Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 149/ШТ/0042

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Б.БО нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.БОд холбогдох 2132000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Эко авто засварын газарт засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн БО. /РД:*/

 

           Шүүгдэгч Б.БО нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 29-2-08 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Мзтай 04 настай хүү Б.МОыг өмөөрч маргалдан түүний зүүн шанаа, дух орчимд гараараа цохиж зүүн гуя орчимд нь хөлөөрөө өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.БОы өгсөн …. ... 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн найзуудтайгаа хөдөө салхинд гарч 8-лаа 5 шил архи уусан. Тэгээд гэртээ ирсний дараа манай 04 настай хүү тоглоомоо тараагаад тоглож байсан чинь эхнэр хураа гээд хүүг загнахаар нь би хүүгээ өмөөрөөд эхнэртэйгээ маргалдаад зүүн шанаа руу нь нэг удаа цохиход газарт унахаар нь зүүн талын гуя орчимд нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд эхнэр Э.Мз хүүг эмээ рүүгээ залга гэж орилсон. Тэр үед би гэрээс гараад явсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Э.Мзын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би гэртээ найз нөхдүүддээ мах чанаж өгөн хамт байцгааж байгаад манай найзууд гэр гэр лүүгээ тараад явцгаасан. Тэгсэн манай хүүхдүүд найзуудын хүүхдүүдийг ирсэн байсан болохоор тоглоомоо тараагаад газраар асгасан байсан. Тэгээд би жаахан архи уусан байсан болохоор өөрийн 4 настай хүү МОыг тоглоомоо хураа гээд загнаж зандарсан юм. Тэгсэн манай нөхөр БО хүүгээ өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдаад муудалцсан юм. Тэгсэн манай нөхөр БО эхлээд гараараа миний зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхэд нь би газар унасан чинь миний эрүү, чих рүү нэг нэг удаа өшиглөсөн. Мөн миний зүүн талын гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр үед зодуулж байхдаа 4 настай хүү МОыг эмээ рүүгээ залгаарай гэж хэлсэн. Тэгсэн манай ээж, охин 2 орж ирсэн. Тэгээд ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ээжийг орж ирэх үед манай нөхөр БО гараад явчихсан байсан.... Би бас нилээн их хэмжээний согтолттой байсан. Би өөрөө шарыг нь малтаж баахан үгээр идсэн юм шиг байна лээ. Надад одоо гаргах санал хүсэлт гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09-10 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн № 87 ...... Дүгнэлт:

1.Э.Мзын биед эрүүний зүүн тал, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 19-20 дугаар хуудас/

Б.БОы иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 33 дугаар хуудас/

Б.БОы байнга оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/

 Шүүгдэгч Б.БО, хохирогч Э.Мз нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 34 дүгээр хуудас/

Хохирогч Э.Мзын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад одоо гомдол санал, хохирол байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү гэх хүсэлт /Хх-н 44 дүгээр хуудас/

Яллагдагч Б.БОы Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан эхнэр Э.Мзтай учир зүйгээ олсон, эхнэр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 49 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.БО нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 29-2-08 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Мзтай 04 настай хүү Б.МОыг өмөөрч маргалдан түүний зүүн шанаа дух орчимд гараараа цохиж зүүн гуя орчимд нь хөлөөрөө өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.БОы хохирогч Э.Мзын зүүн шанаа, дух, эрүү, зүүн гуя орчимд нь гар болон хөлөөрөө цохиж зодсон  үйлдэл нь 04 настай хүү МОыг загналаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.БОы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж сард 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Мз нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Бат”-Орхон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн БОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.БОыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.БО нь 480000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.БО нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.БО нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.БОд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.