| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С-Э
Улсын яллагч Ц.Л
Хохирогч П.Б-Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох эрүүгийн 2025000000416 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-4 дүгээр байрны урд талын зам дээр ОРБ улсын дугаартай “Тоёота Витц” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, явган зорчигч П.Б-Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1 131 400 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч П.Б-Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын схем зураг /ххЗ-7-р хуудас/
2. Хохирогч П.Б-Э-ний “Би Прусс 20 маркийн машины гадна талд зогсож байхад нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэр үед газар унаад хөлөө бариад сууж байхад машины жолооч дахиад ухрахдаа миний хөлийн шилбэ хэсгийг дайрч гарсан. Цаанаас машин ирж байгааг хараагүй, харин машины жолооч намайг харсан байх. Би 2020 оны 10 сарын 01-ний өглөө 1 шил архи уусан байсан. Мөн осолд орохын өмнө 1 шил архи уусан байсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна” гэсэн мэдүүлэг. /хх-н 14-15 хуудас/
3. Гэрч М.Э-ын “М.Бийн машины урд саарал өнгийн “Тоёото Прусс” маркийн машин зогсож байсан. Гадна 2-3 эрэгтэй хүн зогсож байсан ба М.Б хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр машины хажууд байсан согтуу эрэгтэй хүн муухай орилоод газар унасан. М.Б сандраад хойшоо ухарч гарахдаа юман дээгүүр дайраад гарах шиг болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
4. Гэрч Ж.М-тын “Оюут багийн 2-4-р байрны гадаа машиныхаа тос, маслыг Одноо гэх залууд үзүүлээд зогсож байтал Одноогийн найз нь гэх 30 орчим насны залуу миний хажууханд зогсож байгаад миний жолооч талын хаалган дээр зогсож байтал араас нь нэг машин ирээд тэр залууг мөргөсөн. Тэр мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд мөргөөд сандарсандаа буцаж ухрахдаа газар унасан хөлийг нь дахиад дайрчихсан. Дайруулсан залуу нэлээн согтуу явж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 716 дугаартай “П.Б-Э-ийн биед зүүн хөлийн шилбэний шаант ясны дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал, тахилзуур ясны хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн гуянд зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-27-р хуудас/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 208 дугаартай “П.Б-Э-нийн биеэс авсан цусанд 3.0 промилл этилийн спирт илэрсэн. Согтогтолын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/
7. Зам тээврийн ослын шалтгасан мөрдөгчийн “М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Явган зорчигч П.Б-Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй зөрчөөгүй” гэсэн 09 дугаартай магадлагаа. /хх-ийн 66-р хуудас/
8. Яллагагч М.Б-ийн “Машины гадаа 2 хүн байх шиг байсан. Тэр машины хажуугаар өнгөрөх гээд аажуухан явж байтал Прусс 20 машины жолооч талын хаалгыг нэг хүн онгойлгоод яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсож байсан бөгөөд тэр машиныг янзалж байсан. Нэг залуу нь миний машины зүүн талаар буюу хоёр машины гол хэсгээр гараад явсан. Тэр машины хажуугаар гарах гэж байтал ёоо гээд эрэгтэй хүн муухай орилохоор би ухрах хөдөлгөөн хийсэн. Миний машинд дайруулсан эрэгтэй хүнийг би согтуу гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-4-р байрны урд талын зам дээр ОРБ улсын дугаартай Тоёота Виц маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, явган зорчигч П.Б-Эр-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадалгаа, хохирогч П.Б-Э, гэрч М.Э, Ж.М нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Мөнхбат овогтой М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1 131 900 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байгаа. Хохирогчийн хувьд нэмж нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч П.Б-Э эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх саналыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Мөнхбатын М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай учраас Эрүүгийн ял хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. М-тын М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирол төлбөр яригдаагүй учраас бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, бичгийн баримтаар авагдсан М.Бийн жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна. М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр маргах дүгнэлт байхгүй байна. Хохирлын асуудал дээр хохирогчийн өнөөдрийг хүртэл зардлыг шүүгдэгчээс бүрэн төлж барагдуулсан байгаа нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн цаашдын эмчилгээнд зориулагдах зардлыг нэхэмжлэх эрхтэйгээр дурдах нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний хүрээндэх асуудал байна. Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм ч учраас хохирогчид өнөөдрийг хүртэл гарсан зардлыг нь бүрэн төлж барагдуулаад явж байсан. Энэ талаараа хавтас хэрэгт тухайн зардлуудыг тусгуулсан байдал харагдаж байна. Шүүгдэгчийг ял хариуцлага оногдуулахад дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан тохиолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас мөн энэ хэргийн болсон нөхцөл байдлын талаар болсон гэрчүүдийн болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байсан байна гэдэг нь тогтоогдож байна. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж харж байна. Тухайн үед эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудаж хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлэх эрхийг нээж өгсөн. Мөн эмнэлэгт хэвтэж байсан хугацаанд хохирогчид гарсан эмчилгээний зардлуудыг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Энэ хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэгдэхдээ гэм буруугийн хэлбэр нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн ийм зүйл харагдахгүй, түүний болгоомжгүй байдлаас болж бусдад хохирол учирсан байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нөхцөл байдал байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн энэ ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэг, өөрөө болгоомжгүй байдлаас үүсгэгдсэн, шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн ар гэрийн хувьд бага насны хүүхэдтэйгээ, өндөр насны эмээтэйгээ хамт амьдардаг. М.Б нь амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой гэж тогтоогдож хууль зүйн туслалцааны төвөөр үйлчлүүлж байгаа. Гэсэн хэдий боловч өөрийнхөө үйлдлээс болж бусдад учруулсан хохирлоо боломжтой хэмжээгээр бүгдийг нь төлж барагдуулаад явж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө үйлдэлд ямар дүгнэлт хийсэн. Мөн түүндээ хэрхэн хариуцлагатай хандаж байгаа байдал бол хавтас хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэж өгөөч гэж хүсэж байна. Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг хэрхэн барагдуулж авах талаараа ойлголттой болсон байх. Шинжээчийн дүгнэлтэн дээр гуянд хугарал гэсэн дүгнэлт хэсэгт байсан. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гуянд ямар нэгэн гэмтэл аваагүй гэж хохирогч хэлж байгаа мөн өвчтөний түүх дээр хэрхэн хаанаа яаж гэмтсэн талаар байгаа учраас үүнийг дахин шалгуулаад байх шаардлага байхгүй байна. Ийм учраас шүүгдэгчийг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хохирогч П.Б-Э-ний “Би Прусс 20 маркийн машины гадна талд зогсож байхад нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэр үед газар унаад хөлөө бариад сууж байхад машины жолооч ахиад ухрахдаа миний хөлийн шилбэ хэсгийг дайрч гарсан. Цаанаас машин ирж байгааг хараагүй, харин машины жолооч намайг харсан байх. Би 2020 оны 10 сарын 01-ний өглөө 1 шил архи уусан байсан. Мөн осолд орохын өмнө 1 шил архи уусан байсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрхэмбаярын “М.Бийн машины урд саарал өнгийн “Тоёото Прусс” маркийн машин зогсож байсан. Гадна 2-3 эрэгтэй хүн зогсож байсан ба М.Б хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр машины хажууд байсан согтуу эрэгтэй хүн муухай орилоод газар унасан. М.Б сандраад хойшоо ухарч гарахдаа юман дээгүүр дайраад гарах шиг болсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.М-тын “Оюут багийн 2-4-р байрны гадаа машиныхаа тос, маслыг Одноо гэх залууд үзүүлээд зогсож байтал Одноогийн найз нь гэх 30 орчим насны залуу миний хажууханд зогсож байгаад миний жолооч талын хаалган дээр зогсож байтал араас нь нэг машин ирээд тэр залууг мөргөсөн. Тэр мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд мөргөөд сандарсандаа буцаж ухрахдаа газар унасан хөлийг нь дахиад дайрчихсан. Дайруулсан залуу нэлээн согтуу явж байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 716 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Явган зорчигч П.Б-Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй зөрчөөгүй” гэсэн мөрдөгчийн 09 дугаартай магадлагаа, шүүгдэгч М.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-4 дүгээр байрны урд талын зам дээр /ОРБ/ дугаартай “Тоёото Виц маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч П.Баяр-Эрдэнийг мөргөж, зүүн хөлийн шилбэний шаант ясны дунд 1/3-ээр хөндлөн далд хугарал, тахилзуур ясны хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн гуянд зөөлөн эдэд цус хуралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь явган зоригч давуу эрхтэй хөдөлгөөнд оролцохоор заасан орон сууцны хорооллын дундах замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бийн үйлдлийн улмаас П.Б-Э-ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1 131 400 төгрөг төлсөн байна. Хохирогч П.Б-Э нь “хөл бүрэн эдгэрээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэснийг шүүх хүлээн авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.Б-ийн жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овгийн М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.Бийн жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч П.Б-Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС