| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0019/Э |
| Дугаар | 149/ШТ/0017 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 149/ШТ/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2132000000008 тоот 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 32 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт *тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Гарьд овогт Эмээлийн О/рд:*/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгааны шонг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь хэсэгт заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин өөрийн эзэмшлийн 92-28 СЭА улсын дугаартай тоёото королла пилдер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ мөргөж иргэн Т.Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний бие нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэр рүүгээ харих гээд явж байтал сургуулийн гадаа эхнэр машинаа халаах зорилгоор асаалттай орхисон байсан болохоор нь машиндаа орж суутал эхнэр ажлаасаа гарч ирсэн. Ингээд бид хоёр харихаар төв замаар явж байгаад төмөр замын цахилгааны шонгийн мод мөргөж зам тээврийн осол гаргаж эхнэр Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2132000000008 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч Э.Отгийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 07 цаг өнгөрч байхад би Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль болох өөрийн ажлаасаа тараад гэртээ харих гээд нөхөр Оийн машины түлхүүрийг багш Атид машиныг халаах зорилгоор өгсөн юм. Тухайн үед би ажилдаа авахдаа нөхөр Оийн тоёото пилдер загварын 92-28 СЭА улсын дугаартай машинтай явсан юм. Тэгээд би төд удалгүй Атийн хойноос гартал манай нөхөр О ирсэн байсан бөгөөд өөрийн машины жолооч талын суудал дээр суусан байсан. Тэгээд би машиндаа суусан бөгөөд О надад юу ч хэлэлгүй хүчтэй хойшоо ухраад гэрийн зүг хурдтай явсан. Тухайн үед О их хурдтай явж байсан. Би От хурдаа хасах талаар анхааруулсан бөгөөд миний хэлсэн үгийг ойлгохгүй байгаа юм шиг санагдсан 20 цагийн үед О Баянгол сум Гонир 3 дугаар багийн нутагт байрлах тус сумын Онцгой байдлын гал түймэр унтраах аврах 40 дүгээр ангийн урд талын асфальтан зам дагуу байрлах цахилгааны төмөр шонг мөргөж зогссон. Би тухайн үед миний ухаан балартсан бөгөөд эргэн тойрноо хартал машины ослын дэр гарсан зүүн гараа хөдөлгөх боломжгүй байсан бөгөөд машинаас шууд буугаад эргэж харалгүй онцгой байдлын 40 дүгээр ангийн байрлалд очсон бөгөөд тухайн үед харуулд гарч байсан албан хаагч надад түргэн тусламж дуудаж өгсөн. Түргэн тусламж төд удалгүй ирсэн бөгөөд түргэний эмч миний зүүн гарыг үзээд хугарсан байж магадгүй бөгөөд Зүүнхараад очиж рентген зураг авхуулах хэрэгтэй гээд миний зүүн гарт чиг тавьж боосон. 21 цагийн үед би эмч Хн багш Батболд багш Ат нарын хамт Зүүнхараа руу явсан. Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэгт рентгенд харуултал зүүн гарын бугалга яс хугарсан гэх онош тавьсан. ...Зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад их согтуу харагдсан бөгөөд өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан гэж бодож байна. ...Надад Оийн гаргасан үйлдэлтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Миний биеийн байдал сайжирсан бөгөөд ямар нэгэн зовуурь өвдөлт байхгүй. Надад ямар ч Э.От гаргах санал гомдол байхгүй. Би гомдолгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч А.Хн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Уг өдөр би жижүүрт гарж байсан бөгөөд 20 цагийн үед машины осол гарчихлаа гэсэн дуудлага ирсэн бөгөөд намайг очих үед От гэх хүн онц байдлын хүлээлгийн өрөөний сандал дээр сууж байсан. Тухайн хүн гараа хөдөлгөж чадахгүй байсан бөгөөд их айсан харагдаж байсан. Намайг үзэх үед зүүн гар хугарсан байсан мөн даралт ихэссэн, зүрхний зохилт ихэссэн, өвдөлт ихтэй байсан бөгөөд би өвдөлт намдаах тариа, даралт бууруулах тариа хийсэн. Тэгээд би түүний нөхөр болох жолоо барьж явсан. О гэдэг хүнийг дуудуулсан бөгөөд тухайн хүн их согтуу харагдаж байсан бөгөөд даралтыг нь үзэх гэсэн боловч үзүүлэхгүй гэж байсан. Би даралтыг нь үзтэл даралт ихэссэн байсан бөгөөд, даралт бууруул тариа хийх гэтэл эмнэлгийн тусламж авахгүй гэсэн. Тэгээд би От, Ат гэх багш түүний нөхөр нарын хамт шууд Зүүн-Хараад байрлах Нэгдсэн эмнэлгийн байрлалд шөнийн 12 цагийн үед ирсэн бөгөөд хугарсан гарыг рентген зараг авхуулсан бөгөөд тухайн үед Оюунболор гэх эмч жижүүрээр гарж байсан бөгөөд тухайн эмч зүүн гарын бугалга ясны 3/1 нь няцарсан зөрсөн хугарал байна гэж онош тавьсан. Тэгээд бид нар буцаад баруун хараа руу гарсан бөгөөд От гэх хүнийг харж хоносон бөгөөд их өвдөлтэй хоносон. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр От, сургуулийн жолооч нарын хамт 22-ын товчоо орсон бөгөөд тэндээс От гэх хүнийг түүний 2 ах нь тосож аваад явсан. ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Онцгой байдлын ээлжид .гарж байсан ажилчид дарга нь мөн От, О нар байсан бөгөөд өөр хүн харагдаагүй. ...биеийн байдал муухан харагдаж байсан. ...Гар нь хугарсан байж болзошгүй байсан бөгөөд даралт зүрхний цохилт ихэссэн өвдөлт ихтэй их айсан байгаа харагдсан. ...Согтууруулах ундааны зүйлд хэрэглэсэн биеэ авч явах чадвар хомс байсан. Тийм байдалтай машин барьж чадахгүй юм шиг надад санагдсан. Мөн аймар ууртай байсан. ...Их согтуу байгаа харагдсан. ...
| ЕА/ 9*.,г |
гэх мэдүүлэг/Хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч Ц.Мб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан чинь 20 цаг өнгөрч байхад манай салаан дарга Энхсайхан гаднаас Оийн эхнэр Т.Отг дагуулаад ороод ирсэн. Тэгээд Энхсайхан ахмад бид хоёр Отг хүлээлгийн өрөөнд суулгаад эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Дуудлага өгөөд төд удалгүй түргэний машин ирсэн. Эмч Отг үзээд гар нь хугарсан байна гэх онош тавьсан бөгөөд Отд өвчин намдаах тариа хийгээд хугарсан гэх гарыг нь чиг тавьж боогоод авч явсан. Тухайн үед О нь ослын талаар юм ч яриагүй. От л надад туслаарай О шон мөргөөд миний гар эвгүй болчихлоо гар их өвдөж байна гэж хэлж орж ирсэн.Би хэргийн газар дээр нь очоогүй болохоор юу мөргөсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үйл явдлын талаар Отгаас сонссон. ...От ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Эмч Отг үзээд гар нь хугарсан байна гэж онош тавьсан. ...О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтуу байсан. ...О От хоёр хамт машинаараа гэртээ харих гээд явж байтал О баруун тал руу огцом дараад гэрлийн шон мөргөсөн гэж От осол гардаг өдөр хэлж байсан шиг санагдаж байна. Үүнээс болж От бэртсэн гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг 50 минутын үед би ажлын залуу болох Бат-Эрдэнийн Баянгол сумын Гонир 3 дугаар багт байрлах хашаанд нь 2.5 литрийн “Сэнгүүр” пиво ганцаараа дуустал нь уусан. Ууж дуусаад 19 цаг 40 минутын үед гэртээ харих зорилгоор гэрийн зүг алхаад явж байтал эхнэрийн ажил болох Баянгол сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн хашааны үүдэнд миний 92-28 СЭА улсын дугаартай, “ тоёота пилдер загварын” машиныг манай эхнэр халаах зорилгоор асаалтай орхисон байсан бөгөөд тухайн үед миний машин дотор хүн байгаагүй байсан. Би машиныхаа жолооч талын суудалд суугаад эхнэр Т.Отг хүлээж байтал тэрээр төд удалгүй ажлаасаа гараад ирсэн. Тэгээд би эхнэрийн хамт гэртээ харих болсон бөгөөд түүний ажлаас гэр лүүгээ явах замдаа би өөрөө машинаа барьж явж байгаад Гал түймэр унтраах аврах 40 дүгээр ангийн ойролцоо 20 цагийн үед гулгаад замаас гарч цахилгааны шон мөргөж зам тээврийн осол гаргасан . Цахилгааны шон мөргөөд зогстол манай эхнэр Т.От машинаас буугаад анхны тусламж авах зорилгоор Гал түймэр унтраах аврах 40 дүгээр анги руу ганцаараа явсан бөгөөд би түүний хойноос төд удалгүй яваад очтол манай эхнэр Гал түймэр унтраах аврах 40 дүгээр ангийн хүлээлгийн суудал дээр Мб, Энхсайхан нарын хамт байсан. 20 цаг 30 минутын үед эмнэлгийн тусламж ирсэн бөгөөд манай эхнэрийг Хн гэх эмч үзээд зүүн гарын атгаал яс хугарсан байж болзошгүй байна гээд зүүн гарыг чиг тавьж боогоод Мандал сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай явах шаардлагатай гэж хэлээд манай эхнэрийг Баянгол суманд байрлах эрүүл мэндийн төв рүү аваад явсан. Эхнэрээ Баянгол сум дахь эрүүл мэндийн төв рүү явуулаад Баянгол сум Хараа 1 дүгээр баг 4 хэсэгт 8-4 тоотод байрлах гэртээ ганцаараа алхаж хариад унтаж байтал цагдаа ирээд драгер багажаар миний согтолтын зэргийг шалгасан бөгөөд 0.66 тухайн үед хувийн согтолттой гарсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Уг ослын улмаас манай эхнэр Т.Отгонтуяагийн зүүн гар нь хугарсан гэмтэл гарсан. ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн 50 минутын үед би ганцаараа 2., литрийн сэнгүүр пиво уусан байсан бөгөөд осол гаргах үедээ өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан. Цагдаад согтолтын зэргээ драгер багажаар шалгуулахад 0.66 хувийн согтолттой гарсан. ...Би өөрийн тоёото пилдер загварын 9228 СЭА улсын дугаартай машинтай явж байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 69-70 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 6-11 дүгээр хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/Хх-ийн 12 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Оийн согтуурал шалтгасан тухай тэмдэглэл/Хх-ийн 13 дугаар хуудас/
Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №001/04 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №39 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Т.Отгийн зүүн гарын бугалга ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэзээ үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 104 дүгээр хуудас/
Хохирогч Э.Отгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 112 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Оийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/Хх-ийн 111 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/Хх-ийн 114 дүгээр хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Э.Оийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн тоёото пилдер маркийн 9228 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа цахилгааны шонгийн мод мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан ““Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж иргэн Т.Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч шүүгдэгч Э.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 69-70 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Я.Хнгийн мэдүүлэг/Хх-ийн 31-32 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт/Хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №001/04 дугаартай дүгнэлт/Хх-ийн 58 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Э.Оийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас иргэн Т.Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцсон өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, согтуурсан, мансуурсан жолооч хүний самбаачлах ур чадвар, замын нөхцөл байдал зэрэгт хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөний нягтаршил зэргийг үл тооцож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Т.От нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Гурав.Шүүгдэгч Э.От хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.О нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдэж, бусдын амь насыг хохироосон хор уршиг арилахгүй боломжгүй ч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.О нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Э.От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Гарьд овогт Эмээлийн Оийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т.Отгийн эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогч Т.От гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-д зааснаар шүүгдэгч Э.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жил, хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан ялтан Э.Оийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Ялтан Э.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан Э.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ