Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0122

 

 

   

 

 

 

“Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Нэхэмжлэгч “Э...” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 974 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0287/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э...” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр:

2.1. “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн  26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э...” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/268 дугаар захирамжийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нийслэлийн Засаг даргыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээний 2.1.1-т заасан “150 мянган-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд түншлэлийн гэрээг байгуулах байсан, Эвлэрлийн гэрээнд заасан түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

3.2. Учир нь Эвлэрлийн гэрээний үндсэн нөхцөл болох 1.1-т “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд албаны хүмүүс цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлж, үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн уулзалт, Нийслэлийн Засаг даргын “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Э...” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн уулзалт түүнээс өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгыг үндэслэн эвлэрлийн гэрээг байгуулав” гэж заасан. Нэхэмжлэгчид олгосон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан боловч Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ хариуцагч биелүүлэх зорилгоор нэхэмжлэгчид дахин боломж олгож Эвлэрлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл ““150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулсан гэрээ нь Эвлэрлийн гэрээ мөн. Гэрээний “2.1.1-т заасан түншлэлийн гэрээг хариуцагч байгуулах байсан” гэж Эвлэрлийн гэрээний заалтыг тайлбарлаж хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эвлэрлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгтэй нийцэхгүй бөгөөд Эвлэрлийн гэрээний 1.1-т заасан утгаар тайлбарлана. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай зохицуулалт байхгүй зөвхөн гурван талт гэрээ байгуулах гэж заасан.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хариуцагч шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг дээрх байдлаар тогтоосон.

3.4. Нэхэмжлэгчид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг 2014-2022 онуудад дараах байдлаар эрх олгож, цуцалсан. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/831 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх олгосон, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх цуцалсан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/589 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх сэргээсэн, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1221 дүгээр захирамжаар эрх цуцалсан. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийн дагуу эвлэрч эрх сэргээж, 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

3.5. Дээрх хугацаанаас харахад эрх олгосон, цуцалсан шийдвэрийн хоорондын хугацаа 4 жил, 3 сар, 1,4 жил, 11 сар, 5 саруудын зайтай байх бөгөөд анх 2014 оноос 2022 он хүртэл нийт 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн төслийн талбай дэх үл хөдлөх, хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч 16 мянган иргэдийн эрх ашгийг хохироосон. Хариуцагч төсөл хэрэгжүүлэх эрхийг хэд хэдэн удаа цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд харин ч төсөл хэрэгжүүлэгчид удаа дараа итгэл үзүүлэн төсөл хэрэгжүүлэх боломжоор хангасан.

3.6. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/680 дугаар захирамжаар “Э...” ХХК-д төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн батлуулахыг даалгасан хугацаанаас хойш 5 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжаар цуцалсан нь нэхэмжлэгчид хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгоогүй, хариуцагч түүнд саад учруулсан гэх нь үндэслэлгүй. Мөн тус 30 хоногийн хугацаанд хариуцагчид төслийг бүрэн дуусга гэсэн цаг хугацааны хувьд биелэгдэх боломжгүй үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд энэ 30 хоногийн хугацаа нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”- ын 3.1-т заасан хугацаатай нийцнэ.

3.7. Нэхэмжлэгчид Орон сууцны дэд бүтцийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/16 дугаар албан бичгээр төслийн тайлан ирүүлэх тухай, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/144 дүгээр албан бичгээр Эвлэрлийн гэрээний санал ирүүлэх тухай, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/412 дугаар албан бичгээр Эвлэрлийн гэрээний дагуу календарьчилсан төлөвлөгөө ирүүлэх тухай, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/862, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/937, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/993 дугаар албан бичгүүдээр Хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудлыг хэлэлцүүлэхийг мэдэгдэх тухай, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1139, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/1249, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1312, 2/1311 дүгээр албан бичгүүдээр хамтарсан уулзалтад ирэх, тайлбар ирүүлэх тухай албан бичиг, мэдэгдлүүдийг хүргэж байсан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасантай нийцнэ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 дүгээрт “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй..." гэсэн байтал тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-ийг баримтлах нь үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 128/ШШ2022/0974 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь анх 2014 онд Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн МҮОНРТ орчим ХЕТ-2013-4 багцын 27 га А, Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж гардсан боловч нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1221 дүгээр захирамжаар “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэл хугацаанд эхлүүлээгүй, газар үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдаж, үүнтэй нэхэмжлэгчээс маргаж захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

3.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжаар “нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1221 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг “Э...” ХХК-д даалгаж, төсөл хэрэгжүүлэгч нь нарийвчилсан төлөвлөгөөг батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар (Г.Г)-т” үүрэг болгожээ. 

            3.3. Анхан шатны шүүхээс “...захиргааны байгууллагаас төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг 2016-2022 онуудын хооронд нийт 3 удаа цуцалсан, мөн Эвлэрлийн гэрээнд заасан түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч дээрх хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            3.4. Учир нь талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний “Нэг” дэх заалт буюу гэрээний нөхцөл хэсгийн 1.2-т “Гэрээний талууд Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, МҮОНРТ орчим ХЕТ-2013-4 багцын А, Б хэсэгчилсэн талбай, 27 га газарт ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гурван талт гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно” гэж заажээ.

            3.5. Гэтэл дээрх гэрээний 2.1.1-т заасан ““150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллана” гэх заалт нь нэхэмжлэгчийн эрх, үүрэгт хамаарахаар зохицуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Э...” ХХК нь хариуцагчтай түншлэлийн гэрээ байгуулах эсэхээс үл хамааран эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлийг хэрэгжүүлж, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан хугацаанд төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай гэж үзнэ.

3.6. Өөрөөр хэлбэл, талууд дээрх эвлэрлийн гэрээгээр “...түншлэлийн хүрээнд гэрээ байгуулах”-аар тохиролцсон хэдийч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд заасан үйл ажиллагаа, үе шатанд “түншлэлийн гэрээ байгуулах” гэсэн шаардлага хамаарахгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

3.7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оноос хойш 4 жил 3 сар, 2019 оноос хойш 1 жил 4 сар, 2021 оноос хойш 5 сарын хугацаанд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон төдийгүй бодит байдалд тухайн хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт төлөвлөсөн хэмжээнд огт хэрэгжиж чадаагүй болох нь нийтэд илэрхий үйл баримт тул маргаан бүхий Хяналтын хорооны хурлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэр, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй буюу төслийн тайлан ирүүлэх, төслийн үе шатыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хууль, журамд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулахыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас “Э...” ХХК-д удаа дараа шаардлага тавьж байсан, мөн Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны Засаг дарга нараас “...”Э...” ХХК-ийг төслийн талбайд 7 жил үйл ажиллагаа явуулаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус хүргүүлж байжээ.

3.9. Харин анхан шатны шүүхээс “...нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжид Төслийн үе шатуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг Э... ХХК-д даалгаж, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1. “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна” гэснийг “Э...” ХХК нь биелүүлэх боломжийг захиргааны байгууллага олгоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

3.10. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/862, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/937, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/993, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1139, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/1249, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1311, 1/1312, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/16 дугаартай албан бичгүүдээр “...төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах, төслийн хэрэгжилтийн талаар тайлбар өгөх, уулзалт зохион байгуулах...” талаар нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлсэн байх тул “Э...” ХХК-д нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх боломжийг захиргааны байгууллага олгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

3.11. Хэдийгээр нэхэмжлэгчээс “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” цар тахалын үед эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-д хоёрдугаар түвшний үед ажлын горимд уулзалт, хурал, цуглааны байр, танхимд хүний тоог 30-аас хэтрүүлэхгүйгээр, хүн хоорондын зай 2 метрээс доошгүй байхаар зохицуулж болно” гэж заасан тул нэхэмжлэгч “Э...” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх сэргээсэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс уг эрхийг цуцалсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх үндэслэлээр эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй.

3.12. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй”, 23.1.5-д “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх”, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1-т “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна” гэж тус тус зааснаас үзвэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах, батлуулах нь нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн үүрэг байхаар зохицуулсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. 

3.13. Цаг хугацааны хувьд түншлэлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгчээр шалгарах үед буюу 2014 онд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаал гараагүй байсан ч маргаан бүхий захирамж, шийдвэр гарсан 2014-2022 онд уг тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” мөрдөгдөж байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ журмаар зохицуулсан, маргаанд шууд хамаарал бүхий зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй.

3.14. Анх нэхэмжлэгчээс хэсэгчилсэн талбайд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн саналыг авсан нь төсөл хэрэгжүүлэх батламжийг олгох нэг нөхцөл болсон гэдэгтэй маргаангүй, харин ийнхүү батламж авснаас хойш санал авсан иргэдийг хамруулан нийслэлийн Засаг даргатай 3 талт гэрээ байгуулах үүргээ нэхэмжлэгчээс хэрэгжүүлээгүй байна. Гурван талт гэрээ байгуулах нь зөвхөн нийслэлийн Засаг даргын үүрэг мэтээр тайлбарлах нь зүйд нийцэхгүй бөгөөд энэхүү гэрээ байгуулагдаагүй нь нэхэмжлэгчийн хувьд аливаа үүрэг хүлээгээгүй гэж дүгнэж үл болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 974 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.2.в, 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э...” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА