Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 149/ШТ/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бт холбогдох 2032002030002  дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-1, *тоотод оршин суух,

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнссэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбажавын Б/рд:*/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр, 1 дүгээр баг, Сургуулийн 39 тоотод архи өгсөнгүй гэх шалтгаанаар иргэн Д.Хзын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сард самарт яваад 12 дугаар сарын 10-ны өдөр Мандал суманд ирээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хзын гэрт очсон. Ингээд орой гарч яваад архи ууж шөнө дахин Хзын гэрт очсон. Ингээд Хзаас архи нэхэж зодсон байсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид Хзд тус дэм болж явах болно. ... гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2032002030002 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Д.Хз мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас 15 цагийн үед манай гэрт орж ирсэн. Тухайн үед хамтран амьдрагч Б.Б надаас 1 шил архи согтууруулах ундааны зүйл нэхээд байхаар нь би гэртээ байсан 0.75л шилтэй  Ерөөл архийг гэрийнхээ угаалтуурын хажууд нуусан. Тэгээд би Б агсан тавьж миний гуя хэсэг рүү өшиглөхөөр нь би айгаад 17 цагийн үед хажуу хөрш ээжийнхээ гэрт  орж унтаж амарсан. Б.Б  манай гэрт ганцаараа үлдсэн. Маргааш нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өглөө босоод гэр рүүгээ орсон  чинь Б.Б манайд унтаж байсан. Тухайн үед Б.Б надад Алт юм уу монет авч өгье гэж хэлсэн. Тэгээд манай ээж Б.Цц эм тариа авна гэхээр Б.Б бид 13 цагийн үед гарч цагдаагийн ард байрлах алт мөнгөний дэлгүүрээс Б.Б надад 780000 төгрөгөөр 1 хос алтан ээмэг авч өгсөн. Тэгээд Б.Б хүүхэд Б.Өбтай 250000 төгрөг явуулсан. Б.Б өөрийнхөө ээжид 50000 төгрөг явуулсан. Манай ээжид 50000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б.Б надаас нууж нэг шил архи замаасаа аваад машиндаа хийсэн байсан. Ээж Б.Цм Б.Б бид гурав 16 цагийн үед гэртээ очсон. Тэгсэн Б.Б надаас нууж авсан 0,5 шилтэй архиа уугаад 17 цагийн үед манай гэрт унтсан. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаад босоод “над руу дайрч намайг зодож магадгүй” гэж бодоод хажууд байх ээжийнхээ гэрт ороод хэвтсэн. 20 цагийн үед Б унтаад боссон байдалтай над руу утсаар залгаад “Ороод ир” гээд намайг дуудаад байсан. Тухайн үед би айгаад гэр рүүгээ орж чадалгүй ээжийнхээ гэрт л байж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны шилжих шөнө 01 цагийн үед Б.Б над руу дахин залгаж ороод ир гээд байхаар нь ээжийнхээ гэрээс гарч өөрийнхөө гэртээ яваад ортол Б.Бын архи согтууруулах ундааны зүйл нь гараагүй нэмээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гаднаас архи согтууруулах ундааны зүйл авч орж ирсэн байдалтай ширээн дээр 0,5 шилтэй архи бүтнээрээ байсан. Намайг гаднаас гэртээ орж ирэхэд надтай зөрөөд Б.Б “ шууд гэрийн гадаа хаалга болон дотор хаалгыг” цоожлоод би энэ архийг дуусгаад яахыг хараарай гэж хэлээд гал тогооны өрөөнд байх ширээн дээр байсан 0,5 шилтэй ерөөл архийг задалж уусан. Тэгээд Б.Б тухайн архийг ууж дуусгаад “Миний нүүрний шанаа хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Би хөл муутай учир шууд газар унасан чинь Б.Б намайг чи маяглаад байгаа юм бэ чи босоод ир” гэж хэлээд ууж байсан архиа аваад тал хүртэл нь уусан. Тэгээд би арай гэж босоод зогсож байхад дахиад миний нүүрэн тус газар цохихоор нь би газар унасан. Тэгээд би арай гэж босоод зогсож байхад Б.Б согтсон байдалтай байхаар нь 0.5 шилтэй тал архийг ширээн дээрээс аваад нуусан. Тэгсэн Б.Б надаас архи согтууруулах ундааны зүйл нэхээд намайг зодож эхэлсэн. Тухайн үед Б.Б намайг “багалзуурдаж миний толгой хэсэг рүү л цохиж зодоод байсан. “Маш хүчтэй гараараа цохисон. Би хоёр удаа ухаан алдаж унасан. Толгой тархи өвдөөд байхаар нь эмнэлэгт хэвтэж 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Эт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутад хүлээн авах тэсэг дээр иргэн Д.Хзын бие үзлэг хийсэн. Д.Хзын зүүн талын гар болон зүүн хөлийн саажилттай. Тухайн үед хамаг бие янгинаж өвдөж байна цээж хоолтой хэсгээр өвдөж байна гэх зовуурьтай ирсэн. Тухайн үед Хзын биед үзлэг хийхэд “Хуйх эргэн тойронд цохигдож хавдсан, хоёр нүдний доод зовхи цохигдож цус хуралт үүссэн, баруун шанаа цохигдож хавдсан цус хуралт үүссэн, зүүн талын шанаа хавдаж цус хурсан, хүзүүний урд хэсгээр цус хуралт үүссэн, цээжний урд хэсэгт олон тооны цус хуралт үүссэн байдалтай байсан. Д.Хз тухайн үедээ толгой эргээд байна гэх зовуурьтай байсан. Уг зовуурь нь толгой хэсэг рүү цохиулсны улмаас толгой эргэлт үүссэн байх боломжтой. 2020 оны 12 дугаар сарын 17-19ний хооронд Д.Хз дахин эмнэлгийн байгууллагад ирж” толгой тархи өвдөөд зүгээр болохгүй байна” гэж ирэхэд нь би Д.Хзд стор нээж мэс заслын тасагт хэвтүүлсэн. ...Би тухайн үед тархины цусан хангамж сайжруулах өвчин намдаах эм бичиж өгсөн. Өөр ямар нэгэн хуучин гэмтэл шарх харагдаагүй. ...Д.Хзын биед учирсан гэмтэл нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Д.Цм мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Д.Хз манай гэрт орж ирээд Б согтуу байна би танай гэрт унтъя гэж хэлээд манайд унтаж байсан. Шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй байна. Хз Б унтсан юм шиг байна би гэртээ ороод унтлаа гээд гэр рүүгээ явсан. Тэгээд өглөө 07 цагийн орчим манай охин Хз орж ирээд Б намайг зодоод ийм болчихлоо гээд надад хүзүү шанаа хоолойгоо үзүүлэхэд нь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн. ...Б урьд нь Хзын эрх чөлөөнд халдаж байгаагүй. ...Б хамтран амьдрагч нь биш. Хааяа манай охины гэрээр орж гардаг юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч А.Бд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Б.Б Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 64 тоотод хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Б.Бын хүүхэд Б.Өсөхөө Дархан-Уул аймгийн Шарын-гол сум руу шилжиж Б.Бын эх Жагаа дээр очоод 1-2 жил болж байна.Найз Б ихэвчлэн хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг уул руу мод самарт явж говь руу явж том техник хэрэгсэл барихаар явдаг. Төрийн байгууллагат бол ажиллаж байгаагүй санагдаж байна. ...Б6Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гайгүй төлөв даруу байдаг. ...Хамтран амьдардаг хүнийг нь би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг өгсөн. Уг өгсөн мэдүүлэг дээр мэдүүлгийг үнэн зөв тодорхой ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 34 дүгээр хуудас/

            Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр  гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 6 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаар дүгнэлтийн

Дүгнэлт хэсэгт:

1.Д.Хзын биед 2 нүдний дээд зовхи, баруун зүүн шанаа, хацар, хамрын нуруу, эрүүний доод хэсэг, хүзүү, цээжний дээд хэсэг, баруун гарын бугалгад цус хуралт, баруун зүүн шанаа, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн одоо удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд болно.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /Хх-ийн 24-25 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд/хохирогч Д.Хз 289920 төгрөгийг бүрэн бэлнээр Баас авсан нь болно. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй/ гэсэн тэмдэглэл/Хх-ийн 71 дүгээр хуудас/

Хохирогч Д.Хзын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 73 дугаар хуудас/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатарын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 74 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Нэг. Шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн 39 тоотод оршин суух, Д.Хзын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Хзын хоолойг боож, нүүр, толгой, цээж орчимд гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Быг хохирогч Д.Хзын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

            Тиймээс шүүгдэгч Б.Бт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Хз нь эмчилгээний зардалд 289920 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч Б.Б нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

 

Гарав.Шүүгдэгч Б.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн 39 тоотод оршин суух, Д.Хзын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Хзын хоолойг боож, нүүр, толгой, цээж орчимд гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хүний амь бие эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдсан гэм буруугийн шууд санаатай гэмт үйлдэл болно.

 Хэдийгээр Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчийн орлогын эх үүсвэр, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.Хз гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбажавын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Хзын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нотлох баримтаар нэхэмжилсэн 289920 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бт оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.Хз нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ