Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой Б.Сад холбогдох эрүүгийн 2007 00420 0039 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 29 настай, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ..................................................... тоотод бүртгэлтэй боловч, ..................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй,

******* овогт Б.С /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Б.С 2020 оны 10 сарын 27-ны орой ..................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Отай "хардалтын улмаас" маргалдан улмаар дэгээ төмрөөр биеийн хэсгүүдэд нь цохиж, биед нь зүүн чамархайн хуйх, хамрын нуруу, дээд урууланд шарх, тархи доргилт, нүүр зүүн мөр, нуруу, зүүн шуу, сарвуу баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Архи уугаад анх удаа ийм хэрэг үйлдсэн. Урьд ийм хэрэг хийж байгаагүй. Эхнэртэй гар хүрч байгаагүй...” гэв.

 

            Хохирогч Л.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед байх аа цагийг үед нөхөр бид 2 эмчийн үзлэгт хамрагдахаар амбултор дээр ирж нэг эрэгтэй эмчид үзүүлсэн юм. Тэр үед л манай нөхөр Б.С намайг тэр эрэгтэй эмчтэй хардсан юм байна лээ. Ингээд орой 17 цагийн үед ******* тоот гэртээ нөхөр бид 2 ирсэн. Ингээд удалгүй Б.С гэртээ хүргэн М.Бийн хамтаар 2 шил архи 0.75 литрийн "Хараа" архи хувааж уусан. Архиа ууж дуусчхаад М.Б гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Үүний дараа гэрт Б.С бид 2 л үлдсэн байсан. 21 цагийн үед хамт орондоо хэвтэцгээх гэж байснаа гэнэт намайг өдөр үзүүлсэн эрэгтэй эмчтэй хардаж, зодожчи тэр эмчтэй уулздаг биз дээ, унтдаг биз дээ, унтсан гэж хэлээч" гээд над руу согтуурхаж дайран гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн газар унагаж гэрт байсан галын дэгээ төмрөөр дээрээс хэд хэдэн удаа цохиж хамаг биеийг маань хөх эрээн болгож толгой руу хүртэл дэгээ төмрөөрөө цохиж зодсон. Тухайн үед манай хажуу гэрт амьдардаг Ц.Н гэх охин цагдаа дуудсан..." /хх-16-17/ гэх мэдүүлэг,

            Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22-аас 23 цагийн орчим гэртээ дүү нартайгаа унтах гээд байж байхад манай хажууд байдаг нагац ах Б.С гэртээ согтуу эхнэрээ зодоод байгаа бололтой гэрээс нь Л.О эгчийн “болиоч ээ, авраарай” гэх зэргээр орилох чимээ гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед би өөрөө ч айсандаа болоод Б.Сын гэр рүү нь ороогүй учир Л.О эгчийг яаж зодож байгааг нь мөн тухайн үед ямар нөхцөл байдалтай байсныг нь хараагүй юм. Ямар ч байсан цагдаа нар ирсний дараа Б.С ах согтуудаа Л.О эгчийг галын дэгээ төмрөөр зодсон гэж мэдсэн. ...Л.О эгч зодуулсан тухайгаа бид нарт хэлж байгаагүй. ...Б.С ах архи уучихаараа Л.О эгчтэй хэрэлдэж маргалдаад байх шиг байдаг." /хх-21/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирээд ... манай бага дүү Б.С нь эхнэр Л.Ог хардсаны улмаас зодож галын дэгээ төмрөөр бас цохисон гэсэн. Ингээд бэр Л.О эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан гэсэн. Тэр үед Л.О 3 бил үү 4 сартай жирэмсэн байсан... Б.С эхнэртэйгээ энэ хашаанд манайхтай хамт амьдрах болоод 2 жил болж байгаа. ...Манай дүү Б.С архи уучихаараа л эхнэртэйгээ хэрэлдээд байх шиг байдаг. ...Манай бэр Л.О надад танай дүү зодчихлоо энэ тэр гэж бол хэлж байгаагүй болохоор үнэхээр мэдэхгүй байна." /хх-22/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны манай бага дүү Б.С өөрийн эхнэр Л.Ог согтуудаа хардсаны улмаас зодож галын дэгээ төмрөөр бас цохисон гэсэн. Манай бэр хэд хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Тэр үед Л.О 3 бил үү 4 сартай жирэмсэн байсан болохоор хэвлийд нь байсан хүүхдэд их санаа зовж байсан ч азаар хүүхдэд нь ямар нэгэн зүйл болоогүй байсан." /хх-26/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай хүү Б.С эхнэр Л.Ог архи уусан үедээ хардсаны улмаас галын дэгээ төмрөөр зодсон асуудал гарсан байсан. Би тухайн үед Завхан аймаг руу явчихсан байсан...." /хх-28/ гэх мэдүүлэг,

Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “Б.С нь манай эгч Л.Ог зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар би сайн мэдэхгүй байна. Учир нь энэ талаар би хэнээс ч сонсож байгаагүй, Л.О эгч өөрөө хүртэл надад юу ч хэлж байгаагүй. Харин сүүлд цагаан сарын өмнөхөн буюу 2021 оны 02 дугаар сарын эхээр байхаа яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 7а-3 тоот гэртээ байж байхад шөнө эгч Л.О гаднаас орж ирээд учиргүй уйлж сууж байснаа унтаад өгсөн. Яагаад орж ирээд уйлах болсон талаар асуухад надад юм хэлээгүй чимээгүй л суугаад байсан. Энэ үед надад эгч маань хадмынхдаа жоохон хэцүү аж төрдөг юм байна гэсэн бодол төрсөн.” /хх-30/,

Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 10 сарын 27-ны өдөр 13 цагийн үед эхнэр Л.Ог жирэмсний хяналтад оруулж эмчид үзүүлэхээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Ингээд эмнэлгээр явсаар 17 цагийн үед эхнэр Л.Огийн хамтаар гэртээ ирсэн. ...Гаднаас хүргэн М.Б 0.5 литрийн "Хараа" нэртэй архи авч орж ирээд цуг хуваагаад ууя гэхээр нь би зөвшөөрөөд хамт архи хувааж ууцгаасан. ...Ингээд гэрт манай эхнэр Л.О бид 2 л үлдсэн байсан ба би удалгүй уусан архинаасаа болоод тасарчих шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн." /хх-45-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 833 дугаартай дүгнэлт:

  1. Л.Огийн биед зүүн чамархайн хуйх, хамрын нуруу, дээд урууланд шарх, тархи доргилт, нүүр зүүн мөр, нуруу, зүүн шуу, сарвуу баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоол журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-34-35/ гэх дүгнэлт,

 

Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны 17 билүү 18 цагийн үед Налайх дүүргийн ******* тоотод Б.Стай гэрт нь цуг 0.75 билүү 0.5 литрийн “Хараа” архи 2 шилийг хувааж уусан.....маргааш нь намайг явснаас хойш Б.С эхнэртэйгээ муудалцаж зодож эрүүлжүүлэхэд хоносон гэж сонссон.” /хх-90/ гэх мэдүүлэг,

 

Гэрт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/, 

Яаралтай тусламжийн хуудас /хх-32-33/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-57-58/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-59-63/,

Б.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С 2020 оны 10 сарын 27-ны орой ..................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Отай "хардалтын улмаас" маргалдан улмаар дэгээ төмрөөр биеийн хэсгүүдэд нь цохиж, биед нь зүүн чамархайн хуйх, хамрын нуруу, дээд урууланд шарх, тархи доргилт, нүүр зүүн мөр, нуруу, зүүн шуу, сарвуу баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи уугаад анх удаа ийм хэрэг үйлдсэн. Урьд ийм хэрэг хийж байгаагүй. Эхнэртэй гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Л.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед байх аа цагийг үед нөхөр бид 2 эмчийн үзлэгт хамрагдахаар амбултор дээр ирж нэг эрэгтэй эмчид үзүүлсэн юм. Тэр үед л манай нөхөр Б.С намайг тэр эрэгтэй эмчтэй хардсан юм байна лээ.....21 цагийн үед хамт орондоо хэвтэцгээх гэж байснаа гэнэт намайг өдөр үзүүлсэн эрэгтэй эмчтэй хардаж, зодожчи тэр эмчтэй уулздаг биз дээ, унтдаг биз дээ, унтсан гэж хэлээч" гээд над руу согтуурхаж дайран гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн газар унагаж гэрт байсан галын дэгээ төмрөөр дээрээс хэд хэдэн удаа цохиж хамаг биеийг маань хөх эрээн болгож толгой руу хүртэл дэгээ төмрөөрөө цохиж зодсон. Тухайн үед манай хажуу гэрт амьдардаг Ц.Н гэх охин цагдаа дуудсан..."гэх мэдүүлэг, Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22-аас 23 цагийн орчим гэртээ дүү нартайгаа унтах гээд байж байхад манай хажууд байдаг нагац ах Б.С гэртээ согтуу эхнэрээ зодоод байгаа бололтой гэрээс нь Л.О эгчийн “болиоч ээ, авраарай” гэх зэргээр орилох чимээ гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм..”гэх мэдүүлэг, Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирээд ... манай бага дүү Б.С нь эхнэр Л.Ог хардсаны улмаас зодож галын дэгээ төмрөөр бас цохисон гэсэн. Ингээд бэр Л.О эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан гэсэн. Тэр үед Л.О 3 бил үү 4 сартай жирэмсэн байсан..” гэх мэдүүлэг, Гэрч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны манай бага дүү Б.С өөрийн эхнэр Л.Ог согтуудаа хардсаны улмаас зодож галын дэгээ төмрөөр бас цохисон гэсэн. Манай бэр хэд хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Тэр үед Л.О 3 бил үү 4 сартай жирэмсэн байсан болохоор хэвлийд нь байсан хүүхдэд их санаа зовж байсан ч азаар хүүхдэд нь ямар нэгэн зүйл болоогүй байсан." гэх мэдүүлэг, Гэрч Ч.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай хүү Б.С эхнэр Л.Ог архи уусан үедээ хардсаны улмаас галын дэгээ төмрөөр зодсон асуудал гарсан байсан. Би тухайн үед Завхан аймаг руу явчихсан байсан...." гэх мэдүүлэг, Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....цагаан сарын өмнөхөн буюу 2021 оны 02 дугаар сарын эхээр байхаа яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 7а-3 тоот гэртээ байж байхад шөнө эгч Л.О гаднаас орж ирээд учиргүй уйлж сууж байснаа унтаад өгсөн. Яагаад орж ирээд уйлах болсон талаар асуухад надад юм хэлээгүй чимээгүй л суугаад байсан. Энэ үед надад эгч маань хадмынхдаа жоохон хэцүү аж төрдөг юм байна гэсэн бодол төрсөн.” Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 10 сарын 27-ны өдөр 13 цагийн үед эхнэр Л.Ог жирэмсний хяналтад оруулж эмчид үзүүлэхээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Ингээд эмнэлгээр явсаар 17 цагийн үед эхнэр Л.Огийн хамтаар гэртээ ирсэн. ...Гаднаас хүргэн М.Б 0.5 литрийн "Хараа" нэртэй архи авч орж ирээд цуг хуваагаад ууя гэхээр нь би зөвшөөрөөд хамт архи хувааж ууцгаасан. ...Ингээд гэрт манай эхнэр Л.О бид 2 л үлдсэн байсан ба би удалгүй уусан архинаасаа болоод тасарчих шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн”, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 833 дугаартай дүгнэлт, Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны 17 билүү 18 цагийн үед Налайх дүүргийн ******* тоотод Б.Стай гэрт нь цуг 0.75 билүү 0.5 литрийн “Хараа” архи 2 шилийг хувааж уусан.....маргааш нь намайг явснаас хойш Б.С эхнэртэйгээ муудалцаж зодож эрүүлжүүлэхэд хоносон гэж сонссон.” гэх мэдүүлэг, Гэрт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Яаралтай тусламжийн хуудас, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Б.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Сад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, саналгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг 62 см урттай, үзүүр хэсгийг нь 3 см нугалсан дэгээ төмрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар устгуулах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Сад 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 62 см урттай, үзүүр хэсгийг нь 3 см нугалсан дэгээ төмрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД