Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 149/ШТ/0043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Лд холбогдох 213200000032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1967 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт *тоотод оршин суух,

-Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88-б зааснаар 05 жилийн хорих ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шоовойн Л /рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ш.Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн 33-а тоотод байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим эхнэр А.Бмтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар мах хөшиглөдөг  модоор нэг удаа цохиж духанд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи өгзгөнд  цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

    Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Л мэдүүлэхдээ: …2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрч байхад эхнэр захаас ирээд Осгийнд орж үсээ будуулна гээд орсон. Ингээд би 20 цаг өнгөрч байхад Осгийнд эхнэрийнхээ араас ороход эхнэр маань Осгийн эхнэр Ув, Ос гурав нэг том пиво уугаад сууж байхаар нь би эхнэртээ хандаж чи Ос бид хоёрт нэг шил архи аваад өгөөч гэж гуйсан. Ингээд эхнэр нэг шил архи авч өгснийг бид дөрөв хувааж уусан. Архиа дуусаад бид хоёр харихаар гартал эхнэр надад агсан тавиад чи яах гэж Осгийн гэрт орж ирсэн юм бэ чи надаас архи нэхлээ гэж дайрсан. Тэгтэл Ув гэрээсээ гараад ирэхээр нь би Увыг манай эхнэрийг гэрт нь оруулаад унтуулчих гэж гуйгаад би буцаад Осгийнд орсон. Ороод Ос бид хоёр дахин нэг шил архи уугаад би 2 цаг орчмын дараа эхнэрийн унтсан байх гэж бодоод гэртээ орсон чинь эхнэр намайг гэрээс хөөгөөд, би маргааш дахиад архи ууна миний хэнтэй архи ууж, хэнтэй унтах нь чамд хамаагүй гээд дайраад байхаар нь хоолны эргэнэгээс махны хавтай мод аваад толгой руу нь нэг удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2132000000032 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч А.Бмгийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчим өөрийнхөө үсийг будуулах гээд хөрш айл болох Ос гэх айл руу орсон. Осгийн гэрт Ув, Бн бид гурав 2 том пиво уугаад байж байтал манай нөхөр Ш.Л орж ирээд Ш.Л Ос бид хоёрт нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би тэр хоёрт нэг шил архи авч өгсөн. Тэр архийг Ш.Л, Ос хоёр хувааж угаад дахиж нэг шил архи Ос аваад Ш.Л тэр хоёр 2 шил архи хувааж ууссан. Тэгээд бид хоёр Осгийн гэрээс гарч явахад нь Ув, Ос хоёр бид хоёрыг гэрт хүргэж өгнө гээд гэрээсээ гарч явсан. Тэгээд Сэвсүүлийн гудамжинд Ш.Л намайг янхан гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хөгшин авгайг хаана янхандаж байхыг харсан юм бэ гэж хэлэхэд Ш.Л би чамайг мэднэ шүү дээ гэж хэлээд миний толгойтой үснээс зулгаагаад газар унгааж, чирээд байхаар нь би биеэ хамгаалах гэж толгойгоо хоёр гараараа хаахад , миний цээж, гуя орчим 3 удаа өшиглөхөд Ув Ш.Лг болиоч гэж хэлээд түрхэхээр нь би гэр рүүгээ гүйгээд орсон Ш.Л миний араас гэрт орж ирээд хоолны эргэнэгээс  гулууз аваад намайг цохих гэтэл Ув гулуузыг нь булааж авсан. Тэгтэл Ш.Л гал зуухны. шүүгээнээс махны гамбанз/махны мод/ аваад миний толгойн тус газар нэг цохисон миний толгойноос цус гараад байхаар нь би гэрээсээ гараад гэрийн гадаа Увыг цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд Ув түргэн цагдаа хоёрыг дуудчихлаа гэж хэлэхэд Ш.Л тэрийг сонсоод гэрээсээ зугтаасан байсан. Тэгээд түргэний машин ирж намайг Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд үзүүлж би толгойдоо 5 оёо тавиулсан. ...Манай найз Ув, Ш.Лгийн дүү Бт нар байж байсан Бт эрүүл байсан. Би дүүгийнхээ хажууд намайг арай зодохгүй байх гэж бодоо- гэртээ ороход Ш.Л дүүгийнхээ хажууд миний эрх чөлөөнд халдсан. ...Бид хоёр албан ёсны гэр бүл. 1992 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёрын дундаас 4 хүүхэд гаргасан. ...Ш.Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсан тавьдаг, зодож байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч О.Бт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... : 2021 оны 4 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчим А.Бм эгч үсээ будуулна гээд гараад явсан. Тэгээд нэлээн байж байгаад Ш.Л ах ийшээ ороод ирье гээд Ш.Л ах гарч явсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад А.Бм эгч гаднаас согтуу, нэг эгчтэй хамт орж ирсэн. /Хажуугийн айлын Увтай цуг ирсэн.Удалгүй тэр хоёрын араас Ш.Л ах орж ирэхэд А.Бм эгч Ш.Л ах руу чи муу нохойн гөлөг минь амжихгүй шүү маргааш би дахиад архи ууна, чи надтай битгий юм яриад байгаарай новш минь гэж хэлэхэд Ш.Л ах чи юу яриад байгаа юм бэ? гэхэд нь А.Бм маргааш хэнтэй ч хамаагүй архи ууж чадна шүү гэхэд Ш.Л ах уурлаад чи айлын авгай юм бол айлын авгай шиг байгаач гэхэд А.Бм би хэнтэй ч хамаагүй унтаж хэвтэхэд чамд хамаагүй шүү гэж гэхэд Ш.Л чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд босох гэхээр нь би татаж болиулсан. Тэгээд Ш.Л ах, А.Бм эгч хоёрыг хэрэлдээд байхаар нь гаднаас орж ирсэн Ув гэх эмэгтэй гарч явсан. Тэгээд би шалан дээр дэвссэн орон дээр намайг хэвтэж байхад Ш.Л ах миний дээгүүр давж А.Бм дээр очоод Ш.Л ах А.Бмгийн нуруу тус газар нь гараа нэг удаа, нүүрэн тус газар гараараа нэг удаа тус тус цохихоор нь би орноосоо босоод боль гэж хэлсэн, А.Бм эгч надаас цус гараад байна шүү дээ гэхэд Ш.Л ах хойшоо ухраад миний ард зогссон. А.Бм эгчийг харахад дух орчмоос цус гарч байсан. Тэгээд Ш.Л ах гэрээс гарч явсны дараа удалгүй Ув эгч орж ирээд А.Бмд толгойноос цус чинь гараад байна одоо угаая гэж хэлсэн. Ув эгч цагдаа түргэн дуудаж, түргэний машин ирээд А.Бм, Ув хоёрыг аваад явсан. ...Тэр хоёр хоёулаа согтуу байсан. ...А.Бм эгч гаднаас орж ирэхдээ толгойн орчмоос цус гарсан зүйл байхгүй байсан. ...Ш.Л ах А.Бмг цохиж гэмтэл учруулсан. ...Ш.Л ах эхлээд гараараа цохихоор нь би боль гэж хэлээд Ш.Л ахын өмсөж явсан куртикнээсээ чангаасан боловч би дийлээгүй, миний нуруу эвгүй болохоор нь би хойшоо гэдийгээд хэвтсэн хойгуур юугаар цохисныг хараагүй. ...Ш.Л ах өөр хүний эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...А.Бм эгч бусдын эрх чөлөөнд халдаагүй, хэрүүл өдөж байгаад Ш.Л ахад зодуулсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 13 дугаар хуудас/

 Гэрч Б.Ув мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 04 дүгээр сарын 10-ны орой Бм манай гэрт орж ирээд үсээ будуулсан Тэгээд Бүрэнцэцэг, Бм бид  гурав хоёр том пиво уугаад сууж байхад гаднаас Бмгийн нөхөр Л орж ирсэн. Тэгээд Бм дэлгүүр орж нэг шил архи авч ирээд тэр архийг Л манай нөхөр нар хувааж уусан.Тэгээд манай гэрт Л, Бм хоёр жаахан маргалдаад байхаар нь би одоо гэрт маргалдаад яах вэ гэртээ харьж унтаж амар гэхэд Л Бм хоёр манай гэрээс гараад явахаар нь би тэр хоёрын араас гараад Бмг гэрт нь хүргэж өгсөн. Л буцаж манай гэрт орсон. Тэгээд би Бмгийн гэрт байж байхад манай гэрээс Л ирэхээр нь би гэртээ харьсан. Тэгтэл Бм миний гар утас руу залгаад намайг буцаж ороод ир Л агсан тавих гээд байна гэхээр нь буцаж Лгийн гэрт ороход Л гал зуухны шургуулгаас жижиг гурилын мод/элдүүр/ аваад Бмг цохих гэхээр нь би булааж аваад ор руу шидчихсэн. Л чамд ямар хамаатай юм  бэ гэхээр нь гэрээс нь гараад гэртээ ирсэн. Тэгсэн Бм дахиж миний гар утас руу залгаад дахиад ороод ирээч гээд уйлаад байхаар нь Лгийн гэрт ороход Бмгийн дух орчмоос цус гараад тэрийг алчуураар дараад цагдаа дуудаад өгөөч гээд байсан. Тэгээд Бм цагдаа эмнэлэг дуудаад түргэн ирж Бмг эмнэлэг рүү авч явсан. ...Бм надад Л намайг зодлоо гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл/Хх-ийн 8 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №84 дугаартай дүгнэлт:

1.А.Бмгийн биед духанд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 22-23 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Лгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 48 дугаар хуудас/

Хохирогч А.Бмгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/Хх-ийн 51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ш.Лгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 55 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Ш.Лг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  Ш.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн 33-а тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр А.Бмтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой дух орчимд нь махны хавтай модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч А.Бмгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/,гэрч О.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/,гэрч Б.Увын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 24-25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №84 дугаартай дүгнэлт/Хх-ийн 22-23 дугаар хуудас/,шүүгдэгч Ш.Лгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ш.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч Ш.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч А.Бм нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хэрэгт хавсаргаж хохирлын талаарх баримтыг ирүүлээгүйг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Ш.Лд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Ш.Лд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Л нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ш.Лд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Ш.Л нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч А.Бм гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн махны хавтгай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  Тогтоох нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Шоовойн Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лг 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Лд оногдуулсан 540000 төгрөгийн торгох ялыг 05 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Ш.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ш.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Ялтан Ш.Л нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн махны хавтгай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ.