| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0003/Э |
| Дугаар | 149/ШТ/0019 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 149/ШТ/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2032001520136 тоот хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, хүүгийн хамт * гэх газарт оршин суух, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Наяман овогт Садагийн Б /рд:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 96 дугаар байрны 1-13 тоотод иргэн Ё.Чггийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 96 дугаар байрны 1-13 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би эхлээд хүүхдээ сангийн аж ахуйн цэцэрлэгт өгсөн юм. Тэгээд хүүхдийн бичиг баримт хэрэгтэй болоод Нб луу залгаад цахим үнэмлэхийн чинь хуулбарыг авах хэрэгтэй байна гэсэн чинь би Ё.Чг гэдэг хүнийд байгаа бид 2 хамтран амьдарч байгаа. Тэднийхээс ирээд бичиг баримтыг авчих гэж надад хэлэхээр нь би очсон. Шөнө очиход эд нар шал согтуу хаалга нь онгорхой газар чармай нүцгэн унтаж байсан. Тэгээд би ороод Нбыг дуудаад босгосон чинь Нб босож ирэнгүүтээ намайг зодсон. Зодож эхлэхэд Чг босож ирсэн. Босож ирээд чи яахаараа манайд орж ирдэг юм гэж хэлээд намайг алгадсан. Бид хоорондоо зодолдсон. Тэр үед Нб бичлэг хийсэн. Чггийн утсыг аваад бичлэг хийсэн. Одоо бичлэг хийсэн цагдаа дуудаад бариул гэж Нб тэгсэн. Тэгээд цуг байсан хүүхэн нь Чггийн эгчийнх нь охин юм гэсэн. Тэгээд намайг гаргахгүй болохоор нь би гараад зугтаасан. Яагаад гаргахгүй байсан гэхээр нөгөө хүүхэн чин энэ шүү дээ, намайг шүүхэд барьж өгдөг хүүхэн чинь энэ байхгүй юу гээд Нб Чгд тэгж хэлээд байсан. Тэгээд би гараад явсан гэжээ.
Эрүүгийн 2032001520136 тоот хэргээс
Хохирогч Ё.Чг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед би гэртээ байж байтал гэрийн хаалгыг нэг нүдээд байсан. Би айгаад хаалга онгойлгож өгөөгүй тэгээд 12 цаг хүртэл манай хаалгыг нүдэж байгаад явсан. Би тэгээд дүү Бцийг манайд хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд тэр танихгүй эмэгтэй чимээгүй болчихоор би яваад өгчихсөн байна гэж бодож байтал надтай хамт ажилдаг манай сургуулийн багш Дч над руу залгаад ажил дээр нэг эмэгтэй ирээд чамайг хүний нөхөртэй явалддаг гэж сургууль дээр асуудал үүсгээд байна гэж хэлсэн. Өдрийн 16 цагийн орчим манай гэрт манай дүү Бц гэрт ирсэн. Би тэгээд оройн 18 цагийн орчим Нб луу утсаар залгаад танай хуучин эхнэр С.Б гэдэг эмэгтэй ирээд манай хаалгыг нүдээд чамайг асуугаад орилоод байна бас манай ажил дээр очиж миний нэр төрд халдаж худлаа юм яриад явна чи ирж энэ асуудлаа шийд гэж хэлтэл Нб манайд 19 цагийн орчим ирээд манай дүү Бц, Нб бид 3 болсон явдлын талаар юм ярьж байгаад 0.5 литрийн Хараа архи 1 шилийг хувааж уугаад 23 цагийн орчим унтаж амарсан. Тэгээд амарч байтал шөнийн 02 цагийн орчим гэрийн төмөр хаалга эвдээд С.Б орж ирээд хэрүүл маргаан хийгээд над руу дайраад намайг үсдэж унагаагаад цохиод маажаад орилоод хэл амаар доромжлоод дайраад байсан. ...Би танихгүй. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр гэрийнхээ хаалгыг түгжээд орцны шатаар бууж явтал танихгүй эмэгтэй хүн таараад энэ байна ш дээ гээд намайг барьж аваад миний утас булааж авах гээд мушгиад, орцонд янхан гичий гэж орилоод бид 2 хамт орцноос гараад Төмөр замын клубийн хажууд хүнгүй газар очоод жаахан юм ярьсан тэгээд салж явсан. Тэгээд Нбын салсан эхнэр гэдгийг мэдсэн. ...Халдаж зодсон гэрт орж ирээд үсдэж унагаад, цохиод, маажсан үүнээс миний нурууны өвчин сэдэрсэн бас сэтгэл санааны хувьд дарамттай байна. Манай нөхөртэй дотно харьцаатай гэж ажил дээр 2-3 удаа очиж багш ажилчдад ярьж миний нэр хүндэд халдаж байна. Би энэ асуудлаас болж ажил дээрээ зүгээр тайван ажлаа хийж чадахгүй байна. ...Салсан нөхөр Нбтай хардаад энэ асуудал болж байна гэж би бодож байна. ...Би 2020 оны 06 дугаар сард гражж бариулахаар хүн хөлслөөд бариулж байхад тэр гражж барьж байгаа хүмүүсийн нэгнийх нь найз Нб байсан. Тэгээд хааяа тэр хөлсний хүмүүс дээр ирж ойр зуурын юм хийж байгаад бид 2 танилцсан юм. ...Миний биед шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн гэмтэл учирсан. ...Би хүлээн зөвшөөрч байна. ...Миний толгой, нуруу өвдөж байна. Сэтгэл санааны дарамттай байна. ...С.Б намайг зодсоны улмаас миний эрүүл мэнд, сэтгэл санаад хохирол учруулсан тиймээс энэ хүнээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Бас эвдсэн хаалгыг нь төлүүлж энэ хүнд хуулийн арга хэмжээ авч өгнө үү. ...,2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 цагийн орчим манай гэрийн хаалгыг нэг эмэгтэй нүдээд байсан. Би айгаад хаалга онгойлгож өгөөгүй тэгээд 12 цаг хүртэл манай гэрийн хаалгыг нүдэж байгаад явсан. Би тэгээд дүү Ж.Бцийг манайд хүрээд гэж дуудуулсан юм. Зүс таних эмэгтэй С.Б нь нам гүм болчихоор нь харьчихсан юм байх гэж бодож байсан чинь миний ажлын байранд дээр очоод намайг асууж очоод, ажил дээр минь хамт олны дунд гичий, янхан, хүний нөхөр уруу татлаа гээд миний нэр төрд халдсан байна лээ. Би орцны айлуудаасаа ичиж, санаа их зовж байна. Тэгээд орой 16 цагийн орчим танай дүү Ж.Бц ирсэн. Тэгээд би 18 цагийн орчим би Д.Нб луу гар утсаар холбогдож чамтай холбоотой С.Б гэдэг эмэгтэй манайд ирээд чамайг байгаа гээд орилж орилоод байна гээд дуудсан. Тэгээд Д.Нб нь 19 цагийн орчим манайд би Д.Нбтай болсон явдлын талаар ярилцаж байгаад бид 3 орой болчихоор нь унтаад өгсөн. Тэгсэн гэнэт 02 цагийн орчмын үед гэрийн төмөр хаалга эвдээд С.Б гэгч эмэгтэй согтуу ороод ирсэн. Тэгээд учир зүггүй намайг үсдэж аваад, миний гар хөл хүү цохиж, үснээс зулгааж, над руу дайраад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд намайг ална, хутгална гээд сүрдүүлээд байсан. Д.Нб гар утсаараа тухайн үеийн С.Бгийн танхайрсан үйлдлийг бичсэн байна лээ. Тэр бичлэг нь надад байна. тэгээд манай дүү Ж.Бц нь цагдаад дуудлага өгч, цагдаа нар ирж байна гэсэн чинь С.Б нь гараад явсан. Цагдаад дуудлага өгөөгүй бол тухайн үед юу болох байсан талаар бодохоор л аймар байна. Ёстой аймар хүүхэн байна лээ. Тэгээд мөн Д.Нбыг бас яв гээд манай ү Ж.Бц явуулсан байсан. Би тухайн үед хэрүүл маргаанд толгой тархи өвдөөд юу болоод байгааг анзаарах сөхөөгүй байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нарт гэрийн хаалга эвдсэн галаар үзүүлэн, юу болсон талаар тайлбар хийсэн. Манай гэрийн хаалга хэд хоног эвдэрхий, цоожгүй байсан. С.Б нь байнга утсаар залгаад байнга дарамтлаад намайг гар утсаа авахгүй бол өөр өөр янз янзын дугаараас залгаад дарамтлаад ална гээд айлгаад байдаг. ...Би огт таньдаггүй байсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр намайг гэрээс гараад явж байхад в орцонд нэг эмэгтэй таараад үгийн зөрөөгүй энэ мөн байна гээд барьж аваад заамдаж, миний гар утсыг авах гээд надтай ноцолдоод миний баруун гарын ядам хурууг муруй болгочихсон. Тэгээд орцоор дүүрэн орилж орилоод, хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд би байрны иргэдээс санаа зовоод Төмөр замын клубийн баруун талд хүнгүй газар очиж С.Бд юу болсон талаар асууж, буруу ойлгоод байгаа талаар нь тайлбар хийхэд миний үгийг сонсохгүй ахиад над руу дариад эхэлсэн. Тэгээд би сургалт явуулж байгаа танхим руугаа явж С.Бгаас салсан. Зуны амралт байсан болохоор бид нар сургалт явуулж байсан сургалтын танхимд очин багш, хүүхдүүд, эцэг эхийн дунд янхан Чг хаана байна, гэрийг нь зааж өг гэж баахан орилж байсныг С.Бгаас зугтаж очсон хойноо багш нараас сонссон. ...Д.Нб гэх эрэгтэйгээс болоод. Тэр С.Б нь хардаад намайг энэ хүнтэй уулзаж учирдаг гээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм байна лээ. ...Д.Нбаас би яагаад С.Б гэдэг эмэгтэй ингээд байгааг асуухад: Д.Нб нь би С.Бтай танилцаад бид 2 дундаасаа 1 хүүтэй болсон, гэхдээ бид 2 хамт амьдарч байгаагүй, би өөрийн хүүгээ 2 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсэн. С.Б нь хүүг 2 нас хүрэхэд нь аваад явсан. Дунд нь би С.Бтай хамт амьдрах гэж үзсэн. Тэгээд араншин таарахгүй болохоор бид 2 салаад ямар ч хамааралгүй болсон гэж надад хариулсан. ...Би 2020 оны 06 дугаар сард гражж бариулахаар хүн хөлслөөд бариулж байхад тэр гражж барьж байгаа хүмүүсийн нэгнийх нь найз нь Д.Нб байсан юм байна лээ. Тэгээд хааяа тэр хөлсний хүмүүс дээр ирж ойр зуурын юм хийж өгч байгаад бид 2 танилцсан юм. ...Үзүүлнэ. Биед учирсан гэмтлээ тодорхойлуулмаар байна. ...Надад гомдол санал байна. Би өөрт учирсан нэр төрөө сэргээж авмаар байна. Би багш хүн болохоор хүүхдүүдийн эцэг эхчүүд, сургуулийн хамт олноосоо мөн байрны оршин суугчдаас ичиж санаа зовж байна. Мөн нурууны өвчнийг маань сэдрээсэн учир эмчилгээний мөнгө болон гэрийн хаалгаа нөхөн төлүүлж хохирлоо барагдуулмаар байна. Мөн би цагдаагийн байгууллагаар хамгаалуулах хүсэлтэй байна. ...Би С.Бд манайд хүрээд ир гэсэн зөвшөөрөл өгөөгүй. Хаалга түг хийх чимээ сонсогдоод С.Б согтуу орж ирсэн. С.Б өглөө нь манай хаалгыг нүдсэн. ...С.Б нь манай гэрт согтуу орж ирээд миний эрх чөлөөнд халдсан гэрт орилоод байсан. Заналхийлсэн үйлдэл байхгүй. ...96 айл нийтийн байр нийтийн байранд хүмүүс хаалгаа онгорхой хонодоггүй. Би шөнө хаалгаа түгжиж хонодог. Миний нагац дүү Бц, Нб нартай цуг чармай нүцгэн шөнө газар унтана гэж байхгүй. Нэг эрэгтэй хүний хажууд эгч дүү хоёр шалдан хэвтэнэ гэж байхгүй шүү дээ. С.Б манай гэрт ирээд миний үснээс зулгааж байгаа бичлэг байгаа. Тэр бичлэг дээр би хувцастай байсан. С.Б худлаа мэдүүлэг өгч байна. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 4-5, 20-21, 98-99 дүгээр хуудас/
Гэрч Ж.Бц хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим эгч Ё.Чг 99390587 дугаарын утаснаас залгаад эгч нь урьд шөнө Улаанбаатар хотод очиж эмчлүүлж байгаад ирлээ.Нуруугаа бариулсан чинь өвдөөд хөдөлж чадахгүй байна. Өвчин намдаах эм 1 шил архи аваад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Манай гэрт орж ирэхдээ манай гэрийн үүдэнд нэг эмэгтэй хүн байвал битгий орж ирээрэй гэж хэлээд утсаа салгасан. Би тэгээд эмийн сан ороод өвчин намдаах эм аваад дэлгүүр ороод Хараа нэртэй 0.75литрийн архи 1 шилийг аваад 12 цагийн орчим Ё.Чг эгчийнд очтол дээд давхрын шат дээр нэг бүдүүн эмэгтэй хүн байсан. Би гэрт нь ортол Ё.Чг эгч гэртээ ганцаараа байсан. Гэрт нь ороод авч ирсэн архиа бид хоёр юм ярингаа орой болтол хувааж уугаад сууж байтал 20 цагийн орчим гаднаас Нб гэх хүн орж ирсэн. Ё.Чг эгч бид хоёр хувааж ууж байсан архинаас хийж өгтөл Нб уугаагүй. Ё.Чг эгч Нбт танай салсан эхнэр над руу утсаар залгаад дарамтлаад байна гэж ярьсан.Тэгээд үлдсэн архиа Ё.Чг эгчтэй хувааж уусан. Ё.Чг эгч Нб хоёр хоорондоо юм яриад байсан. Би тэр ярианд оролцоогүй. Тэгээд Ё.Чг эгч чи манайд байж бай танай салсан эхнэр өдөржин манай гэрийн гадаа байсан дахиад хүрээд ирж магадгүй гэж хэлсэн.Би жижиг өрөөнд нь ороод 23 цагийн орчим унтаж амарсан. Гэнэт хүн орилоод зодоон болж эхэлсэн Ё.Чг эгчийн гэрийн том өрөөнд би тэгээд босоод Ё.Чг эгчийг зодож байсан эмэгтэйг салгах гээд дундуур ороод салгах гэтэл дийлээгүй тэр гаднаас орж ирсэн эгч муухай орилоод хэл амаар доромжлоод Ё.Чг эгч рүү дайраад үсдэж унагаад зодоод байсан. Би тэгээд өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Би тэр гаднаас орж ирсэн эгчийг зөндөө аргадаж гуйсан.Би Нб гэдэг хүнд би цагдаа дуудчихсан одоо өөрөө яв гэж хэлээд тэр Нб гэдэг хүн яваад өгсөн. Би гаднаас орж ирсэн Б гэдэг хүний та цагдаа иртэл байж бай гэж хэлээд 20 орчим минутын дараа тэр Б гэдэг хүн гараад явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №145 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.Ё.Чггийн биед уруулын зүүн дээд хэсэгт сорив, баруун гарын бугалга, бугуйн үений дотор хэсэг, зүүн гарын бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, тохойн үений дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Ашид билгүүн ХХК-ний эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон үнэлгээний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №ТХҮ-821/04 дугаартай тайлан/Хх-ийн 112 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Бгийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 124 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.Бгийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/Хх-ийн 125 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 54 дүгээр хуудас/
Хохирогч Ё.Чггийн гомдол саналгүй гэх хүсэлт/Хх-ийн 126 дугаар хуудас/
Хохирогч Ё.Чг шүүгдэгчээс хохирол авсан тухай баримт/Хх-ийн 131 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай өмгөөлөгч С.Сувдаагийн хүсэлт/Хх-ийн 132 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол/Хх-ийн 134 дүгээр хуудас/зэрэг бичгийн нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 96 айлын орон сууцны 1-13 тоотод оршин суух иргэн Ё.Чггийн орон байранд оршин суучгийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан улмаар иргэн Ё.Чггийн эрх чөлөөнд халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ё.Чггийн мэдүүлэг/ Хх-ийн 4-5, 20-21, 98-99 дүгээр хуудас/, гэрч Ж.Баяржаргалын мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/,шүүгдэгч С.Бгийн гэчрээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 6, 32-33 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №145 дугаартай дүгнэлт/Хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Ашид билгүүн ХХК-ний эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон үнэлгээний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №ТХҮ-821/04 дугаартай тайлан/Хх-ийн 112 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Чггийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 96 айлын орон сууцны 1-13 тоотод байрлах орон сууцны хаалга эвдэрч 280000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч хохирогчид 300000 төгрөгийг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол хор уршиг арилсан, хохирогч Ч.Чг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч С.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчийн өрхийн орлогыг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж хадгалж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Наяман овогт Садагийн Бг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч С.Б нь хохирогч Ё.Чгд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 300000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000/есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бд оногдуулсан 900000 төгрөгийн торгох ялыг 01/нэг/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Ялтан С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ