Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1310

 

МАГАДЛАЛ

 

2017.06.05                                                Дугаар 1310                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

С.Бямбажавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00775 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Бямбажав,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Б.Болорчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Гэзэгийн худаг” ХХК-д нөхөр ажиллаж байх үед тус компанийн захирал З.Насанжаргалын гуйлтаар өөрсдийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа барьцаалж зээл авч өгөөч гэсэн тул 16 давхар барилгын суурийн ажилд нь зориулж "Ориент инвест" ББСБ ХХК-иас 25 000 000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд С.Бямбажав нөхөр Х.Эрдэнэбаатарт итгэмжлэл хийж өгсөн байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу 37 602 575 төгрөгийг гаргуулж "Ориент Инвест" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Бямбажав өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр буюу 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өгсөн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрийн хаалган дээр маань Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын   19-ний өдрийн 9/261 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол", 3/26225 тоот "Мэдэгдэл" зэргийг үлдээсэн байна. Зах зээлд байхгүй хямд үнэ болох 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчилгээний төлбөрөөсөө танан байж 5 342 000 төгрөгийг төлөөд байгаа болно. Надад мэдэгдэлгүйгээр хэт доогуур 119 538 697 төгрөгөөр үнэлж, анхны дуудлага худалдааг мөн надад мэдэгдэлгүйгээр шууд 70 хувиар үнэлэн явуулсан, одоо 119 538 697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар буюу 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг өмчлөлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах 59 769 348 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулж "Ориент Инвест" ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144/03 тоот тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага "Бэсгэ" ХХК-иар үнэлгээ 119 538 697 төгрөгөөр тогтоосон ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/31373 дугаар албан мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 83 677 087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/32656 дугаар албадан мэдэгдэл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 59 769 348 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 дугаар албан мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмлжэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал явагдаж тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж Х.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд "нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг хийлгэж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан нь Х.Эрдэнэбаатараас төлбөрийг гаргуулах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай     байгууллага нь төлбөрөө авч чадахгүй эрх ашиг хөндөгдөж хохирсоор байна. Тийм учраас нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга     хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд баталгаат шуудангаар илгээсэн гэх боловч түүнийгээ нотолсон баримтыг гаргаагүй, хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн 2 дахь албадан дуудлага худалдааны баримтыг үнэлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 1-68 тоот 2 өрөө орон сууцыг хэт доогуур буюу 119 538 697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, анхны дуудлага худалдааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны 59 769 348 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Бямбажав нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6216 тоот захирамжаар нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага болох 37 258 333 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэбаатар төлөх, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцыг худалдсан үнээс үүргийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталжээ.

Шүүгчийн дээрх захирамжийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.

Төлбөр төлөгч буюу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч С.Бямбажав нь орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж санал гаргасныг төлбөр авагч эс зөвшөөрснөөр хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон ба шинжээч “Бэсгэ” ХХК нь орон сууцыг 119 538 697 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шинжээчийн гаргасан үнэлгээний талаар төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч нь дээрх үнэлгээний 70 хувиар тооцон, 83 677 087 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг 119 538 697 төгрөгийн 50 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг нийцсэн, энэ талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй  байна. Анхны албадан дуудлага худалдааны үнэлгээний талаарх гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг шийдвэрт буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөх боломжтой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...117.1...” гэснийг “...177.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ