Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Хохирогч Б.Ө, Б.Б, Э.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймгийн А сумын харъяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б овогт П.А-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч П.А нь 2021 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Ө-г 1 удаа мөргөж, 2 удаа гараараа мөр толгой хэсэг рүү нь цохиж духны баруун талд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хувцас хэрэглэлийг нь урсан, мөн харуулын цагдаа дэд ахлагч Б.Б-г 1-2 удаа гараараа мөр, цээж хэсэг рүү нь цохиж, эрүүлжүүлэх байрны цагдаа ахлах ахлагч Э.Э-н өмсөж явсан кительний энгэр хэсгийг урж хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  2021 оны 02 сарын 12-нд 3 уулаа нэг шил архи уусан юм. Ингээд 23 цагийн үед гэртээ ирээд хаалгаа нүдээд зогсож байтал Б, Ө нар ирээд дуудлага өгсөн, авч явна гэхээр нь явахгүй гэхэд чирээд хүчээр орцноос гаргасан, цагдаа дээр очиход би хөл нүцгэн байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст дээр очоод эрүүлжүүлэх рүү орохгүй гэхэд намайг хүчээр оруулсан, би Ө нүүр рүү цохиогүй, цагдаа нарын хувцсыг ураагүй, би цагдаа руу явахгүй гэж хэлсэнээс өөрөөр эсэргүүцээгүй, би зарим юмыг санахгүй байна.  Маргааш нь эрүүлжүүлэхээс гарахад миний нүүр ам шалбарсан, хувцас урагдсан байсан. Манай нэг найз  гутал авчирч намайг цагдаагаас авч явсан. Би энэ хүмүүсийг танихгүй, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би сар шинээр эрүүлжүүлэхэд орсон гэж бодоод хувцаснуудаа шатаачихсан. Тэр орой эхнэртэйгээ жаахан маргалдсан байсан юм. Манай эхнэрийн нэрийг С гэдэг, ... дугаар нь юм. Цагдаагийн алба хаагч Ө, Э, Б нараас уучлалт гуйя, эр хүн хийсэн хэрэгтээ  хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй, дараа ийм асуудал гаргахгүй “ гэсэн  мэдүүлэг,

Хохирогч  Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 13-ны өдрийн 02:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарьтай ажилласан. 23 цаг нилээн өнгөрсөн байхад Ширээт-10-аас ... дүгээр байрнаас согтуу хүн амруулахгүй байна гэсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Ингээд Б-н хамт очиход 2 давхарт хаалга нүдээд, орцоор нэг орилж, чарлах чимээнээр дээшээ гарахад энэ хүн нилээн согтуу, бухимдсан байдалтай байсан. Тэгээд танай гэр энэ мөн үү гэхэд мөн гэхээр нь хаалгыг нь Б тогшоод цагдаа байнаа гэхэд хаалгаа нээж өгөөгүй. Тухайн үед ковид-19 халдварт өвчний улмаас эрүүлжүүлэх байранд аль болох хүн аваачихгүй байх чиглэлийн дагуу гэрт нь оруулж амраах арга хэмжээг эхний ээлжинд авах байсан юм. Ингээд хаалгаа тайлахгүй байсан, А ч та нар яахаараа ирдэг юм, манай эхнэр С дуудлага өгсөн үү, та нар ямар холбоотой юм гээд элдвийн хараал хэлээд орилоод байхаар нь хэлтэс рүү авч явахаас өөр аргагүй байдалд хүрч, орцноос арай гэж авч гараад машинд суулгах гэхэд  эргэж хараад миний дух руу мөргөчихсөн. Ингээд Б машинд суулгах гэтэл гараараа тэлээд, хөлөөрөө жийгээд байсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод эрүүлжүүлэхэд орох гэхэд бас л эсэргүүцэл үзүүлээд ажилгүй болгоно, пизда нар гэхээс эхлээд элдвээр хэлсэн. Энэ үедээ миний хантаазыг хоёр хэсэг газар урсан байсан. Бид дуудлагын дагуу л ажлаа хийсэн, энэ хүнд хүч хэрэглэсэн асуудал байхгүй. А нь дараа нь уучлалт гуйгаад хантаазны 30,000 төгрөгийг төлсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 13-ны өдрийн 08:00 цагийн хооронд  хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. 12 цаг дөхөж байхад Ширээт 10-аас ... дүгээр байранд согтуу хүн гэрээ олохгүй байх шиг байна гэсэн дуудлага ирсэний дагуу тухайн газарт очиход А согтуу, нэг хаалга нүдээд орилоод байж байсан. Табчик, өмд, цамцтай байсан. Ингээд гэр чинь хаана вэ, гэрээ олохгүй байгаа юм уу, энэ гэр чинь мөн үү, ар гэрийнхэнтэй чинь холбоо барих утас байна уу гэж асуухад та нарыг хэн дуудсан юм гээд элдвээр дайрч доромжлоод эхэлсэн. Ингээд яах аргагүй цагдаагийн хэлтэс рүү авч явахаар болоход явахгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн. Нилээн зууралдаж байж 2 давхраас доош буулгасан. Энэ үед өмсөж явсан табчик нь мултраад байсан болохоор 2-3 удаа өмсгөсөн. Ингээд машин руу оруулах гэхэд Ө дух руу мөргөөд, хөлийг нь хамаад газарт унасан. Тэгэхээр нь салгаад машинд суулгах гэтэл суухгүй гээд хөлөөрөө жийгээд, намайг тохойлдсон, машинд суулгасаны дараа толгойгоороо мөргөх гээд цээж рүү цохьсон, бас 2-3 удаа бие рүү тохойлдож, цохьсон. Ингээд цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэхэд хүлээлгэн өсгөн, энэ үед эрүүлжүүлэх рүү орохгүй гээд нилээн эсэргүүцээд ажил төрөлгүй болгоно, даргад чинь хэлнэ, та нар хэнтэй харьцаж байгаагаа мэдэхгүй байна гээд хараал хэлээд байсан. А-н табчик нь машин руу оруулах гэхэд юм уу, эсвэл цагдаагийн байгууллага руу оруулах гээд зууралдах явцад үлдсэн байх. Анх мэдүүлэг өгөхөд А-г зөрчлийн хэрэгт арга хэмжээ авагдах байх, адилхан төрийн байгууллагад ажил хийдэг хүмүүс байна даа, нэгнийгээ хоол унднаас нь салгаад яахав дээ гэж бодоод их согтуу байгаагүй гэж мэдүүлсэн нь үнэн. Надад энэ хүний эсрэг мэдүүлэг өгөх шаардлага байхгүй, болсон асуудлыг л ярьж байна. Албан үүргээ гүйцэтгээд явж байхад минь өөрөө ийм үйлдэлд гаргачихаад  санахгүй байна, би тэгээгүй гээд өөдөөс хараад инээмсэглээд зогсож байгааг гайхаж байна. Биднийг тусгай субьектийн газарт шалгуулах гээд өгсөнийг бидэнд танилцуулсан. Гэсэн хэдий ч энэ хүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч  Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 13-ны өдрийн 08:00 цагийн хооронд  Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны жижүүрийн  цагдаагийн үүрэг  гүйцэтгэх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байхад 00 цагаас 01 цагийн орчимд нэг давхарт хүн орилоод дуу чимээ гараад байхаар нь дээшээ гараад очиход Ө, Б нар А-г авчирсан байсан. Намайг хараад бас л чи юү гэж хэлсэн. А-н хувьд миний ээлжин дээр 3-4 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, агсан тавьсан гэх шалтгаанаар ирж эрүүлжүүлэгдэж байсан юм. Ингээд эрүүлжүүлэх рүү авч орох гэхэд эсэргүүцээд, ажилгүй болгоно энэ тэр гээд зогсоо зайгүй л элдвээр хэлсэн. Хувцсаа тайл гэхэд тайлахгүй байсан, драгейр үлээ гэхэд эсэргүүцээд үлээгээгүй. Би хувцсыг нь урсан асуудал байхгүй. Харин миний өөдөөс эсэргүүцэж байх явцдаа гителийн энгэр хэсгээс татаад урчихсан. Ө хантааз урагдсан, дух нь хавдсан байсан. Миний хувьд гомдол саналгүй, гителиэ оёулаад өмссөн, хохирол учраагүй. Ер нь бол бид нэг орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагч хүмүүс, чи л зөрчил гаргаж цагдаа дээр ирэхгүй бол бид чамайг тагнаж, чагнаад байгаа асуудал байхгүй, дуудлагын дагуу ажлаа л хийж байгаа, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, болсон зүйлийг үнэнээр нь л ярьж байна, биднийг тусгай субьектийн газарт шалгуулах гээд гомдол гаргасныг танилцуулсан” гэсэн мэдүүлэг

Хэсгийн байцаагч О.Т-н тэмдэглэл /хх-ийн 6/

2021 оны 02 сарын 12, 13-ны өдрийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн  бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын  хуваарь, томилгоо /хх-ийн 8-10/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13/

1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай прокурор болон мөрдөгчийн тогтоол,  /хх-ийн 16, 18/

Цагдаагийн алба  хаагч Э.Э-н дүрэмт хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/

Цагдаагийн алба хаагч Б.Ө дүрэмт хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 19-ний өдрийн “ 1. Б.Ө биед духны баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо....3.Уг гэмтэл нь  “ Гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй болно” гэсэн 04/49 тоот дүгнэлт  /хх-ийн 50-51/

Гэрч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 13-ны өглөө 08:00 цагийн хооронд Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрын эмчийн ажил үүргийн хуваарьтай байсан. Надтай хамт цагдаагаар а/а Э.Э ажилласан. Шөнө буюу 01 цаг өнгөрч байхад бусдын амлаган тайван байдал алдагдуулсан гэх зөрчлөөр П.А гэдэг эрэгтэй хүнийг эргүүлийн цагдаа д/а Б.Ө, д/а Б.Б нар оруулж ирсэн. Эрүүлжүүлэх байранд орж зууралдсан байдалтай орж ирсэн. Ирснээсээ хойш эрүүлжүүлэх байрны журам зөрчиж цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тэднийг элдэвээр харааж байсан. Хараалын үгнүүдийг нь энд хэлэхээс хэцүү байна. Цагдаа нарыг ажил албатай нь холбогдуулан заналхийлж, aлнa тaлнa, ажлаас чинь халуулна гээд орилж хашгираад байсан. Тэгж эсэргүүцэл үзүүлж байхдаа д/а Б.Ө албаны гадуур шар хантааз болон Э.Э-н албаны хээрийн хувцасны кителийн энгэр хэсгийг татаж урсан. Ер нь их агсам хүн байсан ба согтуурлын зэргийг нь тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэх гэхэд үлээхгүй гэж татгалзсан. Биеийн байдлыг нь үзэхэд биед нь ил харагдах гэмтэл шархгүй, мөчдийн хөдөлгөөн хэвийн байсан. П.А нь жижигхэн биетэй, их хөдөлгөөнтэй залуу байсан ба хүнтэй камерт оруулвал эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүстэй муудалцах байдал ажиглагдсан тул хүнгүй камерт ганцааранг нь оруулсан. Эрүүлжүүлэгдэх явцдаа шөнөжингөө хаалга нүдэж, орилж хашгирч, уйлж байсан. Орилохдоо зүгээр аа аа гээд л байсан. Очоод яагаад байгааг нь асуухаар эндээсээ гарга энэ тэр гээд ахиад элдэвээр хэлж хараагаад байсан. Өглөө нь архи нь гарсан бололтой, юм ярихгүй, чимээгүй байгаад байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Шүүгдэгч П.А нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82/

Шүүгдэгч П.А-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-йин 72/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-89/

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Цагдаагийн Ерөнхий газрын тусгай субьектын үйлдсэн  гэмт хэрэг мөрдөн  шалгах хэлтсийн дарга,  хурандаа А.Э-т“ гэмт хэргийн  шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” албан бичгийн хуулбар /хх-ийн 157/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.А нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагаас 01 цаг 20 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Ө, дэд ахлагч Б.Б нарыг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах ... дүгээр байранд дуудлагаар очиход гэрийнхээ үүдэнд хаалгаа тогшоод зогсож байсан байх бөгөөд алба хаагч нар гэр нь хаана байдаг талаар, мөн ар гэртээ нь холбоо барих утасны дугаар байгаа эсэхийг асуухад “ та нарыг хэн дуудсан юм, манай эхнэр С-тай ямар холбоотой юм, пизда ” гэх зэргээр доромжилж, тухайн байрны орцонд байх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэний улмаас цагдаагийн хэлтэс рүү авч явах гэтэл явахгүй гэж дэд ахлагч Б.Ө дух хэсэг рүү мөргөсөн, дүрэмт хувцасны гадуур өмссөн байсан хантаазыг 2 газарт урсан, дэд ахлагч Б.Б-г цээж хэсэгт цохьсон, тохойлдсон, алба хаагч нарыг ажилгүй болгоно, даргад чинь хэлнэ, та нар хэнтэй харьцаж байгаа мэдэхгүй байна, пизда гэх мэт үг хэрэглэж эсэргүүцсэн,

түүнчлэн дэд ахлагч Э.Э түүнийг эрүүлжүүлэх байр руу оруулаад хувцсаа тайл гэхэд болон согтуурлаа шалгуул гэхэд “бас л чи юү, ажилгүй болгоно, пизда, ална “ гэх мэт үг хэллэг хэрэглэн эсэргүүцэх явцдаа дүрэмт хувцасны энгэр хэсгийг урсан “ зэрэг үйл баримт болсон байна.

Шүүгдэгч П.А нь хохирогч Б.Ө дух хэсэгт мөргөсөн байдаг бөгөөд түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилоход духны баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон боловч энэ нь “ Гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй “ гэсэн  дүгнэлт гарсан байна.

Шүүгдэгч П.А-н дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэдийгээр хохирогч Б.Ө биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл учруулаагүй боловч түүний дух хэсэгт мөргөж зөөлөн эдийн гэмтэл учруулсан, Б.Б-г цээж хэсэгт цохьсон, тохойлдсон, мөн хохирогч нарын дүрэмт хувцсыг урсан нөхцөл байдал нь хүч хэрэглэсэн гэж үзэх, түүнчлэн хохирогч Б.Ө, Б.Б, Э.Э нарыг ажилгүй болгоно, даргад чинь хэлнэ, та нар хэнтэй харьцаж байгаа мэдэхгүй байна, пизда гэх үг хэллэг хэрэглэж, цагдаагийн байгууллага руу явахгүй, мөн эрүүлжүүлэх байр руу орохгүй, хувцсаа тайлахгүй, согтуурал шалгах багажаар шалгуулахгүй гэж  эсэргүүцэж байгаа нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэх юм.

Шүүгдэгч П.А-н хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Ө, Б.Б, Э.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг, гэрч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 04/49 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийг шалгахдаа хохирогч болон гэрч Аззаяа нараас өөр хүн асуугаагүй, хэргийг нэг талыг барьж шалгасан, Э.Э нь “мөрдөн шалгах ажиллагаанд А-г цагдаагийн байгууллагад гуталтай орж ирсэн гэж мэдүүлсэн, дуудлага өгсөн гэх С болон А-г цагдаагийн байгууллагаас очиж авсан Хүрэлбаатар нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, хэсгийн байцаагч О.Т нь тэмдэглэл үйлдэхдээ С гэж бичсэн, энэ хэрэг 2021 оны 02 сарын 12-наас 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн байхад прокурор яллах дүгнэлт дээр 13-наас 14-нд шилжих шөнө үйлдсэн гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

1.Шүүгдэгч А нь Ө-ны нүүр рүү цохиогүй, цагдаа нарын хувцсыг ураагүй, эсэргүүцээгүй гэж мэдүүлдэг ба тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Харин түүний үйлдсэн хэргийг бусад нотлох баримтаар нотлох үүрэгтэй юм. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед дуудлагын дагуу очсон хохирогч Б.Ө, Б.Б нар, цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр руу ирэхэд хохирогч Э.Э, эмч Ч.А нар байсан, эдгээр хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрчээр тогтоон ажиллагаа явуулсан  байх бөгөөд тэдний мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлахад нэг, нэгнээ нотолсон, зөрүүгүй байна. Иймд хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахад хохирогч нарын аливаа нэг буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч П.А нь алба хаагч нарыг эсэргүүцэх гарцаагүй нөхцөл байдал үүссэн нь хэрэгт тогтоогдохгүй байна.

2.Хохирогч Э.Э нь хх-ийн 32 дугаар хуудсанд шүүгдэгч П.А-г гуталтай орж ирсэн гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “табчик өмссөн байсан, орцонд сугараад байхаар нь 2-3 удаа өмсгөсөн, машин руу ороход, эсвэл цагдаагийн хэлтэс рүү орох үед үлдсэн байх гэж мэдүүлдэг, мөн шүүгдэгч табчиктай байсан, цагдаа дээр ирэхэд байхгүй байсан гэж мэдүүлэх боловч табчик нь хаана сугарч үлдсэнийг мэддэггүй, энэ талаар ямар нэг маргаан байхгүй байна.

3.Шүүгдэгч П.А-г байрныхаа орцонд хэвийн бус байгаа талаар дуудлага өгсөн гэх С-г гэрчээр асуугаагүй, хэсгийн байцаагч О.Т нь тэмдэглэл үйлдэхдээ С гэж бичсэн гэх боловч шүүгдэгчийн эхнэрийн нэрийг С гэдэг, ... дугаарын утас эзэмшдэг талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд С гэгч нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан этгээд биш, түүнээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн эсэхийг тодруулан гэрчийн мэдүүлэг авах нь, түүнчлэн шүүгдэгчийг цагдаагийн байгууллагаас авсан хүн болох Х-с гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг шалгахад буюу шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шалган тогтооход төдийлөн ач холбогдолтой биш юм.

4.Прокурор яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг тодрхойлохдоо 2021 оны 13-наас 14-нд шилжих шөнө гэж бичсэн байгаа ч хавтаст хэрэгт хэрэг үйлдэгдсэн хугацаа нь 2021 оны 02 сарын 12-наас 13-нд шилжих шөнө гэж авагдсан, шүүгдэгч болон хохирогч нар нь дээрх хугацааг тодорхойлж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд  прокуророос шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд  явагдана гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх хэрэгт авагдсан хугацаа буюу 2021 оны 02 сарын 12-наас 13-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрхзүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хүний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.А-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ө, Б.Б, Э.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 секундын бичлэгтэй сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б овогт П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.А-г  2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун  мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүйг тус, тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 22 секундын бичлэгтэй сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.А-д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч П.А нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц