Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Т.Х-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 32 дугаар тогтоолын шийдвэрийг хангуулж, Шарга сумын 12 жилийн сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах, гуравдагч этгээд М.З-ын бие даасан шаардлага болох Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлэх ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй болохыг тогтоож түүнийг томилохгүй байгаа нь хуулийн үндэслэлтэй болохыг тогтоолгох  шаардлага бүхий нэхэмжлэлд, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 04 дүгээр сарын 27-нд төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Шарга сумын 12 жилийн сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгалтад ороод тэнцсэн буюу нэгээр гарч ирсэн. Өдийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй явж байна. Эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга байсан Гансэлэмтэй нэг биш нэлээд хэдэн удаа уулзсан. Эхний удаад маргааш, дараа долоо хоногт, 1 дэх өдөр гэх мэтчилэн хойшлуулаад яваад байсан. 12 дугаар сард уулзахад ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль гэж байгуулагдана. Энэ сургуульд менежерээр оруулъя би залуу боловсон хүчинг сум руу явуулж өгрүүлмээргүй байна. Ингэхдээ бага ангийн менежерээр оруулна гэж хэлсэн. Анкетаа бөглөж ирээд Г дарга дээр өг гэхээр нь Г даргад өгсөн. Сургууль ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхлэхээр би очиж уулзсан. Тэгэхэд сургуулийг бий болгоход хэцүү байна. Нэгдүгээр сургуулиас бага ангийн багш авч байгаа. Бага ангийн багш нар нь менежертэйгээ явна гэж байна. Иймээс 1 дүгээр сургуулийн бага ангийн менежерийг авахаас өөр боломжгүй болсон. Тэгэхээр менежер худлаа, дундын менежер байгаа гэж хэлсэн. Дундын менежер авч байх сургаар очиж уулзахад би чамайг менежерээр оруулах боломжгүй болчихлоо, чи багшаар орох уу гэж хэлэхээр нь би багшаар ажилладаг. Багшаас багш руу орохгүй, та  менежерээр томилуулж өг гэж хэлсэн. Гэтэл маргааш уулзъя гэсэн гэх мэтчилэн явсаар байгаад өдийг хүрсэн. Одоо өөрөө ажлаа өгсөн байна. Биечлэн уулзахаас гадна би бичгээр томилуулах хүсэлт өгсөн. Аймгийн Засаг даргаас албан бичгээр хариу ирээгүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирсэн байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 32 дугаар тогтоолын шийдвэрийг хангуулж, Шарга сумын 12 жилийн сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргуулж өгнө үү гэж хүссэн байгаа. Өмнө Засаг дарга байсан Г-с гэрчийн мэдүүлэг ирсэн байсан. Би гэрчийн мэдүүлэгтэй танилцсан. Миний дэлгүүр гэж бичсэн байсан. Надад ямар нэгэн дэлгүүр байдаггүй. Би төрийн албан хаагч хүн. Тэр дэлгүүрээс сургууль хүнсээ авдаг. Гэхдээ тэр дэлгүүр нь манай хадмын дэлгүүр. 2000 оноос албан ёсоор тендерт шалгараад шалгарсан дэлгүүрээс хүнсээ авдаг. Г дарга намайг менежерээр авъя гэж хэлсэн. Тэгээд надад итгэл төрүүлээд хүлээлт үүсгээд байсан. Менежерүүд авсаны дараа томилохгүй байхаар нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 30.1.15-д зааснаар гэж байна. Шарга сумын сургуулийн захирлын албан тушаал нь Боловсролын газраас сул орон тоо гэж сонгон шалгаруулалт зарлаад үүн дээр Т.Х ороод нэгээр гарч  ирж тэнцсэн байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд 2018 оны 32 дугаар тогтоолоор Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн байгаа. Т.Х-ыг ямар үндэслэлээр томилохоос татгалзсан талаар тухайн үеийн Засаг дарга нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй тодорхой хэлсэн байгаа. Энэ бүгдээс харахад Т.Х нь сонгон шалгаруулалтаар нэгээр гарч ирсэн. Тухайн сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргах бол төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлж байж захиргааны хэргийн шүүхэд ханддаг. Ингээд төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаад 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуг аваад шүүхэд хандсан. Иймээс ямар нэгэн хууль зөрчөөгүй. Засаг дарга нь ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг байдлаар сумын Засаг даргаас материал ирүүлсэн учраас томилоогүй талаар мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад Т.Х нь ямар нэртэй дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг нь хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Т.Х өөрөө энэ тал дээр тодорхой тайлбар өгөх байх. Засаг дарга томилохгүй байгаа үндэслэлээ гэрчийн мэдүүлэгтэй тодорхой өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагыг төлөөлж оролцож байгаа хүн нь тайлбартаа томилсон шүүхийн шийдвэр гарвал манайхаас татгалзах зүйл байхгүй. Тухайн үед ажиллаж байсан засаг дарга яагаад томилохгүй байсан талаар мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгч байна. Мөн тухайн үеийн Засаг дарга нь яагаад томилохгүй байгаа талаар мэдүүлэг өгсөн учир Т.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хуулийн хугацаа хэтэрсэн гэж байна. Үүн дээр хуулийн хугацаа хэтрээгүй 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс хариу аваад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хууль ёсны байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэдэг үүднээс шүүхэд хандсан байгаа. Боловсрол соёлын газрын дарга томилох ёстой биш. Тийм журам байдаг хэдий ч хуулиас дээгүүр гарсан журам гэж үзэхгүй байна. Иймээс аймгийн Засаг дарга томилох ёстой гэж үзэж байна. Мэргэжлээрээ ажилласан гэдэг дээр аймгийн засаг дарга томилохгүй байгаа талаар шалтгаанаа бичсэн байгаа.  Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу тооцогдоод явж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн ажилд орсон, шилжсэн талаар бичигдсэн хугацааг баримтална гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт гэсэн журмын дагуу мэргэжлээрээ ажилласан жил нь гүйцэж байна гэж сонгон шалгаруулалтад бүртгэж аваад шалгалтад оруулсан. Энэ талаар комиссын дүгнэлт, шийдвэрүүд хэргийн материалд байгаа. Гэтэл Засаг дарга томилоогүй байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болдог. Төрийн байгууллага албан тушаалтанг зөвхөн хуульд заасан бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох буюу татгалзах үндэслэл болдог. Тэгэхээр тухайн үеийн Засаг дарга нь хуульд заасан үндэслэлээр Т.Х-ыг Шарга сумын сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзаж байсан уу? гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харахад хуульд заасан татгалзах үндэслэл биш байна. Энэ хүний дэлгүүрээс үдийн цайны материал авдаг, сургуулийн хамт олон энэ хүнтэй хамтран ажиллах боломжгүй байна гэдэг үндэслэлүүдээр Т.Х-ыг Шарга сумын сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзаад яваад байсан. Хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрийн албаны салбар зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс хариу аваад 30 хоногийн дотор шүүхэд хандсан. Иймээс Т.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай талаас томилохоос татгалзсан зүйл байхгүй. Энэ талаар шинэ Засаг даргатай ярилцсан байгаа. Холбогдох материалуудыг судалж үзээд хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Маргаантай зүйл нь гуравдагч этгээд М.З нь төрийн албаны шалгалтад ороод тэнцээгүй. Гэтэл одоог хүртэл  захирлын ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нь төрийн албан зөвлөлийн тухайн үеийн тогтоолыг зөрчсөн. Тухайн үеийн Засаг дарга яагаад томилоогүй талаар мэдэхгүй байна. Материалыг судалж үзэхэд хуулийн дагуу явагдсан. Шалгалтын үеэр Т.Х-ын ажилласан жил хүрээгүй гэдэг өргөдөл гаргаж байсан. Тэрийг судлаад үзэхэд тухайн үеийн сонгон шалгаруулалт зарлаж байсан комисс хуралдаад ажилласан жилийг тооцож үзээд ажилласан жилийн шаардлага хангасан байна гээд шалгалт зохион байгуулагдаад дууссан байгаа. Нэхэмжлэгч Т.Х нь томилоогүйгээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар шүүхэд хандах хугацаа хэтэрсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаан дээр анхаарч шийдвэр гаргах байх. Манай талаас ямар нэгэн асуудал байхгүй гэв.

 

       Гуравдагч этгээд М.З шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Т.Х-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа М.З миний бие нь дараах бие даасан шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Х нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд буюу Шарга сумын Ерөнхий боловсролын  сургуулийн захирлын орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт хууль бус явагдаж байгаа. Сонгон шалгаруулалтын дунд нөлөөлөх ажлын дадлага туршлагыг ажилласан жилтэй хамаатуулан ойлгож тухайн хүнийг шалгаруулалтад оруулж үнэлэлт дүгнэлт өгөхдөө үндэслэлгүй дүгнэлт өгч байгаа нь хууль бус юм. Тиймээс Т.Х-ыг Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлэх ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй болохыг тогтоож түүнийг томилохгүй байгаа нь хуулийн үндэслэлтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргасан. Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйлд Боловсрол соёлын газрын санал болгосноор Засаг дарга сургуулийн болоод цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилдог байгаа. Тэгэхээр төрийн албаны салбар зөвлөл Засаг даргад санал гаргаж байгаа нь дүрэм журмаа зөрчсөн ажиллагаа байгаа. Тэгэхээр Засаг даргад Т.Х гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн талаар нэг ч санал ирээгүй учир Засаг дарга санал ирээгүй байхад энэ хүнийг томилох нь хууль болоод журмаа зөрчсөн үйлдэл байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.1-д удирдах албан тушаалд томилох ажилтныг нэр дэвшүүлэх талаар салбар зөвлөл болон аймаг нийслэлийн боловсролын газар дараах үүргийг хэрэгжүүлж ажиллана гэсэн үүрэгтэй. Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйлд Боловсрол соёлын газрын санал болгосноор Засаг дарга томилдог. Өнөөдөр хавтаст хэрэгт Боловсрол соёлын газраас Засаг даргад Т.Х-ыг нэр дэвшүүлж байна гэсэн нэг ч санал ирээгүй. Иймээс нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаагүй байхад Засаг даргыг томил гэдэг шүүх дүрэм журмыг зөрчөөд Засаг даргад даалгасан шийдвэр гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар Боловсрол соёлын газраас нэг ч санал Засаг даргад ирээгүй байгаа. Т.Х нь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Үүнд төрийн албаны салбар зөвлөл Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дугаар зүйлд зааснаар Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх асуудлыг боловсрол соёл урлагийн газар шийдвэрлэхээр заасан байна. Иймд та томилох эрх бүхий албан тушаалтанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хууль ёсны байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм гэдэг хариулт өгсөн. Энэ хариунаас харахад төрийн албаны салбар зөвлөл энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм. Санал болгох эрх нь боловсрол соёлын газарт,  томилох эрх нь Засаг даргад байна. Салбар зөвлөл томилуулахаар санал явуулаад байгаа нь хууль бус. Төрийн албаны салбар зөвлөл нь Боловсрол соёлын газарт нэрс хүргүүлсэн болохоос санал хүргүүлээгүй. Төрийн албаны салбар зөвлөл Т.Х-ыг томилох эрх бүхий байгууллага биш. 8.1.2-т томилох эрх бүхий этгээд салбар зөвлөл буюу аймаг нийслэлийн боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон шийдвэр гаргана. Тэгэхээр Боловсрол соёлын газраас санал нь ирээгүй. Иймээс Боловсролын тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн томилох, чөлөөлөх асуудлыг боловсрол соёлын газрын шийдвэрээр гэж заасан. Тэгэхээр энэ саналыг үндэслэж томилох эсэх нь шийдвэрлэгдэнэ.  Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн ямар нэгэн бичгийг үндэслэн Засаг дарга томилохгүй байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байхад Засаг дарга томилох асуудал биш. Тэгэхээр Боловсрол соёлын газраас санал нь очоогүй байхад Засаг дарга томилохгүй байгаа нь хуулийн зүйн үндэслэлтэй гэж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс нэр дэвшүүлэх ажиллагаа явагдахгүй байгаа учир аймгийн Засаг дарга томилохгүй байгаа нь үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн бие даасан шаардлагаа дэмжиж оролцож байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

        Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар сургууль, Бигэр, Дэлгэр, Төгрөг, Цээл, Шарга, Эрдэнэ сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт нийтэд зарлагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын тухай илтгэх хуудсанд тэмдэглэгдсэнээр Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар сонгон шалгаруулах комиссыг байгуулж,  2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.  

         2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтаар Шарга сумын сургуулийн захирлын албан тушаалд нэхэмжлэгч Т.Х, М.З нар өрсөлдөж 67 оноогоор Т.Х тэнцсэн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтаны сонгон шалгаруулалтын явцын тэмдэглэл, сонгон шалгаруулалтын илтгэх хуудас, шалгалтын нэгдсэн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

        Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна”, 4.1-т “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс (цаашид “комисс” гэх)-ыг Салбар зөвлөлийн болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын шийдвэрээр дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд төрийн бусад байгууллага,  тухайн салбарын талаар мэдлэг туршлагатай албан тушаалтныг оролцуулна”,журмын 7.3-т “Сонгон шалгаруулалтын дүнг нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Салбар зөвлөл ажлын 3 хоногт, орон нутаг дахь Салбар зөвлөл ажлын 7 хоногт багтаан хуралдаанаар хэлэлцэж, тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргана. Боловсролын газар нэр дэвшүүлэх асуудлаа зохих журмын дагуу шийдвэрлэнэ”, журмын 8.1-т “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нэр дэвшүүлэх талаар Салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газар  дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.3-т “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх”  гэж заасан байна.

        Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Шарга сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээд аймгийн Засаг даргад хүргүүлэхээр заасан байна. Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас ирүүлсэн Шарга сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох шийдвэр гаргахаар байна. Гэтэл аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас Шарга сумын сургуулийн захирлаар томилуулахаар Т.Х-ын нэрийг дэвшүүлсэн, сонгон шалгаруулалтын дүнг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдал нь тогтоогдохгүй байна. Тодруулбал: Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам болон Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь хэсэгт заасныг дагуу сонгон шалгаруулалтын дүнг аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас аймгийн Засаг даргад хүргүүлээгүй байхад шүүхээс Шарга сумын сургуулийн захирлаар Т.Х-ыг томилохыг аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргах боломжгүй бөгөөд Төрийн албаны Салбар зөвлөлд сургуулийн захирлыг томилуулах, нэр дэвшүүлэх эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

       Говь-Алтай аймгийн Шарга сумын сургуулийн захирлын албан тушаалд томилуулах, нэр дэвшүүлэх ажиллагаа нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй байх тул гуравдагч этгээд М.З-ын бие даасан шаардлага хангагдсан гэж үзлээ. М.З-ын бие даасан шаардлага хангагдсан байгаа нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах үндэслэл болохгүй.

         Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд “...Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион явууллаа. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн дүнг хавсралтаар хүргүүллээ” гэсэн байгаа нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 7.4-т зааснаар “...Боловсролын газар дүн, мэдээгээ Салбар зөвлөлд тухай бүр мэдээлнэ” гэж зааснаар  сонгон шалгаруулалтын дүн, мэдээгээ Салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-ын Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 32 дугаар тогтоолын шийдвэрийг хангуулж, Шарга сумын 12 жилийн сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.З-ын бие даасан шаардлага болох Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлэх ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Х, гуравдагч этгээд М.З нараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ