Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Цээл  сумын иргэн О.О-ийн нэхэмжлэлтэй, аймгийн *******т холбогдох Цээл сумын 8243000007 дугаарт 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах   шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ны  өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Цээд сумын Бүрэн багийн харьяат О овогтой О би өөрийн нөхөр Х.Б-той 2014 оны 07 дугаар сарын 28-наас хамтарч амьдарсан. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр би Цээл сумын улсын бүртгэгчид өөрийн биеэр өргөдөл гаргаж гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад Х.Б нь гэрлэлтийн гэрчилгээ авч ирсэн. Ингээд би улсын бүртгэлд хандахад шүүхэд ханд гэсэн. Батзориг болохоор манай хадам ээж гэрлэлт цуцлуул гэж явуулсан гэж байна. Манай ээж ямар ч холбоо байхгүй. Батзориг бид гуравт 1000 төгрөгийн ч мэдэл өгдөггүй, дарамталж дээрэлхэж зоддог. Хадам ээж намайг яв, зайл чи гэж хөөсөн. Одоо би тэр айлд очиж чадахгүй. Гэрлэлтийн лавлагааг авч ирсэн өдөр нь харсан. Тэр өдрөөс хойш хараагүй одоо л харж байна. Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ хадам ээж аваад нуучихдаг. Үр хүүхдийнхээ гэрчилгээг авмаар байна гэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн харьяат Б-той 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цээл сумын улсын бүртгэгчид өөрийн биеэр өргөдөл гаргаж өгөөгүй, бүртгүүлээгүй. Б өөрөө гэрлэлтийн гэрчилээ авч ирсэн. Энэ хоёр гэр бүлээ цуцлах хүсэлт гаргасан. Гэтэл хэвлийдээ хүүхэдтэй байхад шүүх хуралдаан дээр энэ хүүхэд миний хүүхэд биш, хэний хүүхэд нь мэдэгдэхгүй гэх байдлаар хүүхдийг 1 нас хүртэл салгахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд 700 гаруй малтай байсан. Тухайн 700 гаруй малыг зарсан. Энэ талаар хэзээ мэдсэн юм бэ? гэхээр шүүх хуралдааны дараа албан ёсны гэр бүлийн баталгаатай гэхээр нь нэхэмжлэгчийг дуудаад уулзаад гэрлэлтээ яаж бүртгүүлсэн юм бэ? гэхэд энэ хүн өөрөө очиж бүртгүүлсэн гэж хэлсэн. Энэ үеэс эхлэн гэрлэлт хууль бусаар бүртгэгдсэн гэж мэдсэн. Эрхээ хамгаалуулахаар улсын бүртгэлийн газар гомдол гаргахад шүүхийн дагуу шийдвэрлүүл гэсэн. Тэгээд шүүхээр эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Бүртгэлд тус тусдаа өргөдөл гаргасан байх ёстой. Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн шинжилгээний бичиг эдгээрийг хавсаргаж байж хууль зүйн дагуу гэрлэлтийг бүртгэх ёстой. Энэ бүртгэл нэхэмжлэгч өөрөө биеэр очоогүй, гарын үсэг зураагүй учир дээрх гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзах байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасан. Гэтэл энэ хүн захиргааны байгууллагад анхан шатны шүүх хуралдаан болсоны дараа захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэхэд шүүхэд ханд гэж хэлсэн. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан заалтыг зөрчөөгүй. Иймээс хууль зөрчөөгүй 14 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Улсын бүртгэлийн байгууллага сум бүрд нэг нэг бүртгэгчтэй байдаг. 2014 онд ажиллаж байсан бүртгэгчтэй холбогдож байсан. Энэ хүн одоогоор ажлаас гарсан байгаа. Тэгээд асуухад тийм зүйл байхгүй, тухайн хүмүүс өөрсдөө ирж бүртгүүлсэн. Бүрдүүлж өгдөг материалд өргөдөл байхгүй байсан. Тэгээд яагаад өргөдөл нь байхгүй байгаа юм бэ? гэхэд оны сүүлээр бичиг баримт архивлахад аваад үлдсэн байх гэсэн. ИУБ маягт, гэрлэлт бүртгэлийн дэвтэр эрүүл мэндийн бичиг бүгд байсан. Гэрлэгчид өөрсдөө гарын үсэг зурсан байсан. Хавтаст хэрэгт гарын үсэг мөн, биш болох талаар шинжээчийн дүгнэлт байхгүй байсан. Тэгэхээр манайх энэ бүртгэлээ хүчин төгөлдөр гэж үзэж байна

 

         Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багт оршин суудаг. 2014 оны 08 дугаар сарын 27-нд О-ын О-тай гэр бүл болоод 2014 оны 10 дугаар сарын 09-нд гэрлэлтээ батлуулсан. Манайх сумын төвд байдаг байсан. Хадам ээж гэрлэлтээ батлуул гээд байхаар нь захиргаан дээр очоод гэрлэлтийн батлахаа авсан. 2014 оны 10 дугаар сарын 09-нд авсан. Эхнэр О.О-ийн гарын үсгийг би зураад авсан. О.О гарын үсэг зураагүй. 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр би гэрлэлтийн батлахаа аваад гэртэй очоод эхнэр О.О-т өгсөн хоймрийн шүүгээнд хийсэн байсан. 2014 оны 10 дугаар сарын 09-нд гэрлэлтээ батлуулаад 10 сарын 20-нд бид 2 муудалцаад О.О хүүг аваад аавынруугаа явсан. Энэ үеэс О.О нь дуртай үедээ ирээд хэд хоноод явдаг байсан. 2018 оны 09 дүгээр сараас хойш тус тусдаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэрлэлтийн батлахаа авахдаа бид 2-ын хэн хэн нь ч өргөдөл бичиж өгөөгүй ямарч бичиг баримт бүрдүүлээгүй. Яваад очиход надаар гарын үсэг зуруулаад, эхнэр О.О-ийн өмнөөс гарын үсэг зуруулаад гэрлэлтийн батлах бичиж өгсөн гэжээ.

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Гуравдагч этгээд Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Батзориг нь энэ хуралд өөрөө ирнэ гэсэн боловч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос ирж байгаа нарийн мэргэжлийн эмч нарт зайлшгүй үзүүлэх гэсэн шалтгаанаар ирээгүй байгаа. 5 дахь өдөр өөрийн биеэр ирж хүсэлтээ бичиж өгөөд явсан. Үүн дээр О.О-тай 2014 онд гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгааг би очиж авсан. Тухайн үед хадам ээж гэрлэлтээ батлуул гэхээр нь би очиж гэрлэлтийн баталгаа авсан. Намайг очиход дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Ямар дэвтэр байсан талаар санахгүй байна. Тэгээд гэрлэлтийн батлах гэж өгсөн. Би тэрийг 2014 оны 10 дугаар сард авч ирж эхнэртээ өгөөд хадгалуулсан. Тэр гэрлэлтийн батлах манай гэрийн хоймрын шкафанд өдийг хүртэл байсан. Үүн дээр худал хэлэхгүй. Би ганцаараа очиж гарын үсэг зурж авсан. О.О гэрлэлтийн батлах авахад очоогүй. Батзориг О.О нар нь 2014 онд гэрлэлтээ батлуулсан байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн  батлахаас тодорхой харагдаж байгаа. Гэрлэлтийн батлахыг аваагүй гэсэн бол тухайн үед гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шүүхэд хандаад явах боломж байсан. Тэгэхээр үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 онд гэр бүл болоод гэрлэлтийн батлах авсан гээд өмнө нь анхан шатны шүүх дээр яриад анхан шатны шүүхээр гэрлэлт цуцлуулахаар эд хөрөнгийн маргаантай хэрэг явж байсан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу жирэмсэн буюу 1 нас хүртэл хүүхэдтэй бол гэрлэлт цуцлуулахыг хориглосон заалтаар шүүх гэрлэлт цуцлахыг хориглоод нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир захиргааны хэргийн шүүхэд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар өгсөнг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэртээ очоод О.О-т  гэрлэлтийн гэрчилгээ үзүүлсэн. Энэ хүн эрх зүйн харилцаанд оролцоод мэдсэнээс хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдлоо мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргах ёстой. Гомдол гаргаагүй өдийг хүртэл явсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч хэлэхдээ 2014 оны 10 дугаар сарын 09-нд хүүхдийн төрсний гэрчилгээний хамт гэрлэлтийн баталгаа авч ирсэн гэж байна. Би гэрлэлтийн батлах ийм байдаг юм байна гээд уншиж үзээд далд хийсэн гэж хэлж байна. Үүнээс хойш гэр бүлээр яваад гэрлэлтээ цуцлуулна, эд хөрөнгө гаргуулна гэж шүүхэд хандаж байсан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлтийн бүртгэлийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлмээр байна. Б-ийн тухайд гэрлэгчдийн бүртгэл гэсэн дээр зурсан гарын үсгийг харуулахад миний гарын үсэг биш, О.О-ийн гарын үсэг биш гэж хэлсэн. Тэгэхээр энэ гарын үсгийг хэн гарын үсэг зурсан гэдэг нь тодорхойгүй. Гэрлэлтийн батлахыг авч ирэхэд 2014 онд мэдсэн байж гомдол гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад нэхэмжлэгч О.О гуравдагч этгээд Х.Б нар 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэхдээ 2 иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргийг хавсарган гэрлэлт бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж, ИУБ-15 маягт болох 8243000007 дугаарт гэрлэсний бүртгэл хийсэн байна.  

         2014 онд буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн /хүчингүй болсон/ 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолт, гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа зэргийг хавсаргаж хуулийн 13.3-т зааасны дагуу иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна гэрлэлтийг бүртгэхээр заасан байна.

           Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х.Б нэг өдөр яваад гэрлэлтийн батлахыг хүүхдийн төрсний гэрчилгээтэй хамт авч ирсэн...ийм юм байдаг юм уу гээд  нэг уншиж үзсэн...” гэсэн, нөхөр болох Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...захиргаан дээр очоод гэрлэлтийн батлахаа 2014 оны 10 сарын 09-ны өдөр авсан. Эхнэр О.О-ийн гарын үсгийг би зураад авсан О.О гарын үсэг зураагүй 2014 оны 10 дугаар сарын 09-нд би гэрлэлтийн батлахаа аваад гэртээ очоод О.О-т өгсөн...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /хүчингүй болсон/ 13 дугаар зүйлийн 13.2, 13.3-т заасан журмын дагуу гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр очиж гэрлэлтээ батлуулаагүй нөхөр болох Х.Батзориг нь ганцаараа очиж гэрлэлтээ батлуулсан байдал нь тогтоогдож байгаа хэдий ч тухайн үед 2014 оны 10 дугаар сарын 09-нд Х.Батзориг гэрлэлтийн батлахаа эхнэр О.О-т өгсөн О.О гэрлэлтийн батлахаа уншиж үзсэн байдлаас гэрлэснийг бүртгэж гэрчилгээ олгосныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч О.О нь тухайн үед гэрлэлтээ батлуулах хүсэл зориг байхгүй, зөвшөөрөхгүй,  бүртгэлийг эс зөвшөөрвөл дээд шатны захиргааны байгууллага эсхүл шүүхэд хандаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах  боломжтой байсан байна.

       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж зааснаар шүүх О.О-ийн шүүхэд гаргасан  Цээл сумын 8343000007-рт 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Мөн нэхэмжлэгч  О.О нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар  эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

          

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай  аймгийн Цээл  сумын иргэн О.О-ийн нэхэмжлэлтэй аймгийн *******т холбогдуулан гаргасан Цээл сумын 8243000007 дугаарт 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ