Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 504

 

                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Бд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1803000010024 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Б.Б, 1967 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК-д бульдозерын операторч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000001494/,

  

   Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 24 дүгээр гудамжны замд “Юниверсал трейдинг корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Вокси” загварын 00-00 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас /1 нас 6 сартай, эрэгтэй/ Б.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Б.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.Бы ВСD ангиллын 249439 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 480.900 /дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Жт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, ...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Хүүхдийн биеийн байдлыг асуугаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Манай өмгөөлөгч над руу залгаад “Б.Б мөнгө өгсөн үү” гэж асуухад “мөнгө өгөөгүй” гэж хэлэхэд, шүүгчийн туслах руу залгаж “яагаад хохирлыг барагдуулахгүй байна вэ” гэж асуусан. Шүүгчийн туслах шүүгдэгчийн өмгөөлөгч рүү залгаад асуухад “өмгөөлөгч нь мөнгө өгөх шаардлагагүй гэж үзсэн” гэж хэлсэн гэсэн. Тэгээд мөнгө өгөөгүй учраас гомдол гаргасан. Ер нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, мөн хүүхдийн биеийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэн зардлыг гаргуулъя гэхэд шүүгдэгч мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Иймд эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлттэй байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дурдсан. Гэтэл Б.Б болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хуралдаан зарлаад гэм буруутай гэж шүүх шийдвэрлэсэн байхад хэрэгсэхгүй болгож өгөөч гэж удаа дараа хууль зөрчсөн санал илэрхийлсэн. Гэтэл шийтгэх тогтоолд Б.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэсэн. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Шүүхээс Б.Бд хохирогчид учирсан хор уршгийг арилга гэж үүрэг хүлээлгэсэн. Түүнээс хойш шийтгэх тогтоол гаргаад шүүх хуралдааны үед миний үйлчлүүлэгчийн хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэр талаар шүүх хуралдаанд гарах зардлыг төлөөрэй гээд шүүгч үүрэг өгсөн. Шүүх хуралдаанаас гарч ирээд хохирогч Б.Бд “нотлох баримтаар авагдсан 480.000 төгрөг, одоо миний хүүхэд сэхээнд байна. Та энэ мөнгийг өгөөч” гэхэд, Б.Б нь “манай өмгөөлөгч битгий өг гэсэн. Өгөхгүй” гэж хэлэхэд шүүгчийн туслах руу яриад миний үйлчлүүлэгчийн хүүхдийн бие нь муу. Тархиндаа хүнд гэмтэлтэй байна, унадаг болох гээд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч рүү яриад өгөөч” гэж хэлсэн. Б.Бы өмгөөлөгч “Чинбатыг над руу ярь гэж хэл. Тэр надаас мөнгө нэхдэг хэн бэ” гэж хэлсэн гэсэн. Ингээд би үйлчлүүлэгчдээ “хуульд заасан журмынхаа дагуу гомдол гаргахаас өөр арга байхгүй байна” гэж хэлсэн. Харин давж заалдах гомдол гаргасны дараа миний үйлчлүүлэгчийн данс руу 500.000 төгрөгийг хийсэн. Гэтэл одоо баримтаар 570.000 төгрөг гарсан. Н.Ж өмнө ажил хийж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад шүүх хуралдаан зарласан үед намайг өмгөөлөгчөөр авсан. Хэргийн материалтай танилцахад Н.Ж нь хуулийн мэдлэг дутуу учраас нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй байсан. Харин одоо дутуу байсан баримтуудаа бүрдүүлсэн. Н.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сар хүртэл хүүхдээ харсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлээд ажилдаа орсон. 8 сарын хугацаанд Н.Ж хүүхдээ асарч байсан. Хүүхэд нь саяхан эмнэлгээс гараад 4-5 хонож байна. Хүүхэд нь одоо унадаг, тархины хүнд өвчтэй болох гээд байна. Хэрвээ хүүхдийн амь нас эрсэдсэн бол яах вэ. Н.Ж нь жирэмсэн байхад Б.Б нь байнга дарамталдаг. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийг хэргээ хүлээгээгүй гэж яриад байна. Шүүгдэгч анх сэжигтнээр байцаалт өгөхдөө хэргийг хүлээгээгүй. Хүлээх эсэх нь түүний эрхийн асуудал. Яллагдагчаар татсан байцаалтад хэргээ хүлээсэн. Шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээсэн. Хохирлыг төлнө гэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна.  Тэгэхээр шүүгдэгч тал тухайн үед хэргээ хүлээж, хохирлыг нөхөн төлнө гэснийг илэрхийлсэн. Б.Б нь улирлын чанартай ажилтай учраас саяхан 500.000 төгрөгийг төлсөн. Урьд нь яагаад хохирол төлөөгүй вэ гэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт заасан асран хамгаалагч үүргээ биелүүлээгүйгээр замын хөдөлгөөнд хүүхдийг оролцуулснаар осол гарсан гэх үндэслэл шинжээчийн дүгнэлтэд гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бүтэн жилийн хугацаанд хохирлын талаар бодит баримтыг гаргаж өгөөгүй. Нэгэнт бага насны хүүхэд гэмтсэн учраас хохирлыг гарсан баримтаар нь төлнө гэсэн байдлаар шүүх хуралдаанд орсон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдохоор нь хохирлыг төлсөн. Нотлох баримтыг судлахаар хохирогчоос автомашины доод ангийн тоос, ямар нэгэн хувцас урагдсан эсэх асуудал тогтоогдоогүй. Үүн дээр эргэлзээ төрөөд дахин шинжээч томилуулахад А цэгийг доошоо тавьж шинжилгээ хийлгэсэн. Тэгэхээр доогуур гарах гэсэн байдал нь тодорхой тогтоогдоогүй байдаг. Үүнээс үндэслээд нөхцөл байдал эргэлзээтэй тогтоогдож байна. Хохирогч баримтуудаа бодитоор гаргаж ирээгүй учраас манай талаас бодит хохирлыг төлье гэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь гэм буруугийн хэмжээнд гарсан. Жолоочийн болгоомжгүй байдлаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан. Тэгэхээр хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа. Үүнээс харахад шийтгэх тогтоолд хүндрүүлэх нөхцөл байдал гарч ирээгүй. Б.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд шүүгдэгчийн тэнссэн. 480.900 төгрөгийн хохирлыг төлөхөөр шийтгэх тогтоолд заасныг төлсөн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээний хохирлыг төлөхөөр үүрэг өгсөн. Одоо яриад байгаа хохирлын асуудлыг давж заалдах шатны шүүх авч хэлэлцэх боломжгүй байх гэж үзэж байна. Хамгийн гол нь шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэхдээ бодит зүйлийг нэхэмжлэх ёстой. Шүүгдэгч төлнө гэж хэлсэн учраас шүүх үүнийг харгалзан үзсэн нь үндэслэлтэй” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.2, 7.3 дугаар зүйлүүдийг тус тус буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь баримтаар нотлогдсон 480.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн үү эсхүл гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн үү гэдэг нь тодорхойгүй байхад тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь буруу болжээ.   

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлаагүй, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болсон үндэслэлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тоёота Вокси” загварын 00-00 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Быг иргэний хариуцагчаар татсан байхад хохирол төлбөрийг түүнд хариуцуулах эсэхийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, түүнд төлбөр хариуцуулахгүй болсон талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Эдгээр үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

Д.МЯГМАРЖАВ