| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0262/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/250 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/250
2021 5 14 2021/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Э.Э-, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н- овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010010640221 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалахын Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н- овогт Э-ын Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Н-гийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Кафе Эсперанто-ийн гадаа модон сандал дээр мартаж үйлдээсэн Макбүүк Айр 2018 загварын зөөврийн компьютерыг олж авч, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 2,879,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Э-: “...Мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг бие байдлаар буцааж өгсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч О.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын Эсперанто нэртэй кафены гадна байрлах сандал дээр найз Намууны хамт юм ярьж сууж байгаад сандал дээр хар өнгийн цүнхтэй “Макбүүк”-ээ мартаад явсан. ...Замын хажуугаас таксинд суугаад 19-ийн буудал өнгөрч яваад “Макбүүк”-ээ мартсанаа санаад буцаад ирсэн чинь байхгүй байсан. ...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Мөнхзаяа Даваасүрэн" гэсэн фэйсбүүк хаягнаас Макбүүк алдсан хүн байна уу, холбоо бариарай” гээд 88007905 гэсэн дугаар тавьсан зар байсан. Тухайн зарын дагуу утсаар нь холбогдоод тухайн “Макбүүк”-ийн сери дугаарыг асуусан чинь миний гээгдүүлсэн “Макбүүк”-ийн сери дугаартай таарч байсан. Тэгээд би уг “Макбүүк” хаанаас авсан талаар асуухад Э.Э- гэсэн фейсбүүк хаягтай залуугаас 450,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн залуугийн гар утас нь 80134771 гэсэн. Тэгэхээр нь би Э.Э- гэсэн залуутай утсаар залгаж ярихад “манай найз охин төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн юм” манай найз охин зар дээрээс авсан гэж ярьж байсан. Би М.Даваасүрэн гэх хүнээс өөрийн зөөврийн комьютерийг 450,000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч М.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Э- гэх залуу ирээд Макбүүк 450,000 төгрөгөөр сэлбэгт зарсан. Тухайн компьютер IP lock-той байсан учраас хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод фейсбүүкт зар тавьсан. Зарын дагуу нэг охин ирж уулзаад миний алдсан нөүтбүүк байна гэхээр нь Э- гэх залуугаас 450,000 төгрөгөөр авсан гэдгээ хэлээд тэр залуугийн дугаарыг өгсөн...” /хх-ийн 18/,
Шүүгдэгч Э.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Кафе Эсперанто-н гадна талын модон сандал дээр цүнхтэй нөүтбүүк байхаар нь аваад гэр лүүгээ харьсан. Ингээд гэртээ гэртээ харьж нөүтбүүкийг үзэхэд “Макбүүк айр 2018” загварын зөөврийн компьютер байсан. Ингээд манай гэрт байж байгаад 2021 он гараад зарахаар болоод зар дээрээс компьютерын засвар хийдэг хүний дугаар олоод зарах гээд тэр ахтай очиж уулзсан. Тэр хүнд би өөрийн нөүтбүүк гэж хэлээд 450,000 төгрөгөөр зарсан ...” /хх-ийн 42-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 9/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27-29/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 47/,
- Шүүгдэгч Э.Э-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Н-гийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Кафе Эсперанто-ийн гадаах модон сандал дээр мартаж үлдээсэн Макбүүк Айр 2018 загварын зөөврийн компьютерыг олж бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 2,879,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Н-гийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед Эсперанто нэртэй кафены гадна байрлах сандал дээр найз Намууны хамт юм ярьж сууж байгаад сандал дээр хар өнгийн цүнхтэй “Макбүүк”-ээ мартаад явсан. ...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Мөнхзаяа Даваасүрэн" гэсэн фэйсбүүк хаягнаас Макбүүк алдсан хүн байна уу, холбоо бариарай” гээд 88007905 гэсэн дугаар тавьсан зар байсан. Тухайн зарын дагуу утсаар нь холбогдоод тухайн “Макбүүк”-ийн сери дугаарыг асуусан чинь миний гээгдүүлсэн “Макбүүк”-ийн сери дугаартай таарч байсан. Тэгээд би уг “Макбүүк” хаанаас авсан талаар асуухад Э.Э- гэсэн фейсбүүк хаягтай залуугаас 450,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн залуугийн гар утас нь 80134771 гэсэн...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч М.Даваасүрэнгийн “...Надад Э- гэх залуу ирээд Макбүүк 450,000 төгрөгөөр сэлбэгэнд зарсан. Тухайн компьютер IP lock-той байсан учраас хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод фейсбүүкт зар тавьсан. Зарын дагуу нэг охин ирж уулзаад миний алдсан нөүтбүүк байна гэхээр нь Э- гэх залуугаас 450,000 төгрөгөөр авсангэдгээ хэлээд тэр залуугийн дугаарыг өгсөн...” /хх-ийн 18/, шүүгдэгч Э.Э-гийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Кафе Эсперанто-н гадна талын модон сандал дээр цүнхтэй нөүтбүүк байхаар нь аваад гэр лүүгээ харьсан. Ингээд гэртээ гэртээ харьж нөүтбүүкийг үзэхэд “Макбүүк айр 2018” загварын зөөврийн компьютер байсан. Ингээд манай гэрт байж байгаад 2021 он гараад зарахаар болоод зар дээрээс компьютерийн засвар хийдэг хүний дугаар олоод зарах гээд тэр ахтай очиж уулзсан. Тэр хүнд би өөрийн нөүтбүүк гэж хэлээд 450,000 төгрөгөөр зарсан ...” /хх-ийн 42-44/ гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27-29/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-гийн эд хөрөнгөд 2,879,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь өөрийн эд зүйлийг гэрч М.Даваасүрэнгээс биетээр хүлээн авсан, шүүгдэгч Э.Э- нь хохирогчид 450,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 12-13, 47/, хохирогч О.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг биет байдлаар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010010640221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н- овогт Э-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Э-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндэлгэр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010010640221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР