| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01204/И |
| Дугаар | 1417 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1417
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5673461 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байх Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 6108938 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол 6, Жуковын өргөн чөлөөнд оршин байх Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.169.839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГазар нь 2015 оны 4 дүгээр сарын 21-нд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай харилцан тохиролцож То вангийн гудамж, Шаравын гудамж, Таван бичил цэцэрлэг /120 мянгат соёлын ордон орчим ногоон байгууламж бүхий талбайнууд/, гурвалжингийн гүүрний урд тохой хэсэг гэсэн дөрвөн байрлалд өөрийн материалаар ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож Ногоон байгууламжийн арчилгааны ажил гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 80.000.000 төгрөг авахаар 819-15-89 дугаартай гэрээ байгуулсан. Манай байгууллага нь гэрээнд заасан То вангийн гудамж, Шаравын гудамж, Таван бичил цэцэрлэг /120 мянгат соёлын ордон орчим ногоон байгууламж бүхий талбайнууд/, гурвалжингийн гүүрний урд тохой хэсэг гэсэн дөрвөн байрлалд нийт 0.8 га газрыг өөрийн материалаар ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг 2015.04.16-2015.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд нь чанартай сайн хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасны дагуу сар бүрийн гүйцэтгэлээ хүлээлгэн өгч жилийн эцсийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлэхэд гурвалжингийн гүүрний зүүн тохой 2.726.378 төгрөг, Таван бичил цэцэрлэг 2.022.282 төгрөг, То вангийн гудамж 3.245.383 төгрөг, шаравын гудамж 3.175.796 төгрөг нийт 11.169.839 төгрөгийг ажлын хөлсийг дутуу олгосон. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ буюу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГазрын нягтлан бодогч нар жилийн эцсийн байдлаар 11.169.839 төгрөгийн ажлын хөлсний тооцоо үлдсэн гэж акт үйлдсэн. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлын хөлс 11.169.839 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар уг хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор тухайн байгууллагыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ гэж өөрчлөн байгуулсан бөгөөд эд хөрөнгөтэй холбоотой үүргийг балансаас балансад шилжүүлэх үүргийг даалгасан байдаг. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ны захирлын А/73 дугаар тушаалд санхүүгийн болоод эд хөрөнгө, мэдээ мэдээлэл, хуваариалтын саналыг оруулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Ё.Мөнхтуул, санхүүгийн албаны дарга Д.Мөнх-Эрдэнэ нарт үүрэг болгосон байх бөгөөд үүний дагуу комисс гарч ажиллаж, санхүүгийн тайланд тулгуурлан Өглөгийн товчоо тайлан гаргаж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т шилжүүлэн өгсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцана. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын хаалтын баланс, өглөгийн товчоо тайлан дээрхи харилцагчийн нэр, өглөгийн үлдэгдэл байгаагүйг баримтаар нотолж байна. Үүний учир манай газрын санхүүгийн өглөгийн тайланд тусгагдан ирээгүй мөнгөн дүн тул дээрх өрийг манай байгууллага хариуцах үндэслэлгүй болно гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ААТҮГ гэх/ нь хариуцагч Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид ААТҮГ гэх/холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 11.169.839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ААТҮГ гэх/-тай 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр АГГ-15-89 дугаартай Ногоон байгууламжийн арчилгааны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж уг гэрээгээр гүйцэтгэгч тал Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ нь өөрийн материалаар гэрээнд заасан талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх, захиалагч тал Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31-36дугаар тал/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Хууль болон гэрээнд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч нь гэрээнд заасан То вангийн гудамж, Шаравын гудамж, Таван бичил цэцэрлэг /120 мянгат соёлын ордон орчим ногоон байгууламж бүхий талбайнууд/, Гурвалжингийн гүүрний зүүн урд тохой хэсэг-ийн ногоон байгууламжийн аричлгаа, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх, гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон 80.000.000 төгрөгийг төлөх үүрэг тус тус үүссэн байна. Зохигчид гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний бусад төлбөрийг төлсөн талаар маргадаггүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж ажлаа гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГазрыг 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор хуваах замаар өөрчлөн байгуулсан бөгөөд Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит ААТҮГ-ын балансад тухайн өглөгийн бүртгэл бүргэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлон маргаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 14 дүгээр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын үйл ажиллагааг зогсоож, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлоглож байна. /х.х-ийн 12-13 дугаар тал/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 14 дүгээр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д Хот тохижилтын газар ...ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт ...-ийг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэжээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг хуваах гэнэ гэж, Компаний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ, мөн хуулийн 21.6-д .Компанийг хуваахад түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын үйл ажиллагааг зогсоож, түүний ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлтийн чиг үүргийг Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит ААТҮГ-т шилжүүлсэн байх тул уг хэргийн хариуцагч биш гэж татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын өглөгийн товчоо тайлан-д Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ-т төлөх өглөг тусгагдаагүй байгаа нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм./х.х-ийн 24-28 дугаар тал/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийж гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Гүйцэтгэгч тал буюу Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн гэрээний 6.2-т заасан өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр захиалагч Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан цэцэрлэгжүүлсэн талбайг ашиглалтад хүлээн авах тухай актуудаар тогтоогдож байна. /хх-ийн 37-44 дүгээр дүгээр тал/ Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Таван бичил цэцэрлэг 2.022.282 төгрөг, То вангийн гудамж 3.245.383 төгрөг, Шаравын гудамж 3.175.796 төгрөг, Гурвалжингийн гүүрний дүүн урд тохой хэсэг 2.726.378 төгрөг нийт 11.169.839 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ хоорондын Тооцооны үлдэгдэлийн баталгаа-гаар нотлогдож байна. /х.х-ийн 46-49 дүгээр тал/ Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит ААТҮГазраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.169.839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит ААТҮГ-т олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг тус тус баримтланхариуцагч Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 11.169.839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот тохижилтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 193.667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
| |