| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч У.Д,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой Ц.Мд холбогдох эрүүгийн 2107 00000 0051 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор .............................................................. тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
регистрийн дугаар , ******* овгийн Ц.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн уур бухимдлаас болоод хүчирхийлэл үйлдсэн. Цар тахлын улмаас болоод охинтойгоо уулзаж чадахгүй байсан. Манай охин 3 настай. Тухайн үед уулздаг залуутай нь уулзсан. Дараа нь Ц.М рүү залгаад ярилцъя гэхэд өөр хүнтэй суух гэж байгаа талаар ярьсан. Тэрнээс болоод бухимдал төрөөд ийм зүйл болсон...” гэв.
Хохирогч У.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зодоон болсноос хойш гэрт ирээд байдаг болсон. Одоо энэ хүнтэй ахиж нийлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагад орсноос хойш хардсан. Хардалтын улмаас намайг зодож байгаа гэж бодож байна. Урьд надад гар хүрч байгаагүй болохоор гомдолгүй. Хэдийгээр хүүхэдтэй ч гэсэн 2 талд хүүхдээ хараад байж болно. Би хүүхдийг нь уулзуулахгүй гэж хэлээгүй. Харин гадуур өвчин их байгаа болохоор хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэж хэлсэн. Тэр үед хажуу айлын хүмүүстэй ч гэсэн их маргасан. Тухайн үед би юу ч яриагүй. Надад уулзаад байдаг залуу байхгүй. Миний араас гүйгээд байдаг 1 залуу байгаа. Тэрэнтэй уулзаад ирэхэд намайг зодсон. Би тэр хүнтэй ямар ч холбоо хамаарал байхгүй....” гэв.
Хохирогч У.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо ******* тоот төрсөн ах Жамьяны гэрт байж байхад 13 цагийн үөд хуучин хамт амьдардаг байж байгаад салсан хүн болох Ц.М хаалга тогшиж орж ирээд надтай "Хоёулаа ярилцья" гэж хэлэхээр нь би "Одоо чи бид хоёрт ярилцах зүйл байхгүй охин бид хоёрыг тайван байлга" гээд хэлтэл шууд гадуур хувцсаа тайлангуутаа миний нүүрлүү гараараа нэлээн олон удаа цохисон тэгэхээр нь би "яаж байгаа юм бэ?" гэтэл шууд ширээн дээр байсан халуун савыг аваад миний толгой руу халуун саваараа цохисон дараа нь ширээн дээр ил байсан хоолны хутгийг аваад надруу "чамайг ална шүү" гэж хэлээд дайлахаар нь тухайн гэрт хамт байсан манай бэр эгч М.О Ц.Мгийн араас нь татахаар нь би шууд ахынхаа гэрээс гараад зугтаагаад шатаар уруудаад явж байтал Ц.М хөөж гарч ирээд намайг орцонд унагаагаад дахиж зодож дээрээс минь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, гараараа бас хэд хэдэн удаа цохичхоод буцаад дээшээгээ манай ахынх руу явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн. Гэрт манай бэр эгч бид хоёр л байсан харин намайг орцон дотор зодож байхад доод айлын нэрийг нь мэдэх залуу гарч ирээд Ц.Мг "хөөе чи болиоч ээ" гээд орилж байсан. Энэ хэргийн талаар мэдэх өөр хүн байхгүй. Би энэ зодуулсандаа гомдолтой байна. өөрт учирсан гэмтэлтэй холбоотой төлбөрийг баримтаар гаргаж өгнө.." /хх-13-19/ гэх мэдүүлэг,
Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ц.М хаалга тогшиж орж ирээд У.Дтай гал тогоонд юм яриад суугаад байсан тэгэхээр нь би тэр хоёрыг үлдээчхээд тос өрөөндөө сууж байхад гэнэт хоорондоо маргалдаад чанга чанга орилолдохоор нь очоод хартал Ц.М манай гэрт хутгыг аваад У.Д руу "Чамайг ална шүү" гээд дайрах шиг болохоор нь би очиж Ц.Мгийн гараас хутгыг булааж авсан. Тэр үед У.Д шууд орц руу гараад гүйчихсэн ардаас нь Ц.М бас гараад гүйсэн. Би гэрт байсан хоёр хүүхэд айгаад уйлахаар нь тэр хоёр дээрээ очоод тайвшруулсан. Ц.М түргэн огцом ууртай хүнээс үг сонсож чаддаггүй залуу юм шиг надад санагдсан" /хх-21/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 7-35 тоот гэртээ сууж байтал орцонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэлдээд байгаа юм шиг уу сонсогдохоор нь гайхаад гарч харсан. Тэгтэл шатны тэр хавьд нэг эмэгтэй газар хэвтсэн, хажууд нь нэг залуу зогсчихсон орилоод байхаар нь тэр залуу руу “хөөш чи болиоч эмэгтэй хүн яаж байгаа юм” гэхэд тэр залуу над руу хариу хэлээгүй шууд дээд давхар руу гарч гуйснээ буцаад доошоо буугаад гараад явсан. Ямар учраас тэр хоёр хүн хоорондоо хэрэлдэж муудалцсан талаар мэдэхгүй байна...." /хх-21/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1890 дугаартай дүгнэлт:
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт /хх-3/,
Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,
Хутга мэс хураан авсан тэмдэглэл /хх-6/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-36-37/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-38-44/,
Хохирлын баримт /хх-47/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ................................... тоотод урьд гэр бүлийн харилцаатай байсан хамтран амьдрагч У.Дын нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлүү орчим руу нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдсаны улмаас түүний духанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, хэвлий, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, хоёр сарвуу, баруун тохой, баруун шуу, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн уур бухимдлаас болоод хүчирхийлэл үйлдсэн. Цар тахлын улмаас болоод охинтойгоо уулзаж чадахгүй байсан. Манай охин 3 настай. Тухайн үед уулздаг залуутай нь уулзсан. Дараа нь хохирогч рүү залгаад ярилцъя гэхэд өөр хүнтэй суух гэж байгаа талаар ярьсан. Тэрнээс болоод бухимдал төрөөд ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг, Хохирогч У.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зодоон болсноос хойш гэрт ирээд байдаг болсон. Одоо энэ хүнтэй ахиж нийлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагад орсноос хойш хардсан. Хардалтын улмаас намайг зодож байгаа гэж бодож байна. Урьд надад гар хүрч байгаагүй болохоор гомдолгүй. Хэдийгээр хүүхэдтэй ч гэсэн 2 талд хүүхдээ хараад байж болно. Би хүүхдийг нь уулзуулахгүй гэж хэлээгүй. Харин гадуур өвчин их байгаа болохоор хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэж хэлсэн. Тэр үед хажуу айлын хүмүүстэй ч гэсэн их маргасан. Тухайн үед би юу ч яриагүй. Надад уулзаад байдаг залуу байхгүй. Миний араас гүйгээд байдаг 1 залуу байгаа. Тэрэнтэй уулзаад ирэхэд намайг зодсон. Би тэр хүнтэй ямар ч холбоо хамаарал байхгүй....” гэх мэдүүлэг, Хохирогч У.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо ******* тоот төрсөн ах Жамьяны гэрт байж байхад 13 цагийн үөд хуучин хамт амьдардаг байж байгаад салсан хүн болох Ц.М хаалга тогшиж орж ирээд надтай "Хоёулаа ярилцья" гэж хэлэхээр нь би "Одоо чи бид хоёрт ярилцах зүйл байхгүй охин бид хоёрыг тайван байлга" гээд хэлтэл шууд гадуур хувцсаа тайлангуутаа миний нүүрлүү гараараа нэлээн олон удаа цохисон тэгэхээр нь би "яаж байгаа юм бэ?" гэтэл шууд ширээн дээр байсан халуун савыг аваад миний толгой руу халуун саваараа цохисон дараа нь ширээн дээр ил байсан хоолны хутгийг аваад надруу "чамайг ална шүү" гэж хэлээд дайлахаар нь тухайн гэрт хамт байсан манай бэр эгч М.О Ц.Мгийн араас нь татахаар нь би шууд ахынхаа гэрээс гараад зугтаагаад шатаар уруудаад явж байтал Ц.М хөөж гарч ирээд намайг орцонд унагаагаад дахиж зодож дээрээс минь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, гараараа бас хэд хэдэн удаа цохичхоод буцаад дээшээгээ манай ахынх руу явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг, Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ц.М хаалга тогшиж орж ирээд У.Дтай гал тогоонд юм яриад суугаад байсан тэгэхээр нь би тэр хоёрыг үлдээчхээд том өрөөндөө сууж байхад гэнэт хоорондоо маргалдаад чанга чанга орилолдохоор нь очоод хартал Ц.М манай гэрийн хутгыг аваад У.Д руу "Чамайг ална шүү" гээд дайрах шиг болохоор нь би очиж Ц.Мгийн гараас хутгыг булааж авсан. Тэр үед У.Д шууд орц руу гараад гүйчихсэн. Ардаас нь Ц.М бас гараад гүйсэн. Би гэрт байсан хоёр хүүхэд айгаад уйлахаар нь тэр хоёр дээрээ очоод тайвшруулсан. Ц.М түргэн огцом ууртай хүнээс үг сонсож чаддаггүй залуу юм шиг надад санагдсан" /хх-21/ гэх мэдүүлэг, Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 7-35 тоот гэртээ сууж байтал орцонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэлдээд байгаа юм шиг уу сонсогдохоор нь гайхаад гарч харсан. Тэгтэл шатны тэр хавьд нэг эмэгтэй газар хэвтсэн, хажууд нь нэг залуу зогсчихсон орилоод байхаар нь тэр залуу руу “хөөш чи болиоч эмэгтэй хүн яаж байгаа юм” гэхэд тэр залуу над руу хариу хэлээгүй шууд дээд давхар руу гарч гуйснээ буцаад доошоо буугаад гараад явсан. Ямар учраас тэр хоёр хүн хоорондоо хэрэлдэж муудалцсан талаар мэдэхгүй байна...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... У.Дын толгой хэсэгт гараараа 3 удаа цохисон асуудлаас өөрөөр биед нь халдаагүй. Харин У.Дыг надаас зугтаагаад орц руу гарч гүйхээр нь араас дагаж гараад барьж аваад хэрэлдсэн. Тэр үед хэрэлдэж маргалдсанаас өөр биед нь халдаж зодоогүй..." гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1890 дугаартай дүгнэлт, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт, Үзлэг хийсэн тэмдэглэл, Хутга мэс хураан авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хохирлын баримт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Мд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн цайны халуун сав 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол
гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД