| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0041/Э |
| Дугаар | 149/ШТ/0040 |
| Огноо | 2021-05-04 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 149/ШТ/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Х.А, Г.Г нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.А, Г.Г нарт холбогдох 2132000330029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авга овогт Хишигбаярын А /РД:*/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Г /РД:*/,
Холбогдсон хэргийн талаар:
Ганбаатарын Г, Хишигбаярын А нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдээлэл технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...гэжээ..
Эрүүгийн 2132000330029 тоот хавтаст хэргээс:
Яллагдагч Х.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би өөрийнхөө дансыг ашиглан өөрийн найз болох Ганбаатарын Гийн цахим хаягаар найзтайгаа хамтарч “Texas poker” тоглоомыг тоглуулсан. Би өөрийнхөө утсаар коммент уншаад, найз Г.Гийн утсаар шууд бичлэг буюу лайв хийж тоглуулсан”....гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
Яллагдагч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 13-ны 15 цагийн орчим би Х.Аий утас руу залгаад цахим орчинд хүмүүс “Texas poker” тоглоом тоглуулаад байна, хоёулаа тоглуулах юм уу гэхэд Х.А тэгье гэж хэлээд манай гэрт ирсэн. Тэгээд миний фейсбүүк хаяг болох “od michid” гэх хаягаас шууд лайв бичлэг хийгээд Х.Аий ХААН банкны 5036057472 тоот данс руу хүмүүс мөнгөө хийгээд би хөзрөө хольж “Texas poker” тоглоомыг Х.А бид хоёр тоглуулсан. 6 хүн суулгаад 5 тоглолт хийнэ. Нэг гараанд хожсон хүн 5000 төгрөг хожно. Нийт 5 тоглолт явуулаад гарсан хүнд мөнгийг нь буцаан өгдөг. Х.А бид хоёр 6 хүнээс 30,000 төгрөг аваад 5 тоглолт хийж 25,000 төгрөгийг буцааж өгөөд 5000 төгрөгийг ашиг авна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Х.Аб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийнхөө фейсбүүк хаягаар ороод юм үзэж байтал “od michid” фейсбүүк хаягаас “Texas poker” тоглуулж байхаар нь уг тоглолтын Хаан банкны данс болох 5036057472 тоот данс руу 5000 төгрөгийн гүйлгээ хийж нэг удаа цахим орчинд тоглосон...гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч О.Гм мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:....2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийнхөө фейсбүүк хаягаар ороод юм үзэж байхад “od michid” гэх хаягаас “Texas poker” тоглуулж байхаар нь уг тоглолтын Хаан банкны данс болох 5036057472 тоот данс руу 5000 төгрөгийн гүйлгээ хийж нэг удаа цахим орчинд тоглоод 15,000 төгрөг хожсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,
Х.А, Г.Г нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 63-65, 68, 72 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 41, 50 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /35 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Аий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Х.А, Г.Г нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Х.А, Г.Г нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдээлэл технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Гэрч Х.Абын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, гэрч О.Гмгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Х.А, Г.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.А, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.А, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээлэл технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр нэхэмжилсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 95000 төгрөгийг улсын орлого болгохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Х.А, Г.Г нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.А, Г.Г нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдээлэл технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Х.А, Г.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж шүүгдэгч тус бүрийг 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А, Г.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга овогт Хишигбаярын А, Боржигон овогт Ганбаатарын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.А, Г.Г нарын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэргийн улмаас Х.А, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Х.А, Г.Г нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 95000 /ерэн таван мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.