| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/271 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/271
2021 05 18 2021/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
иргэдийн төлөөлөгч Б.Намхайноров,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц,
шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Б.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн С.Г од холбогдох эрүүгийн 2009000001487 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн С.Г , 2002 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 15-145 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 10 дугаар гудамжны 145 тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн дүү 16 настай, эмэгтэй Санжаагийн Ганчимэгтэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн орчим дүү С.Г ийг гэрээс гарах үед нь араас нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг зөөвөрлөн хаясан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэр бүлийн дотоод харилцаанаас хамаараад талийгаач дүүтэйгээ багаасаа л муу харилцаатай байдаг байсан. Манай дүүг хулгай хийхэд манай том ах болон манай эцэг эх намайг зоддог, ээж, аав, ах нар дүүг өмөөрөөд намайг байнга зоддог байсан. Багаасаа таарамжгүй харилцаатай байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цеэнноров нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...С.Г нь өөрийн төрсөн дүүгийн амь насыг хөнөөсөн. С.Г ын эхтэй уулзахад сэтгэл санааны хүнд цочролд автсан өдөр хоногийг хэцүү өнгөрүүлж байгаа талаар надад хэлсэн. Одоо өөрийн гэртээ 2 хүүгийнхээ хамт оршин сууж байгаа. Энэ хэрэгт гомдолтой харамсаж байгаагаа илэрхийлсэн. Амь хохирогч нь 16 настай хүүхэд бөгөөд зорилго тэмүүлэлтэй хүүхэд байсан. Би ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16-24/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 25-35/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 36-39/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 40-51/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 52-58/,
Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 59-65/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 66-69/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 75-76/,
Талийгаачийн өмсөж байсан гэх хувцаснуудад үзлэг хийсэн /1-р хх 80/,
Хэргийн газраас хураан авсан 4 ширхэг шуудай болон наалддаг туузнуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 81/,
Хэргийн газраас олдсон гэх талийгаачийн хэрэглэж байсан гэх цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 94-98/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн албан ажлын хүрээнд уг хэрэгт нас барсан иргэний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа тул надад санал хүсэлт байхгүй. Талийгаачийн ар гэрийн талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 112-115/,
Гэрч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би эхнэр Энхжаргал, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны задгай тоотод байрлах хашаа байшинд 2015 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэрээсээ гараагүй, гэртээ ганцаараа зурагт үзээд өнгөрүүлсэн. Тухайн үед манай нохой урд зүг рүү хараад хуцаад байсан. Тэгээд би 21 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад жорлон ороод бие засаад нохой хуцаад байхаар нь нохойны хуцаж байгаа зүг рүү очиж харсан. Тэгтэл цаана нь олон нохойнууд цугларсан, бөөгнөрсөн байдалтай балгасан байшингийн баруун талд байсан. Тэгээд би нохой цугларсан газарт очиж харахад балгасан байшингийн баруун талд нь 2 ширхэг цагаан өнгийн ууттай зүйл байсан. Тухайн 2 ширхэг цагаан шуудайтай зүйлийг байшингийн ёроол руу цувуулаад тавьчихсан байсан. Тэгээд наад талд нь байсан шуудайтай зүйлийг татаж үзэхэд хөнгөн байсан учраас задалж үзэхэд дотроос нь давхар шуудайтай зүйл гарч ирэхээр нь би тэр шуудайг онгойлгож үзэхэд 4 хэсэг зүйл гарч ирсэн. 2 нь цагаан гялгар уутанд ороогоод битүү скочидсон хөлдүү мах маягийн зүйл байсан. Дараагийн 2 нь шар өнгийн гялгар ууттай юм байсан ба нэг уутанд нь эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх байсан, нөгөө гялгар уутанд цус болсон хувцаснууд байсан. Тэр үед муудсан юм шиг муухай үнэр гараад байхаар нь би шууд цагдаагийн 102 гэсэн тусгай дугаарт залгаад “энд нэг ууттай юм байна. Өмхийрсөн, муухай үнэртэй зүйл байна. Хүний цус болсон хувцаснууд байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Миний дуудлага өгсний дагуу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд нөгөө задлаагүй байсан шуудайг задалж үзсэн. Тэгтэл дотроос нь 2 давхар шуудайнд хийсэн ногоон алаг өнгийн гялгар ууттай том хэмжээний зүйлийг скочоор битүү ороочихсон байсан. Тэр үед дуудлагаар ирсэн цагдаа “хүрзний зүйл байвал аваад ирээч” гэхээр нь би гэр лүгээ ороод хүрз авчирч цагдаад өгөхөд хүрзээр онгойлгох гэх оролдсон боловч задрахгүй байсан. Цагдаагийн алба хаагч “энийг яаж онгойлгох вэ” гэхээр нь “би гэрээсээ хутга аваад ирэх үү” гэж хэлэхэд “тэг” гэж хэлэхээр нь би гэр лүгээ ороод цоохор иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга авчирч өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч нөгөө гялгар ууттай зүйлийг онгойлгож үзэхэд их муухай үнэр гарч байсан. Тухайн цагдаа нар “хүний цогцос юм шиг байна” гэж хэлээд бүрэлдэхүүн дуудъя гээд бүрэлдэхүүнээ дуудсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу 2 хоногийн өмнө гэрээсээ өдрийн 12 цагийн үед гараад урд талын уул руу алхаж очоод 12 цаг 30 минут гэхэд гэртээ ирсэн. Тэр үед мэдэгдэхүйц ил зүйл байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг гэрээс гараад дээшээ явж байхад хогны машин хог ачаад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 116-118/,
Гэрч Э.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 24 цагийн хугацаанд Бэлх-114 дүгээр чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч С.Г ын хамт үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цаг 40 минутад Бэлх-10-аас “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны төгсгөлд 2 шуудайтай сэжиг бүхий зүйл байна. Шалгуулмаар байна” гэх дуудлага мэдээллийг иргэн Цэндсүрэн гэх хүнээс ирүүлсний дагуу 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны төгсгөлд очиход дуудлага өгсөн Цэндсүрэн гэх эрэгтэй хүн угтаж авсан. Тэгээд би Ганбаярын хамт дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн баруун урд хэсэгт очиж шалгахад цагаан өнгийн дээрээ БНХАУ-ын бичиг улаан өнгөөр бичигдсэн шуудайтай зүйл байсан. Дуудлага өгсөн гэх иргэн Цэндсүрэн нь Ганбаяр бид хоёрыг очихоос өмнө нэг шуудайтай зүйлийг гаргаад үзсэн байсан. Тухайн үед миний харснаар 4 гялгар ууттай зүйл байсан. Нэг гялгар уутанд хар өнгийн цүнх гэх зүйл харагдсан. Нөгөө уутанд нь юу байгаа нь сайн мэдэгдээгүй. Улаан өнгийн туяатай, гадна талаас нь гялгар уутанд хийгээд наалдамхай хальс буюу скочоор ороосон, хэмжээ адил 2 зүйл байсан. Тэр 4 гялгар ууттай цуг цагаан өнгийн дөрвөлжин, хавтгай шуудайтай зүйл нэг ширхэг байсныг Ганбаярын хамт задалж үзэхээр дуудлага өгсөн иргэн Цэндсүрэнгээс хүрз, жоотуу, 2 ширхэг хутга зэргийг тус тус авчруулан задалж үзсэн. Уг шуудай нь маш олон давхарлагдсан байсан. Тухайн шуудайн юу байгаа талаар мэдэх зорилгоор хутгаар онгойлгож үзэхэд хувцастай байсан учраас хүн байна гэж ойлгосон. Тэгээд Бэлх-10 буюу жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Батмөнхөд мэдэгдэж, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх 125-126/,
Гэрч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би эцэг эхээс 4-лээ. Би айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Миний доор Гансүх, Ганболд, Ганчимэг гэж байдаг. Ганболд, Ганчимэг нар нь миний төрсөн дүү нар байгаа юм. Би хамгийн сүүлд Ганчимэгтэй 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байхаа бүтэн сайн өдөр ээж Отгонтуяагийн амьдардаг нийтийн байранд ганцаараа очиход дүү Ганчимэг байсан. Ээж Отгонтуяа, дүү Ганболд нар байхгүй байсан. Ганчимэг нь ээж Отгонтуяа, дүү Ганболд нарын хамт амьдардаг. Гансүх бид хоёр цугтаа амьдардаг. Тэгээд би тухайн үед дүү Ганчимэгтэй кино үзэх асуудлаас болж маргалдаад ээж Отгонтуяа руу залгаж “Ганчимэг чинь намайг хөөгөөд байна, нэг кино үзэх гэсэн чинь” гэж хэлэхэд ээж Отгонтуяа намайг “манай гэрээс яв” гэж хэлэхээр нь би явсан. Тэрнээс хойш дахин Ганчимэгтэй уулзаагүй. Манай дүү Гансүх надад “Ганчимэг алга болсон, Ганболд, ээж, бид 3 нийлээд тасралтгүй 4 хоног хайгаад олсонгүй” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр билүү 2-ны өдөр байхаа дүү Ганчимэг нь гэнэт алга болсон гэсэн. Тэрнээс хойш Ганчимэгийн утас нь холбогдохгүй, фейсбүүктэй нэвтрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 129-131/,
Гэрч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 23 цаг 30 минутын үед “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны уул өгсөөд орой дээр нь 2 шуудайтай юм байна. “Хүн байж магадгүй” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эргүүлийн офицер ахмад Э.З ын хамт дуудлагын дагуу очиж шалгахаар дуудлага өгсөн газарт очиход дуудлага өгсөн хүн уулан дээр бид хоёрыг хүлээж байсан. Уулзаад шуудай байсан газрыг заалгахад дутуу барьсан тоосгон байшингийн хажууд 2 цагаан шуудайтай юм байсан. 1 уутыг нь дуудлага өгсөн хүн гаргаад тавьсан байсан. Тухайн хүнээс асуухад 102-т дуудлага өгөхөд 102-оос “та уутан дотор юу байгааг шалгаад өгөөч” гэж хэлсэн. Тэрнээс болоод шуудайг онгойлгож үзэхэд хүн байж магадгүй болохоор нь Цагдаагаар нь шалгуулъя гээд буцаагаад 102-т дуудлага өгсөн гэж хэлсэн. Ахмад Зоригтын хамт уутыг нээж үзэхийн тулд дуудлага өгсөн хүнээс хүрз, хутга зэрэг зүйлсийг аваад шуудайг онгойлгоход цамцны захны хэсэг харагдсан. Тэгэхээр нь жижүүр лүү яриад бүрэлдэхүүн дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164-165/,
Гэрч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би ах болох Ганзоригийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 284в тоотод 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш амьдарч байгаа юм. Манай охин дүү Ганчимэг эндээс хичээлдээ явахад дандаа хоцроод байна гээд ээж Отгонтуяа, Ганболд гурав 6-н буудалд нийтийн байрны 2 давхрын 7 номерын өрөөг түрээслэн амьдарч байгаа. Би ээжтэйгээ 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед очиж уулзсан. Ээж дээр очиж уулзахад Ганболд байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн гэрт, 6 буудалд Ганчимэгтэй уулзсан. Ганболд, Ганчимэг нар нь хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг. Байнга шахуу хэрэлдэж байдаг. Би Ганчимэгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гэртээ ирэхгүй байгаа гэдгийг мэдэж байсан. Би ээжтэй хамт гадуур Вокзал, 3, 4 дүгээр хорооллоор явж хайж байсан. Ээж надад хэлэхдээ “Ганчимэг захиалсан юмаа авна” гэж хэлж гарсан гэсэн. Ганчимэг, Ганболд нар нь хоорондоо нас ойролцоо болохоор их таарамжгүй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 167-168/,
Гэрч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дүү Ганчимэг бол зан аашны хувьд дөлгөөн, даруухан боловч Ганболдтой ерөөсөө таардаггүй. Ер нь тэр хоёр маш жижиг юман дээр хоорондоо хэрэлддэг. Ганчимэг Ганболдтой л муухай харьцаад хэрүүл хийгээд байдаг болохоос бусад хүмүүстэй бол хэвийн зүгээр харьцдаг байсан. Ганболд, Ганчимэг хоёр бага наснаасаа хоорондоо их хэрэлддэг байсан. Ингээд томрох тусмаа хэрүүл нь ихсээд бие биетэйгээ таарахаа больчихсон байсан. Ганчимэгийн алга болсон өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байсан санагдаж байна. Орой 23 цаг өнгөрч байхад ээж над руу утсаар залгаад “Ганчимэг хороолол явж захиалсан хувцсаа авна” гээд гарсан чинь одоог болтол алга байна. Ганболд PC тоглоомын газарт хононо гээд яваад өгсөн” гээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гараад ээж дээр очих гэсэн чинь 23 цаг өнгөрсөн байхаар нь болиод гэртээ хоносон. Тэгээд маргааш нь ээж рүүгээ утсаар ярих гэсэн чинь надад нэгж байхгүй байсан болохоор асууж чадаагүй байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр буюу 5 дахь өдөр ээж над руу утсаар яриад “Ганчимэг ирэлгүй хэд хоночихлоо, чи хүрээд ир” гэхээр нь гэрт нь ирж хоноод маргааш нь ээжийн хамт 13-20 цагийн хооронд вокзал, 3.4 дүгээр хороолол орж Ганчимэгийг хайгаад сургийг нь олоогүй. Тэгээд ээжийн гэрт ирээд хоносон. Маргааш өглөө нь 9 цагийн үед байхаа Ганболд PC тоглоомын газарт хоночхоод орж ирсэн. Тэгээд би гэрээс нь гараад гэртээ хариад маргааш нь дахиад хайсан. Ямар ч байсан хөл хорио тогтоотол 5 буудал, 6 буудал, хувцасны захиалга өгсөн гэх газруудаар нь хайсан боловч олоогүй байж байгаад каринтилагдсан. Намайг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ээжийн гэрт хонох гэж байхад ээжийн гэрийн хана дагуулан байрлуулсан бор шаргал өнгийн шкафны дээр тавьсан цаасан хайрцагнаас цус дусаж байсан. Тэгэхээр нь би “энэ юу вэ доошоо буулгаж харъяа” гэхэд Ганболд царай нь сонин болоод “наадах чинь нэлээн хүнд, дараа тэгж байгаад буулгаад янзалъя” гээд цусыг нь цэвэрлэж байсан. Би он, сар, өдрийг наана, цаана оруулаад мартдаг болоод байгаа учраас он, сар нь зөрүүтэй байж магадгүй. Би ээжийнд хонож байхад ямар ч байсан их эвгүй үнэртээд байсан. Тэгээд яг юунаас үнэртэж байгааг мэдээгүй. Ээж муухай үнэртээд гээд цонх онгойлгож байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 178-180/,
Гэрч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ганболд, Ганчимэг нарын төрсөн эцэг нь болох хүн байгаа юм. Манай хүү Ганболд Улаанбаатар хотын Эх нялхаст 2002 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн. Ганболд нь зан аашны хувьд үг дуу цөөтэй хэр нь их шартай, аливаа хүнтэй эвээр ярьж чаддаггүй, жаахан түрэмгий зантай. Бүх зүйлд өөрийнх нь зөв, бусдын буруу болгож харьцдаг. Хүнтэй найзалж чаддаггүй, хүнтэй эвтэй байж чаддаггүй зан ааштай хүүхэд байгаа юм. Ганболд, Ганчимэг нар нь бага байхын хоорондоо таардаггүй байсан. Ганболд дүүгээ буруутгаад байнга маргалдаж, хэрэлддэг, хааяа зодчихдог. Тэгээд би эмэгтэй хүүхдийг зодлоо, эх хүнээс, эмэгтэй хүнээс төрөөгүй юу гээд би бас Ганболдод гар хүрч байсан. Хэдийгээр хоорондоо харилцаа муутай байсан ч ингэж ах нь дүүгийнхээ амь насыг хөнөөнө гэж төсөөлж байсангүй. Ганболд ер нь их түрэмгий зантай тэгээд хүнтэй маргалдах их дуртай, өөрийн бодлыг байнга зөв гэж боддог учир түүнийгээ бусдад тулгах гээд байдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/,
Гэрч Ш.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байрны 7 тоот өрөөнд 2020 оны 2 дугаар сараас эхлэн ээж, хүү, охины хамт амьдарч байгаа айл байдаг. Уг айлын ээжийнх нь нэрийг Отгонтуяа гэдэг. Өглөө 8 цагийн үед гараад орой 22 цагийн үед гэртээ ирдэг эмэгтэй байдаг. Хүүгийн нь нэрийг сайн мэдэхгүй ажилгүй гэртээ байдаг. Охин нь Ганчимэг гэж байдаг коллежид сурдаг гэсэн. Яг хаана, ямар газар сурдаг талаар нь мэдэхгүй. Өглөө 08 цагийн үеэр гараад орой 20 цагийн үед ирдэг. Нэг удаа би охин хүү хоёрыг нь хэрэлдэж байхыг нь сонссон. Тэр үед 2020 оны 09 дүгээр сарын дунд үе, хичээл ороод удсан байсан үе, яг нарийн он, сар өдрийг нь мэдэхгүй байна. Ах нь дүүгээ “чи талх идсэн байна” гээд уурлахад дүү нь “би идээгүй, 2 ширхгийг идээд үлдээсэн” гэж уурлаад хоорондоо маргалдаж байхыг би сонсож байсан. 2020 оны 11 дүгээр сарын 17 билүү 18-ны өдөр би фейсбүүк үзээд байж байтал 7 тоотын охины зураг алга болсон гээд зарлагдсан байсныг олж харсан. Тэгээд 7 тоот руу очоод хаалгыг нь онгойлгосон чинь гэрт нь ээж нь 2 хүүтэйгээ байсан. Би гэрт орж зогсоод ээжээс нь “Ганаа алга болсон юм уу, яагаад надад хэлээгүй юм бэ” гэхэд ээж нь дуугүй суугаад байсан. 2 хүүгээс нь асуухад бага хүү нь шууд усны сав аваад юу ч дуугараагүй гараад явсан. Нэг хүү нь “та хаанаас мэдсэн юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “фейсбүүкээс харлаа” гэхэд тэгвэл манай эгч фэйсбүүкэд тавьсан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар яагаад хайхгүй гэртээ байгаад байгаа юм бэ” гэхэд хүү нь “гадуур явуулахгүй байна эгчээ” гэхээр нь “Цагдаад мэдэгдсэн юм уу” гэхэд ээж нь “эгч нь цагдаад хэлсэн байгаа” гэж ярианд оролцсон. Би гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 195-198/,
Гэрч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...7 тоотод ээж, хүү, охин 3 хамт амьдардаг байсан...Уг айлын охин 2020 оны 11 сарын 03-аас хойш огт харагдахаа больсон. Уг охин ээж, ахтайгаа таарамж муу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 199-201/,
Гэрч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2 хүүхдүүд нь хоорондоо хэрэлдэж, зодолдоод л байх шиг байдаг. Яг юу гэж хэрэлддэг нь бол сонсогддоггүй юм. 2 хүүхэд нь хоорондоо ер нь байнга зодолдоод, хэрэлдээд, түжигнэлдээд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 212-215/,
Гэрч Х.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагийн орчимд 9 дүгээр дэлгүүрийн ар талд байдаг гэрээсээ гараад таксинд явж халтуур хийсэн. ...7 буудлын автобусны буудлаас 50 гаран насны эхнэр, нөхөр хоёрыг суулгаад 21 дүгээр хорооллын нэг байранд хүргэж өгсөн..Тэгээд буцаад тэр хоёр 7 буудал орсон. Ингэж явах замдаа нөгөө ах, эгч хоёр “бэлэн мөнгө байхгүй байна. АТМ-аас мөнгө авъя” гээд 6 буудлын автобусны буудлын хажуугийн Очир төвийн АТМ рүү эхнэр нь орсон. Тэр үед улаан куртик өмссөн 20 нас арай хүрээгүй гэмээр залуу гар өргөөд “Бэлх явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ах нь хүнтэй явж байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй АТМ орсон эгч гарч ирээд хөдлөөд явах гэснээ цонхоо онгойлгоод “ах нь хүнтэй явж байна. 7 буудалд буух юм уу. Дургүйцэхгүй бол суучих” гэсэн чинь “тэгье” гэхээр нь бууж багаажаа онгойлгож өгөөд авч явсан цагаан шуудайтай эд зүйлийг нь өргөлцөж машиндаа тавиад цаашаа хөдөлсөн. Тэгээд 7 буудлын дэлгүүрүүдийн ойролцоо ах, эгч хоёрыг буулгаад нөгөө залуутай Бэлх рүү явж задгай газар, овгор, товцогтой газар очоод нөгөө залуу “ахаа энд бууя” гээд шуудайтай эд зүйлээ аваад буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227/,
Гэрч Х.Ж гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 228-234/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшиний 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2441 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амьддаа үүсгэгдсэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, нас барсны дараа үүсгэгдсэн биенээс толгой, мөчдийг салгаж, мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар хананы урагдал, нарийн гэдэсний гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачид амьддаа үүссэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь шинэ, нас барсны дараа биенээс толгой, мөчдийг салгаж мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар ханын урагдал нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цогцос ялзарсан тул үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Талийгаачийн булчинд хийсэн химийн лабораторийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь ойролцоогоор 160 см урт, 60 кг жинтэй байна. Талийгаач нь нас бараад 5-аас дээш хоног болсон байх боломжтой. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. Сарын тэмдэг ирсэн шинж илрээгүй. Талийгаачийн биенээс толгой, мөчдийг нас барсны дараа тасалж, салгасан байна. Талийгаач нь ам, хамар, хүзүү, хоолой гаднаас дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 248-250, 2-р хх 1-3/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 4576 дугаартай СД бичлэгт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх 19-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 4567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүүн, баруун хөлийн хэсгийг хийсэн 2 ширхэг мяндсан уутны гадуур ороосон 10 хэсэг наалт туузнаас гарын мөр илэрсэн. Шинжилгээнд тэнцсэн 3, 4, 7, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр санд МN0000СБД01994 дугаарт бүртгэгдсэн Санжаа овогтой Ганболдын зүүн гарын эрхий, долоовор, ядам, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэх дүгнэлт /2-р хх 50-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Хишигсүрэнгийн Жамбаагийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд 2020-1056-СБД гэсэн кодоор бүртгэгдсэн “СБД-ийн 18 дугаар хороо, уулнаас мөчлөгдсөн эмэгтэй хүний цогцос олдсон, скочноос, цээж хэсэг, 2 хөлд олдсон, толгой гар олдоогүй” гэсэн мэдээлэл бүхий хэргийн 5 дугаартай гарын мөр Хишигсүрэнгийн Жамбаагийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /2-р хх 64-72/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх урагдаж тасарсан ханцуйнууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх урагдаж тасарсан ханцуйнууд дээр цуснаас бусад биологийн гаралтай үлдэц, наалдац илрээгүй...” гэх дүгнэлт /2-р хх 73-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6303 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №1, №2, №3 гэж дугаарласан хутганууд шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2, №3 гэж дугаарласан хутганууд дээр цус илрээгүй. №1 гэж дугаарласан хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харъяалал болон хүн амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /2-р хх 92-94/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1163 дугаартай дүгнэлтэд: “...Ганболд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Г нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл байхгүй байна. С.Г нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. С.Г нь харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. С.Г нь хэрэг хариуцах чадвартай. С.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Г од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /2-р хх 175-176/,
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “...Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ...” /2-р хх 212-221/,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эрэн сурвалжлагдсан С.Г т холбогдох материалууд...” /3-р хх 28-123/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 225/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх 238/, шүүгдэгч С.Г од холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 228-230/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 2-ны орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 10 дугаар гудамжны 145 тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн дүү 16 настай, эмэгтэй Санжаагийн Ганчимэгтэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн орчим дүү С.Г ийг гэрээс гарах үед нь араас нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг зөөвөрлөн хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16-24/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 25-35/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 36-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 40-51/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 52-58/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 59-65/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 66-69/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 75-76/, талийгаачийн өмсөж байсан гэх хувцаснуудад үзлэг хийсэн /1-р хх 80/, хэргийн газраас хураан авсан 4 ширхэг шуудай болон наалддаг туузнуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 81/, хэргийн газраас олдсон гэх талийгаачийн хэрэглэж байсан гэх цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 94-98/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цын “...Би өөрийн албан ажлын хүрээнд уг хэрэгт нас барсан иргэний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа тул надад санал хүсэлт байхгүй. Талийгаачийн ар гэрийн талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 112-115/, гэрч Б.Ц гийн “...Би эхнэр Энхжаргал, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны задгай тоотод байрлах хашаа байшинд 2015 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэрээсээ гараагүй, гэртээ ганцаараа зурагт үзээд өнгөрүүлсэн. Тухайн үед манай нохой урд зүг рүү хараад хуцаад байсан. Тэгээд би 21 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад жорлон ороод бие засаад нохой хуцаад байхаар нь нохойны хуцаж байгаа зүг рүү очиж харсан. Тэгтэл цаана нь олон нохойнууд цугларсан, бөөгнөрсөн байдалтай балгасан байшингийн баруун талд байсан. Тэгээд би нохой цугларсан газарт очиж харахад балгасан байшингийн баруун талд нь 2 ширхэг цагаан өнгийн ууттай зүйл байсан. Тухайн 2 ширхэг цагаан шуудайтай зүйлийг байшингийн ёроол руу цувуулаад тавьчихсан байсан. Тэгээд наад талд нь байсан шуудайтай зүйлийг татаж үзэхэд хөнгөн байсан учраас задалж үзэхэд дотроос нь давхар шуудайтай зүйл гарч ирэхээр нь би тэр шуудайг онгойлгож үзэхэд 4 хэсэг зүйл гарч ирсэн. 2 нь цагаан гялгар уутанд ороогоод битүү скочидсон хөлдүү мах маягийн зүйл байсан. Дараагийн 2 нь шар өнгийн гялгар ууттай юм байсан ба нэг уутанд нь эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх байсан, нөгөө гялгар уутанд цус болсон хувцаснууд байсан. Тэр үед муудсан юм шиг муухай үнэр гараад байхаар нь би шууд цагдаагийн 102 гэсэн тусгай дугаарт залгаад “энд нэг ууттай юм байна. Өмхийрсөн, муухай үнэртэй зүйл байна. Хүний цус болсон хувцаснууд байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Миний дуудлага өгсний дагуу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд нөгөө задлаагүй байсан шуудайг задалж үзсэн. Тэгтэл дотроос нь 2 давхар шуудайнд хийсэн ногоон алаг өнгийн гялгар ууттай том хэмжээний зүйлийг скочоор битүү ороочихсон байсан. Тэр үед дуудлагаар ирсэн цагдаа “хүрзний зүйл байвал аваад ирээч” гэхээр нь би гэр лүгээ ороод хүрз авчирч цагдаад өгөхөд хүрзээр онгойлгох гэх оролдсон боловч задрахгүй байсан. Цагдаагийн алба хаагч “энийг яаж онгойлгох вэ” гэхээр нь “би гэрээсээ хутга аваад ирэх үү” гэж хэлэхэд “тэг” гэж хэлэхээр нь би гэр лүгээ ороод цоохор иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга авчирч өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч нөгөө гялгар ууттай зүйлийг онгойлгож үзэхэд их муухай үнэр гарч байсан. Тухайн цагдаа нар “хүний цогцос юм шиг байна” гэж хэлээд бүрэлдэхүүн дуудъя гээд бүрэлдэхүүнээ дуудсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу 2 хоногийн өмнө гэрээсээ өдрийн 12 цагийн үед гараад урд талын уул руу алхаж очоод 12 цаг 30 минут гэхэд гэртээ ирсэн. Тэр үед мэдэгдэхүйц ил зүйл байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг гэрээс гараад дээшээ явж байхад хогны машин хог ачаад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 116-118/, гэрч Э.З ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 24 цагийн хугацаанд Бэлх-114 дүгээр чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч С.Г ын хамт үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цаг 40 минутад Бэлх-10-аас “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны төгсгөлд 2 шуудайтай сэжиг бүхий зүйл байна. Шалгуулмаар байна” гэх дуудлага мэдээллийг иргэн Цэндсүрэн гэх хүнээс ирүүлсний дагуу 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны төгсгөлд очиход дуудлага өгсөн Цэндсүрэн гэх эрэгтэй хүн угтаж авсан. Тэгээд би Ганбаярын хамт дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн баруун урд хэсэгт очиж шалгахад цагаан өнгийн дээрээ БНХАУ-ын бичиг улаан өнгөөр бичигдсэн шуудайтай зүйл байсан. Дуудлага өгсөн гэх иргэн Цэндсүрэн нь Ганбаяр бид хоёрыг очихоос өмнө нэг шуудайтай зүйлийг гаргаад үзсэн байсан. Тухайн үед миний харснаар 4 гялгар ууттай зүйл байсан. Нэг гялгар уутанд хар өнгийн цүнх гэх зүйл харагдсан. Нөгөө уутанд нь юу байгаа нь сайн мэдэгдээгүй. Улаан өнгийн туяатай, гадна талаас нь гялгар уутанд хийгээд наалдамхай хальс буюу скочоор ороосон, хэмжээ адил 2 зүйл байсан. Тэр 4 гялгар ууттай цуг цагаан өнгийн дөрвөлжин, хавтгай шуудайтай зүйл нэг ширхэг байсныг Ганбаярын хамт задалж үзэхээр дуудлага өгсөн иргэн Цэндсүрэнгээс хүрз, жоотуу, 2 ширхэг хутга зэргийг тус тус авчруулан задалж үзсэн. Уг шуудай нь маш олон давхарлагдсан байсан. Тухайн шуудайн юу байгаа талаар мэдэх зорилгоор хутгаар онгойлгож үзэхэд хувцастай байсан учраас хүн байна гэж ойлгосон. Тэгээд Бэлх-10 буюу жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Батмөнхөд мэдэгдэж, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх 125-126/, гэрч С.Г ийн “...Би эцэг эхээс 4-лээ. Би айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Миний доор Гансүх, Ганболд, Ганчимэг гэж байдаг. Ганболд, Ганчимэг нар нь миний төрсөн дүү нар байгаа юм. Би хамгийн сүүлд Ганчимэгтэй 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байхаа бүтэн сайн өдөр ээж Отгонтуяагийн амьдардаг нийтийн байранд ганцаараа очиход дүү Ганчимэг байсан. Ээж Отгонтуяа, дүү Ганболд нар байхгүй байсан. Ганчимэг нь ээж Отгонтуяа, дүү Ганболд нарын хамт амьдардаг. Гансүх бид хоёр цугтаа амьдардаг. Тэгээд би тухайн үед дүү Ганчимэгтэй кино үзэх асуудлаас болж маргалдаад ээж Отгонтуяа руу залгаж “Ганчимэг чинь намайг хөөгөөд байна, нэг кино үзэх гэсэн чинь” гэж хэлэхэд ээж Отгонтуяа намайг “манай гэрээс яв” гэж хэлэхээр нь би явсан. Тэрнээс хойш дахин Ганчимэгтэй уулзаагүй. Манай дүү Гансүх надад “Ганчимэг алга болсон, Ганболд, ээж, бид 3 нийлээд тасралтгүй 4 хоног хайгаад олсонгүй” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр билүү 2-ны өдөр байхаа дүү Ганчимэг нь гэнэт алга болсон гэсэн. Тэрнээс хойш Ганчимэгийн утас нь холбогдохгүй, фейсбүүктэй нэвтрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 129-131/, гэрч С.Г ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 23 цаг 30 минутын үед “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны уул өгсөөд орой дээр нь 2 шуудайтай юм байна. “Хүн байж магадгүй” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эргүүлийн офицер ахмад Э.З ын хамт дуудлагын дагуу очиж шалгахаар дуудлага өгсөн газарт очиход дуудлага өгсөн хүн уулан дээр бид хоёрыг хүлээж байсан. Уулзаад шуудай байсан газрыг заалгахад дутуу барьсан тоосгон байшингийн хажууд 2 цагаан шуудайтай юм байсан. 1 уутыг нь дуудлага өгсөн хүн гаргаад тавьсан байсан. Тухайн хүнээс асуухад 102-т дуудлага өгөхөд 102-оос “та уутан дотор юу байгааг шалгаад өгөөч” гэж хэлсэн. Тэрнээс болоод шуудайг онгойлгож үзэхэд хүн байж магадгүй болохоор нь Цагдаагаар нь шалгуулъя гээд буцаагаад 102-т дуудлага өгсөн гэж хэлсэн. Ахмад Зоригтын хамт уутыг нээж үзэхийн тулд дуудлага өгсөн хүнээс хүрз, хутга зэрэг зүйлсийг аваад шуудайг онгойлгоход цамцны захны хэсэг харагдсан. Тэгэхээр нь жижүүр лүү яриад бүрэлдэхүүн дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164-165/, гэрч С.Г ийн “...Би ах болох Ганзоригийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 284в тоотод 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш амьдарч байгаа юм. Манай охин дүү Ганчимэг эндээс хичээлдээ явахад дандаа хоцроод байна гээд ээж Отгонтуяа, Ганболд гурав 6-н буудалд нийтийн байрны 2 давхрын 7 номерын өрөөг түрээслэн амьдарч байгаа. Би ээжтэйгээ 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед очиж уулзсан. Ээж дээр очиж уулзахад Ганболд байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн гэрт, 6 буудалд Ганчимэгтэй уулзсан. Ганболд, Ганчимэг нар нь хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг. Байнга шахуу хэрэлдэж байдаг. Би Ганчимэгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гэртээ ирэхгүй байгаа гэдгийг мэдэж байсан. Би ээжтэй хамт гадуур Вокзал, 3, 4 дүгээр хорооллоор явж хайж байсан. Ээж надад хэлэхдээ “Ганчимэг захиалсан юмаа авна” гэж хэлж гарсан гэсэн. Ганчимэг, Ганболд нар нь хоорондоо нас ойролцоо болохоор их таарамжгүй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 167-168/, гэрч С.Г ийн “...Манай дүү Ганчимэг бол зан аашны хувьд дөлгөөн, даруухан боловч Ганболдтой ерөөсөө таардаггүй. Ер нь тэр хоёр маш жижиг юман дээр хоорондоо хэрэлддэг. Ганчимэг Ганболдтой л муухай харьцаад хэрүүл хийгээд байдаг болохоос бусад хүмүүстэй бол хэвийн зүгээр харьцдаг байсан. Ганболд, Ганчимэг хоёр бага наснаасаа хоорондоо их хэрэлддэг байсан. Ингээд томрох тусмаа хэрүүл нь ихсээд бие биетэйгээ таарахаа больчихсон байсан. Ганчимэгийн алга болсон өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байсан санагдаж байна. Орой 23 цаг өнгөрч байхад ээж над руу утсаар залгаад “Ганчимэг хороолол явж захиалсан хувцсаа авна” гээд гарсан чинь одоог болтол алга байна. Ганболд PC тоглоомын газарт хононо гээд яваад өгсөн” гээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гараад ээж дээр очих гэсэн чинь 23 цаг өнгөрсөн байхаар нь болиод гэртээ хоносон. Тэгээд маргааш нь ээж рүүгээ утсаар ярих гэсэн чинь надад нэгж байхгүй байсан болохоор асууж чадаагүй байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр буюу 5 дахь өдөр ээж над руу утсаар яриад “Ганчимэг ирэлгүй хэд хоночихлоо, чи хүрээд ир” гэхээр нь гэрт нь ирж хоноод маргааш нь ээжийн хамт 13-20 цагийн хооронд вокзал, 3.4 дүгээр хороолол орж Ганчимэгийг хайгаад сургийг нь олоогүй. Тэгээд ээжийн гэрт ирээд хоносон. Маргааш өглөө нь 9 цагийн үед байхаа Ганболд PC тоглоомын газарт хоночхоод орж ирсэн. Тэгээд би гэрээс нь гараад гэртээ хариад маргааш нь дахиад хайсан. Ямар ч байсан хөл хорио тогтоотол 5 буудал, 6 буудал, хувцасны захиалга өгсөн гэх газруудаар нь хайсан боловч олоогүй байж байгаад каринтилагдсан. Намайг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ээжийн гэрт хонох гэж байхад ээжийн гэрийн хана дагуулан байрлуулсан бор шаргал өнгийн шкафны дээр тавьсан цаасан хайрцагнаас цус дусаж байсан. Тэгэхээр нь би “энэ юу вэ доошоо буулгаж харъяа” гэхэд Ганболд царай нь сонин болоод “наадах чинь нэлээн хүнд, дараа тэгж байгаад буулгаад янзалъя” гээд цусыг нь цэвэрлэж байсан. Би он, сар, өдрийг наана, цаана оруулаад мартдаг болоод байгаа учраас он, сар нь зөрүүтэй байж магадгүй. Би ээжийнд хонож байхад ямар ч байсан их эвгүй үнэртээд байсан. Тэгээд яг юунаас үнэртэж байгааг мэдээгүй. Ээж муухай үнэртээд гээд цонх онгойлгож байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 178-180/, гэрч Ц.С гийн “...Би Ганболд, Ганчимэг нарын төрсөн эцэг нь болох хүн байгаа юм. Манай хүү Ганболд Улаанбаатар хотын Эх нялхаст 2002 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн. Ганболд нь зан аашны хувьд үг дуу цөөтэй хэр нь их шартай, аливаа хүнтэй эвээр ярьж чаддаггүй, жаахан түрэмгий зантай. Бүх зүйлд өөрийнх нь зөв, бусдын буруу болгож харьцдаг. Хүнтэй найзалж чаддаггүй, хүнтэй эвтэй байж чаддаггүй зан ааштай хүүхэд байгаа юм. Ганболд, Ганчимэг нар нь бага байхын хоорондоо таардаггүй байсан. Ганболд дүүгээ буруутгаад байнга маргалдаж, хэрэлддэг, хааяа зодчихдог. Тэгээд би эмэгтэй хүүхдийг зодлоо, эх хүнээс, эмэгтэй хүнээс төрөөгүй юу гээд би бас Ганболдод гар хүрч байсан. Хэдийгээр хоорондоо харилцаа муутай байсан ч ингэж ах нь дүүгийнхээ амь насыг хөнөөнө гэж төсөөлж байсангүй. Ганболд ер нь их түрэмгий зантай тэгээд хүнтэй маргалдах их дуртай, өөрийн бодлыг байнга зөв гэж боддог учир түүнийгээ бусдад тулгах гээд байдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/, гэрч Ш.О ын “...Манай байрны 7 тоот өрөөнд 2020 оны 2 дугаар сараас эхлэн ээж, хүү, охины хамт амьдарч байгаа айл байдаг. Уг айлын ээжийнх нь нэрийг Отгонтуяа гэдэг. Өглөө 8 цагийн үед гараад орой 22 цагийн үед гэртээ ирдэг эмэгтэй байдаг. Хүүгийн нь нэрийг сайн мэдэхгүй ажилгүй гэртээ байдаг. Охин нь Ганчимэг гэж байдаг коллежид сурдаг гэсэн. Яг хаана, ямар газар сурдаг талаар нь мэдэхгүй. Өглөө 08 цагийн үеэр гараад орой 20 цагийн үед ирдэг. Нэг удаа би охин хүү хоёрыг нь хэрэлдэж байхыг нь сонссон. Тэр үед 2020 оны 09 дүгээр сарын дунд үе, хичээл ороод удсан байсан үе, яг нарийн он, сар өдрийг нь мэдэхгүй байна. Ах нь дүүгээ “чи талх идсэн байна” гээд уурлахад дүү нь “би идээгүй, 2 ширхгийг идээд үлдээсэн” гэж уурлаад хоорондоо маргалдаж байхыг би сонсож байсан. 2020 оны 11 дүгээр сарын 17 билүү 18-ны өдөр би фейсбүүк үзээд байж байтал 7 тоотын охины зураг алга болсон гээд зарлагдсан байсныг олж харсан. Тэгээд 7 тоот руу очоод хаалгыг нь онгойлгосон чинь гэрт нь ээж нь 2 хүүтэйгээ байсан. Би гэрт орж зогсоод ээжээс нь “Ганаа алга болсон юм уу, яагаад надад хэлээгүй юм бэ” гэхэд ээж нь дуугүй суугаад байсан. 2 хүүгээс нь асуухад бага хүү нь шууд усны сав аваад юу ч дуугараагүй гараад явсан. Нэг хүү нь “та хаанаас мэдсэн юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “фейсбүүкээс харлаа” гэхэд тэгвэл манай эгч фэйсбүүкэд тавьсан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар яагаад хайхгүй гэртээ байгаад байгаа юм бэ” гэхэд хүү нь “гадуур явуулахгүй байна эгчээ” гэхээр нь “Цагдаад мэдэгдсэн юм уу” гэхэд ээж нь “эгч нь цагдаад хэлсэн байгаа” гэж ярианд оролцсон. Би гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 195-198/, гэрч Ш.Б ын “...7 тоотод ээж, хүү, охин 3 хамт амьдардаг байсан...Уг айлын охин 2020 оны 11 сарын 03-аас хойш огт харагдахаа больсон. Уг охин ээж, ахтайгаа таарамж муу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 199-201/, гэрч Б.Х ын “...2 хүүхдүүд нь хоорондоо хэрэлдэж, зодолдоод л байх шиг байдаг. Яг юу гэж хэрэлддэг нь бол сонсогддоггүй юм. 2 хүүхэд нь хоорондоо ер нь байнга зодолдоод, хэрэлдээд, түжигнэлдээд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 212-215/, гэрч Х.Ж гийн “...Би тухайн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагийн орчимд 9 дүгээр дэлгүүрийн ар талд байдаг гэрээсээ гараад таксинд явж халтуур хийсэн. ...7 буудлын автобусны буудлаас 50 гаран насны эхнэр, нөхөр хоёрыг суулгаад 21 дүгээр хорооллын нэг байранд хүргэж өгсөн..Тэгээд буцаад тэр хоёр 7 буудал орсон. Ингэж явах замдаа нөгөө ах, эгч хоёр “бэлэн мөнгө байхгүй байна. АТМ-аас мөнгө авъя” гээд 6 буудлын автобусны буудлын хажуугийн Очир төвийн АТМ рүү эхнэр нь орсон. Тэр үед улаан куртик өмссөн 20 нас арай хүрээгүй гэмээр залуу гар өргөөд “Бэлх явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ах нь хүнтэй явж байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй АТМ орсон эгч гарч ирээд хөдлөөд явах гэснээ цонхоо онгойлгоод “ах нь хүнтэй явж байна. 7 буудалд буух юм уу. Дургүйцэхгүй бол суучих” гэсэн чинь “тэгье” гэхээр нь бууж багаажаа онгойлгож өгөөд авч явсан цагаан шуудайтай эд зүйлийг нь өргөлцөж машиндаа тавиад цаашаа хөдөлсөн. Тэгээд 7 буудлын дэлгүүрүүдийн ойролцоо ах, эгч хоёрыг буулгаад нөгөө залуутай Бэлх рүү явж задгай газар, овгор, товцогтой газар очоод нөгөө залуу “ахаа энд бууя” гээд шуудайтай эд зүйлээ аваад буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227/, гэрч Х.Ж гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 228-234/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшиний 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2441 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амьддаа үүсгэгдсэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, нас барсны дараа үүсгэгдсэн биенээс толгой, мөчдийг салгаж, мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар хананы урагдал, нарийн гэдэсний гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачид амьддаа үүссэн хүзүүний цус хуралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь шинэ, нас барсны дараа биенээс толгой, мөчдийг салгаж мөчилсөн шарх, шээсний сүв, давсагны ар ханын урагдал нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цогцос ялзарсан тул үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Талийгаачийн булчинд хийсэн химийн лабораторийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь ойролцоогоор 160 см урт, 60 кг жинтэй байна. Талийгаач нь нас бараад 5-аас дээш хоног болсон байх боломжтой. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. Сарын тэмдэг ирсэн шинж илрээгүй. Талийгаачийн биенээс толгой, мөчдийг нас барсны дараа тасалж, салгасан байна. Талийгаач нь ам, хамар, хүзүү, хоолой гаднаас дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 248-250, 2-р хх 1-3/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 4576 дугаартай СД бичлэгт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх 19-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 4567 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүүн, баруун хөлийн хэсгийг хийсэн 2 ширхэг мяндсан уутны гадуур ороосон 10 хэсэг наалт туузнаас гарын мөр илэрсэн. Шинжилгээнд тэнцсэн 3, 4, 7, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр санд МN0000СБД01994 дугаарт бүртгэгдсэн Санжаа овогтой Ганболдын зүүн гарын эрхий, долоовор, ядам, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэх дүгнэлт /2-р хх 50-62/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Азжаргалын 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Хишигсүрэнгийн Жамбаагийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд 2020-1056-СБД гэсэн кодоор бүртгэгдсэн “СБД-ийн 18 дугаар хороо, уулнаас мөчлөгдсөн эмэгтэй хүний цогцос олдсон, скочноос, цээж хэсэг, 2 хөлд олдсон, толгой гар олдоогүй” гэсэн мэдээлэл бүхий хэргийн 5 дугаартай гарын мөр Хишигсүрэнгийн Жамбаагийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /2-р хх 64-72/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6301 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх урагдаж тасарсан ханцуйнууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх урагдаж тасарсан ханцуйнууд дээр цуснаас бусад биологийн гаралтай үлдэц, наалдац илрээгүй...” гэх дүгнэлт /2-р хх 73-79/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6303 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №1, №2, №3 гэж дугаарласан хутганууд шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2, №3 гэж дугаарласан хутганууд дээр цус илрээгүй. №1 гэж дугаарласан хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяалал болон хүн амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /2-р хх 92-94/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1163 дугаартай “...Ганболд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Г нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл байхгүй байна. С.Г нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. С.Г нь харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. С.Г нь хэрэг хариуцах чадвартай. С.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Г од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /2-р хх 175-176/, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “...Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ...” /2-р хх 212-221/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эрэн сурвалжлагдсан С.Г т холбогдох материалууд...” /3-р хх 28-123/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Г ыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ын өмгөөлөгч Б.Банзрагч нь “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн талаар эхний мэдүүлгээс эхлэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан. Улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Амь хохирогч нь шүүгдэгчээс тусдаа амьдардаг байсан бөгөөд 10 гаран хоногийн хугацаанд хамт амьдарч байснаас харахад гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч С.Г нь төрсөн дүү С.Г тэй хамт амьдардаг байсан, гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.Намхайноров оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэсэн үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч С.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цеэнноров нь “...Нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа
Шүүгдэгч С.Г ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 175 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Г од Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Н.БАЯРМАА