| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0043/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 2116000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А овгийн Д-н Г.
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Шинэ-Алтай захын хойд талын машины зогсоол дээрээс Шарга сумын иргэн М.Т-н гээгдүүлсэн redmi-note-7 маркын гар утсыг бусдын эзэмшил ашиглалтад байгаа болохыг мэдсээр байж завшиж, хохирогч М.Т-т 455000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Г нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Шинэ-Алтай захын хойд талын машины зогсоол дээрээс Шарга сумын иргэн М.Т-н гээгдүүлсэн redmi-note-7 маркын гар утсыг бусдын эзэмшил ашиглалтад байгаа болохыг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.Т-т 455000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийн завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 2021 оны 03 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотоос ирсэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 10 хоног хөл хорионд байж байгаад 03 дугаар 22-ны өдөр охиныхоо утсыг засуулах гэж гарсан. Утас засвар хаана байгааг мэдэхгүй байсан учир Алтай чуулга ороод жолооч П.Э-г дагуулаад зах руу явсан. Шинэ Алтай захын баруун талын зогсоол дээрээс хар өнгийн гар утас олсон. Шуургатай байсан. Өөр хүн амьтан байгаагүй. Өөр лүүгээ залгаж үзээд ажиллаж байгаа юм байна гээд гар утас засвар орж охиныхоо утсыг засуулах гэсэн боловч сэлбэг байхгүй гэхээр нь П.Э-г хүргэж өгөөд гэр рүүгээ явсан... М гэдэг байцаагч утсаар яриад та утас олсон байна хүрээд ир гэсэн. Тэгээд би утсыг нь аваад очсон ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Хуулийн мэдлэг дутуугаас болж ийм алдаа гаргалаа. Цаашид ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял шийтгэл оноож өнө үү? гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч М.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цагийн үед Шарга сумаасаа эмнэлэгт үзүүлэхээр гарсан. Тэгээд аймгийн төв дээр ирээд шинжилгээ өгөөд эмнэлгээр явж байгаад 16 цаг 50 минутын орчимд зах дээр очсон. Тэгээд Шинэ-Алтай захын баруун талын машины зогсоол дээр нөхрийн хамт машинтайгаа очоод машинаа Шинэ-Алтай захын зогсоол дээр байрлуулаад машинаасаа буугаад дэлгүүр орсон. Дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад буцаж гарч ирээд машин дээрээ ирэхэд манай нөхөр надад чиний утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа халаасандаа болон орсон дэлгүүртээ буцаж очоод хайтал олдоогүй, тэгээд Шинэ-Алтай захын 2 давхарт гараад камерын бичлэг шүүсэн. Камер шүүхэд миний утас намайг машинаас буух үед машины хажуу тал руу унаж байгаа харагдсан. Тэгээд манай машины хажуугаар явж байсан нэг хүүхэд хоёр залуутай хамт явж байсан эрэгтэй хүн олж аваад Шинэ-Алтай зах руу орж байгаа бичлэг нь байсан ... Миний гээгдүүлсэн утас нь хар өнгийн red-mi note-7 маркын гар утас байсан... Миний гээгдүүлсэн утас манай гэрт байгаа. Цагдаагаас надад олсон хүнтэй нь хамт байлцуулж байгаад хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /ХХ34/,
Гэрч Х.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай эхнэр М.Т, Н.Г нар зах руу орохоор машинаас буугаад явсан. Би машинаа зогсоолд байрлуулахаар хөдөлсөн. Тэгээд зогсоод эхнэрийн араас юм захих санаатай залгасан чинь 2 дугаар нь хоёулаа холбогдохгүй байсан. Тэгээд эхнэр захаас гарч ирээд машинд суухад нь би утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ гэж асуутал утсаа хайгаад олоогүй. Орсон дэлгүүртээ буцаж ороод хайгаад бас олоогүй. Тэгээд Шинэ-Алтай захын хяналтын камерыг шүүлгэхэд манай эхнэр машинаас буухдаа утсаа өвөр дээрээсээ машины хажуу тал руу унагааж байгаа бичлэг байгаа юм. Унагаасан утсыг цэнхэр куртиктэй, цагаан юүдэнтэй цамцтай залуу, тэр залуу нэг жаахан охин дагуулан байсан. Бас нэг махлагдуу хар куртиктэй, дотуур нь шар өнгийн цамцтай хүмүүс цуг ирээд цэнхэр куртиктэй залуу нь утсыг аваад тэр 3 шилэн зах руу орж байгаа бичлэгүүд байсан ... Манай эхнэрийн гээгдүүлсэн утас нь хар өнгийн гэртэй, нэлэнхүүдээ хар өнгөтэй, red-mi note-7 маркын гар утас байсан ” гэсэн мэдүүлэг /ХХ36/,
Гэрч П.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байтал Д.Г надад хэлээд охиныхоо утсыг засуулах гэсэн юм. Зах руу хамт явъя гээд Д.Г, түүний охин, Бирдаан бид 4 Д.Гийн эзэмшлийн цагаан өнгийн elentra маркын машинаар явсан. Тэгээд зах дээр очоод захын дээд талын зогсоол дээр машинаа тавиад бид 4 машинаас буугаад Бирдаан би ажилтай гээд яваад өгсөн. Бид 3 зах руу орох гээд ертөнцийн зүгээрээ баруун гар тал руугаа 1-2 метр газар явтал газарт цагаан Prius-20 маркын автомашины хажууд хар өнгийн утас хэвтэж байсан. Д.Г тэр утсыг аваад энэ хэний утас вэ гээд дээшээ өргөсөн. Эзэн нь ирээгүй. Тэгээд Д.Г тэр утсыг аваад бид 3 шилэн зах руу ороод Д.Г-н охины утсыг засуулах гэтэл сэлбэг нь байхгүй байна гээд буцаад машиндаа суугаад ажил руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ38/,
Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай аав, аавын найз 2 ах, тэгээд бид хэд явсан. Би аавтайгаа захаас юм авахаар явсан. Бид хэд манай аавын машинтай явж байгаад захын зогсоол дээр зогсоод зах руу орох гэтэл манай аав газраас нэг хар өнгийн утас олсон. Тэгээд аав тэр утсыг аваад зах руу ороод буцаж гарч ирээд машиныхаа голын хайрцагт хийсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ40/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ17-18/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ19-20/, Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-820/161 дугаартай дүгнэлт /ХХ12-15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Д.Г-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Д.Г-д 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс өөр газар явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч М.Т-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс өөр газар явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-д танилцуулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч М.Т-т хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА