Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 149/ШТ/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бд холбогдох 2032001980147 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,Завхан аймгийн Түдэвтэй суманд 1978 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн * гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Бага хотгойд овогт Викторын Б/рд:*/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч В.2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Шивэр нарийн даваа гэх газарт нөхөр Ц.Бхгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б өгсөн: …2020 оны 11 дүгээр сарын 26-нд нөхөр маань архи ууж явж байгаад гэртээ ирэхээр нь би усанд яваад ир гэсэн чинь саахалт алын болох Эсийн гэр рүү явсан. Тэгээд буцаж ирээд Бтатай нийлж гэртээ 0.75литрийн  нэг шил архи уугаад намайг хэл амаар доромжилж байгаад нүцгэн гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд маргааш нь Эсийн гэрт очсон чинь Эс манай нөхөр аар нэг эмэгтэй нүцгэн унтаж байхаар нь айлын нохойноос хамгаалж байсан хүрзний ишээр нөхөр Бхгийн толгой нүүр орчим нь цохисон. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2032001980147 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Ц.Бхгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бта бид хоёр Эсийн гэрт очсон. Эс, Бта, Нямгэрэл бид нар 1 шил 0.75литрийн хараа нэртэй архи хувааж уугаад би согтуу унтаад өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө манай эхнэр Б Эсийн гэрт ирээд намайг согтуу унтаж байхад намайг гэртээ хоноогүй гэж уурлаад намайг хүрзээр цохисон. Тэгээд Бта манай эхнэр Быг аваад явсан байсан. ...Би шөнө архи уугаад унтсан болохоор өглөө согтуу байсан. Зарим үйл явдлыг санаад заримыг нь сайн санахгүй байна. ...Миний эрх чөлөөнд манай эхнэр Б халдсан. Өөр хүн миний эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 7-8 дугаар хуудас/

 Гэрч Х.Эсийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 26-ны орой Бх, Харка буюу Бта, Нямгэрэл гэх хүүхэн бид дөрөв хөдөө манай гэрт архи ууж хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн үед Бхгийн эхнэр Б гэрээсээ манайх руу чиглээд ирж байгааг гадаа гэр лүүгээ харих гээд машинаа асааж байсан Харка буюу Бта хараад орж ирээд Бхгийн эхнэр ирж байна босоцгоо гэж хэлсэн. Арай ч ороод ирэхгүй байх гэж бодоод байж байтал Б гэрийн ойролцоо худаг дээр байсан худгийн мөс арилгадаг хүрзийг  аваад орж ирсэн. Гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан өөрийн нөхөр Бхг барьж ирсэн хүрзээрээ зодоод байхаар нь Харка буюу Бта Быг салгаад гэр рүү нь аваад явсан. ... Бх Бын эрх чөлөөнд нь халдсан асуудал байхгүй. Б чи болиоч ээ гээд байсан өөр юм болоогүй. ... гэх мэдүүлэг./Хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Т.Бтын өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 26-ны орой хөдөө Эсийн гэрт Эс, Бх, Нямгэрэл гэх хүүхэн бид дөрөв архи ууж хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө гэгээ ороод удаагүй байхад Бхгийн эхнэр Б гэрийнхээ зүгээс гартаа урт мод барьчихсан явган алхаж ирж байхаар нь би Эсийн гэрт ороод Эс, Нямгэрэл, Бх гурвыг дуудахад тэр гурав сэрэхгүй унтаад байсан. Тэгээд Б орж ирээд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан өөрийн нөхөр Бхг чи хүүхэнтэй хонолоо гээд Бхгийн нуруу тус газар хүрзний ишээр 2-3 удаа цохихоор нь би эрүүл саруул хүн юм чинь гайгүй биз гэж бодоод гэрийн гадаа галлаж байсан машинаа харах гээд гарсан. Б Бхг чирч гэрээс гараад ирэхэд Бхгийн нүүр нь нил цус болчихсон байсан Б, Бхгийн өмсөж явсан өмдийг тайлахад Бх буцаад гэрт орж унаж байсан орон дээр гараад унтаад өгсөн. Тэгээд би Быг одоо явъя гэж хэлээд Эсийн гэрийн гадаа байсан морийг  Б бид хоёр нэг нэгээр нь унаад Бхгийн гэр рүү явсан. ...Бхгийн эрх чөлөөнд нь Б гараараа бас хүрзний ишээр зодсон. Б орилоод уйлаад Бхг цохиод байсан. Бх шал согтуу унтаж байсан Бх Быг ирснийг ч мэдэхгүй тасраад унтаж байсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 10 дугаар хуудас/,

            Шүүгдэгч В.Б яллагдагчаар өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ гараад саахалт айл Эсийн гэрээс морио авах гэж очсон. Эсийн хоёр нохой дайраад байхаар нь би айгаад худаг дээрээс хүрз аваад хоёр нохойг нь айлгаад Эсийн гэрт орсон. Тэгээд Эсийн гэрт манай нөхөр Бх намайг хараад хоймрын орноос ширээ хоёрын завсар унахаар нь би яасан бэ гэж очиход манай нөхөр Бх муу янхан минь зайл гэж намайг хэл амаар доромжлоод байхаар нь өөрийнхөө гарт байсан хүрзээр Бхгийн нүүрэн тус газар нэг удаа цохиод Бхгийн хамраам нь цус гараад байхаар нь би айгаад гараад явсан. ...Манай нөхөр Бх миний эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...Эсийн худаг дээр байсан хүрз аваад гэрт орсон. Бх намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурласандаа хүрзээр цохиж гэмтэл учруулсан. ...Би өөрийн нөхөр Бхгийн эрх чөлөөнд халдсан өөр хүний эрх чөлөөнд халаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрлэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 3 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №219 дугаартай дүгнэлт:

1.Ц.Бхгийн биед хамрын нуруу, зүүн хацарт шарх, хамрын нуруу, дух, хацар, уруулын доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүгдэгч В.Бын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүгдэгч В.Б өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 40 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч В.Быг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч  В.Б нь 2020 оны  11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Шиврийн Нарийн даваа гэх газарт иргэн Х.Эсийн гэрт нөхөр Ц.Бхг архи ууж гадуур хонолоо, хэл амаар доромжлолоо гэх шалтгаанаар хүрзний ишээр толгой нүүр орчимд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... Хохирогч Ц.Бхгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Х.Эс, Т.Бта нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №219 дугаартай дүгнэлт, шүүгдэгч В.Бын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч В.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Ц.Бх нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч В.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч В.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч В.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч В.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч В.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч В.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.Бх гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 123 см урт модон иштэй төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

           1. Шүүгдэгч Бага хотгойд овогт Викторын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан В.Бд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан В.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан В.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Ялтан В.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.Бх нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 123 см урт модон иштэй, төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.Бд өснө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ