Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/269

 

     2021        05          17                                  2021/ШЦТ/269

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Б.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Т , мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Б.Т  нарт холбогдох эрүүгийн 2111000000097 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Өөлд овгийн Б.Т , 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-330 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 544 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.

Боржигон овгийн Б.Т , 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 18-31 тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 1 дүгээр гудамжны 1-10 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Д тэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь хөлөөр өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Б ын эзэмшлийн 91-26 УНР улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины урд куперийг өшиглөж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 900.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэв.

Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийг засварлуулж өгсөн...” гэв.  

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Ц.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэмүүжин бид хоёр 9023 УНҮ улсын дугаартай автомашинтай 37 дугаар сургуулийн автобусны буудал орчим приус-30 маркийн машин зам хөндлөн зогсож байсан. Тэгэхээр нь ард нь очиж зогсоод дуут дохиогоо дуугаргатал хажуу тал руу болсон. Тэгэхээр нь хажуугаар нь зөөлөн өнгөрч байтал хажууд сууж байсан Тэмүүжин рүү юм хэлэх шиг болсон. Тэгэхээр нь зогстол нэг шардуу куртиктэй залуу миний машины урдуур өнгөрөхдөө өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би буугаад өөрийн машины куперээ хартал зүгээр байсан. Тэмүүжин бас бууж ирж байтал миний нуруу руу нэг өшиглөхөөр нь би яаж байна гэтэл миний дээрээс нэлээд олуулаа ирээд намайг унагаагаад зодсон... ...Би сайн санахгүй байна. Нэг нь миний нүүр рүү 2 удаа өшиглөөд миний хамраас цус гарсан. Зарим нь салгах гэж оролдож байсан байх...” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Б.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Дашням эхлээд түлхэх шиг болсон. Харин Тэлмүүн араас нь очоод өшиглөж байсан. Би өөр хүн цохиж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Б.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Жолооч залуу бууж ирээд миний нүүр рүү гараараа цохиод авсан. Би зөрүүлээд цээж рүү нь хоёр гараараа түлхтэл Тэлмүүн хавиртал унагаагаад нүүр рүү нь өшиглөтөл хамраас нь цус гарчихсан. Цэрэнноров араас ирээд Тэлмүүнийг салгаад цаашаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Н.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...намайг машинаас буухад Тэлмүүн нэг залууг дэвсэж байхаар нь би Тэлмүүний араас очоод толгой руу нь цохиод салгаад аваад явсан. Өөр хүнийг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 497 дугаар дүгнэлтэд: “...Ц.Д гийн биед хамар ясны хугарал, баруун чамархай хуйх, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, зулгаралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хамар ясны хугарал, баруун чамархай хуйх, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-43/,

Шүүгдэгч Б.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ:  “...машиныхаа хажууд зогсож байтал нэг саарал автомашинтай хоёр залуу ирээд цонхоороо та нар одоо согтуу яваад байгаа юм уу гэсэн. Дашням үгүй тийм юм байхгүй гэтэл Дашнямтай хэрэлдээд байх шиг байсан би сонсоогүй. Тэгээд тэр залуу бууж ирээд Дашнямын нүүр рүү гараараа цохиод авсан. Дашням зөрүүлээд цээж рүү нь гараараа түлхэж холдуултал шар куртиктэй залуу нь Балжиннямыг тас тэврээд хэвтчихсэн. Харин нөгөө залуутай нь зодолдоод би тэр жолооч залуугийн куртикнийх нь малгайнаас бариад доошоо дарж байгаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд болиод явах гэж байгаад бууж ирээд дахиад цохих гэж байтал Цэрэнноров ирээд боль боль гээд аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Хохирогч О.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бид нар Цэрэнноровын гэрээс гараад төв зам дээр ирээд Дашнямын найз охиныг тосож аваад байж байтал саарал машинтай хоёр залуу ирээд цонхоороо юм яриад Дашням буугаад ир андаа үнэртүүлчих гэхээр нь би бууж очоод үнэртүүлсэн. Тэгтэл энэ ямар машин болохыг мэдэх үү гээд жолооч нь бууж ирээд Дашнямыг цохитол Дашням зөрүүлээд цээж рүү нь гараараа түлхээд өөрөөсөө холдуултал машины хойд суудал дээрээс нэг залуу бууж ирээд миний цээжнээс тэврээд газар унагаагаад та нарыг явуулахгүй гээд намайг тэвэрчхээд тавихгүй байсан. Гэтэл нөгөө машины хойноос бууж ирсэн залуу нь миний машины урд гупер рүү өшиглөж байсан. Намайг тэгээд Цэрэнноров ирээд тэр залуугаас салгаад би машинаа ирж хартал урд купер өшиглөөд хагалчихсан купер бүр салаад уначихсан байхаар нь цагдаа иртэл хүлээе гээд хүлээж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Шүүгдэгч Б.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Цэрэнноров араас ирээд миний куртикнээс татаад салгаад машинд суулгасан. Тэгээд манай хэд явъя явъя гээд машиндаа сууж байтал нэг залуу нь ирээд машины урд купер, кирларуу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Б.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай найз охин намайг аваад машинд суутал нөгөө залуу нь гүйж ирээд Балжиннямын машины купер кирла руу өшиглөөд хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЧД2-21-049 дугаар тайланд: “...Тоёота приус30 маркийн автомашины урд купер хуучин нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн үнэлгээгээр 400.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 51-52/,

Шүүгдэгч Б.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Даваахүү ахын нуруу руу нэг нь өшиглөхөөр нь унагаагаад зодсон. 3, 4 үүлээ байсан. ...би нэгийг нь бариад явуулахгүй гээд байж байтал 2 нь буцаж ирээд салгаад аваад яваад би араас нь очоод машиныг нь явуулахгүй гээд урдуур нь ороод автомашиных нь купер хэсэг рүү нь нэг удаа өшиглөтөл машин нь хагарах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 60-61/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-67/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81-82/, шүүгдэгч Б.Т д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 77-79/, хохирогч О.Б ын “...гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх 103/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Д тэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь хөлөөр өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Б ын эзэмшлийн 91-26 УНР улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины урд куперийг өшиглөж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Д гийн “...Тэмүүжин бид хоёр 9023 УНҮ улсын дугаартай автомашинтай 37 дугаар сургуулийн автобусны буудал орчим приус-30 маркийн машин зам хөндлөн зогсож байсан. Тэгэхээр нь ард нь очиж зогсоод дуут дохиогоо дуугаргатал хажуу тал руу болсон. Тэгэхээр нь хажуугаар нь зөөлөн өнгөрч байтал хажууд сууж байсан Тэмүүжин рүү юм хэлэх шиг болсон. Тэгэхээр нь зогстол нэг шардуу куртиктэй залуу миний машины урдуур өнгөрөхдөө өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би буугаад өөрийн машины куперээ хартал зүгээр байсан. Тэмүүжин бас бууж ирж байтал миний нуруу руу нэг өшиглөхөөр нь би яаж байна гэтэл миний дээрээс нэлээд олуулаа ирээд намайг унагаагаад зодсон... ...Би сайн санахгүй байна. Нэг нь миний нүүр рүү 2 удаа өшиглөөд миний хамраас цус гарсан. Зарим нь салгах гэж оролдож байсан байх...” гэх мэдүүлэг /хх 14-16/, гэрч Б.Э гийн “...Дашням эхлээд түлхэх шиг болсон. Харин Тэлмүүн араас нь очоод өшиглөж байсан. Би өөр хүн цохиж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх 26-27/, гэрч Б.Д ын “...Жолооч залуу бууж ирээд миний нүүр рүү гараараа цохиод авсан. Би зөрүүлээд цээж рүү нь хоёр гараараа түлхтэл Тэлмүүн хавиртал унагаагаад нүүр рүү нь өшиглөтөл хамраас нь цус гарчихсан. Цэрэнноров араас ирээд Тэлмүүнийг салгаад цаашаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Н.Ц ын “...намайг машинаас буухад Тэлмүүн нэг залууг дэвсэж байхаар нь би Тэлмүүний араас очоод толгой руу нь цохиод салгаад аваад явсан. Өөр хүнийг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх 35-36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 497 дугаар “...Ц.Д гийн биед хамар ясны хугарал, баруун чамархай хуйх, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт, зулгаралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хамар ясны хугарал, баруун чамархай хуйх, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-43/, шүүгдэгч Б.Т ий яллагдагчаар өгсөн “...машиныхаа хажууд зогсож байтал нэг саарал автомашинтай хоёр залуу ирээд цонхоороо та нар одоо согтуу яваад байгаа юм уу гэсэн. Дашням үгүй тийм юм байхгүй гэтэл Дашнямтай хэрэлдээд байх шиг байсан би сонсоогүй. Тэгээд тэр залуу бууж ирээд Дашнямын нүүр рүү гараараа цохиод авсан. Дашням зөрүүлээд цээж рүү нь гараараа түлхэж холдуултал шар куртиктэй залуу нь Балжиннямыг тас тэврээд хэвтчихсэн. Харин нөгөө залуутай нь зодолдоод би тэр жолооч залуугийн куртикнийх нь малгайнаас бариад доошоо дарж байгаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд болиод явах гэж байгаад бууж ирээд дахиад цохих гэж байтал Цэрэнноров ирээд боль боль гээд аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/, хохирогч О.Б ын “...бид нар Цэрэнноровын гэрээс гараад төв зам дээр ирээд Дашнямын найз охиныг тосож аваад байж байтал саарал машинтай хоёр залуу ирээд цонхоороо юм яриад Дашням буугаад ир андаа үнэртүүлчих гэхээр нь би бууж очоод үнэртүүлсэн. Тэгтэл энэ ямар машин болохыг мэдэх үү гээд жолооч нь бууж ирээд Дашнямыг цохитол Дашням зөрүүлээд цээж рүү нь гараараа түлхээд өөрөөсөө холдуултал машины хойд суудал дээрээс нэг залуу бууж ирээд миний цээжнээс тэврээд газар унагаагаад та нарыг явуулахгүй гээд намайг тэвэрчхээд тавихгүй байсан. Гэтэл нөгөө машины хойноос бууж ирсэн залуу нь миний машины урд гупер рүү өшиглөж байсан. Намайг тэгээд Цэрэнноров ирээд тэр залуугаас салгаад би машинаа ирж хартал урд купер өшиглөөд хагалчихсан купер бүр салаад уначихсан байхаар нь цагдаа иртэл хүлээе гээд хүлээж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, шүүгдэгч Б.Т ий гэрчээр өгсөн “...Цэрэнноров араас ирээд миний куртикнээс татаад салгаад машинд суулгасан. Тэгээд манай хэд явъя явъя гээд машиндаа сууж байтал нэг залуу нь ирээд машины урд купер, кирларуу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 24-25/, гэрч Б.Д ын “...манай найз охин намайг аваад машинд суутал нөгөө залуу нь гүйж ирээд Балжиннямын машины купер кирла руу өшиглөөд хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЧД2-21-049 дугаар “...Тоёота приус30 маркийн автомашины урд купер хуучин нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн үнэлгээгээр 400.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 51-52/, шүүгдэгч Б.Т ий яллагдагчаар өгсөн “...Даваахүү ахын нуруу руу нэг нь өшиглөхөөр нь унагаагаад зодсон. 3, 4 үүлээ байсан. ...би нэгийг нь бариад явуулахгүй гээд байж байтал 2 нь буцаж ирээд салгаад аваад яваад би араас нь очоод машиныг нь явуулахгүй гээд урдуур нь ороод автомашиных нь купер хэсэг рүү нь нэг удаа өшиглөтөл машин нь хагарах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 60-61/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-67/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т , Б.Т  нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан,

шүүгдэгч Б.Т ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б  нь “...Б.Т  нь миний машиныг хохиролгүй болгож өгсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...”, хохирогч Ц.Д  нь “...гомдол, санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Т , Б.Т  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Т д 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Т  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгч нарт   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Т , Б.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Өөлд овгийн Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Б.Т  нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Т , Б.Т  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Б.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН