| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0245/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/242 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б:Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/242
2021 5 12 2021/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч М.Б-, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х- овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110003770191 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялаа биечлэн эдэлж дууссан, Х- овгийн М-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 16 дугаар гудамж 124 тоот хашаанд байсан Н.Н-ын өмчлөлийн 2 сартай Монгол банхарын гөлгийг хулгайлж Н.Н-ад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, архи ууснаас болж ийм хэрэг хийсэн, тухайн үед юу болсныг санахгүй байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Н.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ...нэг сартай Монгол банхрын гөлгийг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны шөнө нохойгоо хашаанд байх төмөр торонд хийгээд хонуулсан. Тор бол ямар нэгэн цоож байхгүй, харин хаалгыг нь 40x60 см хэмжээтэй блокоор дарсан байсан. Маргааш өглөө 10 цагт нохойгоо гаргах гээд очсон чинь нохой байхгүй, мөн хаалга дарсан блокийг хажууд нь тавьсан байсан. Мөн тор ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Нохой өөрөө гарах боломжгүй...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Гэрч Б.Норжмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед унтаж амарсан. Унтаж байсан чинь хашааны хаалганы төмөр дуугараад байхаар нь би босоод үүдний амбаарын гэрлийг асаагаад гарсан чинь хашаан дотор нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь чи юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр хүүхэд Баткагийн найз Бумбаалай байна, нохойгоо л авах гэсэн юм, би ханын материалаас ирсэн гэхээр нь юун нохой юм бэ гэхэд амбаар луу заахад цагаан өнгийн жижигхэн гөлөг амбаарын хажууд явж байхыг тэр хүүхэд аваад явсан. Тэгээд би гэртээ ороод гар утасныхаа цагийг харсан чинь 04 цаг 35 минут болж байсан...” /хх-ийн 27-29/ гэсэн,
Гэрч Б.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө би Био комбинат ороогүй. ...Манай найз Б-ыг Бумбаалай гэж дууддаг. ...Хамгийн сүүлд Ханын материалд 2020 оны 10 сард уулзаж байсан. ...Био-д амьдардаг байхад 2019 онд 2-3 удаа ирж байсан. ...Б-ад Био комбинатад өөр найз байхгүй байх...” /хх-ийн 27/ гэсэн,
Гэрч Ц.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надаас Монгол банхарын 1 сар гарантай охин гөлгийг тус хороонд суудаг зүс таних Н- 500,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Бид нар ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон, уг нохой удмын гэрчилгээтэй, биедээ микро чиптэй, уг чип нь байршил заадаггүй, уг чип нь бар код уншуулахаар нохойны нэр, код гарч ирдэг...” /хх-ийн 32/ гэсэн,
Шүүгдэгч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Био-д 22 цагийн үед найзындаа очиж хамт архи уусан. Тэгээд би гэрээс нь гараад гудамжаар алхаж байсан. Маргааш нь найз Сүхбатын гэрт сэрсэн. ...Би согтуу байхдаа айлын хашаанд байсан нохойн гөлгийг хулгайлсан бөгөөд хохирлыг барагдуулсан. Нохойн гөлгийг бол яаснаа сайн санахгүй байгаа...” /хх-ийн 69-70/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №675 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэх гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилж буй гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн иргэн М.Б-аас хураан авсан гэх хос гутлын /пүүзний/ улны хээнүүдтэй ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
3. Шинжилж буй гутлын мөрүүд 42 размерын гутлаар үүсгэгдсэн байж болно.
4. Шинжилж буй гутлын мөрүүдээр өмсөж явсан хүний биеийн онцлогийг тодорхойлох, уг мөрүүд эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөрүүдтэй тохирох эсэх зэргийг тогтоох боломжгүй...” /хх-ийн 76-83/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-11/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 12-14/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15, 74/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41/,
- Нохойны удмын бичиг /хх-ийн 45-46/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 64/,
- Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Уянгын мэдүүлэг /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 89/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 16 дугаар гудамжны 124 тоот хашаанд байсан Н.Н-ын өмчлөлийн 2 сартай Монгол банхрын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Н-ын “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...нэг сартай Монгол банхрын гөлгийг 500,000 төгрөгөөр худалдан авсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны шөнө нохойгоо хашаанд байх төмөр торонд хийгээд хонуулсан. Тор бол ямар нэгэн цоож байхгүй, харин хаалгыг блокоор дарсан байсан. Маргааш өглөө 10 цагт нохойгоо гаргах гээд очсон чинь нохой байхгүй, мөн хаалга дарсан блокийг хажууд нь тавьсан байсан. Мөн тор ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Нохой өөрөө гарах боломжгүй...” /хх-ийн 23-24/ гэсэн, гэрч Б.Норжмаагийн “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед унтаж амарсан. Унтаж байсан чинь хашааны хаалганы төмөр дуугараад байхаар нь би босоод үүдний амбаарын гэрлийг асаагаад гарсан чинь хашаан дотор нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь чи юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр хүүхэд Батка-ийн найз Бумбаалай байна, нохойгоо л авах гэсэн юм, би ханын материалаас ирсэн гэхээр нь юун нохой юм бэ гэхэд амбаар луу заахад цагаан өнгийн жижигхэн гөлөг амбаарын хажууд явж байхыг тэр хүүхэд аваад явсан. Тэгээд би гэртээ ороод гар утасныхаа цагийг харсан чинь 04 цаг 35 минут болж байсан...” /хх-ийн 27-29/ гэсэн, гэрч Б.Баасанбатын “...2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө би Био комбинат ороогүй. ...Манай найз Б-ыг Бумбаалай гэж дууддаг. ...Хамгийн сүүлд Ханын материалд 2020 оны 10 сард уулзаж байсан. ...Биод амьдардаг байхад 2019 онд 2-3 удаа ирж байсан. ...Б-ад Био комбинатад өөр найз байхгүй байх...” /хх-ийн 27/ гэсэн, гэрч Ц.Хатанбаатарын “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надаас Монгол банхарын 1 сар гарантай охин гөлгийг тус хороонд суудаг зүс таних Н- 500,000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм...” /хх-ийн 32/ гэсэн, шүүгдэгч М.Б-ын “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Био-д 22 цагийн үед найзындаа очиж хамт архи уусан. Тэгээд би гэрээс нь гараад гудамжаар алхаж байсан. Маргааш нь найз Сүхбатын гэрт сэрсэн. ...Би согтуу байхдаа айлын хашаанд байсан нохойн гөлгийг хулгайлсан бөгөөд хохирлыг барагдуулсан...” /хх-ийн 69-70/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2021 оны №675 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэх гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн иргэн М.Б-аас хураан авсан гэх хос гутлын /пүүзний/ улны хээнүүдтэй ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” /хх-ийн 76-83/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-11/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 12-14/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15, 74/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41/, нохойны удмын бичиг /хх-ийн 45-46/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ын эд хөрөнгөд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тус /хх-ийн 23-24, 67/ энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2110003770191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Б-ыг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б-ад оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110003770191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР