| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0220/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/249 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/249
2021 5 14 2021/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, шүүгдэгч М.Б-, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт М-йн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010004750108 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 01-02 насны хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 10 дугаар гудамжны 116 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Тоодон ням овогт М-йн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 10,884,800 төгрөгийн барааг дутагдуулж, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-: “...Манай байгууллага “И-март” дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд худалдааны төлөөлөгч нар өмнөх орой зарсан бараа бүтээгдэхүүнээ гар бичмэлээр бичиж, зургийг нь дараад интернэтээр бид нар луу явуулдаг. Тухайн явуулсан мэдээллийг нягтлан шалгаж үздэг байсан. Б-ын хувьд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй тооллого хийхэд бараа бүтээгдэхүүн дутсан байсан. Үүнээс хойш дахиж ажилдаа ирээгүй. Үндсэн “И-Март” худалдааны төвд байрлах салбарт арван хоёр сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан гэх тоо гарснаас компанийн зүгээс Б-ын хувьд 10.884.800 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг нэхэмжилж байгаа бөгөөд хохирлоо барагдуулж дуусвал өөр санал хүсэлтгүй...” гэв.
Шүүгдэгч М.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Ш” ХХК нь БНХАУ-г Шаоми брендийн гар утас болон гэр ахуйн барааг борлуулдаг. Тухайн үед Е-Март сүлжээ дэлгүүрт талбай түрээслэн ажиллуулдаг байсан, М.Б- тэр салбарт ажилладаг байсан. ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр жилийн эцсийн тооллого болоход Redmi note 8 маркийн 499,000 төгрөгийн үнэ бүхий утас 3 ширхэг, Вi air purifier маркийн 369,000 төгрөгийн үнэ бүхий агаар цэвэршүүлэгч 1 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй электрон жин 2 ширхэг, 1,299,000 төгрөгийн үнэ бүхий автомат тоос сорогч 1 ширхэг, 1,299,000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг нийт 4,594,000 төгрөгийн бараа дутагдсан. ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд 949,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 2 ширхэг, 375,000 төгрөгийн үнэтэй агаар цэвэршүүлэгч 4 ширхэг, 399,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 5 ширхэг, 299,000 төгрөгийн үнэ бүхий агаар чийгшүүлэгч 1 ширхэг, 399,000 төгрөгийн гар утас 1 ширхэг, 199,000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагч 1 ширхэг нийт 6,290,800 төгрөгийн бараа, хоёр тооллогын дүнд нийт 10,884,800 төгрөгийн бараа дутагдсан. Түүний авах ёстой цалин 972,692 төгрөгийг хасаж тооцоод одоо 9,912,108 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 21-23/ гэсэн,
Гэрч А.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр компанийн нягтлангийн хамт тухайн салбарын бараа материалыг хүлээн авч байхад М.Б- ороод ирчихсэн байсан. ...Тэр үедээ шүүгээнд нэг юм хийх шиг болсон, юу хийсэн талаар нь мэдэхгүй байна ...” /хх-ийн 40-41/ гэсэн,
Гэрч Ц.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.Б-ын хариуцдаг салбарт бараа материалын тооллого хийсэн. Тооллогоор 949,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 2 ширхэг, 375,000 төгрөгийн үнэтэй агаар цэвэршүүлэгч 4 ширхэг, 399,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 5 ширхэг, 299,000 төгрөгийн үнэ бүхий агаар чийгшүүлэгч 1 ширхэг, 399,000 төгрөгийн гар утас 1 ширхэг, 199,000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагч 1 ширхэг, нийт 6,290,800 төгрөгийн бараа дутсан байсан...” /хх-ийн 42-43/ гэсэн,
Гэрч Б.Ундрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд 4,594,000 төгрөгийн бараа дутсан. М.Б-аас энэ талаар асуухад Е-Март дэлгүүрт ус алдаад лангуу түрээсэлдэг байгууллагуудынхаа барааг агуулахад хураасан байсан гэж хэлсэн. ...Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд ...6,290,800 төгрөгийн бараа дутсан. ...Аудитынхан шалгалт хийхдээ бараа материалын үндсэн үнээр тооцсон байгаа бөгөөд манай зүгээс хямдралтай зарагдаж байсан барааг хямдарсан үнээр нь авлага үүсгэсэн. Мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Б- ажил дээгүүр орж гар утас, цаг хоёрыг буцаан шүүгээнд хийсэн гэж Мөнгөншагай хэлсэн. ...Аудит зөвхөн санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд хийсэн учраас өндөр дүнгээр гарсан байх, манай компанийн зүгээс өөрсдийн гаргасан тооцоогоор хохирлыг нэхэмжилнэ...” /хх-ийн 44-46, 47-48/ гэсэн,
Гэрч Т.Итгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би машинаа засуулахаар М.Б-аас 3,500,000 төгрөг авч засварын газарт өгөөд тэр газартаа хулхидуулсан. ...Хулхидуулсны дараа энэ мөнгө байгууллагын мөнгө хурдан буцааж авч өгөх хэрэгтэй гээд цагдаагаар хамт явж байж машинаа олж авсан...” /хх-ийн 49-50/ гэсэн,
Шүүгдэгч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажил хийж байх хугацаандаа байгууллагын зарагдаж байсан бараанаас завшсан нь үнэн бөгөөд тухайн үед мөнгөний хэрэг маш их байсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа, ажил хийж хохирлоо барагдуулах болно...” /хх-ийн 110-11/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №018 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шаоми Монголия ХХК нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандаж 2020 оны 02 дугаар сарын 13-нд М.Б-аас 11,260,000 мянган төгрөг нэхэмжлэн өргөдөл гаргасан байна.
2. “Ингүүмэл Жаргалант Аудит” ХХК нь Шаоми Монголия ХХК-ийн Хан-Уул И-Март салбарын 2019 оны 12 дугаар сарын 31 болон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд хийсэн тооллогын үр дүнгийн тооцоог шалгаж, Хан-Уул И-Март салбарын бараа материалын тооллогоор 11 нэр төрлийн 12,529,000 төгрөгийн бараа материалын дутагдал гарч байна” гэж тооцсон нь үндэслэлтэй байна.
3. Үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр Хан-Уул И-Март салбарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний тооллогоор 9,656,000 төгрөгийн, 2020 оны 1 дүгээр сарын 31-нд хийсэн тооллогоор 2,873,000 төгрөгийн нийт 12,529,000 төгрөгийг бараа дутсан байна.
4. Шаоми Монголия ХХК-д ажиллаж байсан М.Б-ын хариуцсан бараанаас нийт 12,529,000 төгрөгийн бараа дутагдсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, тооллогын хуудас, худалдааны төлөөлөгчийн гаргасан тайлан, нягтлан бодлох бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон болно...” /хх-ийн 96-101/ гэсэн дүгнэлт
- Өргөдөл /хх-ийн 14/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-53/,
- М.Б-ын ажилд томилсон тушаал, анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, /хх-ийн 52-53, 55-61/,
- Зарлагын баримтын хуулбарууд /хх-ийн 64-69/,
- Тооллогын тайлан /хх-ийн 71-86/,
- Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Балчиндоржийн мэдүүлэг /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 122/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 130/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шаоми Монголия” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 10,884,800 төгрөгийн барааг хувьдаа завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ын “...Манай “Шаоми Монголия” ХХК нь БНХАУ-г Шаоми загварын гар утас болон гэр ахуйн барааг борлуулдаг. ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр жилийн эцсийн тооллого болоход Redmi note 8 маркийн 499,000 төгрөгийн үнэ бүхий утас 3 ширхэг, Вi air purifier маркийн 369,000 төгрөгийн үнэ бүхий агаар цэвэршүүлэгч 1 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй электрон жин 2 ширхэг, 1,299,000 төгрөгийн үнэ бүхий автомат тоос сорогч 1 ширхэг, 1,299,000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг нийт 4, 594, 000 төгрөгийн бараа дутагдсан. ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд 949,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 2 ширхэг, 375,000 төгрөгийн үнэтэй агаар цэвэршүүлэгч 4 ширхэг, 399,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 5 ширхэг, 299,000 төгрөгийн үнэ бүхий агаар чийгшүүлэгч 1 ширхэг, 399,000 төгрөгийн гар утас 1 ширхэг, 199,000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагч 1 ширхэг нийт 6,290,800 төгрөгийн бараа, хоёр тооллогын дүнд нийт 10,884,800 төгрөгийн бараа дутагдсан. Түүний авах ёстой цалин 972,692 төгрөгийг хасч тооцоод одоо 9,912,108 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 21-23/ гэсэн, гэрч А.Мөнгөншагайгийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр компанийн нягтлангийн хамт тухайн салбарын бараа материалыг хүлээж авч байхад М.Б- ороод ирчихсэн байсан. ...Тэр үед шүүгээнд нэг юм хийх шиг болсон, юу хийсэн талаар нь мэдэхгүй байна...” /хх-ийн 40-41/ гэсэн, гэрч Ц.Отгонтуяагийн “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.Б-ын хариуцдаг салбарт бараа материалын тооллого хийсэн. Тооллогоор 949,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 2 ширхэг, 375,000 төгрөгийн үнэтэй агаар цэвэршүүлэгч 4 ширхэг, 399,000 төгрөгийн үнэ бүхий гар утас 5 ширхэг, 299,000 төгрөгийн үнэ бүхий агаар чийгшүүлэгч 1 ширхэг, 399,000 төгрөгийн гар утас 1 ширхэг, 199,000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагч 1 ширхэг нийт 6,290,800 төгрөгийн бараа дутсан байсан...” /хх-ийн 42-43/ гэсэн, гэрч Б.Ундрахын “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд 4,594,000 төгрөгийн бараа дутсан. М.Б-аас энэ талаар асуухад Е-Март дэлгүүрт ус алдаад лангуу түрээсэлдэг байгууллагуудынхаа барааг агуулахад хураасан байсан гэж хэлсэн. ...Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд ...6,290,800 төгрөгийн бараа дутсан. ...Аудитынхан шалгалт хийхдээ бараа материалын үндсэн үнээр тооцсон байгаа бөгөөд манай зүгээс хямдралтай зарагдаж байсан барааг хямдарсан үнээр нь авлага үүсгэсэн. Мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Б- ажил дээгүүр орж гар утас, цаг хоёрыг буцаан шүүгээнд хийсэн гэж Мөнгөншагай хэлсэн. ...Аудит зөвхөн санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд хийсэн учраас өндөр дүнгээр гарсан байх, манай компанийн зүгээс өөрсдийн гаргасан тооцоогоор хохирлыг нэхэмжилнэ...” /хх-ийн 44-46, 47-48/ гэсэн, гэрч Т.Итгэлийн “...Би машинаа засуулахаар М.Б-аас 3,500,000 төгрөг авч засварын газарт өгөөд тэр газартаа хулхидуулсан. ...Хулхидуулсны дараа энэ мөнгө байгууллагын мөнгө хурдан буцааж авч өгөх хэрэгтэй гээд цагдаагаар хамт явж байж машинаа олж авсан...” /хх-ийн 49-50/ гэсэн, шүүгдэгч М.Б-ын “...Би ажил хийж байх хугацаандаа байгууллагын зарагдаж байсан бараанаас завшсан нь үнэн бөгөөд тухайн үед мөнгөний хэрэг маш их байсан. Би буруу зүйл хийсэн, гэмшиж байгаа, ажил хийж хохирлоо барагдуулах болно...” /хх-ийн 110-11/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2021 оны №018 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Шаоми Монголия ХХК нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандаж 2020 оны 02 дугаар сарын 13-нд М.Б-аас 11,260,000 мянган төгрөг нэхэмжлэн өргөдөл гаргасан байна. “Ингүүмэл Жаргалант Аудит” ХХК нь Шаоми Монголия ХХК-ийн Хан-Уул И-Март салбарын 2019 оны 12 дугаар сарын 31 болон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд хийсэн тооллогын үр дүнгийн тооцоог шалгаж, Хан-Уул И-Март салбарын бараа материалын тооллогоор 11 нэр төрлийн 12,529,000 төгрөгийн бараа материалын дутагдал гарч байна” гэж тооцсон нь үндэслэлтэй байна. Үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр Хан-Уул И-Март салбарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний тооллогоор 9,656,000 төгрөгийн, 2020 оны 1 дүгээр сарын 31-нд хийсэн тооллогоор 2,873,000 төгрөгийн нийт 12,529,000 төгрөгийг бараа дутсан байна. Шаоми Монголия ХХК-д ажиллаж байсан М.Б-ын хариуцсан бараанаас нийт 12,529,000 төгрөгийн бараа дутагдсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, тооллогын хуудас, худалдааны төлөөлөгчийн гаргасан тайлан, нягтлан бодлох бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон болно...” /хх-ийн 96-101/ гэсэн дүгнэлт, М.Б-ын ажилд томилсон тушаал, анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, /хх-ийн 52-53, 55-61/, Зарлагын баримтын хуулбарууд /хх-ийн 64-69/, Тооллогын тайлан /хх-ийн 71-86/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч М.Б-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Шаоми Монголия” ХХК-ийн эд хөрөнгөд 10,884,800 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 21-23/ байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 12,529,000 төгрөгийн бараа дутсан гэж дүгнэсэн боловч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, “Шаоми Монголия” ХХК-ийн ерөнхий нягтлан гэрч Б.Ундрах нар бараа материалын хямдралтай байсан үеийн үнийн дүнгээр буюу 10,884,800 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн, уг дүнгээр хохирол нэхэмжилнэ гэсэн тул хохирлыг 10,884,800 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Б- нь “Шаоми Монголия” ХХК-д ажиллаж байсан хугацаанд олгогдоогүй байсан цалин 972,692 төгрөгийг аваагүй байсныг хохирлоос хасуулах хүсэлт гаргасныг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ татгалзах зүйлгүй гэсэн тул төлөгдөөгүй үлдсэн 9,912,108 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч “Шаоми Монголия” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн ар гэр, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010004750108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тоодон ням овогт М-йн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-йн Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- /РД: ИЮ93082110, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 10 дугаар гудамжны 116 тоотод оршин суух хаягтай/-аас 9,912,108 /есөн сая, есөн зуун арван хоёр мянга, нэг зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогч “Шаоми Монголия” ХХК /РД: 6021743, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, 13/02, Глобал бизнес төв 203 тоот/-д олгосугай.
6. Эрүүгийн 2010004750108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР