Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0104

 

 

         “Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: “Х ББСБ” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 872 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0400/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдууланБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 872 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус заасныг баримтлан “Х ББСБ” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуулиар олгосон бүрэн эрхээ хэтрүүлж тушаал гаргасан. Тодруулбал, Байгал орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчин өөрт хуулиар олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн байх тул сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь илт хууль бус байна.

3.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь шүүхийн шийдвэрт дурдсан дээрх хуулийн заалтуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг олгох, газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрхтэй эсэх талаар нэг ч зохицуулалт байхгүй. Шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах эрхтэй мэтээр тайлбарласан. Уг заалтаас харахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрхийг тусгайлан олгоогүй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах”, 29 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтуудаас харахад Засгийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Аймаг, нийслэлийн Засаг даргад яг адилхан бүрэн эрх олгогдсон байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль зөрчин гаргасан захиргааны актыг зөвтгөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.3. Шүүх Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэн тушаал гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болгоно”, 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиас харахад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийн талаар огт зохицуулаагүй. Зөвхөн газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх талаар харилцааг зохицуулсан. Ийнхүү дуусгавар болгоход Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэл тогтоогдож байж газар ашиглах эрх дуусгавар болох ёстой. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “... мөн хуулийн 40 дүгээр зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, мөн зүйлийн 1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дуусгавар болох” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан гэжээ. Дээр дурдсанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болгохоор заасан байхад шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг нэмж оруулсан нь мөн л хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийг зөвтгөсөн гэж үзэхээр байна.

3.4. Хариуцагч сонсох ажиллагааны журам зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” , 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн.

3.5. 872 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, А/79 дүгээр тушаалаар “... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон”, үүнд “Х ББСБ” ХХК багтжээ.

            3.2. Анхан шатны шүүх маргаан бүхий А/79 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх, уг тушаал нь холбогдох хуульд нийцсэн эсэх талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч дээрхийг үгүйсгэж “... газрын төлбөрөө төлсөн, мөн газраа зориулалтын дагуу ашигласан” гэж давж заалдах гомдол гаргаагүй, харин “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуулиар олгосон бүрэн эрхээ хэтрүүлж тушаал гаргасан, ... шийдвэрт дурдсан дээрх хуулийн заалтуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг олгох, газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрхтэй эсэх талаар нэг ч зохицуулалт байхгүй, ... Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болгохоор заасан байхад шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг нэмж оруулсан” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

            3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Газрын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд Газрын тухай хуулиар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулдаг тул “... Газрын тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийн талаар огт зохицуулаагүй” гэж үзэх боломжгүй.

            3.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  27 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар, 37 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэхээр, 2-т зааснаар газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацааг тусгахаар байна.          

            Мөн 38 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүргийг хүлээнэ. Тодруулбал, газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 35.1.1-д зааснаар газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхтэй, 35.3.3-д заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна.

            Харин газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон бол газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуулийн зохицуулалттай.

            3.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл хариуцагч Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу өөрт харьяалах газрыг ашиглах эрх олгох, эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгох, эсхүл газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрхтэй гэж үзнэ.

          3.6. Мөн анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/266 дугаар тушаалыг үндэслэн “Х ББСБ” ХХК-д 1,1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 2015/86 дугаартай гэрчилгээг олгосон үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй атлаа “... шүүхийн шийдвэрт дурдсан хуулийн заалтуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг олгох, газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрхтэй эсэх талаар нэг ч зохицуулалт байхгүй” гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хэрэв Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрхийг цуцлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй гэж үзвэл нэхэмжлэгч компани анхнаасаа тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй гэж үзэх боломжтой. Иймд ийнхүү тайлбарлан маргаж байгаа нь зүйд нийцэхгүй.

            3.7. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар хариуцагч маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо тус компанид мэдэгдэж, холбогдох тайлбарыг авсан болох нь тогтоогдохгүй байх боловч энэ тохиолдолд ийнхүү сонсох ажиллагааг хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2015 онд газар ашиглах гэрчилгээг авч тухайн газрыг ашиглах эрхтэй болсон атлаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, мөн газрын төлбөрийг хуульд заасны дагуу төлөөгүй байгаа нь захиргааны байгууллагын бус нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.8. Түүнчлэн хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа  ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлсэн бол шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талаарх баримтуудаа гаргаж өгөх эрх нь нээлттэй. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг төлсөн болохыг баттай нотолсон баримт авагдаагүй, нэхэмжлэгч ийнхүү холбогдох баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН