| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар,
улсын яллагч Т.Ө,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Чоно овогт Ч.Бд холбогдох эрүүгийн 2136000000072 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 17 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................... регистрийн дугаартай, Чоно овогт Ч.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байх иргэн н.Жарболдын гэрт иргэн С.Кенжебайтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С.Кенжебайгийн өмдний халаасанд байсан 681000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 681000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Б мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан алдаагаа зөвшөөрч байна. Миний бие малчны хороололд Жарболдын гэрт С.Кенжебайтай хоноод өглөө нь явахдаа Буянт багийн иргэн Кенжебайгийн карманд байсан мөнгийг аваад буцаагаад өгсөн. Би энэ хүний мал хариулдаг байсан. Миний авсан мөнгө 681,000 төгрөг байсан гэв.
Эрүүгийн 2136000000072 дугаартай хавтаст хэргээс:
1. Хохирогч С.Кенжебайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
2. Яллагдагч Ч.Бгийн ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26-р хуудас/,
3. Яллагдагч Ч.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд оршин суух н.Жарболдын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт хоносон хохирогч С.Кенжебайгийн өмдний халаасанд байсан 681000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 681000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч С.Кенжебайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суудаг, Сатбалдын Кенжебай/ “... Тухайн үйл
явдал болох үед Ч.Б бид 2 байсан учраас өөр үзэж харсан хүн байхгүй. Миний халаасанд байсан 681200 төгрөг алга болсон байсан. Цагдаад дуудлага өгсний дараа Ч.Бгаас 402600 төгрөгийг хураан авч надад өгсөн. Үлдэгдэл 278600 төгрөгийг Ч.Б надад бэлнээр өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Одоо Ч.Б бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
Гэрч С.Кенжебайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хадам ах н.Жарболдын гэрт 19 цагийн үед Ч.Б, н.Кеншилик, н.Кадирхан нарын хамт очоод 2 шил ерөөл архи бид тав уугаад н.Кеншилик, н.Кадирхан нар н.Жарболдын гэрээс явсан. Тэгээд тэр айлд Ч.Б бид 2 унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө 06 цаг болж байхад сэрээд хувцсаа өмсөх үед өмдний халаасанд байсан 681000 төгрөг алга болсон байхыг мэдээд хамт явсан. Ч.Б хулгайлж авсан байх гэж бодоод эрж хайсан боловч олдохгүй болохоор цагдаад гомдол гаргасан. ...Тэр үед Ч.Бд мөнгө төгрөг өгөх талаар огт ярьж хэлсэн зүйл байхгүй. Миний өмдний халааснаас нууцаар аваад Ховд аймгийн төвийн Боорж буудалд өрөө авч хоносон талаар өөрөө хэлсэн. ...2021 оны 02 дугаар сарын 25-ны орой 17 цагийн үед н.Салтанат гэдэг хүнд 720000 төгрөгөөр 5 тооны ямаа зараад мөнгийг нь бэлэн авсан байсан. Мал зарсан мөнгөнөөс 20000 төгрөгөөр машиндаа бензин хийсэн. 10000 төгрөгөөр 1 шил архи авсан, 5000 төгрөгөөр утсандаа нэгж авсан. 3800 төгрөгөөр Жарболдын хүүхдэд тараг аваачиж өгсөн. Үлдэгдэл нь өмдний халаасанд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
Яллагдагч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байх Малчны хороололд байх айлд С.Кенжебайтай хамт архи ууж хоносон. Намайг шөнийн 01-02 цагийн үед босоход С.Кенжебай хувцастайгаа унтаж байсан бөгөөд баруун талын өмдний халаасыг нь уудалж үзэхэд бэлэн мөнгө байсан тул бүгдгийг нь аваад Жаргалант сумын Цамбагарав багт байх Боорж буудалд өрөө авч 1 шил архи бага зэрэг идэж уух юм аваад хоносон. ...Тэгээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед цагдаа ирээд намайг авсан. ...Надад үлдсэн байсан 402600 төгрөгийг цагдаа хураан авч С.Кенжебайд буцаан өгсөн. Үлдэгдэл 278600 төгрөгийн бэлнээр өгч С.Кенжебайгийн хохирлыг бүрэн барагдуулж уучлал хүссэн байгаа. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Яллагдагч Ч.Бгаас Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай зөвшөөрөл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
Яллагдагч Ч.Бгаас Эд зүйлийг хураан авсан талаарх 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “...Иргэн Ч.Б /402600 төгрөг/ 20000х8 ширхэг, 10000х4 ширхэг, 5000х18 ширхэг, 1000х10 ширхэг, 500х3 ширхэг, 100х11 ширхэг мөнгөн дэвсгэртийг түр хураан авав” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11-р хуудас/,
Хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хохирогч С.Кенжебайд хүлээлгэн өгсөн талаарх 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “... Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 306 тоот өрөөнд дараах эд зүйлд үзлэг хийв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/,
Яллагдагчийн Ч.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Чулуун овогтой Бирваа миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Цаашид үүсэх хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгож байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар 2021 оны 02 сарын 25-наас 26-нд шилжих шөнө шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Кенжебай,иргэн н.Кеншилик, н.Кадирхан нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байрлах иргэн н.Жарболдын гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад хохирогчийн хамт унтаж амарсан, улмаар шөнө хажууд нь унтаж байсан хохирогч С.Кенжебайгийн өмдний халааснаас 681000 төгрөгийг хулгайлан авч явж зочид буудалд өрөө авч хоносон, хохирогч мөнгөө алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шүүгдэгч Ч.Бгаас 402600 төгрөгийг авч хохирогчид өгсөн, шүүгдэгч нь 278600 төгрөгийг өөртөө зарцуулсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хажууд нь унтаж байсан хохирогчийн өмдний халааснаас бэлэн мөнгийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан буюу бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр, мөнгийг өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан шүүгдэгчийн үйлдлийг шунахайн сэдэлтээр, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Бгийн хохирогч С.Кенжебайгийн өмдний халааснаас 681000 төгрөгийн бэлэн мөнгийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 681000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Бг хохирогч С.Кенжебайгаас 681000 төгрөгийн бэлэн мөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн тухайн үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Бгийн хохирогчийн өмдний халааснаас бэлэн мөнгийг нууцаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Кенжебайд 681000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс 402600 төгрөгийг хураан авч хохирогчид өгсөн, мөн тэрээр нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хүсэлтээр /хавтаст хэргийн 16, 58-р хуудас/ тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 26-р хуудас/-аар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Бгийн хувийн байдлын талаар гэрч Б.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төлөв даруу, үг дуу цөөнтэй, илүү дутуу зангүй, ажилсаг, хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт хөлсний малчин хийж байгаа. Дуут сумын 8 жилийн сургуулийг 1986 онд төгссөн. Гэр бүлээ цуцлуулаад 5-6 жил болж байгаа. Одоо ганцаараа энд тэндхийн хөлсний ажил хийгээд амьдардаг.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Лхамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...12-лаа өссөн, айлын 5 дахь хүүхэд, дээрээ 2 ах, 2 эгчтэй, доороо 5 дүүтэй хүн. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй байх.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 372 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 23, 25, 42-44 -р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлснийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” санал, дүгнэлт гаргаж, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах араг хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд
оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид сануулж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чоно овогт Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.Бг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Бд сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Бд тайлбарласугай.
7. Эрүүгийн 2036000000072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Бд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК