Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 149/ШТ/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                         С.Төртулах

             Улсын яллагч                                       Д.Шинэбал

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   А.Ариунзул /онлайнаар/

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       М.Гансүх /онлайнаар/

                         Шүүгдэгч                                                      Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Сд холбогдох 2031003760015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1996 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 62 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.2, 241 дүгээр зүйлд зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасүрэнгийн С /РД:*/

 

Холбогдсон хэргийн талаар: Д.С нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40-97 СБА улсын дугаартай “Зил-131” маркийн автомашиныг жолоодож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Халтар морьт” гэх газар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 20-21 цагийн орчим осол гаргаж, иргэн Н.Гтийн биед хүнд гэмтэл учруулж, иргэн Х.Мөнх-Од нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Шүүгдэгч Д.С нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчимд байхаа уулнаас самраас бууж яваад миний урд талд хамт явсан хоёр “Зил 131” маркийн машин замаас гараад зогссон байсан. Тэгээд би зогсчихоор нь арай багтахгүй шинжтэй байхаар нь хажуугаар нь гарах гээд ортол миний машины буруу талын аравч өмнө байсан Мөөгийгийн машины өндөр шургаагаар хийсэн өндөрлөгт тулж Мөөгийгийн машин урагш хөдөлж урдаа зогсож байсан хүүгийнхээ машинд тулах үед зам дээр зогсож байсан 2 залуу тэр хоёр машины урдуур орж хавчигдан гэмтсэн юм. Тэгээд бид нар эмнэлэг цагдаад хэл дуулгаж нөгөө хоёр залууг эмнэлэгт хүргэсэн. Ийм л зүйл болсон юм. Тэгээд шалгаад эцэслэн тогтоогдож байгаа би өөрийгөө өмөөрөхгүй, миний машин зогсож байсан машиныг мөргөснөөс болж мөргүүлж түрүүлсэн машин урагш хөдөлж хоёр хүн хавчигдсан болохоор миний буруутай үйлдэл байгаа... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Миний хувьд хань ижлээ цэл залуухнаараа алдаж нялх балчир 3 хүүхдийн хамт үлдэж байна. Нөхөр маань айлын ганц хүү, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй хүнд тусархуу сайн хүн байсан. Ар гэрээ авч явдаг хүн байсан. Эмнэлэгт ёо гэж хэлж хэвтээгүй, бие сайтай, эрүүл чийрэг хүн байсан. Одоо ч хаалга тогшоод ороод ирэх юм шиг санагддаг. Энэ гэнэтийн явдал манай гэр бүлд хүндээр тусаж хүүхдүүдийн сэтгэл зүй тогтворгүй аавыгаа надаас асуусаар нэхсээр байгаа. Бид сайхан хүнээ босгоод ирж чадахгүйд харамсаж байна. Д.Сийн зүгээс оршуулгын зардал 14000000 төгрөгийг нөхөн төлсөн боловч энэ нь хүний амь насыг орлуулж болохгүй гэдгийг мэдэж байгаа боловч Д.С ажил явдлын үеэр гүйлгээний утга хэнээс нь тодорхойгүй сая төгрөгийг хадам ээжийн данс руу шилжүүлсэн байсан. Тэрийг нь бид нар сүүлд мэдсэн. Энэ хүний сэтгэлийг ойлгож байна. Анх бид нартай уулзахдаа энэ хүн өөрийн гэсэн сэтгэлээрээ гурил, мах, шар тос, сүү, хүнсний зүйлүүд барьж ирсэн нь энэ хүний ямар хүн бэ гэдэг нь харагдаж байна. Монгол хүний ёс, эр хүний жудаг зэргийг ойлгож хүлээж авч байна. Бид хоёрын ярилцаж тохиролцсоноор 2021 оны 03 дугаар сарын 05-нд хүүхдүүдийн сэтгэл санаа, учирсан гэм хор хохирлын төлбөрт нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох гэрээ гэж байгуулсан. Д.С өөрөө санаачлаад нотариатаар батлуулаад бид хоёр хоёр талаасаа нэг хүүхдийн 10 сая төгрөг нийт 3 хүүхдийн 30000000 төгрөгийг 2021 оны 06 сарын 01-ний дотор барагдуулна гэсэн гэрээ хийсэн. Энийг би гурван хүүхдийнхээ 18 нас хүртэлх хугацаат хадгаламжид нь хийлгэхээр тохиролцсон. Ийм болохоор цаашид гомдол санал байхгүй. Эрхэм шүүгчээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэлийг нь хөнгөрүүлэн үзнэ үү...гэжээ.

 

Эрүүгийн  2031003760015 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч Н.Гт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт самарт яваад ойролцоогоор 1 сар гаруй болоод 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бууж яваад Бугант тосгоны нутагт осолд орсон. Талийгаач Мөнх-Одтой цуг би 1 отогт байсан бөгөөд хамт буугаад явж байсан юм. Би осол гарсан газар болон цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Бид нар 2 ширхэг “Зил-131” маркийн автомашинтай явж байгаад ачаагаа янзлах гээд автомашинаа замын баруун гар тал руугаа шахаж зогссон. Бид нарын араас ирж байсан “Зил-131” маркийн автомашин төв замаараа манай автомашины арын өндөрлөгөөг шүргээд өнгөрсөн. Талийгаач Мөнх-Од бид хоёр уг “Зил 131” маркийн автомашиныг “хөөе мөргөлөө” гэсэн боловч тухайн автомашин чигээрээ зогсохгүй явж өнгөрсөн. Тэгээд удалгүй осол гаргасан “Зил-131” маркийн автомашин нэлээн хурдтай орж ирэхээр нь талийгаач Мөнх-Од бид хоёр цувж зогсоод /цувраад/ байсан хоёр автомашины голоор гүйтэл араас орж ирсэн автомашин арын зогсож байсан “Зил-131” маркийн автомашиныг түрж мөргөөд урд талын зогсож байсан автомашинд Мөнх-Од бид хоёр хавчуулагдсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 50-53 дугаар хуудас/,

           Гэрч Б.Мб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой уулнаас ачаагаа аваад бууж явахад миний өмнө явсан манай хүү Баасандоржийн ачаа нь задраад тэгээд араас машин гүйцэж түрүүлэх гээд сигналдаад байхаар нь хүү бид хоёр замаа чөлөөлөөд зогсож байтал хажуугаар эхлээд нэг “Зил-131” машин гараад явсан юм, тэгсэн удалгүй араас нэг машин хүрч ирээд зогссон. Манай хүү очиж уулзчихаад Содоо байна явъя гэж байна гэхээр нь за тэгвэл явъя гэж байтал Содоо хажуугаар орж ирээд миний машины ачаа өндөрлөгөө хэсэгт шүргээд миний машин урагш түлхэгдэж хажууд зогсож байсан хоёр залуу миний машины урдуур ороод хүүгийн машин бид хоёрын дундуур орж хавчуулагдсан юм. Тэгэхээр нь би хойшоо ухрахад нөгөө 2 залуу зам руу гараад орилж суусан, тэгээд бид нар бүгд бууж эм тариа болоод, удалгүй хүүгээ эмч дууд гэж явуулаад бид нар цаг гаран хүлээгээд Содоогийн машиныг суллаад гэмтсэн 2 хүнээ аваад эмнэлэг явж байгаад эмч, цагдаатай таарсан юм..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

                 Гэрч Б.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...тэгээд удалгүй аав ирээд миний ард 2 метр орчмын зайтай зогссон, тэгсэн араас Бугантын бололтой 54-54 СБА гэсэн улсын дугаартай “Зил-131” маркийн машин хажуугаар орж ирээд аавын машиныг шүргээд гараад явсан, тэгэхээр нь би араас нь чи зөөлөн яваач гэж орилсон, тэгсэн араас нь дахиад нэг “Зил-131” маркийн машин гараад ирэхээр нь явъя гээд машиндаа суух гээд явж байхад араас ирж байсан “Зил-131” маркийн машин аавын машины тэвш өндөрлөгөөг мөргөөд дуу чимээ гараад аавын машиныг урагш түрж тэнд зогсож байсан 2 залуу аавын машины урдуур орж мөргүүлсэн, тэгээд  аав арагш ухарч нөгөө 2 залуу зам дээр газар орилоод унасан. Тэгээд хүмүүс шуугилдаад 2 хүний бие муу харагдахаар нь би өөрийн машины ачааг таллаж буулгаад эмч дуудахаар явсан юм” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/,

                 Гэрч Н.Нх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... биднийг очоод зогсож байхад хажуугаар эхлээд гарсан “Зил-131” маркийн машин манай машиныг жаахан шүргээд гарсан юм. Тэгээд дахиад машин ирэхээр нь би босоод харахад кабин дээрээ Лед гэрэл буюу нэмэлт гэрэлтэй “Зил-131” маркийн машин ирж байсан. Тэрийг би Содоогийн машин байна даа гэж бодоод харж байтал шууд уруудаж ирээд манай машиныг урагш түрсэн. Тэгээд манай машин ухас хийгээд хойшоо ухраад зогсоход машины урд хүмүүс орилолдоод байхаар нь би машинаас буугаад харахад 2 хүн орилоод зам дээр хэвтэж байсан. Тэгээд “яасан” гэсэн чинь хавчуулагдчихлаа гэж байсан. Тэгээд хойноос мөргөсөн машины жолооч буугаад ирэхээр нь би түүнд хандаж “чи зөөлөн явахад яадаг юм бэ, хүн хавчуулагдчихлаа” гэсэн чинь “харин тиймээ, миний тоормос болохгүй байна” гэж байсан. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудъя гээд л нэг машинаа ачааг нь суллаад явуулсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 76-77 дугаар хуудас/,

                  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай “Талийгаачид цээж нурууны дарагдал, цээжний баруун хэсэгт суганы арын шугамаар 5, 6, 7, 8, 9, 10 олон хавирганы мултрал, хугарал, баруун хэсэгт суганы урд шугамаар 4-р хавирганы хөндлөн хугарал, аарцаг ясны симфиз хэсгийн хугарал, нарийн гэдэсний цооролт, зүүн ташаан толгой, зүүн гуяны дээд хэсэг, умдагны төвгөр хамарсан улаан хүрэн цус хуралт, бүсэлхийн баруун хэсэг, баруун ташаан толгойн доод хэсэгт хөндлөн улаан хүрэн цус хуралт, нурууны ар хэсэгт ахар сүүлний дээд хэсэг, харалдаа доод хэсгийн улаан хүрэн цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэл, дарагдлаас үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь шинээр үүсгэгдсэн болон шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10 болон 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлийг авснаас хойш эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээ үйлчилгээ хийгдсэн тохиолдолд тодорхой хугацаанд 1-2 хоног амьд байх боломжтой. Сэлэнгэ Нэгдсэн эмнэлгийн эмч нар яаралтай тусламжийг үзүүлсэн боловч цаг хугацааны хувьд амь насыг аврах боломж үгүй байна. Талийгаач цээж, хэвлийн дарагдлын улмаас хурц цус алдалт, гэмтлийн ШОК-ын хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 120-124 дүгээр хуудас/, 

              Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай “1.Н.Гтийн биед бүсэлхий нурууны L4 түвшинд хугарсан, бүсэлхий баруун хэсгээр зулгаралт, түнхний үений харалдаа цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдсон, 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 174-175 дугаар хуудас/,

                  Авто механикийн инженер Ч.Жамбалнямбуугийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 001 дугаартай “...Зил-131 маркийн 40-97 СБА улсын дугаартай автомашины жолооч Д.С нь зорчих хэсгийн өргөнийг буруу үнэлж, зайн баримжаа алдаж орсон, замын хөдөлгөөний дүрмийн 12.3 буюу “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол гарах шалтгаан болсон...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 186 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.    

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р ХХ-ийн 204 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Сийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /1-р ХХ-ийн 205 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Д.Сийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40-97 СБА улсын дугаартай “Зил-131” маркийн автомашиныг жолоодож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Халтар морьт” гэх газар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 20-21 цагийн орчим осол гаргаж, иргэн Н.Гтийн биед хүнд гэмтэл учруулж, иргэн Х.Мөнх-Од нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Н.Гтийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нарын араас ирж байсан “Зил-131” маркийн автомашин төв замаараа манай автомашины арын өндөрлөгөөг шүргээд өнгөрсөн. Талийгаач Мөнх-Од бид хоёр уг “Зил 131” маркийн автомашиныг “хөөе мөргөлөө” гэсэн боловч тухайн автомашин чигээрээ зогсохгүй явж өнгөрсөн. Тэгээд удалгүй осол гаргасан “Зил-131” маркийн автомашин нэлээн хурдтай орж ирэхээр нь талийгаач Мөнх-Од бид хоёр цувж зогсоод /цувраад/ байсан хоёр автомашины голоор гүйтэл араас орж ирсэн автомашин арын зогсож байсан “Зил-131” маркийн автомашиныг түрж мөргөөд урд талын зогсож байсан автомашинд Мөнх-Од бид хоёр хавчуулагдсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 50-53 дугаар хуудас/, Гэрч Б.Мбын мөрдөн байцаалтад өгсөн “...тэгсэн удалгүй араас нэг машин хүрч ирээд зогссон. Манай хүү очиж уулзчихаад Содоо байна явъя гэж байна гэхээр нь за тэгвэл явъя гэж байтал Содоо хажуугаар орж ирээд миний машины ачаа өндөрлөгөө хэсэгт шүргээд миний машин урагш түлхэгдэж хажууд зогсож байсан хоёр залуу миний машины урдуур ороод хүүгийн машин бид хоёрын дундуур орж хавчуулагдсан юм. Тэгэхээр нь би хойшоо ухрахад нөгөө 2 залуу зам руу гараад орилж суусан, тэгээд бид нар бүгд бууж эм тариа болоод, удалгүй хүүгээ эмч дууд гэж явуулаад бид нар цаг гаран хүлээгээд Содоогийн машиныг суллаад гэмтсэн 2 хүнээ аваад эмнэлэг явж байгаад эмч, цагдаатай таарсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Б.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгсэн араас нь дахиад нэг “Зил-131” маркийн машин гараад ирэхээр нь явъя гээд машиндаа суух гээд явж байхад араас ирж байсан “Зил-131” маркийн машин аавын машины тэвш өндөрлөгөөг мөргөөд дуу чимээ гараад аавын машиныг урагш түрж тэнд зогсож байсан 2 залуу аавын машины урдуур орж мөргүүлсэн, тэгээд  аав арагш ухарч нөгөө 2 залуу зам дээр газар орилоод унасан. Тэгээд хүмүүс шуугилдаад 2 хүний бие муу харагдахаар нь би өөрийн машины ачааг таллаж буулгаад эмч дуудахаар явсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч Н.Нхгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэрийг би Содоогийн машин байна даа гэж бодоод харж байтал шууд уруудаж ирээд манай машиныг урагш түрсэн. Тэгээд манай машин ухас хийгээд хойшоо ухраад зогсоход машины урд хүмүүс орилолдоод байхаар нь би машинаас буугаад харахад 2 хүн орилоод зам дээр хэвтэж байсан. Тэгээд “яасан” гэсэн чинь хавчуулагдчихлаа гэж байсан. Тэгээд хойноос мөргөсөн машины жолооч буугаад ирэхээр нь би түүнд хандаж “чи зөөлөн явахад яадаг юм бэ, хүн хавчуулагдчихлаа” гэсэн чинь “харин тиймээ, миний тоормос болохгүй байна” гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 76-77 дугаар хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн №92 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 120-124 дүгээр хуудас/, 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Шинжээчийн №14 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 174-175 дугаар хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №001 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 186 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Н.Гтийн биед хүнд гэмтэл учруулж, иргэн Х.Мөнх-Од нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Д.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Н.Гтийн биед хүнд гэмтэл учруулж, иргэн Х.Мөнх-Од нас барсан бөгөөд хохирогч Н.Гт нь хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунзул нь оршуулгын зардалд 42 баримтаар нийт 12824965 төгрөг, баримтгүйгээр 2316920 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.С 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5000000 төгрөг хохирогч Н.Гтт төлсөн, мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1000000 төрөг,  2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7000000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7000000 төгрөг нийт 15000000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунзулд дансаар шилжүүлж төлсөн. Мөн гэрээний нэг талаас шүүгдэгч Д.С, нөгөө талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунзул нар харилцан тохиролцож “Хүүхдүүдийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг арилгах нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох гэрээ” хийж уг гэрээнд заагдсан талийгаач Х.Мөнх-Одын насанд хүрээгүй гурван хүүхэд тус бүрд 10000000 төгрөг буюу нийт 30000000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор шүүгдэгч Д.С төлж барагдуулахаа илэрхийлсэн, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №0438 дугаартай гэрээ хийж нотариатаар баталгаажуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав.Шүүгдэгч Д.Сд оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүгдэгч Д.С нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40-97 СБА улсын дугаартай “Зил-131” маркийн автомашиныг жолоодож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Халтар морьт” гэх газар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 20-21 цагийн орчим осол гаргаж, иргэн Н.Гтийн биед хүнд гэмтэл учруулж, иргэн Х.Мөнх-Од нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Д.С нь болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлсөн болон цаашид нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж шүүгдэгч Д.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сээс /Хүүхдүүдийн сэтгэл санаа учирсан гэм хор хохирлыг арилгах нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох №0438 гэрээ”-ээр тохирсон 30000000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 16 дугаар хороо 24-247 тоотод оршин суух Их Монгол овогт Амарсанаагийн Ариунзулд /РД:ЧЕ81051961/-д олгосугай.

5. Энэ хэрэгт Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.