Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1037

 

С.Зоригтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Зоригтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Зоригт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн  төлөөлөгч Я.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Зоригт нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. С.Зоригт уг байрыг захиалагаар бариулах гэрээ байгуулан, худалдан авснаас хойш 2009 оноос хойш одоог хүртэл уг байранд амьдарч байна. С.Зоригт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ямар нэгэн төлбөр тооцоо болон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, тогтоол байхгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Зоригтын өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, худалдах гэж байгааг шуудангаар ирсэн албан бичгээр мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх бичиг баримтгүйгээр явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд надад ямар гүйцэтгэх хуудас, шийдвэр байхгүй байхад миний эд хөрөнгөнд ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Иймд миний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 804 тоот дээр шийдвэр гүйцэтгэлийн явуулж байгааг нэн даруй зогсоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Ж.Ичинхорлоогоос 65 115 000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ж.Ичинхорлоогийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн 8 дугаар байрны 804 тоотод байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2204029737 дугаарт бүртгэгдсэн 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15/007 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг төлж барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 310 500 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч дээрх үнийн саналыг зөвшөөрсөн тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 310 500 000 төгрөгийн 70 хувиар буюу 217 350 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр оруулах болохыг мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/33148 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ж.Ичинхорлоо нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.Энхжаргалд барьцаалсан тухай барьцаа, зээлийн гэрээг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 8/1151 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Удвал нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг техникийн алдаатай бичин, 69.2 м.кв талбайтай орон сууцыг 62.9 м.кв гэж бичсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд байсан талбайн хэмжээгээр албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь Өнөөдөр сонины 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн сонины зараас харж болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31243 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41042 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг буцаасан.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 310 500 000 төгрөгийн 70 хувиар тооцон, 217 350 000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон тул энэ тухай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3/31108 дугаар мэдэгдлийг гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул 310 500 000 төгрөгийн 50 хувиар тооцон 155 250 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7523 дугаар захирамж нь дэнчин авч, төлбөр төлөгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулсаны дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10.11 минутанд тус албанд ирсэн болно. Орон сууцны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг дээрх шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4473 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.Зоригт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарахгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Зоригтын гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 584 дүгээр захирамжийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

С.Зоригт нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах ажиллагаа хийж байгааг шуудангаар ирсэн албан бичгээр мэдсэн. С.Зоригт нь дээрх орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдан авснаас хойш 2009 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ямар нэгэн өр төлбөргүй болно. Гэтэл хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч миний эрх ашгийг харгалзан үзээгүй, хуулийн дагуу шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэгт ач холбогдол өгөх С.Зоригт нь тус маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэдгийг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах зохицуулалттай байх тул шүүхэд хүсэлтээ гаргахад хүлээж аваагүй.

Үндсэн хуулиар олгогдсон өмч хөрөнгө шудрагаар олж авах, өмчлөх, эзэмших эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад зөрчигдсөн эрхийг маань хамгаалах ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч С.Зоригт нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан надтай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулж миний орон сууц өмчлөх эрхийг зөрчсөн гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Ж.Ичинхорлоо нь Д.Энхжаргалд 65 100 000 төгрөгийг 2015 оны 3 сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоож, хоёр удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгүүдээр тогтоогдож байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1261 дугаартай тогтоолуудаар төлбөр төлөгч Ж.Ичинхорлоогийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 39-46 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ж.Ичинхорлоо болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

/хэргийн 38 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж ямар нэгэн гүйцэтгэх хуудас, шийдвэргүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа” гэх тайлбар нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч С.Зоригт нь тухайн орон сууцны өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч нь Ж.Ичинхорлоо байх ба нэхэмжлэгч С.Зоригт уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болох нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажаагүй байна.

 

Гэтэл уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгохоор нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлт гаргасныг шүүх 2 удаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд харин энэ талаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргаагүй нь буруу байх боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохгүй.

Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгч С.Зоригтын өмчлөлийн орон сууцанд гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                              С.ЭНХТӨР