| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0010/Э |
| Дугаар | 149/ШТ/00024 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 149/ШТ/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга:Б.Ганзаяа
Улсын яллагч: Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Уранчимэг
Иргэдийн төлөөлөгч: Г.Баттулга
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2032000000139 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхэд, ээжийн хамт *тоотод оршин суух, Арцат ХХК-ний зуслангийн зохион байгуулагч ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Б/рд:*/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Вокзалын 6а тоотод Г.Бдтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Бд Бб нар намайг Тжын гэр байж байхад орж ирсэн. Бд орж ирээд 2 цаг гаран надад агсан тавьсан. Ингээд би орон дээр хэвтэж байгаад өдөр нь идэхээр чанасан адууны гэдэс идэхээр хайгаад хутга авч хөргөгч онгойтол араас Бд намайг тэвэрч авахад би иргэж харсан чинь намайг мөргөхөөр нь би бултсан. Тэгээд Бд хүчиндээ савж бид хоёр зууралдаж газар унасан. Газар унаад бид хоёр ноцолдож байгаад болиход Бдийн гэдэснээс нь цус гарч байсан. Тэгээд би Бд миний барьж байсан хутганд хатгагдсан юм байна гэж бодоод цагдаа эмнэлэг дуудаарай гэж хэлээд би Тжынхаас гарч яваад зам дээр машин зогсоож Бдийг эмнэлэг авч явах гээд байж байтал цагдаа ирсэн. Би санаатайгаар Бдийг хутгалаагүй. Бд миний барьж байсан хутганд хатгагдсан учраас би болгоомжгүйгээр Бдид хүнд гэмтэл учруулсан гэж бодож байна. ... гэх мэдүүлэг
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч Г.Бд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Төмөр замын галын орчим Ббтэй тааралдсан. Бб чулуун байр буюу Вокзалын 6а тоотод очих уу гэхээр нь би тэгье гэж хэлээд Вокзалын 6а тоотод очиход Тж, Б хоёр хараа шошготой 1 шил 0.75литрийн архи хуваагаад ууж байсан. Тэгээд Тж, Б, Бб бид дөрөв архи хувааж уугаад Бб 1 шил 0.75 литрийн архи гаргаж ирээд төр архиа хувааж уугаад би Бтай маргалдаад Б өглөө 08 цагт би өөрөө яваад очъё гэж хэлээд байсан. Би өндөг шараад бид нар хувааж идээд ширээн дээр байсан улбар шар өнгийн иштэй хутгыг гал зуухны шургуулгад хийсэн. Тэгээд би Бтай дахин маргалдаад намайг Б нэг удаа мөргөөд баруун гараараа нүүрэн тус газар цохих гэтэл нь би бултсан. Намайг оноогүй. Тэгээд Б хаанаас хутга авсныг мэдээгүй Б бид хоорондоо маргалдаж бие биеэсээ зууралдаад шалан дээр унасан. Тэгээд шал дээрээс осож ирэхэд миний цээжнээс цус гарч байсан. Бын баруун гарт нь хутга байхыг нь би харсан. Б гэрээс гарч гүйгээд цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хашхирч байсан. ...Улбар шар өнгөтэй төмс арилгадаг хутгаар хутгалсан. ...Б миний эрх чөлөөнд халдсан. Өөр хүн миний эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...Би Бын эрх чөлөөнд халдаагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Т.Тж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай гэрт Б 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагт Б манай гэрт ирээд бид хоёр хоол унд идээд Б бид хоёр архи уугаад манайд хоносон. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагийн орчим Томоор гэж дууддаг Бб манай гэрт ирээд Б, Бб бид гурав 0,75 литрийн хараа шошготой 2 шил архи хувааж уугаад өдөр Бб манайхаас ганцаараа яваад Б бид үлдсэн. 2020 оны10 дугаар сарын 07-ны 19 цагийн орчим Бб миний гар утас руу залгаад хаана байна гэж асуухад нь би гэртээ Бтай цуг байна гэж хэлэхэд Бб тэгвэл ганц шил архи аваад очъё гэж хэлсэн. Удалгүй Бб, Бдийг дагуулаад манай гэрт 0,75 литрийн Хараа архитай ирээд Ббийн авч ирсэн архинаас Б, Бб, Бд бид 4 хувааж уугаад сууж байхад Бд, Б руу таныг хүмүүс их атаман гэж яриад байсан одоо хоёулаа зодолдох уу гэж хэлээд Бд өмсөж байсан цамцаа тайлаад цээж нүцгэн дайраад байхаар нь би гэр оронд битгий муудалцалдаад бай, Бдийг чи согтсон байна шүү одоо харь гэж хэлсэн. Тэгээд би нохойдоо хоол өгөөд буцаж гэртээ ороход Бд манай гал тогооны шалан дээр цээж нүцгэн элгээ тэврээд, гэдэснээс нь цус гарчихсан хэвтэж байхаар нь би Бдоос яав гэж асуухад ахаа намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би түргэн дуудах гэж гэрээсээ гарч хар зам дээр зогсоод түргэн дуудах гараад гудамжинд зогсож байхад цагдаа нар ирсэн. ...Б, Бб хоёр Бдийн хажууд зогсож байсан. ...Бдийг Б хутгалсан. ...Бдийг Б хутгалж байхыг нь хараагүй, би нохойн хоол өгч байсан. Намайг гэртээ ороход Бд надад Б ах намайг хутгалчихлаа гэж надад хэлсэн. ...Би хараагүй.Бд одоо хоёулаа үзье гэж хэлээд дайраад байхад нь Б би согтуу байна аа Бдоо болъё гээд байсан. ...Бд, Б, Бб согтуу байсан. Би ч гэсэн согтуу байсан. Болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Т.Бб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 10 дугаар сарын 07-ны 18 цагийн орчим Тжын гар утас руу би залгаад хаана байна гэж асуухад Тж би гэртээ байна гэхээр нь тэдний гэр рүү явж байх замд Бд миний гар утас руу залгаад хаана байна гэхээр нь би хойшоо өгсөж явна гэж хэлэхэд Бд би урдаас чинь гараад очъё гэж хэлээд миний өөдөөс гарч ирээд Бдтой цуг Тжын гэрт ороход Тж Б хоёр уусан шинжтэй тал шил архитай байсан. Тэгээд Тж, Б Бд бид нар тал шил архиа хувааж уугаад Бд дахин нэг шил архиа гаргаад тэр архиа хувааж уугаад байж байтал Бд, Б хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би одоо болилдоо болилдоо гэхэд Б гал тогооны өрөөний баруун талын буйдан дээр хэвтээд өгсөн. Удалгүй Б буцаж босож Бдтой дахин хэрэлдээд Бд цамцаа тайлаад цээж нүцгэн Б руу дайраад байсан. Бд нь архины шил аваад Б руу далайхаар нь би гялс салгаад Бд сандал дээр суугаад Б гараа угааж ирээд сандал дээр сууж байсан Бдийн хажууд зогсоод хоорондоо барилцаж аваад шалан дээр унаад Б Бдийн дээр гарчихсан байхаар нь би болиулах гэж Бын хувцаснаас татаж босоход Бын гарт нь хутга байсан ба Бдийн гэдэс хавиас цус гарч байсан. Б гай болох юмаа гэж хэлсэн энэ үед гаднаас Тж орж ирж хараад эмнэлэг, цагдаа дуудна гэж буцаж гэрээсээ гараад гүйсэн би бас араас нь гүйгээд гарсан. ...Би Быг хаанаас хутга авсныг мэдэхгүй байна. ...Би анзаараагүй. Бд өлсөөд байна гэж хэлээд өндөг шарсан. Тэр шарсан өндөгнөөс нь бид нар идсэн. ...Б миний хажууд адууны мах идэж харагдаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч Э.Мж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 07-ны Сэлэнгэ аймгийн Мандал сум 1, 6 дугаар баг дээр цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбатын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Ган зам дээр орчим согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу Ган зам дэлгүүрийн орчим очиход 3 эрэгтэй хүн улаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоочихсон хажууд байхаар нь би цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбатын хамт очиход Б нь би хүн хутгалчихлаа намайг аваарай гэхээр нь би нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Б байшинд байгаа гэж хэлэхээр нь байшин руу нь явж байхад д/а Г.Сүхбат, Б бид гурвын өөдөөс цээж нүцгэн, хэвлий орчмоо 1 гараараа дарчихсан эрэгтэй хүн ирж явж байгаад, газар унахаар нь очиж харахад хэвлий орчмоос нь цус гараад байхаар нь цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат байшин руу гүйж ороод даавуу авч гарч ирээд цус гарч байсан хэвлий хэсгийг боогоод би цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгсөн, цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбат Мандал сум нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. д/а Г.Сүхбат бид хоёрын өөдөөс би хүн хутгалчихлаа аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш Б юу ч ярихгүй тамхи татаад байсан. ...Б, Бб, Тж нарын согтолтын зэрэг өндөр байсан. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: Би өдөр нь Тж бид хоёр адууны гэдэс чанаж идсэн. Орой нь би өлсөөд чанасан адууны гэдэс идэх гээд жижиг ширээн дээр байсан улбар шар өнгийн хутга аваад баруун гартаа бариад чанасан адууны гэдсээ хайгаад гал тогоо урд булангаар явж байхад Бд миний зүүн мөрнөөс татахад нь би эргэж харахад Бд толгойгоороо хий мөргөөд миний энгэрээс зуураад бид хоёр шалан дээр унаад нэгээс хоёр удаа дээр доороо ороод би Бдийн дээр гарахад намайг Бб миний өмсөж явсан хувцаснаас татаж босгоод Бдийг харахад Бдийн гэдэс орчим нь цус болчихсон байхаар нь хүнд гай болох юм аа гэж хэлээд байшингаас эмнэлэг дуудах гээд гараад явсан. ...Би адууны гэдэс идэх гэж хутга авсан. Миний араас Бд ирээд намайг татна гэж би бодоогүй. Намайг хутга бариад адууны гэдэс хайж явж Бд намайг татаад бид хоёр дээр доороо орж ноцолдож байхдаа Бд 2 удаа хутгаар зүссэн байсан. Би санаатай Бдийг хутгалаагүй. ...Бд архины шил аваад намайг цохих гэж далайхаар нь Бб архины шилийг булааж авсан. Намайг Бд цохиогүй. ...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Г.Бд нь надад агсан тавиад элдэв бусаар доромжлоод надтай зодолдоно гээд намайг нэг цаг гаран хоргоогоод байхаар нь би Г.Бдид ах нь чамтай зодолдохгүй ах нь согтуу байна гэж зөндөө хэлсэн. Би мах идэх гал тогооны өрөөнд явж байхад Г.Бд миний араас татаад эргээд гарахад намайг мөргөх гэж хий мөргөөд бид хоёр давхралдаж унаснаас болж ийм асуудал болсон. Миний биед хутга байгаагүй. Би Тжын гэрт хутгаар мах хэрэгжиж идэж байсан. Би хутга аваад мах идэх гэж мах хайж байхад Г.Бд намайг татаж шалан дээр унаж хоёроос гурван удаа дээр доороо орж өнхөрч байхдаа Г.Бдийн биед нь гэмтэл учруулсан. Санаатай Г.Бдид гэмтэл учруулаагүй. ...Би биедээ хутга авч явж байгаагүй. Өдөр адууны гэдэс идэж байсан. Орой адууны гэдэс идэх гээд хутга аваад адууны гэдсээ гал тогооны өрөөнд хайж байхад миний араас Г.Бд татсан надад Г.Бдийг хутгалах санаа зорилго байгаагүй. Санамсаргүй үйлдлээс болоод ийм зүйл болсон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 59, 60 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 1 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 3-9 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбаатарын илтгэх хуудас/Хх-ийн 14 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №27 дугаартай тогтоол/Хх-ийн 16 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №201 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:
1. Г.Бдийн биед хэвлийн зүүн хажуу хэсэг 10 дугаар хавирганы завсраар хатгагдаж нэвтэрсэн шарх, нуруунд баруун далны дотор хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 30-32 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 61 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Бын урьд өмнө Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 68 дугаар хуудас/
Хохирогч Г.Бдийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 72 дугаар хуудас/
Шүүхийн шатанд шинээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж ирүүлсэн нотлох баримт болох шүүгдэгч Б.Бын ажиллаж буй байгууллага болох Арцат ХХК-ний тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Вокзалын 6а тоотод хохирогч Г.Бдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зууралдаж зодолдох явцдаа хутгийг зэвсгийн чанартай ашиглан хохирогчийн хэвлийн зүүн хэсэг 10 дугаар хавирганы завсар, нуруунд баруун далны дотор хэсэгт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Г.Бдийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Т.Ббийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Т.Тжын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/,шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 59, 60 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №201 дугаартай дүгнэлт. ...гэх дүгнэлт/Хх-ийн 30-32 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйчлэлийг прокуророос буруу зүйчилж ирүүлсэн, хэргийн зүйчлэлийг өөрчлүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийг гэрчээр асуусан, хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирол төлбөр хүлээн авсан талаар хохирогчоос асуугаагүй шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргаж шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох иж бүрдэл бүхий тусгайлан бэлтгэсэн аливаа зүйлийг ойлгох бөгөөд уг гэмт хэргийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйл болох хутга нь хүйтэн зэвсгийн ангилалд хамаарах аливаа зүйлийг устгаж гэмтээх зориулалттай зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болно. Хэдийгээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл үйл ажиллагаа нөлөөлсөн хэдий ч шүүгдэгч Б.Б нь хутгийг зэвсгийн чанартай ашигласан үйлдэл нь хохирогчийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг лавтай сайн мэдэж байсан, санаатай, идэвхтэй гэмт үйлдлийн улмаас хохирогчийн хэвлийд нэвтэрсэн шарх, нуруу, дал орчим нэвтэрсэн шарах үүсгэсэн гэмтэл нь амь нас эрүүл мэндэд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт би хохирогч Г.Бдийг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, харин хэргийн зүйчлэлийг зөвшөөрөхгүй, би болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгч Б.Быг болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх ба болгоомжгүй гэмт хэрэг гэж шүүгдэгч бусдад хор аюул учруулахыг мэдсэн боловч учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсвэл хор аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсан үйлдэл байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Бд нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч хохирогч нар нь маргалдсан, улмаар зодолдож зууралдан газар унасан, унаад шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь идэвхтэй үйлдэл хийж 2-3 удаа дээр доороо орж зодолдсон, түүний улмаас шүүгдэгч Б.Б нь гарт барьсан хутгаараа хохирогчийн хэвлий, нуруу орчимд хутгалж гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч Б.Быг хохирогч Г.Бдийн эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Быг хохирогч Г.Бд нь хэл амаар доромжилж, өдөж хоргоосон, цохиж зодохоор дайрсан үйлдлээс шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчидсан үйлдэл нотлогдон тогтоогдоогүй ба санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлэх бөгөөд хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон, эсхүл хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотон хүмүүст ямар хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан үйлдлээс хамгаалж шүүгдэгчийн тухайн цаг үед хийсэн буюу хоромхон зуурт хийсэн үйлдлийг ойлгох бөгөөд тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Бд нар маргалдаж, муудалцан улмаар зодолдож дээр доороо орж ноцолдож зодолдон үргэлжилсэн үйл явдал болсон, шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх үйл явдал тогтоогдоогүй болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирол төлбөр төлөгдсөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байна гэж үзэн хэргийг прокурорт буцаах саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд, бусад эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохироогч гэнэ” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж заасан байгаа нь хохирогч Г.Бд нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчлүүлэхтэй холбогдон гарсан эмчилгээний зардал болон бусад зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэхээр гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг хуульчилж өгсөн.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлон заасан байна.
Гэтэл Г.Бдийн эрүүл мэндэд хохирол учирсан болохоос эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирол учраагүй, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хохирогч Г.Бдийг заавал иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэсэн ойлголт биш юм. Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хохирогчид учирсан хор уршгийг арилгахад гаргасан, нөхөн төлсөн тухай баримтаа шүүхэд гаргаж ирүүлэх эрх нь нээлттэй байсан болно. Гэвч шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон, хуульд нийцэж байх тул шүүгдэгч Б.Б нь хутгийг зэвсгийн чанартай ашиглан хохирогч Г.Бдийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Баттулга дүгнэлтдээ: ...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Бд, Бб хоёр архи ууж хоёр цаг орчим агсан тавьсан. Бдтой барьцалдаж авсан Б нь маргааш эрүүлдээ уулзъя одоо яв гэж хэлсэн боловч явахгүй байсан. Быг Бд архины шилээр толгойн тус газар нь цохисон. Б нь өдөөн хатгалтад ороогүй байсан бол Бдийн биед хохирол учруулахгүй байсан. Бдийн хохирлыг барагдуулсан Б нь буруугаа ойлгосон. Б нь гэм буруугаа хүлээсэн Бдид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн өдөөн хатгалтад ороогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан ба Бын холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Г.Бд нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилж нотлох баримт гаргаж ирүүлээгүй харин гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хор уршгийг арилгах, эмчлүүлэхэд 2000000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид эмчлүүлэх зардалд 800000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Б.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь хутгийг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь өөрөө хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хэсэгт заасан ял нь хорихоос өөр төрлийн сонгох эрүүгийн хариуцлагагүй ба хорих ял нь 05 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу хорих ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн хутгийг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн мэдүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялыг шүүх оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23см урттай, 11.5см ажлын хэсэгтэй, 11см урттай улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа архи” гэсэн бичиглэл бүхий 0.75л 3 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Быг зэвсгийн чанартай зүйл/хутга/-ийг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Бт 05/тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Бд нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23см урттай, 11.5см ажлын хэсэгтэй, 11см урттай улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа архи” гэсэн бичиглэл бүхий 0.75л 3 ширхэг архины шилийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Ж.ЭРДЭНЭБА