Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0112

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0112

Улаанбаатар хот

 

 

 

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нар

 

Нэхэмжлэгч: “П” ХХК,

    Хариуцагч: ТХААГ,

    Гуравдагч этгээд: “П-А” ХХК

    Нэхэмжлэлийн шаардлага: “XIII.1.3.22 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /багц-3/ болон ТХААГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/*** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0918 дугаар шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхсоёл, А.Оюунжаргал, Ч.Уянга, Г.Сарангоо,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Ганбат,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0449/З

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П” ХХК-аас ТХААГт холбогдуулан XIII.1.3.22 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /багц-3/ болон ТХААГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/*** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 918 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан XIII.1.3.22 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /багц-3/ болон ТХААГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/*** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ннар давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүхийн шийдвэрт “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн ...” гэж заасан байна. Дээрх техникийн тодорхойлолтын хүснэгт нь Хөгжмийн тоног төхөөрөмж нэршилтэй, уг хүснэгтэд худалдан “хөгжмийн хичээлийн ухаалаг самбар” гэж нэрлэсэн байх ба үүнээс үзэхэд, бодит байдалд авах тоног төхөөрөмжийн нэрийг уг тендер шалгаруулалт нь хөгжмийн тоног төхөөрөмж худалдаж авах зорилготой байна. Иймд маргаан бүхий захиргааны актууд болох ТХААГ-ын 2022 оны А-1/*** тоот албан бичиг болон Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны 2 дугаар зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.” гэжээ. Шалгуур үзүүлэлтийн талаар ХIII.1.3.22 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг /багц-3/-ийн “хөгжмийн тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтын хүснэгт”-д 80' /80 инч/-ийн ухаалаг самбар нь компьютерын бүхий л программ дээр ажиллана, онлайн сургалтад ашиглахад тохиромжтой” гэсэн байна. Уг шаардлагыг нэхэмжлэгч тал ойлгохдоо “ухаалаг дэлгэцийг хөгжмийн сургалтаас гадна компьютерын бүхий л программ дээр ажиллуулж мөн түүнчлэн онлайн сургалт болон хуралдаанд уг дэлгэцийг ашиглах” гэж байгаа юм байна хэмээн ойлгосон тул шаардлагын дагуух дэлгэцийг санал болгосон. Тэгэхээр захиалагчаас тавьсан шаардлагыг явцууруулж ойлгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь үндэслэлгүй юм.

3.2. Шүүхийн шийдвэрт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, тендерт оролцогч нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө хөгжмийн хичээлийн ухаалаг самбар нь тодорхой ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх талаарх тодруулга, нэмэлт мэдээллийг захиалагчаас авах боломжтой байсан байх ба нэхэмжлэгч нь энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.” гэжээ. Тендерийн баримт бичигтэй холбоотой “ойлгомжгүй” нөхцөл байдал үүссэн гэж үзвэл тодруулга эсхүл нэмэлт мэдээлэл авах талаар хүсэлтийг оролцогч нь гаргахаар байна. Гэтэл тухайн тохиолдолд ойлгомжгүй эсхүл хоёрдмол утгаар ойлгох ямар ч өгүүлбэр болон шаардлага тендерийн баримт бичигт байгаагүй тул энэ талаар тодруулга болон нэмэлт мэдээлэл авах нөхцөл бүрдээгүй. Иймд эрхээ эдлээгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.3. Хариуцагчаас ирүүлсэн хариу бичигт нэхэмжлэгчийн нийлүүлэх дэлгэц захиалагчаас тавьсан шаардлагыг хангаж байгаа гэсэн тул гуравдагч этгээдийн санал болгосон дэлгэц нь шаардлагыг хангахгүй болно. Энэ талаар Сангийн яамнаас ирүүлсэн хариу бичигт “техникийн шаардлага хангаж байгаа эсэхийг нь дахин үнэлэх ёстой” гэсэн ч хариуцагч тал Сангийн яамны уг даалгаврыг биелүүлээгүй.

3.4. Нэхэмжлэгч нь нийтлэг байдлаар бүх төрлийн сургалт, хуралдаанд ашиг боломжтой интерактив самбар /education interactive Whiteboard/-ыг санал болгосон, харин гуравдагч этгээд нь зөвхөн хөгжмийн хичээлд зориулан ашиглагдах Longyu LWJ901-88 загварын хөгжмийн хичээлийн самбарыг нийлүүлсэн. Ер нь бол шаардлагад огт нийцэхгүй буюу ямар ч тодруулга байхгүй байхад шаардлагад байхгүй үзүүлэлттэй дэлгэц нийлүүлэх санал гаргаад, улмаар сонгон шалгаруулалтад ялах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй ба нэхэмжлэгч талын санал болгосон дэлгэцийг нийлүүлсэн бол тухайн сургуулийн нийт багш, сурагчдад хэрэгтэй зүйл болох байсан. Харин шаардлага огт хангахгүй дэлгэц нь зөвхөн хичээл орж буй ангийн сурагчдад л хэрэглэгдэнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч “П” ХХК нь “ТХААГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласан БШУЯ/202212125 тоот “Сургуулийн өмнөх Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж” /З/ тендерийн Багц:3 “Хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах”-ийн шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Төрийн худалдах авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/*** тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж болон ТХААГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А-1/*** тоот “Мэдэгдэл” тус тус хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэж өөрчилжээ.
  3. ТХААГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласан XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж/З/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох “Багц-3: Хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах”-ыг нийлүүлэх тендерт шалгаруулалтад “П-А” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “ЕК” ХХК, “П” ХХК-ууд тендерийн материал ирүүлснээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг явуулсан байх ба шаардлагад нийцсэн тендерээр “П-А” ХХК, “Х” ХХК, “П” ХХК нарын ирүүлсэн тендер нь шалгарсан байна.
  4. Харин үнэлгээ хийх шатанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу тендерт оролцогчоос “П-А” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байна.
  5. Дээрх шалгаруулалтай холбогдуулан тендерт оролцогч “П” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 6-1/1027 дугаар албан бичгээр сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэж, улмаар Сангийн яам 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” 6-1/1296 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
  6. Ийнхүү мэдэгдсэнээс хойш үнэлгээний хороо 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин явуулж, 5 компанийн ирүүлсэн тендерүүдийг XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, Багц-3: Хөгжмийн тоног төхөөрөмж худалдаж авах, 1.Хөгжмийн хичээлийн ухаалаг самбарын үзүүлэлт “80 ухаалаг самбар нь компьютерын бүхий л программ дээр ажиллана, online сургалтад ашиглахад тохиромжтой” гэж Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагаас гадна захиалагчаас өмнө нь үнэлгээний хороонд ирүүлсэн “Хөгжмийн ухаалаг самбар нь төгөлдөр хуур хөгжмийн 88 даралттай, өөртөө суурилуулсан зөөвөрлөхөд хялбар чанга яригч бүхий эвхдэг хөлөн дээр байрлах ба мөн хананд тогтоох зориулалттай байна” гэсэн тодруулгаар харьцуулан дахин үнэлгээг хийхэд “П-А” ХХК, “Х” ХХК-аас ирүүлсэн тендерийг техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн гэж үзэж үнэлгээнд хамруулсан байх ба харин “П” ХХК-ийн санал болгосон Интерактив самбар /education interactive Whiteboard/-ыг тендерийг захиалагчаас ирүүлсэн тодруулгад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал/ нотлогдож байна.
  7. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалттай нийцсэн, тендер шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  8. Дээрх байдлаас үзвэл, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхэд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан “П-А” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгон хүргүүлсэн үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02 дугаар зөвлөмж болон “П” ХХК-д “захиалагчаас ирүүлсэн тодруулгын дагуу техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй” гэж үзэж тендерээс татгалзсан тухай шийдвэрээ мэдэгдсэн үнэлгээний хорооны буюу ТХААГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А-1/*** тоот мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь заалттай нийцжээ.
  9. Мөн нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /З/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт заасан тендерийн баримт бичигтэй холбоотой тайлбар, тодруулга, нэмэлт мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
  10. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин тухайн маргаантай харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөн, хууль хэрэглээний асуудлаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0918 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...22.3, гэсний дараа “27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

 

                          ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

                          ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА