Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1039

 

Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одгэрэл нь Төрийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлаар ажилласан. Төрийн банкинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан Дотоод хяналтын хэлтсийн хянан шалгагч Л.Батболд, Хуулийн газрын мэргэжилтэн Ж.Болорчимэг, хүний нөөцийн хэлтсийн Зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанзул нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн зээлийн хэлтсийн захирал Б.Одгэрэлийн ажлыг хүлээж авсан.

Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг нь ажилтан Б.Одгэрэлийн ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. Гэтэл Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1 дэх заалтыг үндэслэн “Төрийн банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаас үзэхэд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтаныг ажлаас халсан үндэслэлтэй огт хамааралгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халаагүй байна.

“Төрийн банкны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн үндэслэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй тул Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд ажилтан Б.Одгэрэлийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, “Төрийн банк” ХХК-ийн орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон. “Төрийн банкны дүрэм”-ийн 8 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд 8 дугаар зүйлийн 8.3.17-д “Банкны гүйцэтгэх удирдлагаас бусад шийдвэр гаргах шатны удирдлага /Газрын захирал, түүнээс дээш албан тушаалтан/-ыг томилох, чөлөөлөхөд гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх” гэж заасан байдаг бөгөөд ТУЗ-ийн хурлаар газрын захирал болон түүнээс дээш захирлуудын асуудлыг авч хэлэлцдэг.

Б.Одгэрэлийн хашиж байсан албан тушаал болох хэлтсийн захирлын хувьд ТУЗ-ийн зөвшөөрөл шаардагддаггүй албан тушаал болно. Орон нутгийн салбарын удирдлагын газрын Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Одгэрэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсыг өгсөн. Б.Одгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дугаар тушаалаар цуцалсан. Иймд нэхэмжлэгч Б.Одгэрэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийг “Төрийн банк” ХХК-ийн орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 581 804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Одгэрэлд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40 258 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс ИХШХШтХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгт өмнө авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэдэгт итгэж байна.

1. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэд хэдэн удаа дараах байдлаар тодорхой дурдагдсан байна. Үүнд: “

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад мэдэгдэх гэж заасны дагуу банкны зүгээс ажилтан Б.Одгэрэлд мэдэгдсэн, мэдэгдснээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч банкны гаргаж өгсөн нотлох баримтыг “гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй” байна гэсэн хуулийн тайлбартайгаар шүүх үнэлж үзээгүй, орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон.

Өөрөөр хэлбэл, Б.Одгэрэл өөрөө мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж, баталгаажуулахаас өөр арга банкинд байгаагүй.

Банкны зүгээс ч үүнийгээ нотлож шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүх үнэлээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хуульд заасны дагуу ажилтанд мэдэгдээгүй байна” гэдэг гол үндэслэлээ болгож, хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Одгэрэл нь мэдэгдэх хуудас аваагүй гэж маргадаг хэдий ч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болон хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн болохоо давхар нотолсон байдаг болно.

2. Ажлыг хүлээлцсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарласан УДШ-ийн тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлиин 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно” гэж тайлбарласан байх бөгөөд энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтны ажлыг тушаал гаргахаас өмнө хүлээлцэж болох ба энэ тохиолдолд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болохыг онцолсон зохицуулалт юм.

Энэ дагуу банк Б.Одгэрэлд мэдэгдлийн хугацааны цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг Б.Одгэрэл хүлээн авсан зэрэг нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

3. Шийдвэрийг өөрчлөх боломжгүй талаар: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Орон нутгийн салбарын удирдлагын газрын захирлын эрхэлж байсан ажлын байр, албан тушаал байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж үзсэн бөгөөд Б.Одгэрэлийн эрхэлж байсан Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын ажлын байр, албан тушаал хасагдсан эсэх дээр дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хуульд заасны дагуу орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгт өөрчлөлт орох, ажилтанд тавигдах шалгуур, ажил албан тушаалын харьяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний өөрчлөлт, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд шүүгч “...Орон нутгийн салбарын удирдлагын газрын захирлын эрхэлж байсан ажлын байр, албан тушаал байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж үзсэн бөгөөд Б.Одгэрэлийн эрхэлж байсан Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын ажлын байр, албан тушаал хасагдсан эсэх дээр үнэлэлт дүгнэлт хийлгүй Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын албан тушаалд Б.Одгэрэлийг эргүүлэн тогтоон шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Одгэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Одгэрэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Б.Одгэрэлийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Б.Одгэрэлийг Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 19 дүгээр тал/

 

“Төрийн Банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан тус банкны “Орон нутгийн салбарын удирдлагын газар”, түүний харъяанд байсан “орон нутгийн үйл ажиллагааны хэлтэс”, “орон нутгийн зээлийн хэлтэс”-үүдийг тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Төрийн банкны бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолоор “Орон нутгийн банкны газар”, “үйл ажиллагааны хэлтэс”, “зээлийн хэлтэс” гэж тус тус өөрчилсөн байна. /хэргийн 80, 82 дугаар тал/

 

Тодруулбал, бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “орон нутгийн зээлийн хэлтэс” нь “зээлийн хэлтэс” гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэх үйл баримт зохигчдын тайлбар, дээрх тогтоол, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогджээ.

 

Иймд шинээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл, шалтгааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлох баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлж тогтоосонтой холбоотойгоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт шүүх 1 581 804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төл үүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлс 40 259 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО   

 

                                               ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ    

                       

                                                                                             С.ЭНХТӨР