Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0118

 
   

 

 

 

 

 

 

“А... ө...” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч “А... ө...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч В.Э

Гомдол гаргагч: “А... ө...” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.В

Маргааны төрөл: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Вийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0035219 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч: “А... ө...” ХХК-ийн өмгөөлөгч В.Э

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.В

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 159/2022/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “А... ө...” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Вид холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Вийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0035219 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан “А... ө...” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Вийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0035219 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “А... ө...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч В.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 1.1 га газрыг хашаалж, үл хөдлөх хөдлөх хөрөнгө барин ашигласан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцээгүй нь .... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь газар эзэмших эрх олгосон Засаг дарга болон түүний шийдвэрийг биелүүлэгч газрын харилцааны албаны кадастрын зураглал зөрүүтэй бүртгэсэн үйлдлийн улмаас хашаа барьсан хэмжээгээр газар эзэмших, ашиглах эрхтэй гэх төөрөгдөл манай компанид үүссэн, уг шийдвэрийн улмаас манай компани хашаа барьж үл хөдлөх эд хөрөнгө барьж газрыг ашиглаж байсан болохыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэх захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хийсэн.

 

3.2. ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч энэ тухайгаа холбогдогчид мэдэгдээгүй, шинжээч томилох эсэх тал дээр санал асуугаагүй төдийгүй оролцогчийн эрхийг хангасангүй. Мөн газрын кадастрын зураглал үйлдэх, хяналт тавих асуудлыг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байхад сумын даамал н.А-ыг хэрэгт шинжээчээр томилсон нь хуульд нийцээгүй, ашиг сонирхлын нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Манай компани Мандал сумын Засаг даргын шийдвэр, сумын газрын даамлын үйл ажиллагаатай маргасан байхад сумын даамлыг хэрэгт шинжээчээр оруулсан нь тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болон хэрэг бүртгэлтийн журам зөрчсөн байна.

3.3. Түүнчлэн шинжээч нь тухайн газарт хэзээ хэрхэн очиж хэмжилт, хяналт хийсэн нь тодорхойгүй байхаас гадна гар GPS /аялал жуулчлал буюу иргэний зориулалттай/-ээр газрын зай талбай хэмжиж илүү хашаалсан газрын хэмжээг тодорхойлсон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Анхан шатны шүүх энэ байдалд ямар нэг үндэслэлтэй дүгнэлт өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ өмнөх шүүхийн маргаанд шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/28 дугаартай шинжээчийн дүгнэлтээс эшлэх замаар зөрчлийн хэрэг шалгасан улсын ахлах байцаагч Ж.В-ийн алдаатай үйл ажиллагааг бүхэлд нь зөвтгөж дүгнэсэнд гомдолтой байна.

3.4. Дээрх нөхцөл байдал нь хууль зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа процессын ноцтой алдаатай байхад анхан шатны шүүхээс эдгээрт ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүхээс зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны бус журмаар авагдсан нотлох баримт буюу улсын байцаагчийн үйл ажиллагаанд хамааралгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй болж чадсангүй. Учир нь нэг талаас 2022/28 дугаартай шинжээчийн дүгнэлт нь зөрчлийн хэрэг шалгасан улсын байцаагчийн шийдвэрийн үндэслэл огтоос болоогүй харин Мандал сумын Засаг дарга нь гуравдагч этгээд Б.Г-т газар эзэмшүүлсэн нь хууль ёсны эсэх маргаанд өгсөн шинжээчийн дүгнэлт юм.

3.5. Зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдлын үндэслэлд өгсөн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт бүхий няцаалт үндэслэл бүхий байж болох ч гуравдагч этгээдийн гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэсэн, Мандал сумын Засаг даргад хандан шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар газрын асуудлыг шийдвэрлүүлэх, хамтран зөвтгөх хүсэлт гаргасан байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, процессын ноцтой алдаа бүхий энэ улсын байцаагчийн шийдвэрийн дагуу “А... ө...” ХХК-ийн хууль ёсны дагуу бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж, нурааж болзошгүй нөхцөл бүрдээд байгаа болохыг давж заалдах шатны шүүхээс тусгайлан анхааралдаа авч өгөхийг хүсье.

3.6. Өөрөөр хэлбэл, “А... ө...” ХХК нь бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн илүү газар хашаалсан алдаа зөрчил гарсан гэдгийг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх, Мандал сумын Засаг дарга, газрын даамал төдийгүй зөрчлийн хэрэг үүсгэсэн улсын байцаагч Ж.В нарт удаа дараа тайлбарладаг бөгөөд энэхүү зөрчлөө хуулийн дагуу арилгах боломжийг олгохыг хүссээр байгаа болно. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхад харгалзан үзэлгүйгээр “А... ө...” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, нураах сэдлээр зөрчлийн хэргийг шалгасан байдалд дүгнэлт өгөхийг хүсье.

3.7. Зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг шалган шийдвэрлэхдээ зөрчил гарах болсон нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжийг харгалзан хариуцлага оногдуулах зэрэг зарчмыг хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүхээс “зөрчил үйлдэгдсэн’' тохиолдолд, түүнийг шалгасан процесс, зорилго ямар байх нь хамаагүй” гэх хэт явцуу агуулгаар хандсанд гомдолтой байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах”-аар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.В нь гомдол гаргагч “А... ө...” ХХК-ийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч “А... ө...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

           

3.1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад иргэн Б.Г болон түүний өмгөөлөгч нараас “А... ө...” ХХК-ийг эрх бүхий байгууллагын олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүй газрыг хууль бусаар эзэмшсэн гэх гомдлыг гаргасны дагуу Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.В нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлэн зөрчлийн хэргийг нээж холбогдогч “А... ө...” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил тогтоогдсон гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0035219 дугаар шийтгэлийн хуудсаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

3.2. “А... ө...” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Газар олгох тухай 122 дугаартай захирамжаар үйлдвэрлэл /төмөр арматур хийх/-ийн зориулалтаар Мандал сумын 2 дугаар баг, Төмөр замын зүүн гарамын баруун талд байршилтай 1 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд өөрийн эзэмшил газраас гадна эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 1.1 га газрыг хашаалж үл хөдлөх хөрөнгө барин ашигласан, мөн тухайн газрыг эзэмшиж, ашиглах эрхгүй болох нь гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нийт талбайг харуулсан зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

3.3. Учир нь “А... ө...” ХХК нь тухайн газар орчинд нийтэд нь 21602 м.кв газрыг хашаалсан, түүний дотор 1000 м.кв газар нь “А... ө...” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба үлдэх 11602 м.кв газарт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байшин барьж үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан үзэж”, 8.1 дүгээр зүйлд Газрын тухай хууль зөрчих гээд 10 дахь хэсэгт Хуульд заасныг зөрчих”, 10.1 дэх заалтад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасантай тус тус нийцсэн байна.

 

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч энэ тухайгаа холбогдогчид мэдэгдээгүй, ...сумын газрын даамал н.А-ыг хэрэгт шинжээчээр томилсон нь хуульд нийцээгүй, ашиг сонирхлын нөхцөл байдал үүсэж болзошгүй ...өмнөх шүүхийн маргаанд шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/28 дугаартай шинжээчийн дүгнэлтээс эшлэх замаар зөрчлийн хэрэг шалгасан улсын ахлах байцаагч Ж.Вийн алдаатай үйл ажиллагааг бүхэлд нь зөвтгөж дүгнэсэнд гомдолтой байна, ... энэ шинжээчийн дүгнэлт нь зөрчлийн хэрэг шалгасан улсын байцаагчийн шийдвэрийн үндэслэл огтоос болоогүй” гэснийг хүлээн авах боломжгүй бөгөөд харин энэ тохиолдолд анхан шатны шүүхээс зөрчлийн хэрэг дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэмэлт нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

 

3.5. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс илүү хашаалсан хэсгийг ашиглах хүсэлтээ сумын Засаг даргад хүргүүлсэн нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой, эвлэрэх хугацаа олгохыг хүсч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан хэдий ч хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул нэгэнт 2004 оноос хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А... ө...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА