Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

    2021         5          12                                       2021/ШЦТ/243

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч Ц.Д-, шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Д-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010008740062 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ө овогт Д-ын Д,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сааралын 7 дугаар байрны 7 дугаар орцны подвольд хохирогч Ц.Д-той харанхуй шөнө чимээ шуугиан гаргалаа гэх шалтгаанаар маргалдан цээжинд нь хөлөөрөө жийж газарт унаган эрүүл мэндэд нь зүүн шуу ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Хохирогч Ц.Д-: “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг хүний төрсөн өдөр болоод пиво уусан, тэгээд гэртээ харьсан чинь манай хүүхэд түлхүүрээ орхиод явчихсан байсан, тэгээд найз Хишгээгийнд очиход эзэнгүй байсан, Хишгээ рүү залгаад хаана байна, хэзээ ирэх талаар асуухад ажлаасаа гараагүй байна, Ууганаагийнд ороод байж бай, удахгүй очлоо гэж хэлэхээр нь би Ууганаагийн гэрт орсон, тэгээд тэнд 0,75 литрын архи уугаад дуусаж байсан. Тэгсэн гаднаас Дамба ах дуугүй бай, цагдаа дуудлаа шүү гээд хэлээд ороод ирэхээр нь цагдаагаа дууд гэхэд Дамба ах миний цээж рүү өшиглөхөд би хойшоо унасан. Тэгэхэд Дамба ах гараад явчихсан, би тэндээ хоноод өглөө нь босоход миний гар хавдчихсан байсан. Тэгээд Дамба ахад хэлэхэд тулчихсан байх, хар цайгаар шавшчих гэж хэлсэн. Гуравдугаар эмнэлэгт үзүүлэхэд зөрүүтэй хугарсан байна гээд хоёр эмч миний гарнаас татаад гарын хугарсан зөрүүг гаргасан. Тэгээд дахиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн, одоо намайг яаралтай хагалгаанд ор гээд байгаа, автобусаар явж байгаад цүнхээ мартаж буугаад бүх бичиг баримтаа хаячихсан. Эмчилгээний зардалд нийтдээ 1,780,000 төгрөг гарсныг нэхэмжилнэ, дахин хагалгаанд ороход 3,5 сая төгрөг шаардлагатай гэсэн, энэ мөнгийг мөн нэхэмжилнэ. Цагаан сарын үеэр 100,000 төгрөг авсан, өөрөөр мөнгө төгрөг аваагүй. Төлбөрөө хагасыг нь ч гэсэн авчихмаар байна, тэгвэл гомдолгүй, төлбөрөө аваагүй учир гомдолтой...” гэв.

 

          Шүүгдэгч Д.Д-: “...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэр орой ажлаасаа ирээд унтах гэхэд унтуулахгүй, их чимээтэй байсан, би дуугүй бай гэж хэлээд тэнд ороход Д- хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод хашгираад, орилоод байсан, тэгэхээр нь би жийж унагаасан, хохиролд 100,000 төгрөг өгсөн, короно гээд ажлаа хийж чадаагүй, орлогогүй байсан, одоо ажлаа хийгээд цалин авбал хохирлыг төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Саарлын 7 дугаар байрны 7 дугаар орцны 00 тоотод очиход найз Хишгээгийн гэрийн хаалга түгжээтэй байсан тул Хишгээ рүү залгахад “би ажлаасаа тараагүй байна” гэхээр нь хажуу айлд нь ороод юм ярингаа хоол идэж, 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байхад гаднаас настай эрэгтэй хүн орж ирээд “яасан их чанга дуугардаг юм бэ, цагдаа дуудаж өгнө шүү” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй баруун хөлөөрөө миний цээж рүү өшиглөхөөр нь хойшоо унасан, намайг Байгаль татаж босгоод Байгалийн нөхөр гаднаас орж ирсэн эрэгтэйг загнахад тэр хүн гараад явсан. Тухайн айлд хоноод өглөө босоод ирэхэд зүүн гар хавдчихсан байхаар нь намайг цохисон хүнд гараа үзүүлэхэд мах нь хавчуулагдсан байна, өтгөн хар цайгаар боочих гэж хэлээд яваад өгсөн...” /хх-ийн 22-24, 31-32/ гэсэн,

 

Шинжээч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Д-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хүчээр үүснэ. Зүүн гараар тулж унахад үүсэх гэмтэл байна. Ил харагдах шархгүй гадна талд гипс, боолттой байсан. Цохих өшиглөхөд үүсэхгүй, гараа тулж унасан байх магадлалтай...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой ажлаасаа тараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Саарлын 7 дугаар байрны 7 дугаар орцонд ороод ирэхэд манай подволийг түрээслэгч Ууганбаярынд шуугилдаад унтуулахгүй байхаар нь тэсэхгүй яваад ороход Д- гэх эмэгтэй Ууганааг жоохон хүүхдийн хажууд элдэв бусаар хэлээд байж байсан. Тэгэхээр нь болиоч, жоохон хүүхдийн хажууд агсам тавиад муухай үг хэлээд байх юм гэхэд намайг чи хэн юм гээд дайраад байхаар нь цээж рүү нь өшиглөөд унагаачихсан....” /хх-ийн 55-58/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №5770 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Д-ын биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр унах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 44-45/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 19/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70-77

- Шүүгдэгч Д.Д-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 81/, байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д- 2020 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Саарлын 7 дугаар байрны 7 дугаар орцны подвольд хохирогч Ц.Д-той “харанхуй шөнө чимээ шуугиан гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан цээжинд нь хөлөөрөө жийж газарт унаган эрүүл мэндэд нь зүүн шуу ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Д-ын “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой найз Хишгээгийн хажуу айлд хоол идэж, 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байхад гаднаас настай эрэгтэй орж ирээд “яасан их чанга дугардаг юм бэ, цагдаа дуудаж өгнө шүү” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй баруун хөлөөрөө миний цээж рүү өшиглөхөөр нь хойшоо унасан. Тухайн айлд хоноод өглөө босоод ирэхэд зүүн гар хавдчихсан байхаар нь намайг цохисон хүнд гараа үзүүлэхэд мах нь хавчуулагдсан байна, өтгөн хар цайгаар боочих гэж хэлээд яваад өгсөн...” /хх-ийн 22-24, 31-32/ гэсэн, шинжээч Н.Энхцолмонгийн “...Ц.Д-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хүчээр үүснэ. Зүүн гараар тулж унахад үүсэх гэмтэл байна. Ил харагдах шархгүй гадна талд гипс, боолттой байсан. Цохих өшиглөхөд үүсэхгүй, гараа тулж унасан байх магадлалтай...” /хх-ийн 48-49/ гэсэн, шүүгдэгч Д.Д-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой ажлаасаа тараад манай подвалыг түрээслэгч Ууганбаярынд шуугилдаад унтахгүй байхаар нь тэсэхгүй явж ороход Д- гэх эмэгтэй Ууганааг жоохон хүүхдийн хажууд элдэв бусаар хэлээд байж байсан. Тэгэхээр нь болиоч жоохон хүүхдийн хажууд агсам тавиад муухай үг хэлээд байх юм гэхэд намайг чи хэн юм гээд дайраад байхаар нь цээж рүү нь өшиглөөд унагаачихсан....” /хх-ийн 55-58/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №5770 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Ц.Д-ын биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр унах үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 44-45/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Д-ын биед учирсан “...зүүн шуу ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Д.Д-гийн түүний цээж рүү өшиглөж унагаасны улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Д-гийн хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд зүүн шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 100,000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй, хохирол нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт ирүүлээгүй тул хохирогчийн өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуу/ мянга төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Д.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010008740062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Д- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Д-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуу/ мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуу/ мянга төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010008740062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Д- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Д-, хохирогч Ц.Д-т 100,000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Д- өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР