Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 500

 

                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Л.Бд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Мижиддорж,

Яллагдагч Л.Бгийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 376 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлээр Л.Бд холбогдох эрүүгийн 201626031321 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овогт Л.Б, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000915/,

 

            Л.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 50 тоотод оршин суух хохирогч М.Ооос 10 удаагийн давтамжтайгаар 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 11-ний хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 12.950.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Л.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Л.Бд холбогдох 201626031321 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Л.Бгийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу мөн зүйлийн 6.13 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, 6.15 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болсон ба шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлтийг нарийвчлан тогтоох шаардлага тавьсан. Үүнд тухайн мөнгийг “П” компанийн хэрэглээний программд зарцуулсан эсэх, тухайн программ бүтээгүй тохиолдолд барьцаалсан мөнгийг Энхмаагийн нэр дээр эзэмших гэрээтэй Саппород байрлах объектыг шилжүүлэх талаар ярилцсан эсэхийг нэмж тодруулах шаардлагатай байна гэж үзээд хэргийг буцаасан боловч прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхэд тус ажиллагаанууд огт хийгдээгүй байна. Хохирогч М.О Л.Бд мөнгө зээлүүлэхдээ цаад санаа зорилго нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро-д байрлах эзэмших эрхийн гэрээтэй үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр авах, зээлүүлсэн мөнгөний оронд уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах байсан. Тухайн компанид нягтлан бодогчоор Энхцэцэг гэдэг хүн ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан ба санхүүгийн баримтуудыг тухай бүрт нь гаргаж байсан байдаг. Уг санхүүгийн тайлангуудыг холбогдох газруудаас нь гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд хохирогчийг төлөөлж оролцож байгаа Д.А нь хохирогчийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох үүрэг даалгавар өгсөн ба прокурор тус үүргийг мөн биелүүлээгүй. Хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд зөвхөн М.Оын Д.Аад өгсөн итгэмжлэл авагдсан ба уг итгэмжлэлд зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдэлж оролцоно гэсэн байдаг. Гэтэл энэ хэрэгт Д.А нь хохирогчоор тогтоогдоод оролцож явж байгаа нь хууль ёсны биш байна. Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэв.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1020 дугаар шүүгчийн захирамжийг бүрэн гүйцэд биелүүлээгүй талаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан хүсэлт үндэслэлтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлийг хуульд нийцүүлэх болон Б.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн 201625011109 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, эцэслэн шийдвэрлэгдсэн бол шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай байх тул яллагдагч Л.Бд холбогдох эрүүгийн 201626031321 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж байна...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Шүүгчийн захирамжид гэмт хэрэг гарах болсон талаарх шалтгаан нөхцөл, санаа сэдэл болон ялтан Л.Бгийн залилсан 12.950.000 төгрөг, “П” компанийн хэрэглээний программд зарцуулсан эсэх. Тухайн программ бүтээгүй тохиолдолд Энхмаагийн нэр дээр “Саппоро”-д байдаг объектын гэрчилгээг шилжүүлэх талаар ярилцсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох баримт болон гэрч О, М, Ц болон хохирогч М.О нарын мэдүүлгээр тогтоогдсон. Яллагдагчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжийн заалт нь бүрэн биелээгүй гэсэн заалтыг эсэргүүцэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлийг хуульд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан байна. Хохирогч М.О нь Солонгос улс руу явахдаа Д.Аад итгэмжлэл хийж өгсөн байдаг. Иймээс Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийг нь төлөөлөн оролцож байгаа оролцогч нь энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр оролцож байна. Б.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь яллагдагч Л.Бгийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй учраас заалтыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгах саналтай байна” гэв.

 

Яллагдагч Л.Бгийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Л.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийн өмнө хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой гэж үзсэн. Шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, санаа сэдлийг нарийвчлан тогтоо гэж хэргийг буцаасан. Үүнд хоёр нөхцөл байдлыг тодорхой заасан. Энэ нөхцөл байдлыг заавал тогтоох ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл хохирогч М.Ооос авсан мөнгийг шүүгдэгч Л.Бгийн хувьд “П” хэрэглээний программыг үүсгэн байгуулахтайгаар холбоотой хохирол төлбөрийг зарцуулсан байдаг. Хохирогч М.Оын хувьд яллагдагч Л.Бд хөрөнгө оруулалт хийх нэрээр мөнгө зээлүүлж байгаа гол санаа зорилго нь Л.Бгийн эхнэрийн нэр дээр байдаг Саппород байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр авах санаа зорилготой байсан. Энэ талаараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ шалтгаан нөхцлөөр эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр гаргуулж авах гэж явж байгаад Н.М, Б.Д нарт мөнгөө залилуулсан байдаг. Нэр бүхий хүмүүсийн залилангийн асуудал шийдэгдсэн эсэхийг тодруулах нь миний үйлчлүүлэгчийн гэмт хэргийн  шинж мөн эсэх тал дээр ач холбогдолтой гэж үзэж байна. Итгэмжлэл хууль ёсны дагуу хохирогчид өгөгдсөн нь эргэлзээтэй.  Яагаад гэвэл итгэмжлэлээр зөвхөн иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг олгосон. Гэтэл энэ хэрэгт Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Итгэмжлэлийг заавал зөвтгөх шаардлагатай гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Анхан шатны шүүхээс яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг “...тухайн мөнгийг “П” компанийн хэрэглээний программд зарцуулсан эсэх, тухайн программ бүтээгүй тохиолдолд барьцаалсан мөнгийг н.Энхмаагийн нэр дээр эзэмших гэрээтэй Саппород байрлах объектыг шилжүүлэх талаар ярилцсан эсэхийг нэмж тодруулах шаардлагатай... уг санхүүгийн тайлангуудыг холбогдох газруудаас нь гаргуулах шаардлагатай...

...Д.А нь хохирогчийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох үүрэг даалгавар өгсөн ба прокурор тус үүргийг мөн биелүүлээгүй. Хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд зөвхөн М.Оын Д.Ад өгсөн итгэмжлэл авагдсан ба уг итгэмжлэлд зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдэлж оролцоно гэсэн байдаг. Гэтэл энэ хэрэгт Д.А нь хохирогчоор тогтоогдоод байгаа нь хууль ёсны биш...

...Б.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн 201625011109 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, эцэслэн шийдвэрлэгдсэн бол шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан байна.

 

Яллагдагч Л.Б нь хохирогч М.Ооос залилан авсан гэх 12.950.000 төгрөгийг “П” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, цаашлаад тэд дээрх мөнгийг төлөгдөөгүй тохиолдолд Л.Бгийн эхнэр н.Эийн эзэмшилд байдаг Саппоро-д байрлах объектыг шилжүүлэхээр тохиролцсон эсэх нь энэ залилах гэмт хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч М.О нь Солонгос улс руу зорчихоос өмнө иргэн Д.А гэгчид иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг итгэмжлэн өгсөн байх ба энэхүү итгэмжлэл хэвээр байх нь хэрэг шийдвэрлэгдэхэд саад болохгүй юм.

 

Мөн хэрэгт хавсаргагдсан Б.Д, Н.М нарт холбогдох эрүүгийн 20162501109 дугаартай хэргийн яллах дүгнэлт /хх-32-35-2хх/-ээс үзэхэд “Л.Бгийн эхнэрийн эзэмшилд байдаг гэх объектыг М.Оын нэр дээр шилжүүлж, гэрчилгээ гаргаж өгнө” гэж 3.200.000 төгрөгийг авч залилсан үйлдэлд яллагдсан байх ба уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь Л.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Л.Бд холбогдох хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 376 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцлийг ханган Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ