Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 502

 

                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Уод холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цолмон,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Уын гаргасан давж заалдах гомдлоор Г.Уод холбогдох эрүүгийн 201726010255 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт Г.У, 1000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 00000/,       

 

             Г.У нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 9 дүгээр гудамжны 3 тоотод иргэн Б.Бын байнга амьдрах өвлийн орон сууцны цонхоор 32 инчийн зурагт, алтан нуухтай манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хулгайлан 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.Уод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Уыг 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Уод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Г.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Уод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.У миний бие нь 2017 оны 1 дүгээр сарын 12-нд Сонгинохайрхан дүүрэг дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж эхэлсэн болно. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр орж 1 жилийн нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн болно. Г.У миний бие нь Сонгинохайрхан дүүргээс хорих ялаар шийтгүүлсэн байх хугацаанд Өвөрхангай аймагт хулгайлах гэмт хэрэг гарч ирсэн тул миний бие Сонгинохайрхан дүүргийн хэрэгтэй нэгтгэж нэг шүүх хуралдаанаар орох хүсэлтэй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгч тусална уу...” гэжээ. 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн үед шүүгдэгч Г.У өөр газар гэмт хэрэг үйлдэгдсэн талаар ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байгаагүй. Хэдийгээр үйлдсэн гэмт хэргийг нийлүүлэн нэгтгэж шалгуулмаар байна гэсэн гомдол гаргаж байгаа боловч, Өвөрхангай аймагт гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтууд байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж нэгтгэж болон тус тусад нь ял эдлүүлж болохоор заасан байгаа. Өвөрхангай аймагт шүүхийн шийтгэх тогтоолд гарснаас хойш дахин гэмт хэрэг үйлдсэн юм бол тусдаа ял шийтгэл авах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

                                                           

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлүүд тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, ...бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; ...үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд прокурор болон анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Уод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны хууль хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.      

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Уыг хохирогч Б.Бын гэрээс хөөрөг хулгайлсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн зурагт хулгайлсан гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Хэрэв шүүхээс Г.Уыг хөөрөг хулгайлсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн бол түүний энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хөөрөгний үнийг нийт хохирлоос хасч тооцох нь зүйтэй юм. Гэтэл шүүхээс шүүгдэгч Г.Уыг 150.000 төгрөгийн үнэтэй зурагтыг хулгайлсан гэж үзсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Уоос хохиролд төлсөн 600.000 төгрөгийн зөрүүг шийдвэрлэлгүй орхисон нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс 233 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Уод холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Уын давж заалдах гомдолд дурдагдсан “...Өвөрхангай аймагт үйлдсэн хэрэг...”-ийн талаар хэрэгт ямар нэгэн баримт бичиг авагдаагүй байх боловч шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэхдээ энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Уод холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Уод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

Д.МЯГМАРЖАВ