МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Хүрэлмөнх,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
гэрч Д.Б,
шүүгдэгч Х.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.Рд холбогдох эрүүгийн 2107000000009 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймаг, ******* суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт ..................................................... оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Х.Р /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................... тоотод 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Д.Чтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолны шүүгээнээс хутга авч Д.Чын зүрхэн тус газар нь 1 удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Х.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Сайхан дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Дүүгийн минь гурван хүүхэд өнчин хоцорлоо. Дүүг минь санаатайгаар алсан, өөр газар нь хутгалчихгүй яав даа л гэж харамсаж байна, дүү минь хүн рүү дайрах хүн биш. Маш их харамсаж, гомдож байна. Гурван хүүхдээ тэжээгээд явдаг, том тэрэг барьдаг, нэг их архи уугаад байдаггүй байсан. Гурван охинтой, хоёр том охин нь насанд хүрсэн, бага охин нь их сургуульд орно, нэхэмжилж буй мөнгийг бага охиных нь сургалтын төлбөрт зарцуулна. Хэргийг хуулийн хүрээнд шийдүүлмээр байна. Оршуулгын зардал, ламд өгсөн мөнгө, ном уншуулах, ламд өргөл өргөх зэрэгт гарсан зардал нийт 4.878.708 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухай өдөр би өглөө 12 цагт гэрээс гараад 18 цагт гэртээ ирсэн. Миний ах Д.Ч Улаанбаатар хотоос 10:30-д ирээд миний унааг аваад гадуур ажлаа амжуулаад ирье гээд явсан. Би 12 цаг гэж гэрээсээ гараад 18 цаг гэж гэртээ ирэхэд манай ах болон Х.Р 2 манайд сууж байсан. Би гаднаас ахын найз гээд хүнтэй цуг очсон. Болсон явдал гэвэл тэнд хэрүүл маргаан болсноос болоод ийм зүйл болсон. Би өөрөө цагдаад дуудлага өгч ахыгаа эмнэлэг дээр аваачиж өгсөн. ...Би Н.Г гээд найзтайгаа гаднаас ирэхэд манай ахтай Х.Р цуг байж байсан. Тэгээд хэрүүл маргаан гараад би хоол хийх зуур ах зогсчихсон, Х.Р хутга барьсан ахыг нь хутгалчихлаа ш дээ гээд цээжээ бариад зогсож байсан. Тэгээд би ******* хутгыг салгаад ах руугаа гүйж очсон. Тэгээд Н.Г бид 2 үлдсэн бусад нь бүгд явцгаасан байсан. Н.Гээс утсаа авч түргэн, цагдаа дуудсан.” гэв.
Хоёр. Эрүүгийн 2107000000009 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
- Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22:04 цагт ирсэн “Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадам толгойн задгай тоотод хутгалуулсан хүн эмнэлэг явж байх замдаа нас барсан” гэх дуудлагын бүртгэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
- 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23:40 цагт хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр 1 ширхэг хутга, 1 ширхэг архины шил, 3 ширхэг аяга, 1 ширхэг шилэн аяга хураан авсан болон үзлэгийг 13 ширхэг гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл /хх-02-07 дугаар хуудас/,
- 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед байх манай төрсөн дүү Д.Б над руу залгаад талийгаачийг нас барчихлаа та хурдан Налайхын цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гэж хэлэхээр нь тэр дороо гэрээсээ гараад цагдаагийн хэлтэс дээр ирээд болсон асуудлыг мэдсэн. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилийн баяраар гэрт нь очиж уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй ба өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед байх одоо сайн санахгүй байна над руу талийгаач залгаад Налайх явлаа ачааны машинаа асаагаад маргааш Баян-Өлгий рүү ачаанд явах гэж байгаа гэж ярьсан. Талийгаач хүний том оврын ачааны машин хөлсөөр барьдаг ба машины эзэн нь Налайхад байдаг, хэд хоног асаагаагүй гадаа хүйтэн хөлдсөн байх гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би .......................................... тоотод 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш гэр худалдан авч тухайн хаяганд ганцаараа амьдарч байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө манай төрсөн ах Д.Ч надаас миний 45-51 улсын дугаартай цагаан өгийн Аванте ХД маркийн автомашиныг гуйгаад аваад явсан. Би 12 цагийн үед гэрээсээ гараад найзтайгаа уулзчихаад 17 цагийн үед Д.Ч ахын найз Н.Грүү залгаад би намайг дөхүүлээд өгөөч гээд гэрлүүгээ 18 цаг дөхүүлээд Н.Гтэй хамт очсон, бид хоёр замдаа дэлгүүрээс 0.5 литрийн архи, даруулга гээд ундаа, 2.5 литрийн Нийслэл пиво 1 ширхгийг аваад гэртээ ирэхэд манайд Д.Ч ах Х.Р гэх эмэгтэйн хамтаар ирчихсэн тэр 2 гэрийн хойморын баруун талд хивсэн дээр суучихсан ойр зуурын юм яриад сууж байсан, тухайн үед Д.Ч ах Х.Р хоёр хаана уусныг мэдэхгүй ямартай ч багагүй согтолтын байдалтай, архи үнэртээд дуу яриа нь чангарчихсан байсан. Ингээд бид 4 нийлээд авчирсан 0.5 литрийн архийг хувааж уусан, би архи ууж чаддаггүй учраас ганцаараа шахуу авчирсан пивоо уусан, пивоноос Х.Р надтай хамт уулцсан, архинаас ч мөн адил ууж байсан. Тэгээд бид нар уугаад нилээн согтоцгоосон, миний хувьд пиво уусан байсан учраас нөгөө хэдийгээ бодвол арай гайгүй байсан. Би ууж байхдаа Х.Р чанга чанга яриад байхаар нь би “чихэнд чийртэй юм бэ, жаахан зөөлөн яриач” гээд хэлчихсэн чинь Х.Р уурлаад өөдөөс агсрах байдалтай “Та нар яахаараа миний дууг хорьдог юм, та нарт дуугаа хориулахгүй” гээд дайрч эхэлсэн, би ч “гэр оронд ирчихээд ядаргаатай юм” гээд манай ах Д.Ч “Чи айлд ирчихээд ингэж болохгүй” гэж хэлсэн энэ үед Х.Р утсаараа яриад байх шиг байсан. Тэгээд “би цагдаа дуудчихлаа, та нар дээрэлхлээ” гэх утгатай юм ярьсан. Тэгэхээр нь “тэг тэг цагдаа дуудчих” гэж хэлээд урд гэрийн хоёр хөгшин рүү ороод Ш.Ц ахад “энд нэг эмэгтэй агсраад болдоггүй та нэг аргалаад явуулаадхаач” гэж хэлсэн. Тэгээд Ш.Ц ах бид хоёр манай гэрлүү цуг ороод Х.Рыг гаргах гээд юм ярьж байтал гаднаас Х.Ры дүү гэх танихгүй эмэгтэй орилоод орж ирээд Х.Р ч та нар намайг дээрэлхлээ гээд нөгөө гаднаас орж ирсэн эмэгтэй нь ч та нар яахаараа эгчид архи өгөөд ингээд сууж байдаг юм гээд орилж байснаа сүүлдээ эгчийгээ агсраад байгаа байдлыг ойлгоод зөөлрөөд сууж байсан. Х.Р л агсамнаад байхаар нь зогсоож дийлээгүй, тэгээд би яг галаа хутгаж байтал манай ах Д.Ч сууж байснаа гэнэт босоод “намайг хутгалчихлаа” гээд орилохоор нь хартал Д.Ч ахын цээжнээс нь цус гоожоод Х.Р яг урд нь гартаа манай гэрийн хоолондоо хэрэглэдэг цэцгэн хээтэй цагаан хутгыг барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Х.Рруу дайраад “чи миний ахыг хутгалчихаж байгаа юм уу” гээд дайртал Н.Г хэрэггүй гээд намайг бариад авсан. Тэгээд би ахруугаа гүйж очоод ахыгаа өвөр дээрээ тэврээд цээжин дээр нь цусыг нь тогтоох гээд хоёр гараараа дарсан. Энэ үед хэн нь ч хөдлөхгүй байхаар нь би ахыг хэвтүүлээд Х.Р руу хутгыг нь авах гээд дайрсан тухайн үед Х.Р ч “ойртвол ална шүү гээд хутгаа тавихгүй гартаа тас атгачихсан байсан” би Х.Рыг цаашаа харангуут нь араас нь хоёр гарыг биенд нь нийлүүлж тэврээд сэгсэрч байгаад хутгыг хаяулаад Х.Ртай хамт хоёулаа орны урдруу уначихсан. Тэр үед Н.Г “Д.Ч сэрэхгүй байна ш дээ” гэхээр нь Х.Рыг хаячихаад ахруугаа очсон, тэгээд би Н.Гийг түргэн дууд гээд ахыгаа тэврээд авсан, энэ хооронд Н.Г бид хоёроос бусад хүмүүс бүгд гэрээс гараад явчихсан байсан. Н.Г тэвдээд яахаа мэдэхгүй байхаар нь би бушуухан гар утсаа аваад 21 цаг 57 минутанд эхлээд эмнэлэгрүү залгаад дараа нь цагдааруу залгасан байсан. Түргэн тусламж ч маш хурдан хүрээд ирсэн, ирэнгүүт нь би ахыг насилктай өргөж өгч түргэний машинд оруулаад Н.Гтэй хамт өөрийн автомашинаараа түргэний автомашины араас яг хөдөлж байгаад хашааны буланд цасанд суучихсан, энэ үед харин хажуугаар явсан Приус маркийн автомашин зогсохоор нь эмнэлэг хүргээд өгөөч гээд гуйгаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэг дээр цагдаагийнхан хүрч ирээд нөгөө эмэгтэйг намайг дагуулаад хайгаад гэрт нь очоод гэрээс нь дагуулаад гараад ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би төрсөн эгч Х.Ры гэрт 2020 оны 12 дугаар сарын сүүлээр ирээд энд эгч болон дүү нартайгаа хамт амьдарч байгаа юм. Манай эгч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим гэрээсээ гараад тухайн өдөр гэртээ эргэж ирээгүй. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 00 минутын орчим эгч гэртээ ирээд байж байтал эгчийн гар утас нь дуугараад үл таних эрэгтэй хүнтэй хайраа гарлаа гэж яриад нүүрээ будаж хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан. Би эгчийг хаашаа гарах гэж байгаа талаар асуухад эгч ойрхон гарчихаад ирье гэж хэлсэн. Орой 17 цагийн үед эгчрүү залгаад та гэртээ ирэхгүй юм уу хүүхэд чинь уйлаад байна гэтэл эгч одоо очлоо гэж хэлэх үед цаана нь хүмүүс дуугараад байсан. Тэгээд эгчийг гэртээ ирэхгүй байхаар нь би хажуу талын айлаас манай эгч танайд байна уу гэхэд танай эгч огт манай гэрт орж ирээгүй, харин өчигдрөөс хойш замын хажууд байдаг айлд архи уугаад байгаа бололтой байсан гэхээр нь гэртээ буцаж хариад хүүхдүүдэд нь хоол цай хийж өгөөд галаа түлчихээд 21 цагийн үед хажуу айлын өвөөгийн зааж өгсөн айлд байж магадгүй гэж бодоод тухайн газар нь очсон. Тухайн айлд очиход хашааны хаалга нь онгорхой хашаан дотор хүмүүс чанга чанга дуугаар хэрэлдээд манай эгчийг хар куртиктэй хар малгайтай хүн чирээд гэрлүү дагуулаад орж байсан. Тэгэхээр нь би араас нь дагаад ортол тухайн гэрт 3 залуу болон манай эгчээс гадна нэг айлын бололтой настай эрэгтэй, эмэгтэй хоёр хөгшин байсан. Намайг орсны дараа манай эгчийг гэрт чирч оруулсан залуу нь хүзүүгээр нь тэвэрчихсэн хайраа тайван бай, битгий уурла гээд яриад зогсож байхаар нь эгчдээ хандаж одоо явъя гэтэл миний дүү явж бай, эгч нь араас нь яваад очъё гэхэд эгчийг тэвэрсэн залуу миний дүү энд суу гээд сандал зааж өгөхөөр нь би сандал дээр суулгүй эгчдээ та хурдан ирээрэй гэж хэлээд тухайн айлаас гараад явчихсан. Ингээд би гэртээ хариад хүүхдийг нь унтуулах гээд байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирээд надаас чи ямар учиртай хүн бэ, эгч чинь хаана байна, эгчийнхээ бичиг баримтыг аваад ир, та хамт явна гэхээр нь би энэ хүүхдүүдийг орхиж явж чадахгүй гэхэд зүгээр гадаа гараад юм асууя гэхээр нь дагаад гарсан. Цагдаа нарыг дагаж гараад машинд нь сууж цагдаагийн хэлтэс дээр ирээд эгчийнхээ овог, нэр, регистрийн дугаарыг хэлэх үед надад манай эгчийн гэрэл зурагтай цаас үзүүлээд энэ мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би мөн байна гэхэд надаас эгч чинь хаана байна, ямар хүмүүстэй нийлж нөхөрлөдөг вэ? Найз нөхдийг нь таних уу гэхээр нь таньдаг айл байхгүй, гэрийх нь ойролцоо нэг хөрш айл байгаа, найз нөхөд гэх хүн байхгүй гээд бид нар хамтдаа буцаад гэрт ирээд намайг буулгаад маргааш таныг дуудна гэж хэлсэн. Тэгээд эгчийнхээ хүүхдүүдтэй нь би гэртээ хоноод өнөөдөр цагдаагийн байгууллага дээр ирж уулзаж байна. Зодоон цохион болсон зүйл ажиглагдаагүй. Хэн нэгний биед ил харагдах шарх сорви байхгүй байсан. Эгч зүүн гараараа элгээ тэвэрч гарын сарвуу хэсгээ суган доогуураа оруулсан байдалтай нөгөө залуу нь эгчийг хүзүүгээр нь тэвэрчихсэн зогсож байсан. Бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ ухаанаа алдсан, тасарч унасан хүн байгаагүй. Би эгч дээр 21 цагийн үед очсон. Би тухайн гэрт дээд тал нь 30 минут болсон. Тэгээд буцаад гэртээ ирээд ороо засаад, хүүхдүүдээ оронд нь оруулчихаад өөрөө орондоо орох санаатай байж байтал цагдаа нар ирсэн. Ер нь манай дүү нар тогтмол 22 цаг өнгөрөөгөөд унтдаг юм. Ойролцоогоор 22 цаг өнгөрч байхад орж ирсэн байх. ...Манайх эцэг, эхээс есүүлээ, Х.Р нь айлын гурав дахь охин байгаа юм. Манай эгч 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. Хэниий аймгийн ******* тосгоны сургуульд сурч байгаад 2 дугаар ангиасаа гарсан. Мал маллаж байгаад Налайх дүүрэгт ирээд 2011 онд байх Б.Н гэдэг хүнтэй суусан дундаасаа гурван хүүхэдтэй. Б.Нтэй суухаас өмнө өөр хүнээс нэг хүүхэдтэй болсон юм. Тэр хүүхэд нь 16 настай, Казакстан улсад манай ээж дээр байдаг. Энд байдаг гурван хүүхдийх нь том нь 11 настай, дунд хүүхэд нь 6 настай нэгдүгээр ангид сурдаг, бага нь 2 настай. Нөхөр Б.Н нь 2020 оны 01 дүгээр сард нас барсан байдаг. Эгч маань 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Эгчид эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ааш зангийн хувьд тайван, даруу дөлгөөн зантай хүн байгаа юм. Зүрх нь өвддөг учраас архи, пиво цохидоггүй учраас нээх хэрэглээд байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед /барагцаагаар/ Налайх дүүргийн 8 дугаар хороо Наадмын задгай тоотод би эхнэр *******гийн хамтаар гэртээ хоёулаа байж байсан, тэгээд би 0.33 литрийн Хараа нэртэй жижиг архи ганцаараа уугаад сууж байтал гаднаас манай хашаанд амьдардаг Д.Б гэх залуугийн ах Д.Ч орж ирээд 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архи гаргаад надтай хамт хувааж уугаад сууж байтал гаднаас ******* /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх зүс таних эмэгтэй согтуу орж ирээд Д.Чтай хамт манайхаас Д.Бийнх рүү орсон. Ингээд би архиа ганцаараа ууж дуусчихаад дахиад архи уумаар санагдаад Д.Бийнх рүү 22 цагийн үед орсон /баримжаагаар/ Д.Б, түүний ах Д.Ч, ******* нар гэрийн зуухны зүүн талд хамт сууж байсан, харин Д.Бийн найз болох нэг танихгүй залуу болон би гэрийн зуухны баруун талд хамт сууж байсан, ******* гэх эмэгтэйн дүү гээд бас нэг танихгүй эмэгтэй гэрийн үүдний урд талд зогсож байсан, тэгтэл ******* Д.Чтай маргалдаж байгаад надруу хараад “Ш.Ц ахаа энэ 3 нийлээд намайг хүчиндэх гээд байна, би тэгэхээр нь дүүгээ дуудсан манай дүү энд зогсож байна” гэж хэлэхээр нь би “арай ч үгүй байлгүй дээ” гэж хэлээд дуусаагүй байтал ******* гэнэт нэг эрээн хутга барьж аваад Д.Чын цээж рүү нэг удаа дүрчихээд шууд босоод гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд Д.Б, Д.Бийн найз хоёр сандралдаад “Ш.Ц ахаа хурдан түргэн дуудаарай” гээд над руу орилохоор нь би Д.Бийнхөөс гараад гэртээ ороод эхнэр Б.Жд болсон зүйлийг хэлээд эмнэлэг дуудсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ нөхөр Ш.Цийн хамт байж байтал 20 цагийн үед байх одоо сайн санахгүй байна Д.Бийн ах талийгаач Д.Ч ирээд дүүгийнхээ машиныг авчирч өгч байна маргааш Баян-Өлгий рүү ачаа ачиж явахаар боллоо гэж хэлээд орж ирсэн ба энэ үед манай хүү Мөнхбаяр ирж байна намайг тосоод аваач гэхээр нь би зөрөөд гараад 10 шарын автобусны буудал дээрээс тосч аваад надад эмний мөнгө өгөөд би буцаад гэртээ иртэл Ш.Ц ганцаараа сууж байсан. Ингээд 21 цагийн үед болов уу гадаа нохой хуцаад байхаар нь гараад хартал Х.Ры дүү гэх эмэгтэй орж ирж байсан. Х.Р дагуулаад хойшоо Д.Бийн гэр рүү орсон. Тэгээд л удалгүй Д.Бийн гэрт эмэгтэй хүн орилж хашгираад байгаа бололтой байсан ба яг юу гэж орилоод байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би Ш.Цийг гарч нэг харна байгаа гээд хэлээд сууж байтал Д.Б хаалгаар шагайгаад энэ эмэгтэйг гаргаад өгөөч гэхээр нь би хаалгаар Ш.Цийн хамт гараад хартал Х.Р гэр дотор чанга чанга дуугараад байхаар нь Д.Бийн араас арай гэр рүүгээ орж амжаагүй байхад нь Х.Р чинь согтуу байна ш дээ эрэгтэй хүн байна даа 2 талаас нь сугадаж гаргаад хаалгаа түгжчих гэхэд Д.Б эмэгтэй хүн шүү дээ намайг сүүлд нь зодсон гэвэл яах юм бэ гэж хэлээд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд л араас нь Ш.Ц яваад орохоор нь би гэр рүүгээ ороод цай чанах гээд сууж байтал Ш.Ц уйлчихсан маш сандарсан байдалтай ороод ирэхээр нь яав гэхэд ******* буюу Х.Рыг Д.Бийн ахыг хутгалчихлаа ш дээ гэхээр нь яадаг билээ гэтэл гадаа Д.Б хурдан түргэн дуудаачээ гээд орилоод байсан би ч айгаад гэрээсээ гараагүй, түргэн ч гэсэн маш хурдан ирсэн бараг л 2-3 минутын дараа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр 16-ны өдрийн 21 цаг 54 минутанд манай түргэн тусламжийн төвд Налайх дүүргийн 8 дугаар хороо Наадмын задгайд хийморийн овооны хажуу талын хашаанд “хүн хутгалуулаад ухаангүй байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч миний бие очоод үзтэл талийгаач ухаангүй зүрхний үйл ажиллагаа тасалдаж суларсан байсан мөн цээж тус газар зүрхний ойр орчимд хутганы гүн шархтай хэсэг газартаа нилэнхүйдээ их хэмжээний цус алдсан ухаангүй комын байдалтай байсан. Би тэгээд шархыг даралттай боолт хийж яаралтай тусламжийн төврүү тээвэрлэж байхад талийгаачийн амьсгал зүрх судас бүрэн зогссон. Намайг дуудлаганд яваад очиход нэг хөгшин, эмгэн хоёр гудамжны үзүүрээс гарч ирээд зам заагаад тухайн гэртээ авчирсан намайг тэр гэрлүү ороход гэрт байсан хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тэр гэрт талийгаачтай хамт 2 хүн байсан тэр байсан хүмүүсийн нэг нь дүү нь, нөгөөдөх хүн нь найз нь гээд хашгирсан сандарсан байдалтай байсан. Намайг талийгаачид үзлэг хийж байхад 2 эмэгтэй хүнд хутгалуулсан тэр эмэгтэй нь гараад зугтаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Гэрч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед манай найз Д.Ч гэрт ирээд хамт машин янзлалцаад өг, төмрийн үйлдвэрт машин байгаа гэхээр нь би гадуур жоохон ажилтай байна гэхэд яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ гадуур ажил хөөцөлдөөд явж байтал 17 цагийн үед Д.Чын дүү залгаад Энгэршандаас ирээд авчих гэхээр нь би завгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд өөрийнхөө дүү Оюунбаатарыг хүргэж өгөөд дэлгүүр хоршоо орчихоод явж байтал Д.Чын дүү байнга залгаж намайг ирээд авчих, гэрт хүргээд өг гээд байхаар нь 20 цаг болж байхад Энгэршандаас Д.Чын дүүг очиж аваад замаараа Монсуль шатахуун түгээх станцаас бензин аваад дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа архи, 2 литрийн ундаа аваад Шинэ налайх хорооллын урд байдаг овооны баруун урд талын үзүүрийн хашаа буюу Д.Чын дүүгийн гэрт ирсэн. Гэрт бид хоёрыг орох үед Д.Ч танихгүй нэг хүүхэнтэй хамт сууж байсан. Бид хоёр ороод Д.Чт авсан архиа өгсөн. Тэр архийг Д.Ч болон Д.Чтай хамт байсан хүүхэн бид гурав хувааж уусан. Харин Д.Чын дүү нь ганцаараа пиво уугаад байсан. Бид гурвын ууж байсан архи талдаа орж байхад би машинаа унтраах гэж гараад нэг мөр хашаанд нь оруулж тавиад буцаад гэрт орж ирж бид гурав үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. ...Би тухайн үед үнэхээр архиндаа согтоод болсон асуудлыг сайн мэддэггүй. Миний мэдэж байгаагаар архи ууж байхад Х.Р талийгаачийг ус хийгээд өг гэж хэлэхэд талийгаач өөрөө хийгээд уу гэж хэлж байсан тэрний дараа талийгаач бид 2 явах талаараа яриад сууж байгаад хэр удсанаа санахгүй байна ямар ч байсан би бие засахаар гараад эргээд ороод иртэл Д.Б талийгаачийг тэврээд орилж байсан ба тэрийг хараад л миний архи арай гайгүй болсон юм уу яанаа болоод л явчихсан. Тэгэхээр яг юунаас болж маргалдсаныг нь сайн санахгүй байна. Намайг анх ороход л Х.Р куртикээ тайлсан орон дээр нь сууж байсан. Хувцсыг нь тайлах гэж дайрсан оролдсон асуудал миний мэдэхийн огт байхгүй. Миний санаж байгаагаар учир нь би тухайн асуудлыг бүдэг бадаг санаад байгаа ямар ч байсан талийгаач гэрийн хоймор хэсэгт сууж байсан, Х.Р гэрийн зүүн хойд хэсэгт суусан, Д.Б зуухны урд суусан, би болохоор гэрийн зуухны урд буюу гэрийн баруун талд сууж байсан. Сүүлд Х.Ры дүү гэх улаан куртиктэй эмэгтэй орж ирээд хаалганы хажууд л суусан, өвгөн орж ирээд Д.Бийн хажууд суусан шиг санагдаж байна. Тэгээд л би бие засахаар гарсан. ...Намайг бие засаад эргээд харахад улаан куртиктэй эмэгтэй хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгээд гэрт яваад ортол Д.Б талийгаачийг тэвэрсэн орилоод уйлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
- Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 18 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг ус түгээх худагт түгээгчээр ажилладаг юм. Х.Р нь 2019 оноос хойш манай худгаар үйлчлүүлж байнга ус авдаг ба бид 2 танилцаж найзалж нөхөрлөж яваа. Зан байдлын хувьд муухай зан ааш байхгүй, яриасаг, нөхөрсөг, наргианч зантай. Хүнийг хөөрхөн доог тохуу хийгээд тоглодог хөгжөөнтэй хүн. Хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа их зоригтой эмэгтэй гэж би боддог, мөн хэлэх үгээ шууд хэлчихдэг шударга зантай. Нээх муу зуршил гээд байх зүйл анзаарагддаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Р мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний бие Б.Ж эгчээс хоолны шүүгээ авахаар очиход гэрт нь Д.Б сууж байсан ба бид 2 танилцахад Д.Б шкаф хийдэг гэхээр нь тэгвэл би дараа нь шкаф хийлгэе гэж ярьсан юм. Д.Б намайг яараагүй бол жоохон ярьж хөөрөөд жоохон сууя гэхээр нь зөвшөөрөхөд Д.Б миний хийсэн шкаф манай гэрт байгаа орж үзэх үү гэхээр нь зөвшөөрөөд гэрт нь хамтдаа ороход гэрийнх нь баруун талд шар өнгийн 3 хаалгатай шкаф байсан. Тэрийг хараад би суухад намайг пиво уух уу гэхээр нь зөвшөөрөхөд хоолны шүүгээнээсээ лаазтай пиво гаргаж ирж өгөөд бид 2 уунгаа ойр зуурын юм яриад суусан. Нийтдээ хүний 4, 4 ширхэг буюу нийслэл нэртэй 0,5 литрийн лаазтай пиво хувааж ууцгаасан. Ингээд цаг оройтоод 22 цаг болсон болохоор нь би гэртээ харилаа гээд явах гэхэд Д.Б найз завтай бол хоноод яваач би чамайг ямар нэг байдлаар дотно харилцаа байхгүй, оролдохгүй ярьж хөөрөөд сууя гэхээр нь зөвшөөрөөд тэндээ хамтдаа гэрт нь хоноод өглөө 06 цагийн үед сэрээд явах гэтэл жоохон байж байгаад яваач гэхээр нь би хэсэг хэвтэж байгаад 07 цагийн үед гараад гэртээ очоод байтал над руу залгаад хүүхдүүд чинь гайгүй юу, дүү чинь загнасан уу гэхээр нь зүгээрээ гэхэд за за тэгвэл хэрэг гарвал ярья гэхээр нь би за гээд утсаа тасалсан. Тэгээд орой 19 цагийн үед над руу Д.Б залгаад завтай юу манай ах ирчихлээ ороод ирэх үү гэхээр нь би хоолоо хийж байна гэхэд гялс хоолоо хийчихээд хүрээд ир гэхэр нь би хоолоо хийчихээд гараад очтол гэрт нь хүн байхгүй байхаар нь утасруу нь залгахад би урд дэлгүүрт явж байна манай ах урд айлд байгаа тэнд ороод байж бай гэхээр нь урд талд нь байдаг эмээ, өвөөгийн гэрт ортол Д.Бийн ах нь Ш.Ц өвөөтэй архи уугаад сууж байсан. Тэгтэл Б.Ж эмээ намайг юу хийж яваа юм бэ гэхээр нь Д.Б намайг дуудаад би орж ирж байна гэж хэлэхэд Ш.Ц ах надад архи хундагалаж өгөхөөр нь би уруулаа хүргээд би архи уудаггүй ш дээ гэж хэлээд буцаагаад өгсөн. Ингээд талийгаач намайг 2-уулаа Д.Бийн гэрт орж байя гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа гэрт нь ороход галдаа нүүрс хийсэн гэр нь дулаахан байсан ба удалгүй араас 5 орчим минутын дараа байх Д.Б найзтайгаа тор дүүрэн юм аваад ороод ирсэн. Тэгээд гал дээр мах тавьчихгүй яасан юм гэхэд Д.Ч махыг чинь хаана байгааг мэдэхгүй гэхэд Д.Б гэрээс гараад мах оруулж ирээд гал дээр тавиад намайг гурил зуурчих гэхээр нь би гурил зуураад эхлэхэд Д.Б 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи, 2,5 литрийн 2 савтай нийслэл нэртэй пиво гаргаж ирээд талийгаач нэг шил архийг нь задлаад тойруулаад уугаад эхэлсэн ба надад архи хундагалаад өгөхөөр нь би уухгүй гэхэд бариултай том стаканаар пиво хийж өгөхөөр нь би тэрийг нь 2, 3 балгаж тавиад 00 орох гээд гараад жорлонгийн хажууд очиход дотор муухайраад огиулахад жоохон бөөлжсөн. Тэр үед идсэн хоолоо бөөлжөөд гаргасан. Тэгээд орж ирээд пиво уух уу гээд өгөхөд пиво гашуун өөр амттай болсон байсан. Би энэ яагаад гашуун болчихсон юм бэ гэхэд зүгээр гэж хэлсэн. Би тэгэхэд нь та нар архи хольсон юм биш биз гэж хэлэхэд талийгаач архи холиогүй уу, уу гэж хэлээд миний гарыг барьж байгаад талийгаач шууд амруу цутгасан. Би тэрийг нь асгаж, цутган барин уусан. Би тэгээд гурилаа элдэх үү гэхэд хэрэггүй наад нялцгай гурилыг элдэж яадаг юм бэ, гамбанз манайд байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач наад хүүхнийг чинь би тэвэрч суумаар байна гэсэн. Тэгэхэд Д.Б болно ш дээ ах гэж хэлсэн. Тэгэхэд нь би чиний ах юм байгаа биз дээ гэхэд яахав дээ ******* минь гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач өнөө шөнө чамайг би жаргаана гэж хэлээд намайг тэврээд байхаар нь би Төмрөөд чи ахыгаа ав гэж хэлэхэд ганц бие хүн юм чинь тэврүүлчихнэ биз дээ гэж хэлсний дараа талийгаач тэгвэл бид 3 өнөө шөнө чамайг жаргааж болно ш дээ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ, би танай дүү Төмөрөөгийн найз гэхэд зүгээр зүгээр та хоёрыг би мэднэ гэж хэлсэн. Чи юун маягтай юм бэ, хүүхнүүд ингээд маяглаад байдаг байхгүй юу гэж хэлсэн. Талийгаач дахиад намайг тэврээд элээд, үнсье гээд дайраад байсан болохоор нь би явлаа гэсэн чинь Төмөрөө чи явж яах гээд байгаа юм бэ, манай ахыг ойлго л доо гээд намайг явахыг болиулсан. Тэгэхэд талийгаач би чамайг жаргаана гэхээр чи айсан уу гэж асуухад би та нараас айж байна, би Төмөрөөгийн найз болохоос таны найз биш, бас танихгүй гэхэд өнөөдөр сайн танилцаж болно ш дээ чи өөрөө зөвшөөрөхгүй бол би чамд хүч хэрэглэнэ шүү гээд намайг тэврэхэд нь би гарыг нь арай гэж тавиулсан. Дахиж араас босож ирээд цамцны 2 ханцуйг зөрүүлж бариад өөрлүүгээ татсан. Би 2 гараа хойш татахад цамц урагдсан. Би левчиктэй үлдэж, тэр чигээрээ гэрээс гараад явах гэтэл нүцгэн байсан учир Д.Б араас гарч ирээд чи цамцаа авчих гэхээр нь наашаа шидчих гэхэд чи орж ирээд цамц куртка утсаа ав гэхээр би явж ороод хоолны шүүгээний хажууд зогсоход талийгаач босч ирээд өө чи ороод ирсэн үү гээд миний гараас атгаад авахаар нь би цамц куртикээ авчихья гэж хэлээд ойр орчмоо тойруулаад хартал орны толгой дээр миний цамц, утас болохоор хоймор хэсэгт шалан дээр хэвтэж байсан, куртик харагдахгүй болохоор нь би миний гарыг тавь гэж хэлээд дугтарахад зүүн гарыг барьсан байснаа тавихгүй байхаар нь би баруун гараа хойшоо явуулахад шүүгээний шургуулга таарахаар нь татаад гараа оруултал нэг юм баригдсан тэгэхээр нь авахад хутга байсан ба би зүүн гараа дугтараад тавиулаад хутгаа 2 гараараа урдаа чанх урагш чиглүүлээд барихад Д.Б миний ард, нөгөө залуу нь гэрийн зүүн хатавч хавьцаа зогсож байсан ба талийгаач миний урдаас зуухны өмнө намайг тэврэх гээд 2 гараа сарвайгаад чам шиг хүүхэн хүн хутгалж чаддаггүй юм гэхэд Д.Б чи очоод хутгалчихаач гэхээр нь би үгүй, харин над руу ойртох юм бол хутгална шүү гэхэд чам шиг хүүхэн чаддаггүй юм гэж хэлээд шууд тэврэх гээд гараа толгойны хажуугаар явуулахаар нь би цээжинд нэг удаа дүрэхэд талийгаач цээжээ дараад хойшоо ухраад 2 алхаад доошоо хараад хэвтсэн. Тэгтэл миний араас Д.Б миний хүзүү рүү цохиод би урагшаа унаад манараад явчихсан нүд эрээлжлээд нилээн манараад босоод иртэл Д.Б ахыгаа тэврээд авчихсан чи алчихлаа ш дээ гээд дээш нь харуулахад цээжнээс нь цус гарч байхаар нь би яанаа би хүн алчихлаа гэж хэлээд би өөрийгөө бас хорлоно гэж хэлээд газар унагасан хутгаа дахиад аваад өөрийнхөө хоолойнд тулгатал Д.Б ахыгаа орхиод ******* тэгж болохгүй гэж хэлээд миний хутгыг авах гэхээр нь би өгөхгүй гээд Д.Б бид 2 хутгаа булаацалдаад миний гарыг мушгиад дарахад хутганы ирэнд гар зүсэгдсэн хутга мултараад унасан. Д.Б буцаад ах руугаа яваад очихоор нь би сандраад гарч яваад гэртээ очтол манай дүү Х.Б унтах гээд хэвтэж байснаа миний гарыг хараад наадах чинь юун цус болчихсон юм бэ яасан бэ сая юу болсон юм гэхээр нь чимээгүй авдраасаа куртикээ аваад шууд гараад явсан. Тэгээд би айгаад гэрийнхээ ойролцоо гудамжаар алхангаа Д.Бийн гэрийг ажиглаж байхад түргэний машин ирээд зогсож байгаад явахаар нь очдог юм билүү гэж бодсоноо айгаад гадуур холхиод явж байтал нэг хүн ******* гээд дуудахаар нь эргээд хартал цагдаа байсан ба намайг бариад цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: Цээжний зүүн талд 4, 5 дугаар хавирганы завсар ташуу байрлалтай ир тал нь 23 цагийн чиглэлд, мөр тал мөр 17 цагийн чиглэлд 3х1 см хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны уналт, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь талийгаач амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын ханын нэвт хатгагдсан шархны улмаас зүүн уушги унаж, хурц цус алдаж, цээжний зүүн хөндийд цус хуралдаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд 3,9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ” гэх дүнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №08 шэ/55 дугаартай дүгнэлтэд: “Х.Ры биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн сарвуунд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн сарвуунд шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 717 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б 44 эр 2021.01.17 01.28” гэсэн хаягтай цуснаас 2,6 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 715 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Н.Г 43 эр 2021.01.17 01.50” гэсэн хаягтай цуснаас 4,0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 4,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Х.Р 38 эм 2021. 01.17 01.35” гэсэн хаягтай хаягтай цуснаас 1,7 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт, ягаан өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, шинэ ханзралт, шаргал өнгийн хөхний даруулга дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, ягаан өнгийн оймс дээр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн малгайтай цагаан өнгийн хүрэм, саарал өнгийн түрийтэй 1 ширхэг оймс, саарал өнгийн түрийгүй 1 ширхэг оймс, ягаан өнгийн дотоож зэрэг нь гэмтэлгүй байна. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-108, 112-115 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 719 дугаартай дүгнэлтэд: “Саарал өнгийн куртик, ягаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн хөхний даруулга дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Хөх өнгийн дотоож, ягаан өнгийн болон саарал өнгийн 1, 1 хос оймс дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүэлэлт /хх-ийн 109-111 дугаар хуудас/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:
“1. Х.Р нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Х.Р нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт үгүй байна.
3. Х.Р нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Х.Р нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Х.Рд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.Рыг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай тогтоол /хх-ийн 121 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Ры иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 153 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 154 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 155 дугаар хуудас/, Х.Ры нөхөр Б.Нийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 161 дүгээр хуудас/, хүүхдүүд болох Р.С, Р.М, Н.А, Н.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 162-165 дугаар хуудас/, Налайх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсийн тодорхойлолт /хх-ийн 166 дугаар хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 167 дугаар хуудас/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШШ2020/00121 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 168-196 дүгээр хуудас/, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт хохирол төлсөн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, хохирлын баримтууд /хх-ийн 205-225 дугаар хуудас/,
- Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Миний бие нь шүүгдэгч ******* хохирол 3.703.718 төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 1 ширхэг, 19 см урттай ажлын хэсэгтээ цагаан ягаан алаг өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цагаан, улаан, цэнхэр өнгийн аяга 3 ширхэг, шилэн аяга 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд ............................................. тоотод Д.Чтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолны шүүгээнээс хутга авч Д.Чын зүрхэн тус газар нь 1 удаа хутгалж алсан нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд хэрүүл маргаан гараад би хоол хийх зуур ах зогсчихсон, Х.Р хутга барьсан ахыг нь хутгалчихлаа ш дээ гээд цээжээ бариад зогсож байсан. Тэгээд би ******* хутгыг салгаад ах руугаа гүйж очсон” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед байх манай төрсөн дүү Д.Б над руу залгаад талийгаачийг нас барчихлаа та хурдан Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гэж хэлэхээр нь тэр дороо гэрээсээ гараад цагдаагийн хэлтэс ирээд болсон асуудлыг мэдсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Р л агсамнаад байхаар нь зогсоож дийлээгүй, тэгээд би яг галаа хутгаж байтал манай ах Д.Ч ах сууж байснаа гэнэт босоод “намайг хутгалчихлаа” гээд орилохоор нь хартал Д.Ч ахын цээжнээс нь цус гоожоод Х.Р яг урд нь гартаа манай гэрийн хоолондоо хэрэглэдэг цэцгэн хээтэй цагаан хутгыг барьчихсан зогсож байсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зодоон цохион болсон зүйл ажиглагдаагүй. Хэн нэгний биед ил харагдах шарх сорви байхгүй байсан. Эгч зүүн гараараа элгээ тэвэрч гарын сарвуу хэсгээ суган доогуураа оруулсан байдалтай нөгөө залуу нь эгчийг хүзүүгээр нь тэвэрчихсэн зогсож байсан. Бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ ухаанаа алдсан, тасарч унасан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэнэт нэг эрээн хутга барьж аваад Д.Чын цээж рүү нэг удаа дүрчихээд шууд босоод гэрээс гараад зугтаачихсан, тэгээд Д.Б, Д.Бийн найз хоёр сандралдаад “Ш.Ц ахаа хурдан түргэн дуудаарай” гээд над руу орилохоор нь би Д.Бийнхөөс гараад гэртээ ороод эхнэр Б.Жд болсон зүйлийг хэлээд эмнэлэг дуудсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэр рүүгээ ороод цай чанах гээд сууж байтал Ш.Ц уйлчихсан маш сандарсан байдалтай ороод ирэхээр нь яав гэхэд ******* буюу Х.Рыг Д.Бийн ахыг хутгалчихлаа ш дээ гэхээр нь яадаг билээ гэтэл гадаа Д.Б хурдан түргэн дуудаачээ гээд орилоод байсан би ч айгаад гэрээсээ гараагүй түргэн ч гэсэн маш хурдан ирсэн бараг л 2-3 минутын дараа ороод ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр 16-ны 21 цаг 54 минутанд манай түргэн тусламжийн төвд Налайх дүүргийн 8 дугаар Наадмын задгайд хийморийн овооны хажуу талын хашаанд “хүн хутгалуулаад ухаангүй байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч миний бие очоод үзтэл талийгаач ухаангүй зүрхний үйл ажиллагаа тасалдаж суларсан байсан мөн цээж тус газар зүрхний ойр орчимд хутганы гүн шархтай хэсэг газартаа нилэнхүйдээ их хэмжээний цус алдсан ухаангүй комын байдалтай байсан би тэгээд шархыг даралттай боолт хийж яаралтай тусламжийн төврүү тээвэрлэж байхад талийгаач амьсгал зүрх судас бүрэн зогссон. ...намайг талийгаачид үзлэг хийж байхад 2 эмэгтэй хүнд хутгалуулсан тэр эмэгтэй нь гараад зугтаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед үнэхээр архиндаа согтоод болсон асуудлыг сайн мэддэггүй. ...би бие засахаар гараад эргээд ороод иртэл Д.Б талийгаачийг тэврээд орилж байсан ба тэрийг хараад л миний архи арай гайгүй болсон юм уу яанаа болоод л явчихсан. ...Тэгээд гэрт яваад ортол Д.Б талийгаачийг тэвэрсэн орилоод уйлж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Р мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...талийгаач миний урдаас зуухны өмнө намайг тэврэх гээд 2 гараа сарвайгаад чам шиг хүүхэн хүн хутгалж чаддаггүй юм гэхэд Д.Б чи очоод хутгалчихаач гэхээр нь би үгүй, харин над руу ойртох юм бол хутгална шүү гэхэд чам шиг хүүхэн чаддаггүй юм гэж хэлээд шууд тэврэх гээд гараа толгойны хажуугаар явуулахаар нь би цээжинд нэг удаа дүрэхэд талийгаач цээжээ дараад хойшоо ухраад 2 алхаад доошоо хараад хэвтсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай “...Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: Цээжний зүүн талд 4, 5 дугаар хавирганы завсар ташуу байрлалтай ир тал нь 23 цагийн чиглэлд, мөр тал мөр 17 цагийн чиглэлд 3х1 см хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны уналт, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь талийгаач амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Х.Р 38 эм 2021. 01.17 01.35” гэсэн хаягтай цуснаас 1,7 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт, ягаан өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, шинэ ханзралт, шаргал өнгийн хөхний даруулга дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, ягаан өнгийн оймс дээр хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн малгайтай цагаан өнгийн хүрэм, саарал өнгийн түрийтэй 1 ширхэг оймс, саарал өнгийн түрийгүй 1 ширхэг оймс, ягаан өнгийн дотоож зэрэг нь гэмтэлгүй байна. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 719 дугаартай дүгнэлтэд: “Саарал өнгийн куртик, яагаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн хөхний даруулга дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Хөх өнгийн дотоож, ягаан өнгийн болон саарал өнгийн 1, 1 хос оймс дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22:04 цагт ирсэн “Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадам толгойн задгай тоотод хутгалуулсан хүн эмнэлэг явж байх замдаа нас барсан” гэх дуудлагын бүртгэл, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ры дээрх хууль бус үйлдлийн улмаас Д.Чын амь хохирсон гэмт үйлдэл, үхэл хоорондын шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Х.Рыг амь хохирогч Д.Чтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжинд нь 1 удаа хутгалж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Д.Чын амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 4.878.708 төгрөг нэхэмжилсэн ба шүүх 3.703.718 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч ******* гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Х.Р нь шүүхийн шатанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 400.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1.100.000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хаан банкны дансруу шилжүүлж төлсөн байх тул 1.500.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2.203.718 төгрөгийг гаргуулж хохирогчий хууль ёсны төлөөлөгчид олгох зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Рыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үлдэгдэл мөнгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “миний бие нь шүүгдэгч ******* хохирол 3.703.718 төгрөгийг хүлээн авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Х.Рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.703.718 төгрөгийг бүрэн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж, шүүгдэгч Х.Р нь өрх толгойлсон эх тул түүний 4 хүүхдэд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч өрх толгойлсон эх, дөрвөн хүүхэдтэй, нөхөр нь нас барахдаа их хэмжээний өр тавьсан, өрийг нь төлдөг байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулж өгнө үү. Х.Ры 4 хүүхдэд асран хамгаалагч тогтоолгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах санал гаргаж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.Р нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй буй үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 3.703.718 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, өрх толгойлсон эх, 3-16 насны дөрвөн хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Рыг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн архины шил 1 ширхэг, 19 см урттай ажлын хэсэгтэй цагаан ягаан алаг өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цагаан, улаан цэнхэр өнгийн аяга 3 ширхэг, шилэн аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ры нөхөр болох Б.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох Р.С / /, Р.М / /, Н.А / /, Н.А / / нарт асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Шүүгдэгч ******* овогт Х.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рд 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рд оногдуулсан 6 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ры урьд нь баривчлагдсан 48 /дөчин найм/ цаг буюу 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рд урьд авсан хувийн баталгаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн архины шил 1 ширхэг, 19 см урттай ажлын хэсэгтэй цагаан ягаан алаг өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цагаан, улаан, цэнхэр өнгийн аяга 3 ширхэг, шилэн аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ры насанд хүрээгүй хүүхдүүд болох Р.С /СШ05270912/, Р.М /СШ10210705/, Н.А /УД14270120/, Н.А /УД17302408/ нарт асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ