Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Хн суманд төрсөн, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл Ю овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гаалийн гражны баруун талд шинээр баригдаж буй барилгын гражийн цонхыг хагалан орж, ногоон өнгийн хайрцагтай дорцовны ком 2 ширхэг, акумляторын цэнэглэгч 1 ширхэг, цахилгааны тестер 2 ширхэг, шар өнгийн хайрцагтай багаж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ямар ч багаж хэрэгсэл ашиглаагүй, газраас чулуу аваад цонхыг нь хагалаад орсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи авах мөнгө байхгүй болчихсон болохоор хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 /

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цэргийн баяраар архи ууж байгаад Д.С-н гражийнх нь цонхыг хагалаад хулгай хийсэн. Гарааш дотроос ногоон өнгийн хайрцагтай дорцовны ком 2 ширхэг, акумляторын цэнэглэгч 1 ширхэг, цахилгааны тестер 2 ширхэг, шар өнгийн хайрцагтай багаж 1 ширхэг авсан. Дахиж ийм зүйл хийхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 18 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын 1-р багт байрлах гаалийн гараашийн баруун талд байрлах 12 айлын орон сууц болох барилга дээр очин гараашинд машин оруулах гэхэд гараашийн цонх хагарсан байсан. Тэгээд гараад дотор байсан эд зүйлийг үзэхэд 2 хайрцаг торцовны ком, шар өнгийн хайрцагтай багаж, цэнхэр өнгийн  үүргэвчтэй цүнх, цахилгааны 2 ширхэг  тестер, улаан шаргал өнгийн аккумулятор 1 ширхэг тус тус гараашнаас алга болсон байсан. Тэгээд 40*40 хэмжээтэй цонх хагарсан байсан.  Би өөрөө цуглуулж байсан болохоор хэзээ хаанаас авсан гэдгээ сайн санахгүй байна. Гэхдээ би хулгайд алдсан эд зүйлсээ 600,000 төгрөгөөр үнэлж байна ....миний хохирлыг барагдуулсан. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14/

2021 оны 03-р сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 01/027 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-40/

“А” ХХК-ний үнэлгээний баримт, фото зураг /хх-ийн 43-47/

Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гаалийн гражны баруун талд шинээр баригдаж буй барилгын гражийн цонхыг чулуугаар хагалан орж, дотор нь байсан ногоон өнгийн хайрцагтай дорцовны ком 2 ширхэг, акумляторын цэнэглэгч 1 ширхэг, цахилгааны тестер 2 ширхэг, шар өнгийн хайрцагтай багаж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авчээ.

Шүүгдэгч Б.Б-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “орой 18 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын 1-р багт байрлах Гаалийн гараашийн баруун талд байрлах 12 айлын орон сууц болох барилга дээр очин гараашинд машин оруулах гэхэд гараашийн цонх хагарсан байсан. Тэгээд гараад дотор байсан эд зүйлийг үзэхэд 2 харцаг торцовны ком, шар өнгийн хайрцагтай багаж, цэнхэр өнгийн  үүргэвчтэй цүнх, цахилгааны 2 ширхэг  тестер, улаан шаргал өнгийн аккумулятор 1 ширхэг тус тус гараашнаас алга болсон байсан. Тэгээд 40*40 хэмжээтэй цонх хагарсан байсан.  Би өөрөө цуглуулж байсан болохоор хэзээ хаанаас авсан гэдгээ сайн санахгүй байна. Гэхдээ би хулгайд алдсан эд зүйлсээ 600,000 төгрөгөөр үнэлж байна ....миний хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн19-25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14/,  2021 оны 03-р сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 01/027 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-40/, “А” ХХК-ний үнэлгээний баримт, фото зураг /хх-ийн 43-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж бусдад 640,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би хулгайд алдсан эд зүйлсээ 600,000 төгрөгөөр үнэлж байна ....миний хохирлыг барагдуулсан” гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтын талаар оролцогч нар нь шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос хар өнгийн ботинк гутал, 1 ширхэг чулуу зэргийг устгахаар шийдвэрлэж, тогтоол хүчин төгөгдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Д.С-д хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 1 жилийн хугацаагаар хорих ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос хар өнгийн ботинк гутал, 1 ширхэг байгалийн чулуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.Ц