| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01472/И |
| Дугаар | 1399 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 1399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд .............регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, ЖИБИ цэнтр, 301 тоотод байрлах “Платинкапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, .............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414-126 тоотод оршин суух .................. холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9.406.057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллагад нягтлан бодогч ажилтай иргэн ******* 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 36 сарын хугацаатай байгууллагаас цалингийн зээл авч барьцаанд нь өөрийн өмчлөлийн мөнгөлөг өнгийн corolla O 1023 УБВ дугаартай машиныг байгууллагын өмчлөлд шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд ажлаа хүлээлцэх өдөр өөрийн нэр дээр байгаа зээлээ төлж дуусгах шаардлага тавихад ямар ч тайлбар хийлгүй явсан бөгөөд дахиж уулзахыг оролдоход холбогдохгүй байсан. Тиймээс бид Авто тээврийн үндэсний төвийн архиваас очиж тухайн машины талаар лавлагаа авахад ******* нь 2015 оны он сар бичигдээгүй хууль бус албан бичиг үйлдэн Авто тээврийн газарт өгч тус машины дугаарыг солиулсан. Авто тээврийн газарт өгч тус машины дугаарыг солиулсан. Авто тээврийн газар он сар өдөргүй мөн санхүүгийн дардастай албан бичгийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 26 тоот албан бичиг үйлдэн өөрийн ангийн найз иргэн *******сүрэнд манай өмчлөлийн машиныг шилжүүлсэн. Тухайн өдөр шилжүүлэхэд *******сүрэн нь дугаар солиулах хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн байна. ******* нь цалингийн зээлийн гэрээ 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулж 11.000.000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй зээлсэн.
Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 8.867.829, зээлийн хүү 538.228 төгрөг, нийт 9.406.057 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
*******ийг шалгуулахаар цагдаад хандсан ба Сүхбаатар дүүргийн Прокуророос хөөн хэлэлцэн хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн болно.
Иргэн *******сүрэнгээс зээлийн төлбөр болох 9.406.057 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч тус ББСБ-аас зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж зээл авч байгаагүй. Тус байгууллагын нягтлан бодогч Лхагвадэмбэрэл зээл авсан эсэхийг би мэдэхгүй. Лхагвадэмбэрэл нь цалингийн зээлийн гэрээ байгуулж 11.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй авсан гэж байна. Тухайн автомашиныг ББСБ-ийн нягтлан бодогч Лхагвадэмбэрэл надаас мөнгө авч автомашиныг надад худалдсан. Би Лхагвадэмбэрэлд 9.500.000 машиныг үнэнд өгсөн. Эхний 1.000.000 төгрөгийг тус ББСБ-ын дансанд хий гэж хэлсний дагуу хийсэн үлдсэнийг өөрт нь буюу Лхагвадэмбэрэлд өгсөн.
Иймд нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Платинкапитал ББСБ” ХХК нь хариуцагч *******сүрэнд холбогдуулан 9.406.057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“Платинкапитал ББСБ” ХХК нь *******тэй 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 28 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “toyoto corolla” /тоёота королла/ маркийн 10-23 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна./х.х-ийн 6-10 дугаар тал/
Уг зээлийн гэрээний зээлдэгч ******* нь 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд “Платинкапитал ББСБ” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 11-12 дугаар тал/
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад “... 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Платинкапитал ББСБ” ХХК ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг” хариуцагчаас шаардаж байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “toyoto corolla” /тоёота королла/ маркийн 10-23 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг зээлдэгч ******* нь байгууллагын нэрийн өмнөөс хууль бус албан бичиг үйлдэн тээврийн хэрэгсэлийн дугаарыг 36-21 УНУ улсын дугаартай болгон өөрчилж, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин хууль бус албан бичиг үйлдэн өөрийн найз *******сүрэнд шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг тус зээлийн гэрээний хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан *******сүрэнгээс гаргуулна гэж тодорхойлж байна.
Хариуцагч *******сүрэн нь “... нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, найз ******* тээврийн хэрэгсэлээ худалдана гэсний дагуу харилцан тохиролцож худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8.867.829 төгрөг, зээлийн хүү 538.228 төгрөг, нийт 9.406.057 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг гэрээний дагуу хүлээсэн үүргийг гэрээний оролцогч биш этгээдээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүчнлэн хариуцагч *******сүрэн нь уг тээврийн хэрэгсэлийг хууль бусаар худалдан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь *******сүрэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******сүрэнгээс 9.406.057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Платинкапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Платинкапитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ