Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 501

 

                                                                                                                                                                                                                                     

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Бөд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяаг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 555 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Бөд холбогдох эрүүгийн 1809000710022 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нүдэн овогт Б.Б, 190 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, 00 ажилладаг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000084/,     

 

             Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, то отод өөрийнх нь гэрт ирсэн хохирогч Ц.Сг согтуугаар маргаан үүсгэхэд нь харилцан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ...Шүүх шүүгдэгч Б.Бөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

1. Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд гэрч О.Г мэдүүлэхдээ “...хэвтэж байсан эмэгтэй ...зодох гээд дайраад байхаар нь би барьж авсан. Тэгээд гаръя гэсэн гарахгүй ...байсан. Тэгээд орилж хашгираад байхаар нь бид 2 чирээд гартал газар хэвтчихээд орцонд явахгүй байсан. Чирсээр байгаар лифтэнд бууж доош явсан...” гэж, 26-27 дугаар хуудсанд гэрч Б.Д мэдүүлэхдээ “...С гарахгүй болохоор нь бид хоёр чирээд гартал газар хэвтээд орцонд орилж хашгираад байсан ...нэг давхарт газар хэвтчихээд босохгүй болохоор нь гарыг нь хойно нь өчөөд өргөж босгоод машинд суулгасан...” гэж тус тус мэдүүлжээ. Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Ц.С нь цагдаагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүйн улмаас эргүүлийн цагдаа О.Г, Б.Д нар хохирогчид хүч хэрэглэх явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №566 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийн аль нэг гэмтэл нь үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

2. Хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тухайн хэрэг явдал болох үед н.О гэх хүн байсан талаар дурджээ. Мөрдөгч, прокурор нь хэргийн байдлыг бүрэн тогтоох үүргийн дагуу хэрэг болох үед байсан тухайн этгээдээс хэрэгт холбогдолтой мэдэх зүйлийнх нь талаар тодруулах зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авах нь зүйтэй. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарласны эцэст байцаалт авах.

3. Хэрэг болсон гэх газарт тухайн цаг хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий камерын бичлэг байгаа эсэхийг тодруулж холбогдох ажиллагаа хийлгэх.

4. Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон байдал хангалтгүй байх тул энэ талаар зохих ажиллагаа хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Шүүх тус хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулсан ба анхан шатны шүүх хуралдаанаар дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв. ...Нүдэн овогт Батжавын Б.Бөд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ...шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргал “...Шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 555 дугаартай захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний дээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хүлээн аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эсхүл талуудын гаргасан хүсэлт гомдлоор болон шүүгч өөрийн санаачлагаар асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах заалттай байхад шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг анхан шатны журмаар, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруугийн хурлаас хэргийг прокурорт буцаасан.

Б.Бөд холбогдох хэргийг өмгөөлөгч Д.Алтантуяагийн Оюундэлгэрийг гэрчээр байцаалгах ...зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

2. Б.Бөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогч Ц.Сгийн 2 удаагийн мэдүүлэг, гэрч О.Г, Б.Д, Ч.Н, Ш.М нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 566 дугаартай дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.Бийн “...Ц.С манай гэрт орж ирэхэд нүүрэнд нь гэмтэл харагдаагүй” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байхад “хохирогч Ц.С нь цагдаагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүйн улмаас эргүүлийн цагдаа О.Г, Б.Д хохирогчид хүч хэрэглэх явцад шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийн аль нэг гэмтэл нь үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн өдөр Б.Бийн гэрт дуудлагаар очсон цагдаагийн ажилтан О.Ганхөлөг, Б.Даваажав нар хохирогч Ц.Сгийн нүүрэнд гэмтэл учруулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хохирогч Ц.С, гэрч О.Г, Б.Д нарын мэдүүлгээс харагдаж байгаа болно.

Түүнчлэн Б.Б, хохирогч Ц.С нар нь Б.Бийн гэрт маргалдаж, ноцолдсон нь хохирогч, яллагдагч нарын болон гэрч Б.Цэрэндорж нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Б.Бийн эх О нь уг маргаан ноцолдоон ямар байдалтай болсон, Ц.Сгийн биед гэмтэл хэзээ, хэн, яаж учруулсныг нүдээр харах боломжгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.Бийн “манай ээжийн 2 нүд нь юм хардаггүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Оийг уг хэрэгт гэрчээр байцаах шаардлагагүй, нотлох баримтын хувьд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэргийг гаргуулан авч хэрэгт хавсаргасан байхад Б.Бийн хувийн байдлыг тогтоосон байдал хангалтгүй, энэ талаар зохих ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 555 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл...” бичжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Анхан шатны шүүхээс Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг дуудлагаар очсон эргүүлийн цагдаа нар хохирогчид хүч хэрэглэх явцад гэмтлүүдийн аль нэг гэмтэл нь үүссэн эсэхийг тодруулах,

тухайн хэрэг явдал болох үед н.Оюундэлгэр гэх хүнээс хэрэгт холбогдолтой мэдэх зүйлийнх нь талаар мэдүүлэг авах,

тухайн цаг хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий камерын бичлэг байгаа эсэхийг тодруулах,

шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байдал хангалтгүй байх тул энэ талаар зохих ажиллагаа хийж гүйцэтгүүлэх гэсэн 4 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Сд “...тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт...” /хх-34/ гэмтэл учирсан талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл нь дүгнэлт гаргажээ. Дээрх гэмтлүүдийн шинж чанараас үзэхэд Ц.С нь цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэх явцдаа дээрх гэмтлүүдийг авсан байх байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид хохирогч Ц.Сг хэд хэдэн удаа газарт хэвтээд босохгүй, орилж хашгираад байхаар нь гарыг нь өчсөн гэж мэдүүлдэг ба харин түүний толгой, нүүр рүү нь цохисон гэж үзэх нөхцөл байдлыг баталсан нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Бийн эх Оюундэлгэр нь биеийн эрүүл мэндийн хувьд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Бийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба түүний мэдүүлэг өөр бусад баримтаар үгүйсгэгдээгүй байна. Иймд иргэн Оюундэлгэрийг гэрчээр тогтоож, байцаалт авах шаардлагагүй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Бийн оршин суугаа газрын Засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд авагдсан байхад шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг нэмж тодруулахаар заасан нь үндэслэлгүй байна.

 

Гэмт хэрэг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 000 тоотод шүүгдэгч Б.Бийн гэрт гарсан байх ба тухайн байрны хяналтын камерын бичлэгээр хэрэгт ач холбогдолтой үйл баримт, нөхцөл байдал нотлогдох эсэх нь тодорхойгүй, камерт бичлэг хийгдсэн эсэх, хийгдсэн бичлэг одоо хүртэл хадгалагдаж байгаа эсэх нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй учир энэ ажиллагааг нэмж хийх шаардлагагүй гэж үзэв.            

Иймд Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ