрч Ч.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй:  2018 оны 06 дугаар сард Баянхонгор аймагт сургалтад хамрагдсан 3 хоногийн томилолтын мөнгө болох 87000 төгрөгийг одоо болтол аваагүй байгаа. Энэ мөнгийг Г.А дарга дансаараа авсан гэж аудитын дүгнэлтээр гарсан. 2018 онд Баянхонгорын томилолт авъя гэж хэлж байсан. Тэгэхэд томилолтын төсөв хүрэхгүй байна гэж хэлсэн. Даргыг ажлаас халагдсаны дараа утсаар ярихад чамд мөнгө тэгж их хэрэг болоод байгаа юм уу, өгнө гэж хэлсэн.

         Гэрч Ц.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: : Баянхонгор аймаг руу зөвлөгөөн болоод 3 хоног томилолтоор явсан. Томилолтын мөнгө 87000 төгрөг авах байсан. Аваагүй байгаа. Аудитын дүгнэлтээр энэ мөнгийг Г.А даргаас авах ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, аймгийн Засаг даргын 2019 оны А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус тус үндэслэн Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-ыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан байна.

         Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах нь хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл бөгөөд дээрх шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ил тод, хууль зүйн үндэслэлтэй, тухайн зөрчилд тохирсон байх шаардлагатай.

         Аймгийн Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаар захирамжаар албан хаагч, ажилчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын хэсгийн даргаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Г, ажлын хэсэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б ажилласан байна.

          Ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2 хоног ажиллаж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудсыг аймгийн Засаг даргад танилцуулсан байна.

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн илтгэх хуудсанд “...өргөдөлд тусгагдсан дараах асуудлыг шалгасан болно. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А 12.7 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг шамшигдуулсан эсэх, байгууллагын 2018 оны төсөвт тусгагдсан шинээр хашаа барих 24.3 сая төгрөгийн зарцуулалт, байгууллагын УАЗ фургон маркийн 08-68ГАА улсын дугаартай автомашин хадгалалт хамгаалалт, “Г” ХХК, “Алтай хүдэр” ХХК-иудаас 2 ширхэг компьютер хандив хэлбэрээр өгсөн эсэх, компьютерийн худалдан авалт, Г.А-ын зэрэг дэвийн нэмэгдэл, Х.Х-ийн ур чадварын нэмэгдэл, Баянхонгор аймаг руу албан томилолтоор явсан 4 ажилтны томилолтын зардал олгосон эсэх асуудлаар шалгалт хийгдсэн байна.

          1.Илтгэх хуудсын 4-т шалгалтаар илэрсэн зөрчил, зөрчигдсөн хууль, тогтоомж хэсэгт “Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А 12.7 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг шамшигдуулсан эсэх ...байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тооллогоор дутагдсан 11603.7 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, бараа материал, буруу шийдвэр гаргасны улмаас төсвөөс төлсөн 1111.8 мянган төгрөг, нийт 12715.5 мянган төгрөгийг дарга Г.А, нягтлан бодогч Т.Ц нараар төлүүлэхээр акт тогтоожээ. Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын хийгээгүй байсан тул санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор эд хөрөнгийг тоолоход 14 нэр төрлийн 5813.7 мянган төгрөгийн бараа материал, 7 төрлийн 5790.0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө дутагдсан байна ...жолооч Н.Х нь 2017 онд үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халагдсны улмаас шүүхэд хандан шүүхийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин 1111.8 мянган төгрөгийг 2018 онд байгууллагын цалингийн зардлаас олгожээ” гэжээ. 

Ажлын хэсгийн илтгэх хуудсанд ингэж бичигдсэн байх хэдий ч ажлын хэсэг өөрөө шалгаж тогтоосон зүйл хавтаст хэргийн материалд авагдаагүй харин Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/56 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар  “...14 нэр төрлийн 5813.7 мянган төгрөгийн бараа материал, 7 төрлийн 5790.0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө дутагдсан, ... жолооч Н.Х-т шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны тэтгэмж 1.11 сая төгрөгийг цалингийн сангаас олгож төсөв хохироосон” гэсэн зөрчил илэрч, тогтоох хэсгийн 3-т  “Тооллогоор дутагдсан хөрөнгө 11,603.7 мянган төгрөг, буруутай этгээдийн өмнөөс төсвөөс төлсөн 1,111.8 мянган төгрөгийн цалин нийт 12,715.5 мянган төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор аймгийн татварын бус орлогын 100050000982 тоот дансанд төвлөрүүлэхээр акт тогтоосон байна.

2. Байгууллагын 2018 оны төсөвт тусгагдсан шинээр хашаа барих 24.3 сая төгрөгийн зарцуулалт хэсэгт илтгэх хуудсанд “...2018 оны төсөвт эд хогшил, урсгал засварын зардалд 24480.0 мянган төгрөг батлагдсан байна. Уг зардлыг нягтлан бодогчоос тодруулахад 18200.0 мянган төгрөг нь гадна хашаа солих, 6000.0 мянган төгрөг нь тавилга эд хогшил авахаар төлөвлөсөн гэж тайлбарлалаа. Гэтэл дээрх зардлаас 18484.6 мянган төгрөгийг урсгал засварын зардалд, 2400.0 мянган төгрөгийг техник хэрэгсэл худалдан авахад, 2900.0 мянган төгрөгийг тавилга худалдан авахад зарцуулснаар тайлагнасан байна. Эдгээр зардлын зарцуулалтыг нягтлан бодох бүртгэлтэй тулгахад тавилга худалдан авсан дүн 840.0 мянган төгрөгөөр зөрүүтэй байна ...Гадна хашаа солихоор төлөвлөсөн 18200.0 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П. “... Тухайн жилийн төсвийн 24 сая төгрөгийн хашаа барих гээд үүнээс 18 сая төгрөг нь хашаа барихаар, 6 сая төгрөг нь эд хогшил, тоног төхөөрөмж авахаар хуваагдсан. Үүнээс тавилга 3.390.000 төгрөг, хаяг хийлгэсэн 3.630.000 төгрөг, засварт 1.150.000 төгрөг, компьютерт 1.100.000 төгрөг, нойлын банз 913.000 төгрөг, засварын өр 200.000 төгрөг гээд мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал болон төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдоод 17.470.000 төгрөгийн баримт байхгүй ... хяналт шалгалт хийхэд чиглэл чиглэлээр явсан. Г дарга хэлэхдээ анхан шатны баримт материалтай байх ёстой. Ямар ч байсан баримтыг илтгэх хуудсанд хавсаргасан. Бид нар шалгалтаар яваад илтгэх хуудсаа хүний нөөцөд өгсөн...” гэсэн тайлбар, гуравдагч этгээд Т.М “...24.6 сая төгрөгийг 2018 оны төсөв дээр суулгасан... урсгал засвар дээр тавигдсан 18 сая төгрөгийг сар бүр 2 сая гаруй төгрөгөөр зарцуулах эрхийг тухайн агентлагт нь өгсөн ... тэр үед аудит дээр анхан шатны материал байсан. Ганзориг дарга ярихдаа аудитаас нотлох баримтуудаа татаад үзнэ гэж байсан. ...стандартын урт тамгыг хэлтсийн дарга өөрөө барьдаг. Манай байгууллагаас хэвлэгдэн гарч байгаа стандартыг баталж өгдөг тамга байгаа заавал албан ёсны тамга тэмдэгтэй өг гэдэг шаардлагын дагуу дарж өгсөн байгаа ...04 дүгээр сард ерөнхий газраас иж бүрэн шалгалт ирсэн. Тэгэхэд манайх хүсэлтээ тавиад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгагч А-гээс авсан. Одоо манай дээр байгаа ...” гэсэн тайлбар, гэрч Т.Ц шүүх хуралдаанд: “...Намайг 2019 оны 02 дугаар сарын 27-нд ороход аудит дээр бүх анхан шатны баримтыг, тухайн оны санхүүгийн жилтэй холбоотой баримтуудыг аудитын газарт хүлээлгэж өгсөн байсан. Хүлээлгэж өгсөн баримтад үндэслэж аудит дүгнэлт гаргасан. Тухайн баримтуудыг аудитын газар 03 дугаар сард Авлигатай тэмцэх газар руу шилжүүлээд 05 дугаар  сард Авлигатай тэмцэх газар манай руу өгсөн ....тэрийг бүртгэж байгаа санхүүгийн  программ байсан. Санхүүгийн программ дээрээс тулгаж үзсэн...”, нэхэмжлэгч Г.А“...сар бүр 2 сая төгрөг ордог. Тухайн хоёр сая төгрөгөөр засвараа хийгээд яваад байсан. 5 сараас эхлэн завсар хийсэн...”гэсэн тайлбар гаргасан.

Шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, гэрч болон хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн тухайн ажлын хэсэг нь дээрх шалгалтыг явуулахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулган шалгалт хийгээгүй өөрөөр хэлбэл тухайн шалгалт хийх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 06-07 өдрүүдэд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн баримт Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт байсан байхад санхүүгийн зөрчил тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Санхүүгийн зөрчлийг шалган тогтоохдоо санхүүгийн программд бүртгэгдсэн гүйлгээг анхан шатны баримттай тулган шалгалт хийлгүйгээр 18,200.000 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзсэн байгаа нь учир дутагдалтай байна.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад шалгалт хийсэн санхүүгийн нотлох баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй, хавтаст хэргийн материалд авагдсан санхүүгийн баримтыг /төлбөрийн хүсэлт, зарлагын баримт/ шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гуравдагч этгээд тайлбарын хамт Авлигатай тэмцэх газраас Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн баримтыг ирүүлсэний дараа  хуулбарлан ирүүлсэн, ажлын хэсэг ямар санхүүгийн баримтанд шалгалт хийсэн нь тодорхой бус байх тул хэргийн материалд авагдсан санхүүгийн баримтыг үнэлэх боломжгүй байна. Мөн илтгэх хуудсанд “...байгууллагын 2018 оны санхүүгийн анхан шатны баримт, даргын тушаалуудыг Авлигатай тэмцэх газар шалгахаар гадагш гаргахгүй байх чиглэл өгч Төрийн аудитын газарт байлгаж байгаа учраас тус баримт, материалыг шалгах боломжгүй байв” гэж тэмдэглэгдсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-т зааснаар “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж зааснаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн анхан шатны баримтанд тулган шалгалт хийж, зөрчлийг тогтоогүйгээр нэхэмжлэгч Г.А-ыг 18,200.000 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан завшсан гэж үзэж хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

3. “Байгууллагын УАЗ фургон маркийн 08-68 ГАА улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын сарын 03-ны өдрүүдэд албан хэрэгцээнд ашигласан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ.

Гэрч жолооч Н.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би өглөө эртхэн босоод гадуур явж байхад машин хүнээр бариулсан явж байсан. Тэрээс хойш машин харагдаагүй. Машин яасан бэ гэхээр засварын газар байгаа гэж хэлдэг. Эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тэгж байгаад 03 дугаар сарын 03-ны өдөр хүн хашаанд тавьчахаад явсан байсан. Маргааш нь ажлын хэсэг хүлээлцээд машиныг авсан” гэсэн, нэхэмжлэгч Г.А “..01 дүгээр сарын 20-нд би авсан ...Б Шарга руу унаж яваад ирэхдээ чирүүлж ирсэн байдаг ... Шарга сумаас эвдэрсэн машин авч ирсэн байсныг Д-ээр засуулаад доор авч ирж тавьсан...” гэсэн тайлбар, хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн машин хүлээлцсэн актад “..машиныг 2019.01.20-2019.03.03-ны хооронд эдэлгээнд орсонд үнэлэлт дүгнэлт гаргах нь гээд запас нөөцийн дугуй байхгүй, 5 ш суудал байхгүй, баруун талын банкны таг байхгүй, доторлогоо урагдсан, агаар шүүгчийн хоолой салсан, мотороос тос масло гойжсон, урд 2 дугуйг сольж олгой хамиргүй дугуй тавьсан гэсэн тэмдэглэл үйлдэж Т.Ц, Ц.А, Б.Ц, Л.Н, Т.М, Н.Х нар гарын үсэг зурсан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд албаны УАЗ фургон маркийн 08-68 ГАА улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд албан хэрэгцээнд ашиглаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны жолооч Н.Х-өөс автомашины Г.Ар авч явсан байдал нь тогтоогдож байна.

           4. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Монгол Улсад Стандартын байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зөөврийн компьютерийн дэмжлэг үзүүлэхийг хүсье гэсэн агуулга бүхий албан бичгийг “Г” ХХК,  “А” ХХК-д явуулсан. “Г ХХК-наас зөөврийн компьютерийн дэмжлэг үзүүлсэн. Харин Г.А-ыг ажлаас халагдсан байх хугацаанд А Х ХХК-наас зөөврийн компьютерийн дэмжлэг үзүүлсэн талаар нэхэмжлэгч Г.А “...Г ХХК-аас компьютер ирсэн. Намайг ажлаа өгсөний дараа Ар ХХК-наас 2 ширхэг компьютер ирсэн”,  гуравдагч этгээд Т.М“...Г ХХК-аас ирсэн байсан. А ХХК-аас Н гээд төлөөлөгч нь хүлээлгэж өгсөн” гэсэн тайлбарыг гаргасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж зааснаар хамаарал бүхий хуулийн этгээдээс албан тушаалтан дэмжлэг хүссэн байгаа нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байгааг тогтоосон байгаа хэдий ч тухайн компьютерийг Г.А-д албаны бус зорилгод байгууллагын техник хэрэгслийг хувьдаа ашигласан, завшсан байдал нь тогтоогдохгүй байна.

          5. Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...зэрэг дэвийн нэмэгдэлийг 1 сар, 2 сард аваад буруу гэдгээ мэдээд зогсоосон, би буруу мөнгө авсан гэдгээ зөвшөөрөөд буцааж тушаасан”  гэсэн байгаа нь тухайн зөрчлийг зассан буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

   6. Баянхонгор аймаг руу албан томилолтоор явсан 4 ажилтны томилолтын зардал олгосон эсэх асуудлаар: Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гэрч Ч.Ө “...2018 оны 06 дугаар сард Баянхонгор аймагт сургалтад хамрагдсан 3 хоногийн томилолтын мөнгө болох 87000 төгрөгийг одоо болтол аваагүй байгаа. Энэ мөнгийг Г.А-д дарга дансаараа авсан гэж аудитын дүгнэлтээр гарсан. 2018 онд Баянхонгорын томилолт авъя гэж хэлж байсан. Тэгэхэд томилолтын төсөв хүрэхгүй байна гэж хэлсэн. Даргыг ажлаас халагдсаны дараа утсаар ярихад чамд мөнгө тэгж их хэрэг болоод байгаа юм уу, өгнө гэж хэлсэн”, гэрч Ц.Н“...Баянхонгор аймаг руу зөвлөгөөн болоод 3 хоног томилолтоор явсан. Томилолтын мөнгө 87000 төгрөг авах байсан. Аваагүй байгаа. Аудитын дүгнэлтээр энэ мөнгийг Г.А-д даргаас авах ёстой ... .жолооч хэмжүүрийн шалгагч Н нар аваагүй. 6 хүн явсан. Үүнээс Ч.Ө бид хоёрын мөнгө даргын данс руу ороод, Н.Х, Н хоёрын томилолт өгөгдөөгүй. Цэцэгээ эгч томилолтын мөнгө авсан гэв...” нэхэмжлэгч Г.А-д шүүх хуралдаанд “...манай нягтлан хүнээс зээгээд дансаар шилжүүлээд буудлыг даасан. Тэгээд буцаад ирэхэд бид нараас мөнгөө нэхсэн. Тэгээд хоёр томилолт гаргавал өр дарагдах гээд байна гээд энэ хоёрын томилолтын мөнгийг аваад миний данс руу хийсэн байсан би мэдээгүй...” гэсэн тайлбар, ажлын хэсгийн шалгалтаар Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Г.А-д нь Баянхонгор аймаг руу албан томилолтоор явсан 2 ажилтны томилолтын мөнгийг өөрийн дансаар авсан байгаа нь тогтоогдож байна.

   Шүүх дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж Г.А-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил тус бүр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, хуулийн 39.1.11 “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчсөн байдал нь хангалттай  нотлогдохгүй байна гэж үзлээ.

  Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.А-ыг урьд эрхэлж байсан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Шүүх захирамжийг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн Г.А-ын 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 121 хоногийн олговор 4,590.861 мянган төгрөгийг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А-ыг урьд эрхэлж байсан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 121 хоногийн олговор 4590861 /дөрвөн сая таван зуун ерэн мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ