Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 149/ШТ/0033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Хохирогч Ч.Эб /zoom/

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Бд холбогдох 2132001850012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнговь суманд 1973 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт * гэх газарт оршин суух, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Цэвээндоржийн Б/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бороо гоулд ХХК-ний ашигт матмал олборлож нөхөн сэргээлт хийгдсэн талбайд байсан геомембран хулдаасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 8006642 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой малаа хотлуулаад шөнийн 23 цагийн орчим Бороо-гоулд ХХК-ний хаягдал хадгалах, нөхөн сэргээлт хийсэн  хашаатай талбайн хулдаасыг хуулж хайчаар жижиглэн машинд ачаад өвөлжөөндөө авч ирж буулгасан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийт хохирлоос 4000000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа үлдэгдэл 4006645  төгрөгийг нөхөн төлөхөөр хохирогчтой ярьж тохирсон. ...гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Эб шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчим манай уурхайн уулын мастер эргүүл хийж яваад хаягдал хадгалах далангаас хамгаалалтын хулдаас алдагдсан талаар мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу бид удирдлагадаа мэдэгдэж мандал сумын Цагдаагийн хэлтэс руу дуудлага өгсөн. Гэмт хэргийн улмаас манай байгууллагад нийтдээ 8006645 төгрөгийн хохирол учирснаас Б 4000000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Үлдэгдэл 4006645 төгрөгийг 2 хуваагаад төлөхөөр манай байгууллагатай тохирсон байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоосноос болоод бид хоорондоо гэрээ байгуулж чадаагүй гэхдээ Бы гаргаж байгаа саналыг нь зөвшөөрсөн. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2132001850012 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Ч.Эб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим манай компанийн хаягдлын даланг бүрсэн байсан хулдаас алдагдсан байсан энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан. Уг хулдаас геомембран нэртэй материалаар хийгдсэн 1,5 мм зузаантай, гөлгөр хар өнгийн гадаргуутай байсан. Уг хулдаас нь хаягдлын даланг хамгаалдаг, хамгаалалтын тусгай зориулалттай хулдаас. Энэ талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх алдагдсан хулдаасыг шинээр худалдаж аваад ахиж хаягдлын даланг бүрэхэд нийт 562 метр квадрат талбайд геомембран материалтай хулдаас зарцуулсан. Нэг метр квадрат геомембран материалтай хулдаасыг 14114.10 төгрөгийн үнэлгээтэйгээр худалдаж авсан, Геомембран хулдаас 7932124 төгрөгийн зардал гарсан мөн дээр нь уг хулдаасыг хаягдлын талбайг нөхөх ажлын зардал 2814900 төгрөг болсон нийт 10747024 төгрөгийн бодит зардал гарсан болсон. ...Уг алдагдсан хулдаасыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Усны эрчим” ХХК-тай гэрээ байгуулж манай талаар мембран нэртэй материалаар хийлгэсэн. Уг мембран хулдаасыг 2012 онд 1 метр квадратыг нь 10.710 төгрөгөөр хулдаж авч байсан. 2020 оны 11 дүгээр сард уг хаягдлын даланг бүтээсэн хулдааснаас 562 метр квадрат мембран хулдаас алдагдсан байсан. Ийм болохоор манай компаниас 6.019,020 төгрөгийн мембран хулдаас алдагдсан. Энэ алдагдсан материалын зардал дээр ажлын хөлс болох 2814900 төгрөгийн үнэлгээтэй мөнгийг “Усны эрчим” ХХК-д өгсөн. Уг алдагдсан хулдаасны үнэ болон “Эрчим ус” ХХК-д ажлын хөлс болгон өгсөн мөнгө нийлээд манай компанид 8.833.920 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг манай компани буруу этгээдээс нэхэмжилж байна. Уг хулдаас 1,5 мм зузаантай, ашиглалтын хугацаа урт. Уг материалыг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтээхгүй бол 100 орчим жилийн эдэлгээтэй гэж үздэг. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б гэдэг нэртэй айлын өвөлжөөнд цагдаа нар үзлэг хийж байхад би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Уг айлын өвөлжөөний дээвэр дээр болон дээврээс газар унжуулсан мөн хашаан дотор байсан 3 хэсэг хулдаас зэрэг нь манай компаниас алдагдсан мембран материалтай хулдаас мөн байсан. Яагаад гэвэл уг мембран хулдаас нийтийн хэрэглээнд зарагдаад байдаггүй өөрөөр хэлбэл зах болон худалдааны төвүүдэд зарагддаггүй. Манай компани уг алдагдсан хулдаасыг “Усны эрчим” ХХК-иас захиалгаар худалдаж авч байсан. Уг хулдаасыг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани худалдан авдаг. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд манай компаниас өөр компани мембран хулдаас ашигладаггүй.. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16-19 дүгээр хуудас/

Гэрч Н.Гб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд хаягдлын даланг шалгаад явж байхад хаягдлын далангийн доторлогооны хар өнгөтэй хулдаас байхгүй байхаар нь Мандал сумын Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчим хаягдлын даланг шалгахад 2020 оны 10 дугаар сарын 30-ны орой цас орсон байсан болохоор юуг мэдэгдэхгүй бүх зүйл цагаанаар хучигдсан цав цагаан байсан. Өдөрт хаягдлын даланг 2 ба түүнээс дээш шалгах ёстой байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хаягдлын даланг шалгах гээд явж байхад хамгаалалтын удирдлагаас өөр ажилд яв гэсэн тул очиж шалгаж чадаагүй. Үдээс хойш Мандал сум руу албан ажлаар яваад хаягдлын даланг шалгаж чадаагүй. Орой 18 цаг 20 минутад ээлжээ дараагийн ээлжийн ахлах Энх-Харуулд хүлээлгэн өгсөн. Би 06 цаг 20 минутаас 18 цаг 20 минут хүртэл өдрийн ээлж гарсан оройн ээлж 18 цаг 20 минутаас 06 цаг 20 минут хүртэл гарч ажилладаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч  С.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компани Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” ХХК-ний гэрээт харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Би энэ компанид харуулын албаны дарга ажилтай.2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотоос тус компанид харуулын дарга хийхээр ирэхэд тэр өдөр компанийн хаягдлын далангийн хулдаас алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Уг хулдаасыг хэн хэзээ хулгайлж авсан талаар мэдээгүй. Манай компанийн ойролцоо өвөлждөг Б гэдэг айлын өвөлжөөн дээр манай компаниас алдагдсан хулдаас байсан. Уг хулдаасыг ашигладаг компани Монголд цөөхөн хэдхэн байгаа мөн уг хулдаасыг захиалгаар өөр компаниар дамжуулж Монголд оруулж ирдэг болохоор жирийн иргэн хүн худалдааны төвөөс аваад ашиглаад байх боломжгүй. Уг айлын өвөлжөөн дотор нийт 300 орчим метр квадрат манай компанийн хаягдлын далангаас алдагдсан хулдаас байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч О.Тс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компаний нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт байрлах хаягдлын далангийн зүүн хойд өнцгөөс далан доторлогооны тусгай зориулалтын хар өнгийн пластик хулдаас 75 орчим метр урттай 7-8 метрийн өргөнтэй хулдаас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн хоорондох хугацаанд дээрх зүйл алдагдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Өмнө нь хамгийн эхнийх нь 10 орчим жилийн өмнө алдагдаж байсан Дараагийнх нь 2017 оны намар алдагдаж байсан. Дээрх хоёр удаагийн тохиолдолд 40-50 орчим метр пластик хулдаас алдагдаж байсан. Хамгийн сүүлд дуудлага өгсөн газраас өмнө нь  хоёр удаа алдагдсан. Дээрх газарт хяналтын камер байхгүй. ТУс газарт дөрвөн цаг тутамд машинтай хөдөлгөөнт эргүүл хяналт тавьж шалгадаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 36-37 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Бж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний өөрийн эзэмшлийн 95-17 УНЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт мал малладаг манай төрсөн ах Б 2020 оны 10 дугаар сарын эхээр  шиг санагдаж байна намрын ажилд хэрэглэх гэсэн юм гээд аваад явсан юм. Тэгээд тэндээ өвс татах, өвөлжөөгөө сэлгэх зэрэг ажилд миний машиныг хэрэглэж байсан юм. Гэтэл манай ах хэрэгт холбогдоод миний машин битүүмжлэгдэж байгаа гэж сонссон. Тухайн машин нь 2020 онд үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол Улсад орж ирсэн. Анх 2012 онд 5000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо машины хувьд эвдрэл ихтэй засвар үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай , яг одоогийн байдлаар хөдлөхгүй байгаа. Би Улаанбаатар хотод очиж засуулах гэхээр хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор засуулж чадахгүй л байна. Худалдаж авснаас хойш 10 жил ашиглачихсан одоо тийм их үнэ хүрэхгүй байх. Би бол тухайн машиныг 1 сая төгрөгөөр л үнэлж байна. Хэрэв машин хураагдаж улсын орлого болсон тохиолдолд өөрийн ах Баас 1 сая төгрөг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 82 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цагийн орчим Бороо-гоулд ХХК-ний зүүн урд талаас хашаан дотроос хар өнгийн хулдаасыг би хайчаар огтолж жижиг хэсэг болгон хуваагаад өөрийнхөө 95-17 УНЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж өвөлжөөндөө буулгасан. Тэгээд уг хулгайлж авсан хар өнгийн хулдаасаараа өвөлжөөнийхөө саравчны дээврийг битүүлсэн мөн саравчны урд онгорхой хэсгийг нь хааж битүүлсэн Үлдсэн хэсэг нь өвөлжөөний хашаан дотор байгаа. Би Бороо-Гоулдын хашаанаас хулдаас авахдаа ганцаараа байсан. Малынхаа өвөлжөөний хашааг битүүлэх зорилгоор авсан. Би уг хулдаасыг хаягдсан байх гэж бодоод л Бороо-Гоулдын хашаанаас дээрх хулдаасыг авсан. Намайг хулдаасыг авахад уг хулдаас далан дагуу хусан байсан хулдаас бүтнээрээ байсан. Уг хулдаас зузаан маш сайн материалтай хулдаас байсан. ... Би тухайн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай эхнэр Б.Чинбат Улаанбаатар хотод байсан. Манай 5 хүүхэд бүгд Улаанбаатар хотод байдаг юм. Ажил хийх нь хийгээд, сурах нь сурч байгаа Манай гэрт хүн байгаагүй юм. Би эхнэрийгээ Улаанбаатар хотоос ирэхэд нь түүнд хулдаасыг хүнээс авч хашаа хороогоо янзалсан гэж хэлсэн. Би өөр зүйл түүнд хэлээгүй.Би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээр очиж авсан. Манай дүү Ц.Бжын эзэмшлийн 95-17 УНЭ улсын дугаартай Портер тээврийн хэрэгсэл байгаа юм. Би намрын ажил хийх гээд Улаанбаатар хотоос дүүгээс түр гуйгаад авчихсан байсан юм.Би тухайн хулдаасыг хаягдал, хэн нэгэн ашиглахгүй байх л гэж бодож авсан юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31, 90  дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 4 дүгээр хуудас/

               Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 6-10 дугаар хуудас/

               Эд зүйл/ баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 33-41 дүгээр хуудас/

               Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 42-46 дугаар хуудас/

               Иргэний нэхэмжлэгч Ц.Бжын эзэмшлийн портер маркийн 95-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 77 дугаар хуудас/

               Шүүгдэгч Ц.Бы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 95 дугаар хуудас/

               Шүүгдэгч Ц.Бы оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 98 дугаар хуудас/

               Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ц.Бы хувийн байдлын талаар гаргасан тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер/хохиролд 4000000 төгрөг төлсөн баримт/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгт шүүгдэгч Ц.Баас хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

               Нэг. Ц.Бгыг гэм буруутайд тооцох талаар:

 

               Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бороо-Гоулд ХХК-ний хаягдлын далангийн хамгаалалтын геомембран хулдааснаас 272м2 хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 8006645 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Эбы хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 16-19 дүгээр хуудас/,гэрч С.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч О.Тсийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 36-37 дугаар хуудас/,шүүгдэгч Ц.Бы мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 30-31, 90 дүгээр хуудас/, болон шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

               Шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

               Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

               Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

               Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

               Гэмт хэргийн улмаас Бороо-Гоулд ХХК-д нийтдээ 8006645 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ц.Б нь шүүхийн шатанд 4000000/дөрвөн сая/ төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 4006645 төгрөгийг хоёр хувааж 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгахаа илэрхийлж тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байна.

 

Гурав.Шүүгдэгч Ц.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн  хариуцлагаас сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 95-17 унэ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Бжын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч Ц.Бжыг мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс гэмт хэргийн улмаас битүүмжилсэн иргэн Ц.Бжын өмчлөлийн 95-17 унэ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 272м2 геомембран хулдаас зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тусын эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Тайж овогт Цэвээндоржийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасныг баримтлан ялтан Э.Оргилбулагийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Ялтан Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

            6. Энэ гэмт хэргийн улмаас иргэн Ц.Бжын өмчлөлийн 95-17унэ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, 272м2 геомембран хулдаасыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн эзэмшигч тус бүрд олгосугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 4006645/дөрвөн сая зургаан мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж

            -Хохирогч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл алтны уурхайн үйл ажиллагаа явуулах Бороо-Гоулд ХХК-д олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨН